1
Хагалгаа хийлгэх
Амралтын өдрөөрөө сайн гэгч нь алжаалаа тайлаад авсан мэс засалчид даваа гаригийн өглөө сандрах, санаа зовох зүйлгүй ажлаа эхлүүлдэг бөгөөд энэ өдөр хийсэн хагалгаа нь долоо хоногийн бусад өдрүүдэд хийгдсэн хагалгаануудтай харьцуулахад илүү амжилттай дуусах магадлалтай байдаг гэнэ. Түүнчлэн нэг дэх өдөр хийсэн хамгийн хүнд хагалгаа хүртэл золгүй байдлаар дуусах тохиолдол харьцангуй бага байдаг тухай Английн анагаах ухааны сэтгүүлд тэмдэглэжээ.
2
Хамт олонтойгоо “хов базах”
“Шинэ долоо хоногт төлөвлөгдсөн ажлууд овоорч байхад өглөөг шал дэмий ярианаас эхлүүлэх хэрэг үү?” хэмээн гайхаж байна уу? Гэхдээ хүн гэдэг хачирхалтай амьтан хоёрхон өдөр амраад буцаад ирэхдээ ажил дээр нь аюулгүй байдал ноёрхсон хэвээр байна уу, аль эсвэл ямар нэг өөрчлөлт орсон байна уу, гэдгийг шалгах хүслийг өөрөө ч мэдэлгүй өвөртөлсөн байдаг. Тийм учраас ажлынхантайгаа хөөрөлдөж өдрийг эхлүүлэх нь шинэ долоо хоногт учрах шинэ адал явдлуудын эхлэл болдог бөгөөд ажилдаа ирмэгцээ бичиг цаастай зууралдаж эхэлсэн хүн тэр долоо хоногтоо л өөрийгөө буруу газар, буруу хүмүүстэйгээ хамт байгаа мэтээр мэдэрдэг байна.
3
Үл хөдлөх хөрөнгийн гэрээ хийх
Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын хувьд хамгийн амжилттай өнгөрдөг өдөр нь нэг дэх буюу даваа гараг, харин хамгийн бүтэл муутай өдөр нь пүрэв гараг байдаг гэнэ. Мэргэжлийнхний тайлбарлаж байгаагаар бол долоо хоногийн эхээр үл хөдлөх хөрөнгийн ашигтай саналууд харьцангуй цөөн орж ирдэг учраас хөрөнгөө худалдах гэж буй хүмүүс олон сонголт дунд төөрөх шаардлагагүйгээр орж ирсэн чанартай хэдэн саналуудаас хамгийн боломжит нөхцөлийг сонгож тэр даруй гэрээ хийх нь элбэг тохиолддог аж.
4
Хөрөнгө оруулалт хийх
Та бидний мэддэгээр хөрөнгө оруулалтын зах зээлийн гол түлхүүр бол хямд үнэ ба өндөр ашиг байдаг. Сүүлийн үеийн зах зээлийн судалгаан дээр хийгдсэн дүгнэлтээс үзэхэд ажлын эхний өдөр буюу даваа гаригт дээр дурдсан нөхцөлүүд өөлөх юмгүй өв тэгш бүрдсэн байдаг учир энэ өдөр хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ хөрөнгө оруулагчдын талд илүү ашигтайгаар үйлчилдэг гэнэ.
5
Дэглэм барьж эхлэх
Пенсильваний их сургуулийн сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзэхэд хүний цаг хугацааны баримжаанаас хамаарч шинэ зүйл хийж эхлэхэд урам өгдөг тодорхой өдрүүд байдаг гэнэ. Тухайн өдрүүдэд аливаа хүний өөрийгөө болон ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгддөг бөгөөд улмаар ажлын бүтээмж нь өндөрсөж эхлүүлсэн ажлаа илүү амжилттай дуусгах магадлалтай байдаг аж. Энэ өдрүүдийн хамгийн эхний эгнээнд даваа гариг буюу нэг дэх өдөр бичигдэх бөгөөд ажлын эхний өдөр эхлүүлсэн дэглэм, шинэ зуршил нь цаашдаа амьдралын хэв маяг болон тогтох магадлал өндөр байдаг аж.
6
Гараа угаах
Сонин сонсогдож байгаа биз?
Гэхдээ яагаад ч юм тав дахь өдөр, эсвэл гурав дахь өдөр биш харин нэг дэх өдөр л бид бүхэн өвдсөнөө, бие маань нэг л базаахгүй байгааг мэдэрч эхэлдэг хачирхалтай гэмээр баримт байдаг гэнэ. Магадгүй бид ажилдаа “хэт дуртай”-гаасаа болоод амралтын өдрөө сунгахыг арай их хүсдэг ч юм уу, аль эсвэл ахиад хэд хоногийг цэвэр агаарт өнгөрүүлмээр санагддагтаа ч юм уу, ямар ч л байсан даваа гараг болмогц л өөрөөсөө ямар нэг өвчний шинж тэмдгийг өөрсдөө ч анзааралгүй олж хардаг байна. Бүр үүнийг батлахын тулд английн эрдэмтэд урт хугацааны судалгаа хүртэл хийсэн байдаг гээч. Тийм учраас энэхүү хачирхалтай гарчгаараа та бүхэндээ эрүүл мэндээ нэг дэх өдөр болохоос өмнө анхаарч, зохих арга хэмжээг цаг алдалгүй авж өөрийгөө хайрлаж байгаарай гэдгийг сануулах гэсэн юм.
7
Фитнест явж эхлэх
Шинэ долоо хоногоос шинэ зорилго тавьж фитнест явж, спортоор хичээллэж эхлэх нь дээр дурдсан “дэглэм барьж эхлэх” гэсэн гарчгийн салшгүй нэг хэсэг. Эрүүлээр эхэлсэн долоо хоногоо эрүүлээр дуусгахыг хэн ч хүснэ биз дээ?
8
Зорилгоо тодорхойлох
Цоо шинэ зорилго тавиад түүнийхээ төлөө яг хөдөлмөрлөж эхэлье гэхээр л залхуур хүрч, хойшлуулмаар санагдаж, эсвэл бүр гэв гэнэт гэрээ цэвэрлэмээр, хоол хиймээр ч юм шиг санагдаж, ширээний ард суугаад зорилгоо бичиж эхлэх л биш бол өөр юу ч хамаагүй хиймээр санагддаг уу? Тэгвэл нэг дэх өдрийн өглөө болмогц энэ долоо хоногтоо багтаж заавал биелүүлэх ёстой нэг томхон зорилго тавьж, төлөвлөгөөндөө оруулж дадахыг сэтгэл зүйчид зөвлөдөг байна. Энэхүү зорилго нь аль эрт эхлүүлээд эцсийг нь үзэж чадаагүй явсан номоо уншиж дуусгах , гадаад хэл дээр шинэ дуу цээжлэх , явъя гэж бүр дээрээс бодсон ч нэг л болж өгөхгүй байсан үзэсгэлэнгээ үзэх гээд ер нь юу ч байж болно. Эцсийн эцэст таны хүсэл сонирхол л бүгдийг шийднэ шүү дээ.