1
Хоол хүнсний хэрэглээ
Скандинавчууд цардуулын хэрэглээгээ хязгаарлаж, оронд нь органик хүнсний ногоо, загас зэрэг их хэмжээний уураг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог. Мөн хоол хийх нь тэдний соёлын чухал хэсэг учир зарим эцэг, эхчүүд хүүхдээ бага наснаас нь эхэлж хоол хийхэд сургадаг байна. Үүнээс гадна Скандинавчууд зөвхөн юу идэхэд биш, түүнийгээ яаж бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Жишээ нь, тэд Америк, Англичууд шиг пицца гэх мэт шарсан, хуурсан түргэн хоол идэхийг таашаадаггүй.
2
Саунд донтогсод
Скандинавчууд саунд суух дуртай байдаг ба зөвхөн Финляндад л гэхэд 2.2 сая саун ажилладаг гэсэн тоо бий. Түүнчлэн Дорнод Финляндын Их Сургуулийн хийсэн судалгаагаар 30 минут саунд суух нь цусны даралтыг бууруулж, зүрхний цохилтын хэмийг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулж, стрессийг бууруулдаг болох нь тогтоогджээ.
3
"Лагом" амьдралын хэв маяг
Скандинавчуудын амьдралын хэв маягийг "Лагом" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тэдний философийн томоохон хэсэг, эрүүл амьдралынх нь гол нууц юм. "Лагом" гэдэг нь нэг ёсондоо "Тунг нь тааруулсан зөв хэмжээ"-г илэрхийлдэг ба юуг ч хязгаарлахгүй бас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэх утгатай аж. Тэдний үзлээр бол үүнийг амьдралынхаа бүх л нөхцөлд хэрэгжүүлэх ёстой байдаг билээ.
4
Цэвэр агаарт амьдрах
Тэдний зүрх сэтгэл байгалийг яг л өөрийнхөө жинхэнэ гэр мэтээр мэдэрдэг. Тиймээс ч Скандинавчуудын "Friluftsliv" гэх философи нь амьд байгальд эрүүл амьдрах ухааныг бэлгэддэг юм. Хэлэхэд хэцүү, Норвеги гаралтай "Friluftsliv" гэх үг нь "Цэнгэг агаар" гэсэн утгатай аж. Тиймээс ч тэд өдөр бүр чадах чинээгээрээ агаар салхинд гарч, байгальтай ойр байхыг эрмэлздэг байна.
5
Тэдний хөл үргэлж дөрөөн дээр эсвэл газарт байдаг
Өвлийн улиралд Скандинавын температур үргэлж 1 оронтой тоонд хэлбэлздэг. Энэхүү цаг агаарын таатай нөхцлөөс гадна Скандинавын бүх хотуудын зам нь алхах болон дугуй унахад тохиромжтой байдлаар төлөвлөгдсөн байдаг. Тиймээс Копенгаген хотод л гэхэд нутгийн иргэдийн 50 хувь нь өдөр бүр ажилдаа унадаг дугуйгаар явж, 25 хувь нь алхах эсвэл нийтийн тээврээр зорчдог байна. Тэдэнд алхах болон дугуй унахад нь цаг агаарын байдал огт нөлөөлдөггүй учраас цастай, бороотой, хүйтэнд ч дугуй унаж буй хүмүүс олон харагддаг аж.
6
Засгийн газар (болон ажил олгогчид) эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлдэг
Эмэгтэйчүүд мөнгө олохын тулд төрөөд удаагүй хүүхдээ орхиж, ажилдаа орох нь сэтгэлийн хямралыг бий болгож, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл Скандинавын орнууд гэр бүлийг нэгдүгээрт тавьж, дөнгөж төрсөн эсвэл хүүхэд өргөж авсан эцэг, эхчүүдэд эхний 16 сар цалинтай чөлөөг олгодог байна. Дани улсад нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг Миами гаралтай эмэгтэй Апарна Мажмуар "Би Скандинавчуудын эрүүл амьдрал, нийгмийн идэвхтэй байдлын нууцыг жирэмслэлт болон төрсний дараах үед төр засгаас үзүүлдэг халамж, үйлчилгээтэй холбоотой гэж боддог. Мөн Данийн хууль тогтоомж нь нийгмийн бүх хүрээнд маш уян хатан байдаг нь гайхалтай" гэж хэлж байжээ.
7
Бага ууж, зугаатай амьдар
Скандинавчуудын "Лагом" амьдралын хэв маягт согтууруулах ундааны зохистой хэрэглээ ч мөн багтдаг. Тиймдээ ч судалгаагаар Норвегичуудын согтууруулах ундааны хэрэглээ бусад улсуудынхаас хамаагүй бага байдаг нь батлагджээ. Мөн Швед, Финлянд залуусын архины хэрэглээ сүүлийн 10 жилд ихээхэн буурч, тэд согтууруулах ундаа хэрэглэхээс илүүтэйгээр бие бялдраа хөгжүүлж, нийгэмших эрмэлзэлтэй болж байгаа гэнэ.
Түүнчлэн архи бага хэрэглэх нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай. Скандинавын хоол тэжээлийн мэргэжилтэн Вестман “Согтууруулах ундаа нь ихэвчлэн илчлэг ихтэй, элсэн чихрийн агууламж өндөртэй байдаг тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, элэгний ойролцоо өөхлөлт үүсгэж, үйл ажиллагааг нь муутгадаг” болохыг сануулжээ.
8
Дасгал хөдөлгөөнөөр нэгдсэн нийгмийн дүр төрх
Скандинав даяар тусгай чиглэлийн эсвэл ерөнхий үйл ажиллагаа явуулдаг спорт клубүүд байдаг. Энэ нь сонирхол нэгтэй хүмүүсийг нэгтгэж, цуг хичээллэх замаар нийгэмшихэд нь тусалдаг байна. Жишээ нь, хэн нэгэн хүн шинэ хотод нүүж очоод найз нөхөдтэй болохыг хүсвэл ердөө спорт клубд элсэхэд л хангалттай аж. Мөн Дани улсад л гэхэд 3 хүн тутмын 1 нь хөл бөмбөг, теннис зэрэг хувийн спортын клубүүдэд харьяалагддаг. Тиймээс спортын клубүүд нь Скандинавын нийгмийн амьдралын томоохон хэсэг гэхэд хилсдэхгүй билээ.
9
Ажлын байран дээрээ ч дасгал хөдөлгөөнийг чухалчилдаг
Скандинавт та дасгал хөдөлгөөн хийхийн тулд заавал ямар нэгэн фитнесс клуб, эрүүл мэндийн төвүүдэд явах шаардлагагүй. Учир нь Скандинавын бараг бүх компани ажилчдынхаа эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөнд анхаарах бодлогыг баримталдаг. Тиймээс ч тэд компанидаа өөрсдийн гэсэн спортын багуудыг бүрдүүлсэн байдаг аж. Ингэснээр ажилчдын ёс суртахуун, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үүрэг хариуцлага нь нэмэгдэж, эрүүл мэнд нь ч сайжирдаг байна.
10
Тэд кофены соёлыг шинэ төвшинд хүргэсэн
Скандинавчууд гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа аяга кофе уух замаар тархиа сэргээж, анхаарал төвлөрөх чадвараа сайжруулж, амттай яриаг өрнүүлдэг. Энэхүү бүх насны хүмүүсийг хамарч чаддаг зан үйлийг “Фика” гэж нэрлэдэг аж. Гэхдээ энэ нь зөвхөн каффейн хэрэглэх гэхээсээ илүү бусадтай холбогдох, харилцах арга болж өгдгөөрөө алдартай юм.