1
Удам дамжсан хорсол
Америкийн тэрбумтан Веллингтон Буртийн гэр бүл 1919 онд өөрсдийн уй гашуу, хорслоосоо болоод “Хонзогногч гэр бүл” хэмээх нэртэй болжээ. Учир нь Веллингтон Бурт нас барахдаа өөрийнх нь өв хөрөнгийг хамгийн отгон ачийг өөд болсноос хойш 21 жилийн дараа л ашиглаж болно хэмээжээ. Хэн ч түүнийг яагаад ийм захиас үлдээснийг ойлгоогүй юм. Ийнхүү 1989 онд түүний удмын хамгийн сүүлийн ач нас барсан бөгөөд 21 жилийн тооллого эхэлжээ. Улмаар Веллингтон Буртын хөрөнгийг хэн өвлөж авахыг шийдэх шүүх хурлууд ар араасаа өрнөсөн бөгөөд 2011 онд түүний удмын хамгийн холын 12 хамаатан тус бүр 110 сая ам.долларыг өвлөж авсан гэдэг.
2
Оройн зоог даасан нь
Оскарын шагналт жүжгийн зохиолч, найруулагч Боб Фоссе нас барах үедээ өөрийн 66 найз болон ажлын хамтрагчдаа сүүлийн удаа баярлуулах хүсэлт тавьжээ. Тэрбээр 1987 онд өөд болохдоо 66 найздаа өөрийн 25 мянган ам.доллароо тэнцүү хуваан (хүн тус бүр 378,59 ам.доллар) оройн хоол идэхийг хүссэн байна. Түүний эхнэр нөхрийнхөө гэрээслэлийг хүндэтгэж Нью-Йорк хотын төвд маш тансаг зоогийн газарт найзуудыг нь урьжээ.
3
Хамгийн анхны гэрээслэл
Английн археологич Флиндерс Петри 1890 онд Египетийн пирамидыг ухах үедээ дэлхийн хамгийн анхны гэрээслэлийг олжээ. Түүний олсон хуйлаас бичиг дээр эртний Египетчүүдийн маш хачин жигтэй гэрээслэлүүд буюу сүүлийн хүслүүдийг бичигдсэн байв.
Анхрены гэрээслэл хэмээх тэрхүү археологийн үнэт олдвор дээр МЭӨ 1797 онд Анхрен хэмээх залуу дүү Уа-даа бүх эд хөрөнгөө үлдээж байгаа тухай бичсэн байдаг бол Уа-гийн гэрээслэл дээр ахаасаа өвлөн авсан бүх хөрөнгөө эхнэр Тета-даа үлдээж байгаагаа тэмдэглэсэн байдаг. Энэхүү олдвор нь хүн төрөлхтний түүхийн номонд том ул мөрөө үлдээжээ. Учир нь тэдгээрийн ачаар бид хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс эхлэн эд хөрөнгөө өвлүүлж байсныг олж мэдэж чадсан юм.
4
Өвлүүлэх юу ч байхгүй...
1553 онд Сэргэн мандалтын үеийн суутан, шог зохиолч Франсуа Рабелэ нас барахдаа “Надад өвлүүлж үлдээх юу ч байхгүй. Би маш их өртэй гэхдээ бүх хөрөнгөө ядууст үлдээж байна” хэмээжээ.
5
Нууц хайрцаг
Английн ховор эд цуглуулагч Фрэнсис Даус 1834 онд нас барахдаа Их Британийн музейд нэгэн нууц хайрцгийг үлдээгээд 1900 оны нэгдүгээр сарын 1 хүртэл битгий нээгээрэй хэмээн захижээ. Даус бүхэл насаараа эртний ном, бичээс, зоос гэх мэт хуучин эдлэл цуглуулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь Оксфордын Бодлеаны номын санд хадгалагддаг. Гэхдээ түүний цуглуулгаас илүү, гэрээслэлдээ бичсэн нууц хайрцаг л олны анхаарлыг татаж байв. Бүх хүн л хайрцаг дотор юу байгаа бол хэмээн гайхаж байсан нь мэдээж. Гэхдээ түүний хүслийг хүндэтгээд 1900 оны нэг сарыг хүртэл хайрцгийг огт нээгээгүй юм.
Удаан хүлээсний эцэст 1900 онд хайрцгийг нээхэд хүн бүр сэтгэлээр унасан гэдэг. Учир нь тэр дотор тэмдэглэлийн дэвтэр, хэдэн ширхэг уранхай цаас л байжээ.
6
Гол дүр
Америкийн Филадельфи мужийн театрт олон арван жил тайзны найруулагчаар ажилласан Жон Рийд нас барахдаа өөрийн гавлын ясыг Шекспирийн Гамлет жүжигт ашиглахыг аминчлан хүсжээ. Театрын ажилтнууд жигтэй хэдий ч түүний сүүлийн хүслийг хүндэтгэн биелүүлсэн юм. Улмаар түүний гавлыг театрын нэг хэсэг болгож, олон жүжигт тоглуулах болсон ба алдартай жүжигчид гарын үсгээ зурж, бэлэгшээдэг болжээ.
Мөн Польшийн хөгжмийн зохиолч Андрей Чайковский (Пётр Ильич Чайковскийтой бүү эндүүрээрэй) 1982 онд нас барахдаа өөрийнхөө гавлыг Эзэн хааны Шекспирийн театрт хандивлахыг хүсэж байсан. Улмаар 2008 онд Гамлет жүжигт гавлыг нь тоглуулжээ.
7
Улсын өрийг тэглэх
1928 онд Их Британийн нэгэн иргэн эх орныхоо өрийг тэглэхэд бага ч болов хувь нэмэр оруулах үүднээс 500 мянган фунтыг улсын төсөвтөө хандивлажээ. Тэр цагаас хойш түүний хандивласан мөнгө өдгөө 350 сая фунт болтлоо үржсэн ба тэр мөнгийг 1.6 их наяд фунт болтол нь ашиглаж болохгүй гэнэ. Гэвч энэ мөнгө тус улсын өрийг тэглэх хэмжээнд өсөх нь юу л бол. Тиймээс Британийн Барклэй банк дээрх хандивын мөнгийг хэрхэн улс оронд ашигтайгаар зарцуулж болох талаар судалж эхлээд байгаа аж.
8
Харуусал
Германы нийтлэлч, яруу найрагч Хайнрих Хайне нас барахдаа маш этгээд гэрээслэл үлдээжээ. Тэрбээр дэлгүүрт худалдагчаар ажилладаг эхнэр Матилдатайгаа 1841 онд гэрлэж, 15 жилийн турш хамт амьдарсан бөгөөд түүхчдийн судалснаар тэдний харилцаа их сонин байжээ. 1840-өөд оны сүүлээр Хайне хүнд өвчин тусч, насан эцэстлээ буюу 8 жилийн турш хэвтэрт байсан юм. Тэрбээр өөрийгөө тун удахгүй үхэхээ мэдэж, гэрээслэл бичихээр шийджээ. Хамгийн сонирхолтой нь тэрхүү гэрээслэлдээ, эхнэр нь дахин хүнтэй гэрлэсэн цагт түүний өв хөрөнгө эхнэрт нь шилжинэ хэмээн бичсэн байсан аж. Эхнэр нь түүнийг сүүлийн амьсгаагаа хураах хүртэл нь хамт байсан гэдэг.
9
Талбай дүүрэн цэцэг
2007 онд Их Британийн агаарын хүчний нисгэгч асан, Канадын хөрөнгө оруулагч Кит Оуэн өөрийн 2,3 сая еврогийн хөрөнгөө Англи дахь Сидмут хэмээх жижиг хотод өгөхөөр гэрээсэлжээ. Тэрбээр Сидмут хот руу аялах дуртай байсан бөгөөд тус нутгийг үргэлж сайхан чигээр нь хадгалж өгөхийг хүссэн байна. Харин хотын иргэд түүний хүслийг хүндэтгээд 2014 онд 220 мянган ширхэг цэцэг тарьжээ.