Орон орны хамгийн амттай өглөөний хоолнууд

2019-04-09, 15:02
9,508

Ямар төрлийн өглөөний хоолонд дуртайгаар нь хүмүүсийг хоёр ангилж болно гэнэ. Нэг хэсэг нь уламжлалт "өглөөний цай" буюу талх, өндөг, сүү, жимс зэргээс бүрдсэн энгийн, хөнгөн зүйлс идэхийг эрмэлздэг бол нөгөө хэсэг нь бэлтгэхэд багагүй хугацаа, ур чадвар шаардагддаг амтлаг хоол идэх дуртай байдаг. Ингээд та бүхэнд хоол, хүнсний баялаг соёлтой орнуудад хүмүүс өглөө ямар хоол иддэг болохыг танилцуулж байна. 

Орон орны хамгийн амттай өглөөний хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Солонгос

Солонгост өглөөний хоол нь маш олон сонголттой байдаг. Мөн цагаан будаа, түүнтэй хамт идэх өргөст хэмхийн шөл, кальби (грилльдсэн хавирга), олон төрлийн даршилсан нарийн ногоо, кимчи, амталсан далайн байцаа зэргээс бүрдсэн "панчан" буюу хачирны цуглуулга ямар ч хоолонд заавал дагалддаг.

Уламжлалт Солонгос хоол нь дэлхийн хамгийн эрүүл хоолнуудын нэгд тооцогддог бөгөөд ялангуяа өглөөний хоол нь шим тэжээлийн хувьд биед тустай эрдэс бодисоор баялаг байдаг. Харин та яаралтай өглөөний цай уух хэрэгтэй байгаа бол гудамжнаас "гэран тосту" буюу өндөгтэй шарсан сэндвичийг авч идэх нь хамгийн зөв сонголт байх болно.

Өмнөд Солонгос

2 Турк

Хамгийн шилдэг өглөөний хоолтой улсаар Туркийг нэрлэхэд буруудахгүй болов уу. Ажлын ямар ч өдрийг Туркчүүд үртэй талх, чидун жимс, бяслаг, зөгийн бал, өргөст хэмх, улаан лооль, чанасан өндөг, омлет зэргээс бүрдсэн багахан "хүлээн авалт"-аар эхлүүлдэг.  Харин амралтын өдрүүдээрээ уламжлалт "Сүжүк" хэмээх хатаасан зайдас, "менемен" буюу улаан лооль, чинжүү, өндөг, оливийн тостой салат маягийн зуушийг сонгодог. Кафе, ресторанууд нь ихэвчлэн "бөрек" буюу мах, ногоо, бяслагтай шарвинг өглөөний цайндаа санал болгодог.

Турк

3 Япон

Японд өглөөг заавал цагаан будаатай эхлүүлдэг. Дараа нь ихэвчлэн мисо шөл, шар буурцагны соустай түүхий өндөг, "акотен" буюу шаржигнуур загас, "цүкүдани" буюу далайн байцааны нухаш иддэг. Эдгээр нь бүгд уламжлалт зоогт тооцогддог бөгөөд орчин үед Япончууд шарсан талх, амуу будаа (сереал), цагирган боов зэрэг бэлэн бүтээгдэхүүнийг кофетой хамт сонгох болжээ.

Япон

4 Англи

Бүтэн порцтой, жинхэнэ Англи өглөөний хоолыг орчин үеийн ямар ч хүн "эрүүл" гэж хэлэхгүй. Гэхдээ сайхан цадахыг хүссэн хүнд маш зөв сонголт байх болно.

Уламжлалт Англи өглөөний хоол нь зузаан хэрчсэн гахайн утсан мах, зайдас, шарсан өндөг, хуурсан мөөг, грилльдсэн улаан лооль, маслотой шарсан талх, цусан царцаамаг, жигнэсэн шош, төмсний нухашнаас бүрддэг. Эдгээрийг аяга цай эсвэл кофегоор даруулна.

Харин шарсан талхыг нь овьёостой жигнэмгээр, цусан царцаамгийг энгийн царцаамгаар сольчихвол уламжлалт Шотланд өглөөний хоол болчихно. Харин Ирландчууд "хаш браун" котлет, төмсний талхыг өглөөний хоолондоо иддэг.

Англи

5 Болгар

Болгар өглөөний хоолыг идье гэвэл та хоолны дэглэмээсээ татгалзах шаардлагатай болно. Сүүтэй талхан дээр масло, элсэн чихэр тавьж, нимгэн бинг бяслагтай хамт тосонд хайрснаар жинхэнэ болгар өглөөний хоол бэлэн болдог. Түүнчлэн "баница" хэмээх өндгөн давхаргатай уламжлалт шаржигнуур бинг мартаж болохгүй. Уг зоогтой хамт ихэвчлэн хүйтэн тараг эсвэл "боза" буюу эрдэнэ шишийн исгэсэн ундааг уудаг. 

Болгар

6 Иран

Ираны уламжлалт өглөөний хоолыг "Халем" гэх битүү чанасан махнаас (шаз) салгаж ойлгож болохгүй. Махыг улаан буудайтай хамт амталж чанах аргаар тус хоолыг хийдэг бөгөөд гааны навч, чили, цагаан гаатай хамт аягалдаг. "Халем"-ыг шарвинтай эсвэл цагаан будаатай хамт идсэнээр та өдрийн хагасыг цатгалан өнгөрүүлж чадна.

Иран

7 Венесуэл

"Cachapas" нэртэй хайрсан бин Венесуэлийн хамгийн алдартай өглөөний хоол юм. Эрдэнэ шишийн гурилаар хийж "budare" гэх хавтгай грилль дээр шарж бэлэн болгодог. Харин моццареллатай төстэй "queso de mano"  нэртэй бяслагийг шарсан гахайн махтай хамт хавчуурга болгож иддэг.

Венесуэл

8 Мексик

Тортилла бинг салса соус, тусгай халуун ногоонд дэвтээж жигнэж хийдэг "Chilaquiles"  хэмээх хоол нь Мексикийн уламжлалт өглөөний хоол юм. Тус хоол нь бүс нутгаасаа хамаарч бэлтгэх арга, орц  нь өөрчлөгддөг. Төв Мексикт тортилланы шаржигнасан амтыг хадгалахын тулд соусыг хамгийн сүүлд нь хийдэг. Зарим мужуудад соусыг халуун ногоотой эсвэл ногоон өнгөтэй болгож бэлтгэдэг. "Chilaquiles"- тэй хамт ихэвчлэн хуурсан шош, бяслаг, өндөг, нарийн ногоог хачир болгон иддэг байна.

Мексик

9 Тайланд

"Жок" хэмээх будааны агшаамал нь Тайландын хамгийн алдартай өглөөний хоолнуудын нэг. Дээр нь түүхий өндөг, жижиглэж хэрчсэн үхрийн мах, ногоон сонгино, сармис тавьж аягална. Уг хоолыг зөвхөн өглөө биш өдрийн аль ч цагт янз бүрийн хачирнуудтай хамт цогц хоол болгож идэх боломжтой.

Тайланд

10 Сингапур

Сингапурт өглөөний хоол нь өдөр, оройн хоолноос төдийлөн ялгараад байдаггүй. Хамгийн түгээмэл нь гэвэл шарсан гоймон, гоймонтой шөл, будааны агшаамал юм. Түүнчлэн цагаан перец, гич, шар буурцагны соусаар амтлан шарж, дутуу болгосон өндөгтэй хамт иддэг "каяа" талх их алдартай. Тус шарсан талхыг Хайнаны хар кофегоор даруулснаар жинхэнэ Сингапур өглөөний цай бий болно.

Сингапур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()