1
Хог дундаас олсон сая долларын сугалаа
АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч, 83 настай Эдвард Ст. Жонын гэрийнхээ ойролцоох дэлгүүрийн хогон дундаас олсон хусдаг сугалаа түүнд 1 сая долларын азыг авчирчээ.
Гэхдээ хожим нь тэрбээр сугалааг худалдаж авсан хүмүүст 140 мянган долларыг өгсөн ба үлдсэн мөнгөө насныхаа эцэс хүртэл хэрэглэж дуусахгүй байх хэмээн бодож байсан гэдэг.
2
Хүмүүсийн чек
Манхэттэнд амьдардаг Хесус Леонардо гэгч эр сүүлийн 10 жилийн турш хогийн сав ухаж, хүмүүсийн хаясан сугалаатай төлбөрийн баримтуудыг цуглуулж байгаа ба тэдгээрийн зарим нь түүнд аз авчирдаг гэнэ шүү. Тэрбээр энэхүү аргаараа өдөрт дунджаар 100-300 долларын орлого олдог байна.
3
Ховор ном
Сүүлийн үед цахим хэрэглээ өсөх болсноор хүн төрөлхтөн цаасан номыг тоохоо больсон билээ.
Гэхдээ Маргарет Кронуэлл хэмээх бүсгүй байнга очдог сүмийнх нь ойролцоо хаягдсан хайрцагтай номнууд дундаас Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс” романы анхны хэвлэлийн маш ховор 17 ширхэг ботийг олжээ. Тэрээр гэр лүүгээ тэдгээр номыг цүнхлээд авч явж байхдаа 10 мянган долларын үнэ хүрэх эрдэнэс олсон гэдгээ мэдээгүй байжээ. Номон дээр алдарт зохиолчийн өөрийнх нь гарын үсэг хүртэл байсан гэдэг.
4
Сюрпризтай авто машины дугуй
Америкийн Индиана мужид зам тавьж байсан ажилчин залуус хаягдсан дугуй дотроос 100 мянган долларыг бэлнээр олж байжээ. Гэвч тэд шударга иргэд байсан учир болсон явдлыг цагдаад мэдэгдсэн аж.
Цагдаагийн дүгнэлтээр тэрхүү их хэмжээний мөнгө нь хар тамхины наймаанд эргэлдүүлсэн бохир мөнгө байсан аж.
5
Дээвэр дээр мартагдсан Ван Гог
Ван Гогын алдарт “Монмажерт нар жаргаж байгаа нь” зургийн эх хувилбарыг нэгэн Норвеги иргэний дээврийн өрөөнөөс нас барсных нь дараа олж байжээ. Судлаачид энэхүү зургийг Ван Гог зурсан болохыг тогтоохын тулд 40 жилийг зарцуулсан гэдэг. Учир нь тэрбээр өөрийн зурагтаа сэтгэл хангалуун бус байсан учир гарын үсгээ тавиагүй байсан аж. Гэхдээ түүний ахтайгаа бичилцсэн захианы тусламжтайгаар Амстердам дахь Ван Гогын музейд хадгалагдаж буй тус зургийг түүнийх болохыг тогтоож чадсан юм.
6
Гоёл чимэглэл, үнэртэй ус болон бусад зүйлс
Канадын нэгэн нэрээ нууцалсан эрхэм хогон дунд маш их хэрэгтэй, үнэтэй зүйлс байх боломжтойг ойлгосон учир сүүлийн хэдэн жилийн турш мэргэжлийн хог түүгчээр ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр хогон дотроос олсон сонирхолтой эд зүйлсээ угааж цэвэрлээд дараа нь өөрийн блогтоо оруулж хүмүүст худалдаж авахыг санал болгодог байна. Тэдгээрт нь сувд, эртний зоос, вааран эдлэл, үнэртэй усны цуглуулга гэх мэт зүйлс маш олноороо байдаг аж.
7
Эртний чийдэн
Олон жилийн өмнө нэгэн залуу дахин боловсруулах үйлдвэрийн хогийг ялгаж байхдаа энэхүү эртний гэрлийн чийдэнг олж байжээ. Улмаар тэрбээр чийдэнг засаж янзлаад, ашиглах боломжтой болтол нь өөрчилсөн аж.
Гэхдээ хожим нь түүний охин тус чийдэнг алдарт "Tiffany" брэндийн 1890-ээд онд цөөхөн тоогоор урласан чийдэнтэй ойролцоо болохыг ажиглаж, олон жилийн турш 55 мянган долларын үнэтэй гэрэл хэрэглэж байснаа ойлгосон гэдэг. Хэрвээ эцэг нь эртний чийдэнг төгс болгож өөрчлөөгүй байсан бол бүр их үнэд хүрэх байсан биз ээ.
8
Нууцын зэрэглэлтэй мэдээлэл
Нью-Йорк хотын алдарт ихэр цамхгийн суурин дээр “Эрх чөлөөний цамхаг” гэх шинэ барилгыг барьж байх үед нэгэн орон гэргүй иргэн хогон дундаас “Нууц” гэсэн тэмдэглэлтэй барилгын зураг төслийг олж байжээ. Хэн нэгэн хариуцлагагүй ажилтан “Эрх чөлөөний цамхаг”-ийн зураг төслийг хаяж орхисон нь тэр байж. Хэдийгээр зураг бүрэн биш байсан хэдий ч хогон дотроос гарч ирсэн 150 хуудсыг нь ашиглаад ямар нэгэн нууц ажиллагаа, террорист халдлага явуулахад хангалттай байсан гэнэ.
Азаар тус барилгын ажил бүрэн дуусалгүй зогссон аж.
9
Хуучны авто машины цуглуулга
Францын нэгэн ферм дотор 60 ширхэг хуучны машин олон жилийн турш тоос шороонд дарагдаж, зэвэрч хадгалагдаж байжээ.
Тэдгээрийг эзэмшиж байсан бизнес эрхлэгч Рожер Бэйллонд нь өөрийн машинуудаараа музей хийх зорилготой байсан ч төлөвлөгөөгөө биелүүлж чадалгүй нас барсан юм.
Гэхдээ эд хөрөнгөө үр удамдаа өвлүүлэн үлдээсэн боловч тэд энэхүү цуглуулгын үнэ цэнийг 2015 онд судлаачдыг дуудах хүртлээ мэдээгүй байсан гэдэг. Хэдийгээр машинуудад маш их эвдрэл гэмтэл байсан ч түүний цуглуулга 15 сая гаруй долларын үнэд хүрэх нь тогтоогджээ.
10
0.5 сая долларын үнэтэй халимын бөөлжис
Тайландын нэгэн бармен залуу далайн эрэг дээр цэлцэгнүүр шиг нялцгай зүйл хэвтэж байхыг олж хараад гэртээ аваачихаар шийджээ. Хожим нь тэрээр өөрийгөө кашалот халимны царцсан бөөлжис болох амбраг олсноо мэдсэн аж.
Хэдийгээр гадаад байдал нь таатай харагддаггүй хэдий ч амбраг үнэртэй усны үнэрийг удаан хадгалах зорилготойгоор ашигладаг юм. Мөн энэхүү байгалийн бүтээгдэхүүн нь үнэртэй усны үйлдвэрлэлд өндрөөр үнэлэгддэг ба одоогийн байдлаар Тайланд залуугийн олсон амбра 0.5 сая долларын үнэд хүрч байгаа гэнэ.