Жич: Таны машины хянах самбар болон анхааруулах гэрлүүд нь өөр өнгө загвартай байж болно. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн машины гарын авлагаас шалгаарай.
1
Анхааруулах тэмдэг
Анхааруулах тэмдэг нь голчлон улаанаар асдаг бөгөөд энэ нь таны машинд үүссэн техникийн доголдлыг илэрхийлдэг.
1. Хөдөлгүүрийн температурын анхааруулах гэрэл
Үүссэн асуудал: Хөдөлгүүрийн хөргөгч антифриз хэтэрхий халсан байна
Авах арга хэмжээ: Яаралтай замаа чөлөөлөөд машинаа хөргөхгүй бол хэт халуун температур хөдөлгүүрийг эвдлэх магадлалтай. Түүнчлэн энэ тэмдэг нь бас цэнхэр өнгөөр асдаг бөгөөд тэр нь хөдөлгүүр хэвийн ажиллахад температур хэтэрхий бага байна гэсэн утгыг илэрхийлдэг. Ихэвчлэн өвлийн хүйтэн өглөө машин асаахад цэнхэр гэрэл асах бөгөөд машин халсны дараа унтардаг.
2. Хөдөлгүүрийн тосны даралтын гэрэл
Үүссэн асуудал: Таны машины хөдөлгүүр тосны хэвийн даралтаа алдсан гэсэн үг.
Авах арга хэмжээ: Энэ тохиолдолд хөдөлгүүрт хэр ноцтой асуудал үүссэн болохыг мэдэж болдоггүй. Тиймээс хамгийн түрүүнд замаа чөлөөлж зогсоод хөдөлгүүрээ унтрааж, засварчин дуудах хэрэгтэй юм.
3. Тэжээлийн шингэний анхааруулах тэмдэг
Үүссэн асуудал: Таны машины аккумляторын шингэн багассан.
Авах арга хэмжээ: Та хамгийн түрүүнд тэжээлээр ажиллаж байгаа бүх зүйлсийг унтраах ёстой. Үүнд: Агаар цэвэршүүлэгч, халаалтын систем, дотоод кабины гэрлүүд, суудлын халаалт, хөгжим, болон толины халаалт зэрэг багтана. Мөн хэрвээ та шөнийн цагаар жолоо барьж байгаа бол их гэрлээ үлдээж болох юм. Гэхдээ энэ асуудлаас үүдэж машин чинь дахин асахгүй байх магадлалтай тул ямар нэгэн аюулгүй газар очтолоо машинаа битгий унтраагаарай.
4. Тоормосны анхааруулах гэрэл
Үүссэн асуудал: Энэ тэмдэг нь гар тоормос буюу кардан дараастай байгааг сануулдаг. Гэхдээ энгийн үед ч анхааруулах гэрэл асаалттай байвал таны машины тоормосны шингэн багассан эсвэл тоормос чинь зуурсан байна гэсэн үг юм.
Авах арга хэмжээ: Хэрэв улаан гэрэл анивчиж эсвэл гэнэт асаж, унтраад байвал тоормосны педал болон наклад дээр асуудал үүссэн байж мэдэх тул яаралтай засварын төвд очиж оношлуулах хэрэгтэй. Хэрэв анхааруулах гэрэл унтрахгүй, байнгын асаж байвал та замаа чөлөөлөөд дуудлагын засвар үйлчилгээ дуудаарай.
5. Ослын дэрний гэрэл
Үүссэн асуудал: Ослын дэрэнд ямар нэгэн асуудал байна.
Авах арга хэмжээ: Энэ тохиолдолд та машинаа мэргэжлийн засварын газарт аваачих хэрэгтэй.
6. Суудлын бүсний гэрэл
Үүссэн асуудал: Та суудлын бүсээ зүүгээгүй.
Авах арга хэмжээ: Энэ бол жолоодлогын үеийн энгийн боловч хамгийн чухал зүйл шүү! Та суудлын бүсээ зүүж хэвшсэнээр өөрийн амь насыг хамгаалаад зогсохгүй, осол эндэгдлийг бууруулж чадна. Гэвч харамсалтай нь, сая сая жолооч нар суудлын бүсээ бүрэн зүүж хэвшээгүй л байна.
2
Аюулгүй байдлын тэмдгүүд
Эдгээр тэмдгүүд нь өөр өөр өнгөөр асдаг бөгөөд харагдах байдал нь машинуудад харилцан адилгүй байдаг.
1. Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл
Үүссэн асуудал: Машины хөдөлгүүрт ямар нэгэн асуудал үүссэн.
Авах арга хэмжээ: Энэ нь цахилгааны доголдол болон өөр бусад жижиг асуудлуудаас ч үүссэн байж болдог ч заримдаа хөдөлгүүрт ноцтой хохирол учруулах нь ч бий. Тиймээс та засварчинд хадсан нь дээр юм.
2. Шарвалтын хяналтын гэрэл
Үүссэн асуудал: Таны машин зууралтаа алдсан.
Авах арга хэмжээ: Хурдаа хасаж, зууралтын хүчээ алгуурхан сэргээнэ. Түүнчлэн анхааруулах гэрэл унтрахгүй байвал зууралтын хяналтын системд асуудал үүссэн байж болзошгүй юм.
3. ABS хянах гэрэл
Үүссэн асуудал: Таны машины ABS cистемд ямар нэгэн алдаа гарчээ. Энэ нь тоормос дээр гэнэт гишгэхэд машины дугуйг эргэхээ болж гацахаас сэргийлсэн систем юм.
Авах арга хэмжээ: Уг гэрэл таныг жолоо барьж байх үед асвал энэ нь машины ABS систем ажиллахгүй байгааг илтгэдэг. Хэрэв тоормос чинь ажиллаад, ABS систем ажиллахгүй байвал шууд замаа чөлөөлж зогсох хэрэгтэй. Мөн анхааруулах гэрэл ассаар л байвал та засварын газарт оношлуулах машинаа оношлуулсан нь зүйтэй.
4. Дугуйн даралтын анхааруулах тэмдэг:
Үүссэн асуудал: Таны машины аль нэг дугуйны хий сул байна.
Авах арга хэмжээ: Хамгийн ойр байгаа дугуй засварын газарт очиж хийгээ нэмүүлээрэй.
5. Мотор халаах систем
Үүссэн асуудал: Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол энэ нь мотор халаах систем юм. Хөдөлгүүрийн шинж чанараас хамаарч хүйтэн температурт мотор ажиллаж хэвийн хэмдээ хүрэхийн тулд нэмэлт дэмжлэг шаарддаг. Энэхүү систем нь хөдөлгүүрийн температур маш бага байх үед машинаа асаахад автоматаар ажиллаж эхэлдэг юм.
Авах арга хэмжээ: Тус гэрэл нь зөвхөн хөдөлгүүрийн температур хэт хүйтэн үед л асдаг. Харин анивчиж байвал ямар нэгэн алдаа гарсан гэсэн үг юм. Энэхүү халаагчийг ихэнхдээ олон жил элэгдсэн гэх шалтгаанаар л сольдог. Учир нь удаан ашигласны дараа халаагч нь халуунаар үлээхээ больдог аж.
3
Ерөнхий тэмдгүүд
Дараах тэмдгүүд нь шил арчигчийн шингэнээ дүүргэ! Шатахуунаа нэмж хий! гэх мэт гэрэлтүүлгийн систем болон ерөнхий заавар журмуудтай холбоотой байдаг.
1. Холын гэрлийн тэмдэг
Гэрлээ холын тусгалд шилжүүлэх үед энэ гэрэл асдаг.
2. Салхины шилний шингэний тэмдэг
Салхины шилний угаагч шингэн багассан үед энэ гэрэл асдаг.
3. Шатахууны тэмдэг
Та шатахуунаа дүүргэх цаг болжээ.
Хөгжилтэй баримт: Уг тэмдгийн хажууд сум гарч ирдэг ба энэ нь тухайн машины банк аль талдаа байгааг илтгэнэ
4. Засвар үйлчилгээний сануулга тэмдэг
Та машиндаа засвар үйлчилгээ хийх хэрэгтэй.
Дээрх тэмдгүүдийг үл ойшоовол дараа нь таны машинд юу тохиолдохыг хэн ч тааж мэдэхгүй. Тиймээс эргэлзсэн үедээ заавал мэргэжлийн хүнд хандаж байгаарай. Учир нь аюулгүй байдал хамгийн чухал юм шүү, залуусаа!