1
Японы чонмагэ, шимада
Чонмагэг XVII-XIX зууны үеийн самурайчууд хийдэг байсан ба тэд толгойн дээд хэсгийн үсээ богиносгож эсвэл хусаж, зөвхөн оройн хэсгээ үлдээж боодог байв. Энэ нь дуулгыг толгой дээр сайн тогтоох, цохилтын хүчийг бууруулах зорилготой байсан бөгөөд хожим нь нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж эхэлсэн гэдэг. Харин одоо Японд зүгээр л үсээ толгойнхоо орой дээр шуухыг чонмагэд тооцох болсон юм.
Шимадад олон хувилбар байдаг ч ерөнхийдөө үсийг 5 хэсэгт хувааж тогтоодог ба уг засалтаар Япон бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь болон эрхэлдэг ажлыг нь тодорхойлж болдог байжээ. Гэхдээ орчин үед үүнийг ихэнхдээ гейша нар болон театрын жүжигчид л хийх болсон юм. Үүнээс гадна театрын жүжигчид хиймэл үс ашигладгийг дурдах нь зүйтэй. Учир нь шимадаг хийхийн тулд үсээ маш чанга боодог болохоор үс ихээр унадаг аж.
2
Руандагийн амасунзу
Руандагийн иргэдийн уламжлалт үс засалт болох амасанзуд олон төрөл байдаг ч ерөнхийдөө үсний нэг хэсгийг богино тайрч, заримыг нь урт үлдээж, хагас саран хэлбэртэйгээр засдаг байна. Ихэнхдээ эрчүүд уг засалтыг хийлгэдэг байсан бөгөөд энэ нь эр зориг, хөдлөшгүй байр суурийг илэрхийлдэг байв. Түүнчлэн заримдаа 20-иос дээш насны бүсгүйчүүд өөрийн насанд хүрсэн, эрх чөлөөт байдал, гэрлэхэд бэлэн болсноо бусдад харуулахын тулд амасунзу засалтаар үсээ засдаг байсан гэдэг. Хэдийгээр 20-р зууны сүүл үед энэхүү засалт моодноос гарсан ч саяхнаас бага багаар дэлгэрэх болжээ.
3
Төв Азийн айдар
Манж болон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний дунд хамгийн алдартай байсан үс засалт болох айдарыг хийхийн тулд үсний ихэнх хэсгийг хусаж, бага зэргийг үлдээгээд сүлждэг байжээ. Хүмүүс энэ үс засалт эрчүүдийг хар, цагаан хэл амнаас хамгаалдаг байсан хэмээн үздэг байв. Мөн Казахууд үсний хүчинд итгэдэг байсан учир төрөл бүрийн гоёл чимэглэлээр чимэглэдэг байжээ.
4
Ямайкийн дрэдлок
Тус үс засалтын түүх эрт дээр үеэс уламжлалтай бөгөөд рэгги, растаман болон рэп соёлтой огтхон ч хамааралгүй аж. Гэхдээ эдгээр урсгалаар олонд танигдсан дрэд нь Ямайкад илүү алдартай байдаг юм.
Хүний үсийг арслангийнхтай ижилсүүлсэн уг засалт нь эр зориг, хүч чадлыг илэрхийлдэг байв. Үүнээс гадна хөгжимчин Боб Марлигийн үс засалт дэлхий дахинд түгэн, шүтэн бишрэгчид нь түүнийг даган дуурайж эхэлсэн юм.
Орчин үед ч дрэд алдартай хэвээр байгаа бөгөөд хөгжил дэвшлийн ачаар хүмүүс энэ засалтыг хийлгэхийн тулд үсээ удаан хугацааны турш ургуулах шаардлагагүй болсон билээ.
5
Хятадын мяо үндэстэн
Мяочуудын үс засалт нь уг үндэстнийг алдарт хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ үсээ ийнхүү янзлахад маш их хугацаа, анхаарал шаардагддаг байна.
Мяо засалтыг толгой дээрээ модоор хийсэн том самыг тогтоож, дээрээс нь үсээ ороож хийдэг. Харин дараа нь үсэн дээрээ дахин цагаан тууз ороодог аж. Түүнчлэн Мяогийн уламжлалаар үсийг огтхон ч хаяж болохгүй учир бүсгүйчүүд үсээ цуглуулж өвлүүлдэг байв.
Анх энэ нь өдөр тутмын үс засалтад тооцогддог байсан хэдий ч маш их ажиллагаатай байсан учир хожим нь зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр л хийдэг болжээ.
6
Монгол эхнэрийн толгойн гоёл
XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн үсийг үлгэрт гардаг Хангарьд шувууны далавчийг дууриалган засдаг байсан гэх домогтой. Халх эхнэрүүд малын гаралтай цавуу ашиглан үсээ дэрийлгэн дугуйлж эвэр хэлбэртэй болгох бөгөөд үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг байв. Хавчаар, хавчиг нь хээ угалзтайн дээр шүрээр чимэглэсэн байдаг. Түүнчлэн бөмбөгөр дугираг хэлбэртэй толгойн боолтыг мөнгө, алтан шармалаар үйлдэж шүр сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргадаг байжээ.
7
Еврейн пейот
Шанаа дагасан хоёр гэзэг тавих уламжлалыг зарим Еврей эрчүүд одоо ч гэсэн дагадаг. Жүүдийн тора сударт эрчүүдийг чамархайн үсээ авч болохгүй, дор хаяж урт 6 мм-ээс урт байх ёстой гэсэн сургааль байдаг аж. Чамархайн үсийг ургуулснаар тэд Талмудын уламжлалыг дагаж буйгаа илэрхийлдэг ба үүний хамтаар сахлаа урт ургуулах нь ч бий.
8
Испанийн фаллер
Эртний Испани бүсгүйчүүдийн нэрийн хуудас болж байсан фаллерыг хийхдээ үсийг 3 хэсэгт хувааж шуудаг байжээ. Тэд хамгийн том хэсгийг нь дагзан дээр, үлдсэн хоёрыг нь чихний ойролцоо бэхлээд төрөл бүрийн толгойн гоёлоор үсээ чимэглэдэг байв. Гэхдээ энэ засалт нь нэлээд хугацаа шаарддаг, ажиллагаа ихтэй тул хүмүүс зөвхөн баяраар л үсээ ингэж янзлах болсон гэдэг.