1
"SPF" хамгаалалтай тос хэрэглэж, байнга малгай өмс
Арьсны хорт хавдар ихэвчлэн хэт ягаан туяанаас үүддэг бөгөөд ахимаг насныхан, олон төрсөн эмэгтэйчүүд болон цайвар арьстай хүмүүс тусах нь элбэг байдаг. Та эдгээрт хамаарахгүй байлаа ч гэсэн нарнаас хамгаалах тос хэрэглэж, байнга малгай өмсөж байх хэрэгтэй шүү. Ялангуяа хэт ягаан туяанаас хамгаалдаг "SPF" хамгаалалттай нарны тос хэрэглэж байгаарай.
Мөн В3 амин дэм, никотинамид нь хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна арьсны хэд хэдэн төрлийн хорт хавдраас сэргийлдэг.
2
Хуванцар сав хэрэглэх нь эрүүл мэндэд сайн биш
Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд судалгааныхаа дүнд хуванцар саванд Бисфенол А-гийн агууламжтай химийн найрлага байдаг нь хавдар үүсгэх нэг шалтгаан болж байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хуванцар сав нь хөхний хавдар үүсэхэд илүүтэй нөлөөлдөг гэсэн байна. Тэгэхээр хамгийн энгийн дүрэм бол хуванцар савыг ашиглахгүй байх явдал юм.
3
Гахайн мах, давс, өөх бага ид
Гахайн шарсан махнаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Ялангуяа согтууруулах ундаатай хамт хэрэглэж болохгүй. Үүний оронд тахиа, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн сонгож болно шүү дээ. Мөн давсны хэрэглээгээ хянаж багасгах хэрэгтэй шүү.
4
Сүүтэй цай уу
Эрдэмтэд халуун цай байнга уух нь улаан хоолойн өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нотолсон. Тийм учир уг эрсдлийг бууруулахын тулд цайгаа хөргөж эсвэл хүйтэн сүүгээр даруулж ууж байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна.
5
Ногоо, загас, самар их ид
Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд загас, үр тариа, хүнсний ногоо, бууцай, жимс, тэр дундаа авакода сайн идэж бай. Самар уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг нь судалгаагаар батлагджээ. Илчлэгийн агууламж ихтэй учир хэтрүүлж хэрэглэх хэрэггүй. Өдөрт 20-30 ширхэг бүйлс, туулайн бөөр идэхэд л хангалттай.
6
Бага уурла
Бухимдал нь хорт хавдартай шууд холбоотой гэдэг нь батлагдаагүй ч байнга бухимдаж, уур уцаартай байх нь эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлдэг. Бухимдсанаас болж архи, тамхины хэрэглээ нэмэгддэгээс гадна дархлаа мууддаг. Тийм болохоор уур бухимдал нь хавдар үүсэхэд шууд биш боловч дам нөлөө үзүүлдэг гэж ойлгож болох юм. Сэтгэл санааны байдал нь хүний бие организмтай нягт холбоотойг мартаж болохгүй шүү.
7
Өдөрт ядахдаа 30 минут идэвхтэй хөдөлж бай
Нэгэнт эрүүл мэндийн талаар ярьж байгаа учир спортын ач холбогдлын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энд турж жин хасах тухай яриагүй. Бид дархлаагаа хадгалж, эрүүл байхын тулд идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй байдаг. Өдөрт багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийж байх нь хавдар үүсэх эрсдлийг 30 хувь бууруулдаг гэнэ.
Хоол хүнс, дасгал хөдөлгөөн нь хорт хавдраас сэргийлэх эм бэлдмэл биш. Гэхдээ эрсдлийг бууруулах нэгэн хүчин зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэнддээ анхаарч байгаарай.