Хүүхдийн цэцэрлэг дээр онгоц унасныг 30 жил хав даржээ

1972 оны тавдугаар сард Светлогорск амралт сувиллын газрын хүүхдийн цэцэрлэгийн дээрээс цэргийн онгоц унаж 35 хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй явдал болсныг Зөвлөлтийн эрх баригчид 30 жил тас нууцлан хав даржээ. 2002 онд энэ үйл явдал олон нийтэд ил болох үед ямар их шуугиан тарьж, тухайн үеийн төр засгийг хүмүүс буруутгаж байсныг та санаж буй биз ээ. Тухайн үед чухам тэнд юу болсон, юуны учир төр засгийн удирдлагууд энэ хэргийг олон нийтээс нууцалсан талаар мэдээллийг танд орчуулан хүргэе.

Хүүхдийн цэцэрлэг дээр онгоц унасныг 30 жил хав даржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1972 оны тавдугаар сарын 16-нд уг сувилал байрладаг Балтийн тэнгисийн эрэг ердийн л нэг манантай өдөр байлаа. Светлогорск амралт сувиллын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ салхилуулаад өдрийн хоолонд нь оруулахаар бэлтгэж байжээ. Цэцэрлэгийн барилга хоёр давхар бөгөөд тэнд ердөө 25 хүүхэд л хүмүүждэг байсан гэнэ. Хотын оршин суугчдын олонх нь хүүхдээ тэр цэцэрлэгт өгөхийг хүсдэг байсан ч энэ тийм ч амар байгаагүй юм. Учир нь цагдаагийн дарга, замын цагдаагийн дарга, хотын комсомолын нэгдүгээр нарийн бичгийн дарга, шүүхийн ажилтан, сувиллын ерөнхий эмчийн хүүхэд л тэнд хүмүүждэг байсан ажээ.

Үд болох гэж байхад цэргийн тээврийн "АН-24Т" онгоц Калининградын Храбровын нисэх буудлаас хөөрсөн аж. Тэр үед ЗХУ-ын агаарын хилд ялангуяа Калининград мужийн нутаг руу капиталист орнуудын хувийн онгоц нэвтрэх нь их байснаас орон нутгийн цэргийн командлал эргийн хяналтыг сайжруулах үүднээс үе үе шалгалт хийхийг үүрэг болгосон юм. Тиймээс дээрх онгоц агаарын хилд гадны онгоц нэвтэрсэн эсэхэд шалгалт хийх зорилготой байжээ.

(Ослын үеэр амь үрэгдэгсдийн зураг. Баруунаас хүмүүжүүлэгч багш Валентина Шабашова-Метелица. Зүүн талынх нь орлогч Галина Клюхина)

Өдрийн 12.30 цаг гэхэд "АН-24Т" онгоц Светлогорскийн дээрх битүү мананд орж амралт сувиллын газар байгаа эрэг орчмоор доогуур нисэж байгаад уулын орой дахь нарс модыг далавчаараа шүргэсэн байна. 21 тонн жинтэй онгоц хүчтэй доргилтоос гарч чадалгүй 200 орчим метр яваад хүүхдийн цэцэрлэг дээр унаж хоёрдугаар давхрыг бүхэлд нь нураасан ажээ.  

Анхны хохирогчид нь цэцэрлэгийн дэргэдүүр явж байсан ахлах ангийн сурагч Таня Ежова, Наташа Цыганкова хоёр байв. Онгоц цэцэрлэгийг мөргөхөөсөө өмнө шатахуунаа асгаж эхэлсэн нь тэдэн дээр асгарч улмаар охид шатаж эхэлсэн байна. Ингээд л аймшиг жинхэнэ утгаараа эхлэх нь тэр. Онгоцноос асгарсан шатахуун, керосины улмаас хүүхдийн цэцэрлэгийг улаан гал бүрхэн авчээ. Цэцэрлэгт байсан хүмүүсээс ердөө хоёрхон хүн л амьд гарсан гэдэг. Харин онгоцны багийн зургаан хүн, хоёр зорчигч, 24 хүүхэд, цэцэрлэгийн гурван ажилтан нийт 35 хүн энэ үеэр амиа алджээ.

Зөвлөлтийн эрх баригчид энэ үйл явдлын улмаас Светлогорскт 24 цагийн онц байдал зарлаж иргэдийг гэрээсээ гарахыг хориглон, цахилгаан, телефон утсыг нь тасалсан байна. Нуранги хог хаягдлыг хэдхэн цагийн дотор ор мөргүй болтол цэвэрлэж, амь үрэгдэгсдийн цогцсыг хайж олон цэцэрлэг байсан газрыг газартай тэгшлэн жижигхэн хайс босгожээ.

Амь үрэгдсэн хүүхэд багш нарыг Төмөр замын өртөөнөөс холгүй оршуулгын газар нийтийн булшинд оршуулсан ажээ. Бүхнийг нууцлах үүднээс энэ өдөр Калининград, Светлогорскийн хооронд зорчдог цахилгаан галт тэрэг, замын хөдөлгөөнийг хаасан ч оршуулгын газарт 10 мянга гаруй хүн цугларчээ.

Оршуулах ёслолын үеэр гэрэл зураг авахыг хориглон, амжиж зураг авсан хүмүүсийн гэрэл зургийн хальсыг хураан гэрэл цохиулж байсан гэдэг. Гэхдээ амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн цөөн зураг нууцаар  авч амжсан байжээ.

Ослын талаар эрүүгийн хэрэг үүсгэлгүй орхиж маш нууц гэсэн ангиллаар мөрдөн шалгасан материалыг хэзээ ч, хаана ч нийтлээгүй, хэвлэлийнхэнд дэлгээгүй байна.

Хэдий энэ талаар маш нууцалсан боловч энэ осолтой холбоотой янз бүрийн цуурхал тархаж, Светлогорскийн иргэд бүх зүйлд нисгэгчдийг буруутгаж байв. Тэднийг согтуу байсан, цуснаас нь согтууруулах ундаа илэрсэн, тэр ч бүү хэл нисгэгчдийг наран шарлагын газар дахь нүцгэн бүсгүйчүүдийг илүү сайн харах гэж зориуд доогуур ниссэн гэж ярьцгаадаг.

Хамгийн бодитой хувилбар бол онгоц өндөр хэмжигчийн алдаанаас болж осолдсон гэж үздэг. "АН-24Т" онгоцыг нисэхийн өмнө "Ил-14" онгоцны өндөр хэмжигчийг суурилуулжээ. Ингэхдээ энэ нь тус онгоцонд таарах эсэхийг хэн ч шалгалгүй, өөр онгоцонд таарч байсан юм чинь гээд шууд л тавьчихсан гэнэ. Ослын дараа мөрдөн шалгах үеэр хэмжилт хийж үзэхэд өндөр хэмжигч нь 60-70 метрээс давж зааж байжээ.

Осол болсон газрын суурин дээр 1994 онд сүм барьсан бөгөөд ханан дээр нь “Уй гашуу амссан бүх хүнд аз жаргал хүсье" гэж бичсэн байдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()