1
Шүдний оо
Эртний Египетчүүдийн булшнаас шүд цэвэрлэгч, өөрсдийнх нь зохион бүтээсэн шүдийг танан цагаан болгох оо гарч ирж байжээ. Тэдний хийсэн оо нь хүжлэг давирхай, өндөгний хальс, уушгин чулуу, хадны давс, гаа, хатаасан цахилдаг цэцэг, чинжүү зэрэг орцуудаас бүрдэж байсан юм. Мөн Египетчүүдийн хэрэглэдэг байсан цахилдаг цэцгийг одоо ч шүдний эмч нар буйлны үрэвсэлд сайн гэж үздэг.
Гэхдээ энэ нь дэлхийн анхны шүдний оо байгаагүй юм. Албан ёсоор Венийн музейн сууриас хамгийн анхны МЭ IV зууны үеийн оо олдож байсан аж.
2
Хуанли
Египетчүүдийн амьжаргааны чухал хэсэг болсон газар тариаланг нэг томоохон үер л тэр чигт нь сүйтгэж чаддаг байжээ. Тиймээс тэд Нил мөрөнг хэзээ үерлэж, хэзээ тогтуун байхыг мэдэж, аюулаас сэрэмжлэхийн тулд Сириус одыг ажиглан, хуанлиг зохиох болсон юм.
Гэхдээ тухайн үеийн Египетийн хуанли нь усалгааны үе, ургах үе, ургац хураах үе гэсэн газар тариалангийн 3 улиралд л хуваагддаг байсан гэдэг. Мөн улирал тус бүр нь 30 хоногтой, 4 сартай байсан бөгөөд нэмэлтээр ургац хураах болон шашны баяр ёслол тэмдэглэх таван өдрийг тусгасан байжээ.
3
Нүдний харандаа
Египетчүүд хар зэсийн ислээс эхлээд шатаасан бүйл гэх мэт янз бүрийн найрлагуудыг хольж будаг гарган авч түүнийгээ "Кохл" гэж нэрлэж байжээ. Улмаар тэд кохлыг ашиглаж нарны бурхан Рагийн нүдийг будаж, уг бүтээгдэхүүнээ трэнд болгосон юм. Мөн кохл нь янз бүрийн бактери, нарны хурц гэрлээс нүдний харааг хамгаалах давхар ашиг тустай байсан аж.
4
Бичгийн хэл
Бичгийн хэлний анхны хэлбэр болох папирус дээр бичигдсэн дүрс үсгүүд нь эртний Египетээс гаралтай. Хэдийгээр өмнө нь тодорхой утга агуулга бүхий дүрслэл, хадны зураг зэргүүд байсан хэдий ч Египетчүүд үгсийг дүрс үсгээр бичиж эхэлсэн цагаас анхны бичгийн хэл үүссэн гэж үздэг юм. Тэд үүнийгээ ашиглан сүм хийд, уран баримал, булш зэрэг дээр үг сийлж байсан нь өдгөө бидэнд эртний Египетчүүдийн улс төр, соёлын байдлын талаар олж мэдэхэд тусалдаг билээ. Түүнчлэн 1799 онд Розетагийн чулуун хөшөөг илрүүлсний дараа тэдгээр дүрс үсгийг тайлж унших боломжтой болсон юм.
5
Гаа
Эрт үед шүдний оо хүн бүрд хүрэлцээтэй байгаагүй тул амны эвгүй үнэр нь тэдний хувьд том асуудал болдог байжээ. Тиймээс Египетчүүд гаа үйлдвэрлэх замаар өөрсдийн асуудлаа шийдсэн юм. Дэлхийн хамгийн анхны гаа нь гүгэл, хүжлэг давирхай, зөгийн балтай хамт чанасан шанц зэрэг найрлагаас бүрдсэн үрэл шиг хэлбэртэй байжээ.
6
Хаалганы цоож
Хамгийн эртний хаалганы цоож нь 4000 жилийн настай бөгөөд эртний Египетийн ордноос олдож байжээ. Египетийн анхны цоожууд нь модоор хийгдсэн, гогцоо орох нүхтэй, яг л өнөөгийн бидний хэрэглэдэг цоожтой адилхан зарчмаар ажилладаг байсан юм.
Харин хожим Ромчууд Египетчүүдийн модон цоожийг сайжруулан металаар хийх болсон юм.
7
Математик
Египетчүүд өөрсдийн барилга байгууламж, хөшөө дурсгалыг хөгжүүлэхэд болон ард иргэдэд хүнсний хангамжийг түгээхдээ математик ашигладаг байжээ. Тиймээс ч Египетчүүд үржих, хуваах үйлдлийг заасан геометрийн зааварчилгааны гарын авлагыг боловсруулж байсан юм.
Түүнчлэн МЭӨ 1650 оны папирус модон дээр бичсэн гарын авлагыг XIX зуунд Египет судлаач Хенри Рхинд олж "Рхинд хэмээн" нэрлэж байв. Уг гарын авлагад математикийн 84 асуулт, хариултыг багтаасан байсан бөгөөд хэрхэн ажилчдын талхыг хуваарилах талаар ч зааварласан байжээ.
8
Сахлаа хусах
Эртний Египетдэд харагдах байдал болон хувийн эрүүл ахуй маш чухал байсан тул тэд илүүдэл үсээ зайлшгүй хусдаг байжээ. Үүгээр ч зогсохгүй ард иргэд нь хөмсөгнөөс бусад биеийнхээ бүх үсийг авч, толгойны үсээ хүртэл хусаж, оронд нь хиймэл үс зүүдэг байсан юм. Учир нь Египетчүүд нүүрэндээ илүүдэл үстэй байхыг ичгүүртэй, хайнга байдлын тэмдэг гэж үздэг байжээ.
Гэхдээ сахал хусах нь бөөс болон элдэв өвчнөөс сэргийлэх зорилготой байсан ба тэд үсээ хусахын өмнө зориулалтын тос түрхэж, иртэй чулуугаар үрдэг байсан гэдэг.
9
Цаг
Египетчүүдийн бүтээсэн цаг нь минут, секунд бүрийг нарийн тодорхой заадаг байгаагүй ч тэд өдрийг цагуудад хувааж, дурсгалт хөшөөнөөс нараар баримжаалдаг "Оbelisk" гэгддэг цагийг анх бүтээж байсан юм. Мөн Египетчүүд сүүдрийг ажиглан өдрийг үдээс өмнө болон үдээс хойш хэмээн 2 хувааснаас гадна жилийн хамгийн урт, хамгийн богино өдрүүдийг ч тооцоолж гаргасан байдаг.
Харин хожим тэд Египетийн шүүгч Аменемхетийн бүтээсэн аяганд ус хийж, усны төвшин өөрчлөгдөхөд цагийг хэмжих зориулалттай усан цагийг ашиглах болжээ.
10
Бэлгэвч
МЭӨ 1350 оноос хойших Египетийн уран зургууд дээр эрчүүд орчин үеийн бэлгэвчтэй төстэй зүйлээр зугаацаж байгаагаар дүрслэгдсэн байдаг. Гэхдээ тухайн үед бэлгэвчийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах гэхээсээ илүү эрүүл ахуйн зорилгоор халдварт өвчин авахаас сэргийлж хэрэглэдэг байжээ.
Түүнчлэн баттай биш ч бэлгэвчийг шашны зан үйлийн зориулалтаар болон нийгмийн дээд давхрагын хэрэглээ болгон ашигладаг байсан гэж үздэг.