1
Тяньдучэн
Тус үзэсгэлэнтэй хот нь өөрийн өнгө төрх болон зохион байгуулалтаа Францын Парисаас хуулбарлажээ. Та бүр энэ хотод Эйфелийн цамхаг байдаг гээд бод доо. Гэхдээ Европ загварын тансаг барилгуудтай Тяньдучэн хотод дэд бүтэц байдаггүй болохоор бараг хэн ч байдаггүй бөгөөд одоо Эйфелийн цамхгийнх нь хажууд тариа тарьж буй цөөн тооны хүн л амьдардаг юм.
2
Темза Таун
Энэ тохилог хотхоны ердөө 10 хувьд нь л хүн амьдардаг. Учир нь Темза-Тауныг архитекторууд Шанхай хотын өргөтгөлд зориулан барьсан боловч газрын судалгаа дээрээ алдаа гаргажээ. Түүнчлэн энэ газарт өндөр орон сууц тогтох ямар ч боломжгүй ба ердөө 1-2 давхар л байшингуудтай аж. Харин одоо хүмүүс ийшээ зөвхөн амрах гэж л очдог билээ.
3
Ордос
Ордос бол Хятадын хамгийн том "хоосон" хот юм. Дэд бүтэц нь маш сайн зохион байгуулагдсан энэ хотод парк, музей, номын сан, супермаркет болон цэнгэлдэх хүрээлэнгүүд бий. Мөн ихэнх хүмүүс тэндэхийн байруудыг баригдаж байх үед нь худалдаж авсан боловч нүүж очих гэж нэг их яараагүй бололтой.
Уг хотод ойролцоогоор 1 сая хүн суурьших боломжтой ч одоогоор ердөө 1/10 нь л амьдарч байгаа бөгөөд жуулчид Хятадын хамгийн том хоосон хотыг харахаар Ордост ихээр ирдэг байна.
4
Сишуань
Энэ жижиг хот Оросын Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараах Припяттай их төстэй. Учир нь Сишуань хотод бараг хүн байдаггүй бөгөөд эргэн тойрон нь яг л аймшигт явдлын дараах үе шиг харагддаг. Одоогоор энд маш цөөн тооны хүн л амьдардаг бөгөөд ихэнх нь илүү боломжтой газар руу нүүсэн байдаг.
5
Кангбаши
Кангбаши бол маш том талбайтай ойролцоогоор 1 сая хүн амьдрах боломжтой хоосон хот юм.
Анхандаа энэ хотод тариаланчид амьдрах нь тодорхой байсан ч тэдэнд байр авах мөнгө байгаагүй аж. Мөн хотын ойр хавьд үйлдвэр, аж ахуй, компани байдаггүйн улмаас иргэд ажилгүйдэлд орж өөр газар руу нүүхээс аргагүйд хүрсэн гэдэг.
Яагаад эдгээр хотуудад хүн амьдардаггүй вэ
Эдгээр хотуудыг барьж босгоход маш их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсан нь мэдээж юм. Гэхдээ яагаад хүн амьдардаггүй юм бол?
- Ихэнх хүмүүс хэрвээ Хятадад дайны онц аюул зарлавал эдгээр хотуудыг нөөц орон байр болгон ашиглана гэж үздэг. Мөн барилга байгууламжууд нь цэрэг зэвсгийн нууц агуулах болж хувирах гэнэ. Учир нь дээрх хотууд бусад хот сууринтай авто замаар холбогдсон байдаг тул ачаа зөөхөд огт асуудал гарахгүй ажээ.
- Хятадын хүн амын цаашдын өсөлтөд эдгээр хоосон хотуудын хэрэг гарах юм.
- Зарим хүмүүсийн үзэж байгаагаар дээрх хоосон хотууд нь ирээдүйн хөрөнгө оруулалт ажээ. Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн улмаар хожим зарим томоохон хотуудад үйлдвэр, аж ахуй нэгжүүд орон зайгүй болох аж. Харин тэр үед эдгээр хоосон хотууд их хэрэг болох гэнэ.
- 1930-аад онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт хямралын эсрэг төсөл боловсруулж байв. Тухайн үед барилга угсралт эрчимжсэнээр олон хүн ажлын байртай болж байжээ. Үүнтэй адил олон тооны Хятадууд орон сууцны барилгын ажлын хүчинд ажлын байртай болж байгаа юм.
- Эдгээр хүнгүй хотод амьдрах нь Бээжинд амьдрахаас хэд дахин илүү хямд байх учир жирийн иргэдэд ажиллаж, амьдрах боломж нээгдэх болно.