1
Хамаатан садан
Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адилхан хамаатан садангуудаа ч бас сонгодоггүй. Тийм ч учраас тэднийгээ байгаагаар нь, дутагдал, давуу талтай нь ойлгож хүлээж авах нь хамгийн чухал юм. Гэр бүл бол бидэнд байгаа бүх зүйл гэдэгтэй зүгээр л эвлэр.
Архинд дуртай авга ахаасаа, ажилгүй аав, амжилтыг чинь үгүйсгэж амьдралыг чинь үнэгүйтүүлдэг ээжээсээ ичиж, тэднээсээ холбоогоо тасаллаа гээд чиний хариуцлага багасч, хандлага чинь өөрчлөгдөхгүй. Магадгүй тэд чамайг хайрладаг хорвоо дээрх цор ганц хүмүүс ч юм билүү? Хамгийн гол нь бусдын байгаа байдал, сул талуудад авталгүйгээр өөрийгөө хайрлан, биеэ зөв авж явахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шүү.
2
Гадаад төрх
Зарим залуучууд өөрсдийгөө орчин үеийн ганган стильтэй, моод хөөж элдвийг өмссөн залуустай харьцуулж голох үзэгдэл тун элбэг болсон. Гэвч энэ нь тийм ч авууштай зүйл биш юм. Яагаад гэвэл гадаад төрх юуг ч илэрхийлдэггүйгээр барахгүй тэр хүнийг гаднах үзэмжээр нь тодорхойлох ямар ч боломжгүй.
Жишээлбэл алдарт Адриано Челентаног хүн бүр л матартай харьцуулж шоолж инээлддэг байсан үе саяхан. Гэтэл тэр өнөөдөр дэлхийн хүсэмжит залуучуудын тэргүүлэх эгнээнд бичигдэж байна. Адриано бусдаас онцгойрохоор тийм царайлаг залуу мөн үү гэвэл хариулт нь мэдээж үгүй. Гэвч тэр манай эриний секс бэлэг тэмдэг гэдэг нь маргашгүй үнэн.
Өөр нэг жишээ гэвэл Арнольд Шварценеггер. Тэнэгдүү царай төрхөөрөө бусдаас ялгардаг байсан Шварценеггерийг шаргуу зан, уйгагүй хичээл зүтгэл нь хэн болгож хувиргасныг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ.
Оросын алдарт тамирчин, жүжигчин Владимир Турчинский нэгэн удаа: “Эр хүн хүчтэй байхыг хүсэх нь хэвийн зүйл. Харин царайлаг болохыг хүсч байвал яавч хэвийн биш” гэж хэлсэн байдаг. Хүний гоо сайхныг нүүрний хэлбэр, гадаад үзэмж биш толгойгоо ажиллуулах чадвар, хичээл зүтгэл л тодорхойлдог. Авьяастай, амьдралын ухаантай байж чадвал царайлаг байх гэж хичээх ямар хэрэгтэй юм бэ?
3
Сэтгэл хөдлөл
Таны мэдэх хамгийн хөгжилтэй хүн, хамгийн хүчтэй хүн, бүр хамгийн хэрцгий хүн гээд энэ хорвоогийн бүх хүн л уйлдаг. Мэдээж зогсоо зайгүй учир шалтгаангүй гомдоллож, болохгүй байна, бүтэхгүй байна хэмээн өдөр шөнөгүй муу амлан явах бол өөр хэрэг. Харин жинхэнэ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх нь, сайхан хайрын тухай ном уншаад, эх орны тухай дуу сонсоод, Хачико нохойны түүхийг үзээд нулимс унагах нь хэвийн л асуудал.
Ганцхан та ч тэгдэг юм биш, хүн бүрийн амьдралд л гуниг гутралаар дүүрэн, эсвэл инээд хөөрөөр элбэг өдрүүд тохиолддог шүү дээ. Тийм учраас тэр болгонд өөрийн жинхэнэ сэтгэл хөдлөлөө ил гаргахаас бүү санаа зов. Энэ үйлдэл нь сул дорой хүний шинж гэж хэзээ ч бүү бод. Хэрвээ ийм онцлогтой, ийм сэтгэл хөдлөлтэй ингээд л төрчихсөн тийм хүн бол өөр хүний дүрд тоглож жүжиглэх ямар хэрэг байгаа гэж?
4
Итгэл, үнэмшил
Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, түүнийхээ ард буцалтгүй зогсож, ямар ч үед байр сууриа хадгалж чаддаг хүн бусдын хүндэтгэлийг амархан хүлээдэг.
Бусдыг даган дуурайх, бусдын хэлснээр өөрийн бодол санааг хувиргах, нэг талыг хэт баримтлан туйлшрах моод дэлгэрсэн өнөө үед өөрийн гэсэн тодорхой үзэл бодолтой, түүн дээрээ бат зогсож чаддаг хүмүүс өдрийн од шиг цөөрсөн билээ. Тийм ч учраас та энэ үнэт зан чанараа хадгалж үлдэж чадсан бол өөрөөрөө бахархана уу гэхээс хэзээ ч ичих учиргүй юм шүү.
5
Хобби, дуртай зүйл
Нэгэн залуугийн харамсалтай түүх бий. Тэрээр өөрйин зан чанараараа нөхөддөө хүндлэгдсэн нэгэн байсан ч үгээр хэлэмгүй тийм азгүй хувь тавилантай учирч гэнэ. Хөөрхий залуу юунд дуртайгаа, ямар спортоор хичээллэхээ хэзээ ч мэддэггүй байж. Харин түүний чин сэтгэлийн гүнд балетийн бүжигчин болох бяцхан хүсэл үргэлж асаатай байдаг байсан боловч бусдын хэл амнаас айж ичихдээ хүсэл мөрөөдлийнхөө галыг улам ноцоохоор хэзээ ч зориглож чаддаггүй байв.
Тэгж байтал өнөө залуу нэгэн сайн хүнтэй тааралдаж гэнэ. Тэр хүн өнөөх залууд балетаар хичээллэх нь огтхон ч ичмээр зүйл биш болохыг, энэ бол агуу том урлаг гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгчээ. Харамсалтай нь хүүгээ балетийн бүжигчин болсныг мэдсэн аав нь түүнийг гэр бүлээ гутамшиг болголоо хэмээн уцаарлан зодож гэмтээдэг болов гэнэ. Энэ бүхний эцэст өрөвдөлтэй залуугийн амьдрал амиа хорлолтоор эцэс болжээ. Тэрээр балетаар хичээллэж байсан цаг үе нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай, дурсамжтай, хамгийн гайхалтай мөч байсан хэмээн гэрээслэлдээ тэмдэглэж үлдээсэн гэдэг.
6
Найз нөхөд
Цаг хугацаа бол дэмий үрж болшгүй хамгийн үнэт зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Хамгийн гол нь энэхүү үнэт зүйлээ юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэдэг л маш чухал. Тиймээс ч таны амьдралд чухал нөлөө үзүүлдэггүй хүмүүстэй ач холбогдолгүй зүйлсийн талаар яриа хөөрөө дэлгэж хайран цагаа өнгөрөөх нь даанч харамсалтай мэт. Бид бүхэн адил сонирхол, адил сэтгэл хөдлөл, адил үзэлтэй бодолтой хүмүүсийг өөрсдийн найз нөхдөө болгон сонгодог шүү дээ. Тэгвэл найз нөхдөөсөө ичнэ гэдэг нь өөрийгөө үл хүндэтгэж өөрийнхөө үнэн төрхөөс ичиж байна л гэсэн үг.
7
Идэж байгаа зүйл
Цагаан хоолтон байх уу эсвэл үгүй юу гэдэг нь тухайн хүний өөрийнх нь л сонголт. Та ямар ч сонголт хийсэн байлаа гэсэн бусдын дэргэд өөрийн гаргасан шийдвэрээс ичиж, түүнээсээ татгалзах гэж оролдох хэрэггүй. Таны дуртай зүйлс тэднийхээс тэс өөр болохоор та тэдэнд үнэнээ хэлэхээс санаа зовдог гэж үү? Гэхдээ яагаад өөрийнхөө сонгосон замаас өөрөө буцах ёстой гэж? Хэрэв та архи уух дургүй бол түүнийгээ зүгээр л илэрхийл. Эрүүл байхыг хүсч муу зуршлаас татгалзаж чадаж байна гэдэг бол харин ч бахархууштай зүйл. Таны архинд дургүй, түүний сонгины үнэр авж чаддаггүй хоёр яг үнэндээ бол ямар ч ялгаагүй асуудлууд юм шүү дээ.
8
Өнгөрсөн амьдрал
Хүн бүрт л эргээд бодоход санаа зовмоор, бүр ор тас мартчихмаар тийм дурсамжууд байдаг. Гэхдээ энэ бол амьдралд байх л ёстой хэвийн зүйл. Алдартай хүмүүсийн намтрыг эргүүлээд, амьдралын түүхийг нь уншвал тэр болгон бахархал төрүүлээд баймгүй түм буман алдаа дутагдал байдаг шүү дээ. Заримдаа тэднийг аль хэдийн хорвоог орхичихсныг нь ч үл харгалзан цагдаа дуудаад хийсэн хэргийг нь шалгуулчихмаар санагдах үе ч бий. Эцсийн эцэст адал явдал, сонирхолтой алхмуудаар дүүрэн байлгах гэж л бурхан залуу насыг бүтээсэн биш гэж үү? Бүр хамгийн ухаантай, хамгийн дипломат харагдах хүмүүс хүртэл дотроо хамгийн гэнэн, хамгийн тэнэг бодлыг тээж явдаг гээч. Таныг инээлгэж, тэр үедээ л аз жаргалаар бялхуулж байсан зүйлийн төлөө яах гэж өнөөдөр хайран нулимсаа үрэх гэж? Яг одооноос эхлэн өнгөрснөөрөө биш харин өнөөдрөөрөө амьдарцгаая.
9
Өвөрмөц байдал
Хэрвээ чи үйл хөдлөл, сэтгэх чадвар, мэдрэмж мэдрэхүй, ертөнцийг харах үзлээрээ бусдаас эрс ялгардаг бол энэ зан чанараасаа ичих огтхон ч хэрэггүй, харин ч ийм өвөрмөц, онцгой шинж чанартай төрүүлж өгсөн ижий аавдаа таларх. Энэ бол чиний сул тал бишээр барахгүй бусдаас ялгарах давуу тал, чамайг илэрхийлэх гол зүйл гээч. Бусад залуусын дурлаж буй орчин үеийн хит дуунууд чиний сонирхлыг огтхон ч татдаггүй бол бүү сонс. Хэн ч чамайг ямар нэг зүйлийг хүчээр хийхийг шаардах эрхгүй гэдгийг үргэлж сана.
10
Ажил мэргэжил
Ихэнх хүмүүс зүгээр л гэр бүлээ тэжээж, өнөөдрөө болгож, өдрийн хэрэгцээгээ хангаж байхын тулд ямар ч хамаагүй тааралдсан ажлаа хийж эцэст нь олон өвчин эмгэгтэй нөхөрлөж, эрүүл мэнд сэтгэл санаагаа ч хохироож байдаг. Гэвч та өөрийн дуртай ажлыг хийдэг бол үнэхээр азтай юм. Ядаж л танд бусад шиг ажлын стрессээ тайлах гэж амралт сувилалаар эмчлүүлэх шаардлага гарахгүй нь байна шүү дээ.
Та ямар ч ажил хийдэг, ямар ч мэргэжил эзэмшсэн байж болно. Гэхдээ дурлаж эзэмшсэн мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байгаа бол түүнээсээ ичнэ гэж санахын ч хэрэггүй. Таны цалин сарын сая төгрөг биш байж болно. Гэхдээ та дуртай зүйлийнхээ тусламжтайгаар хоолтой, ундтай, унаатай байгаа гэдгээ ч бас мартаж болохгүй.