1
Бид бодохдоо: Мэдрэлийн эсүүд нөхөн сэргээгдэх боломжгүй
Гэвч: “Мэдрэлийн эсийг нөхөн сэргээх боломжгүй” байдаг гэх ойлголтыг хүн бүр мэддэг. Гэвч энэ нь худал ойлголт бөгөөд мэдрэлийн эсүүд ч гэсэн бусад эд, эсийн адилаар нөхөн сэргээгддэг юм.
Хүний тархинд байдаг мэдрэлийн эсийн 70% нь төрөхөөс өмнө устдаг бөгөөд дараа нь ч тэр байдал үргэлжилдэг. Гэхдээ та санаа зовох хэрэггүй, энэ бол хүний бие организмын онцгой чадвар юм. Устсан мэдрэлийн эсийн үйл ажиллагааг бусад идэвхтэй байгаа эсүүд гүйцэтгэж хамтдаа томоохон эсийг үүсгэдэг. Нэг мэдрэлийн эс хэд хэдэн устсан мэдрэлийн эсийн үүргийг гүйцэтгэж чаддаг юм.
Мөн хүний тархинд шинэ мэдрэлийн эс үүсэх боломжтой байдаг бөгөөд эрдэмтэд энэ аргыг мэдрэлийн эсийн алдагдлын өвчний эмчилгээг хийхэд ашигладаг.
2
Бид бодохдоо: Стрессээс болж үс бууралтдаг
Гэвч: Үс бууралтах нь стресстэй холбоотой байсан бол бид ЭЕШ өгөх үедээ л бүгд бууралтах байсан биз.
Бууралтах нь тухайн хүний гентэй холбоотой байдаг бөгөөд хүн бүрд өөр өөр байдлаар илэрдэг. Үсний өнгийг меланин хэмээх бодис хариуцдаг ба түвшин нь буурах үед үс өнгөө алдаж, бид бууралтаж эхэлдэг юм.
Мэдээж, стресс хүний бие организмд сөргөөр нөлөөлдөг хэдий ч бууралтах нь стресстэй холбоотой гэдгийг шинжлэх ухаанаар батлаагүй л байна. Хэрвээ та огцом бууралтаж эхэлсэн бол мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндийн байдлаа шалгуулаарай. Үс бууралтах нь олон хүчин зүйлээс нөлөөлдөг гэдгийг санах нь зүйтэй.
3
Бид бодохдоо: Амин дэм хэрэглэх нь таныг илүү эрүүл болгодог
Гэвч: Хэдийгээр амин дэм нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ч түүнийг хэрэглэснээр цоо эрүүл болно гэж ойлгож болохгүй.
Амин дэмүүд төрөл төрлөөсөө хамаарч биохимийн үйл ажиллагаа, эрдсийн солилцоонд эергээр нөлөөлж, антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг. Тэдгээрийг эрүүл мэндэд тустай болохыг хүн бүр мэддэг ч өөрийгөө эмчлэх зорилготойгоор хэрэглэх шаардлагагүй юм.
Витамин нь бие организмын эрүүл үйл ажиллагааг дэмждэг хэдий ч бүх төрлийн өвчнөөс анагаагч шидэт бэлдмэл биш шүү. Мөн хэтрүүлэн хэрэглэх нь дутагдсанаас илүү сөрөг үр дагавартай болохыг санах нь зүйтэй. Тиймээс янз бүрийн витамин уух үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, төрөл бүрийн эрүүл хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж байгаарай.
4
Бид бодохдоо: Хамгийн багадаа 8 цаг унтах хэрэгтэй
Гэвч: Хангалттай сайн унтаж амрахад 8 цаг хангалттай гэж үздэг боловч, энэ нь хувь хүн бүрийн онцлогоос хамаарна. Учир нь хүн бүрд унтаж амрах өөр өөрийн гэсэн хугацаа байдаг. Зарим нь 6 цаг унтаад л хангалттай амарч чаддаг бол заримд нь 9 цаг шаардагддаг.
“Хэдэн цаг унтах ёстой вэ” гэсэн тодорхой тоо баримт байхгүй бөгөөд тэрхүү цагаа та өөрөө л тогтоох болно. 100%-ийн баттай хэлж болох зүйл бол:
Дутуу нойртой явах, эсвэл хэт их унтах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс амралтын өдөр нойроо гүйцээх гэж битгий оролдоорой. Хэтрүүлж унтах үед та сэргэг байж чадахгүй, ядарч сульддаг юм шүү.
5
Бид бодохдоо: Элсэн чихрийн хэрэглээ донтуулдаг
Гэвч: 2009 онд хийгдсэн нэгэн туршилтаас хойш энэхүү ойлголт тархсан юм. Эрдэмтэд их хэмжээний элсэн чихрийн тунгаар лабораторийн хулганыг хэд хоногийн турш хоолложээ. Улмаар хооллохоо болимогц хулганууд удаан амьдарч чадахгүй байсан гэнэ.
Гэвч уг туршилтын үр дүн хүн дээр батлагдаагүй гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж, хүмүүс удаан хугацааны турш дан ганц элсэн чихрээр хооллоно гэж байхгүй шүү дээ. Тиймээс элсэн чихрэнд дасал болохвий гэж санаа зовох хэрэггүй бөгөөд бид элсэн чихрээс өөр олон төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг гэдгийг тооцох хэрэгтэй.
6
Бид бодохдоо: Зарим хүмүүсийн тархины зүүн хэсэг, зарим хүмүүсийн тархины баруун хэсэг илүү идэвхтэй ажилладаг
Гэвч: Хүний тархины аль нэг хэсэг нь илүү ажилладаг гэх ойлголт худал бөгөөд ямарваа нэгэн үйл ажиллагаанд тэд бүхэлдээ л үүргээ гүйцэтгэж байдаг.
Мэдээж, тархины аль нэг хэсгийг илүү ажиллуулах шаардлага бидэнд гарах нь бий. Жишээлбэл, баруун тархи нь орон зай баримжаалахад түлхүү үүрэг гүйцэтгэдэг хэдий ч зүүн тархи ч гэсэн оролцдогийг санах хэрэгтэй.
Зүүн тархи нь илүү хөгжсөн хүмүүс илүү рационал, харин баруун тархи нь хөгжсөн хүмүүс илүү бүтээлч байдаг гэх ойлголт нь ч худал юм. Математикийн олимпиад дээр ялалт байгуулсан сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд тэдний ихэнх нь баруун, зүүн гараараа бичиж чаддаг хүүхдүүд байжээ.
7
Бид бодохдоо: Шинэ хүнсний ногоо, жимсэнд хөлдөөсөн жимс, хүнсний ногооноос илүү их амин агуулагддаг
Гэвч: Ямарваа нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо бид шинэ байх тусмаа эрүүл мэндэд тустай байдаг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ зарим төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн ашигтай бодисууд ялангуяа С амин дэм нь хурааж авсны дараа л үгүй болдог байна.
Нарийн ногоо, жимс жимсгэнийг хөлдөөж хэрэглэхэд тэдгээрийн тэжээллэг чанарын 15% нь л алдагддаг. Тиймээс хөлдөөсөн бүтээгдэхүүн амин дэмгүй гэх ойлголт худал болох нь ээ.
8
Бид бодохдоо: Амны эвгүй үнэрийг арилгахын тулд хоол идсэнийхээ дараа амаа цэвэрлэж, бүтэн өдрийн турш зайлах хэрэгтэй
Гэвч: Амны эвгүй үнэр нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд үүнд төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэх, эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдгүүд нөлөөлж байдаг. Энэ тохиолдолд амаа зайлах нь нэг их сайнаар нөлөөлөхгүй бөгөөд яагаад амнаасаа эвгүй үнэр гарч байгаа шалтгааныг олох нь хамгийн зөв сонголт байх болно. Тиймээс хэрвээ таны амнаас үргэлж эвгүй үнэр гарч, арилахгүй байвал эмчид хандаарай.
9
Бид бодохдоо: Өглөөний цайг заавал уух хэрэгтэй
Гэвч: Хэрвээ та өглөө хүчээр цайгаа уудаг бол түүнийгээ яг одоо зогсоох хэрэгтэй. Учир нь өглөө заавал цай уух шаардлагагүй байдаг бөгөөд хэрвээ бие тань хүсэхгүй байвал хүчээр чихэх хэрэггүй.
Харин та өглөө босохдоо өлсгөлөн сэрж байвал цайгаа уухыг хичээгээрэй. Эс тэгвээс өдрийн хоолны дараа таны бие организмд таагүй мэдрэмж төрөх болно.