1
Дунд хуруу
Бидний хамгийн түгээмэл мэдэх дохио зангаа бол дунд хуруугаа гаргах байдаг. Энэ дохио зангаа нь өнөө үед маш олон сөрөг, тааламжгүй утгыг илэрхийлж байдаг. Хамгийн анх Грект энэ дохио зангааг ижил хүйстэн эрчүүдийг элэглэж, шоолоход ашигладаг байжээ. Дунд хуруугаа гаргахыг Грекээр катапигон (katapygon) гэж нэрлэдэг. Латин хэл рүү орчуулбал дижитус импудикус буюу ичгүүртэй, ёс журамгүй гэсэн утгатай. Уг дохио 1700-аад оноос эр бэлэг эрхтэн эсвэл бэлгийн харьцааг илэрхийлэх утгатай болсон байна. Үүнээс хойш 1800-аад онд Италиас ирсэн цагаачид уг дохиог Америкт түгээсэн юм. Тухайн үед энэ дохио нь хашхирч орилохын оронд хэрэглэгдэх болсон ба яваандаа хэн нэгэнд дургүйцэл, тааламжгүй байдлаа илэрхийлэх үед ашиглагдах болжээ.
2
Гараар ёслох
Ёслох дохио зангааны гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Гэхдээ зарим судалгаанаас үзэхэд уг дохио нь хамгийн анх эртний Ромд үүссэн байж магадгүй аж. Мөн дундад зууны үеийн, бүрэн хуягласан хүлэг баатрууд нь бие биедээ дөхөхдөө дайсагнаагүй байгаагаа илэрхийлэх үедээ нүүрнийхээ хаалтыг дээшлүүлдэг байсантай ч холбож үзэх нь бий. Гэхдээ энэ таамаглал нь эргэлзээтэй бөгөөд зарим судлаачид Английн цэргүүд уг ёсолгоог үүсгэсэн гэж үздэг.
XVIII зуунаас өмнө Английн цэргүүд өөрөөсөө өндөр цолтой цэргүүдтэй малгайгаа өргөж хүндэтгэж мэндэлдэг байжээ. Улмаар 1700-аад оноос Англи цэргүүдийн малгай тайлж, өмсөх нь нэлээд хүндрэлтэй болсон учир гараараа ёслох болжээ.
3
Гар барих
Гар барих бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг дохио зангааны нэг. Үүний гарал үүсэл нь мөн л тодорхой биш байдаг. Зарим нь олон зууны тэртээ эрчүүд тааралдах үедээ гартаа зэвсэггүй гэдгээ үзүүлэх зорилгоор гар барьдаг байснаас үүдэлтэй гэдэг бол нөгөө хэсэг нь
тангараг, амлалтын илэрхийлэл гэж үздэг байна. МЭӨ 1000 орчим онд хамаарах нэгэн эд өлгийн зүйл дээр Ассирийн Хаан Салманассар III нь Вавилонийн хаантай гар барьж эв нэгдэлтэй байхаа тангараглаж байгааг дүрсэлсэн байдаг.
Мөн үнэн худал нь сайн мэдэгдэхгүй ч XVII зууны Квакер (Quaker) буюу шашны холбоотнууд уулзахдаа эхлээд гар барьж мэндчилдэг байсан гэдэг. Тэд малгайгаа авах, толгойгоо бөхийлгөх зэргийг төдийлөн хүндэтгэл үзүүлж байгаад тооцдоггүй байжээ.
4
Хуруунуудаа солбих
Хүмүүс хэлсэн амнаасаа буцах, худлаа ярих эсвэл азтай байхыг бэлгэдэх үед уг дохиог хэрэглэдэг. Үүний гарал үүсэл ч мөн адил тодорхойгүй бөгөөд хоёр зорилгоор хэрэглэдгээс нь харвал 2 гарал үүсэлтэй байж болох юм. Зарим судлаачид энэ дохиог эрт үед Европт Христийн шашин дэлгэрэхээс өмнө байсан гэж үздэг.
Тухайн үед мухар сүсэг маш хүчтэй байсан ба сайн санаат сүнс огтлолцсон зүйлсэд амьдардаг гэх ойлголт байжээ. Хоёр хүн долоовор хуруунуудаа зөрүүлж байгаад аливаа зүйлийг хүсвэл сайн санаат сүнснүүд хүслийг нь биелүүлж өгдөг гэдэгт итгэдэг байжээ.
Харин бусад судлаачид Европт Христийн шашин дэлгэрсний дараа үүссэн гэж үздэг байна. Тухайн үед хавчигдаж байсан Христийн шашинтнууд хэд хэдэн нууц тэмдэг зохиосон гэдэг бөгөөд тэдгээрийн нэг нь солбилцсон тэмдэг юм. Гэхдээ тухайн үед солбилцсон тэмдгийг хоёр хүн долоовор болон эрхий хуруунуудаа “L” хэлбэртэй болгоод эрхий хуруудаа нийлүүлж байгаад долоовор хуруунуудаа солбиж чагт үүсгэдэг байсан байна.
Мөн XIV зууны үед цэргүүд зуун жилийн дайн (Hundred Year’s War) тулаанд орохдоо өөрсдөдөө азтай, аюулгүй байхыг ерөөж хуруунуудаа солбидог байжээ.
5
Нацист ёсолгоо
Нацист ёсолгоо бол нацист Германы мэндчилгээний нэг хэлбэр байсан. Мөн уг дохио зангааг Итали, Испанийн фашистууд мэндлэхдээ ашигладаг байв. Тухайн үед уг ёсолгоог хийхдээ “Хэйль Гитлер” гэж хашхирдаг байсан. Фашистууд энэ ёсолгоо эртний Ромоос гаралтай гэж үздэг ч Ромчууд гараа өргөж мэндэлдэг байсан гэх баримт байдаггүй.
Харин тухайн үед нацист ёсолгоог Америкийн Беллами ёсолгооноос хуулсныг илэрхийлэх тэмдгүүд байдаг. Беллами ёсолгоо нь АНУ-ын “Үнэнч байх тангараг” (Pledge of Allegiance)-ийг бичсэн Ф. Беллами (Francis J. Bellamy)-гийн дурсгалд зориулсан ёсолгоо юм. Тодруулж хэлбэл, Дэниел Шарп Форд нь АНУ-ын иргэдийг улсын далбааныхаа өмнө гараа өргөж тангаргаа уншиж байхаар зохиосон байна. Гэсэн ч нацист ёсолгоо гарч ирснээр АНУ нь Беллами ёсолгоог зүрхэн дээрээ баруун гараа тавих хөдөлгөөнөөр солиход хүрсэн байна.
6
“V” тэмдэг
“V” тэмдэг нь аль улсад байгаагаас хамаарч өөр өөр утга илэрхийлдэг байна. АНУ-д түгээмэл хэрэглэгддэг уг дохионы алгаа гадагш нь харуулсан хувилбар нь энх тайван эсвэл ялалтыг илэрхийлдэг. Харин Англид байдаг алгаа дотогш нь харуулсан хувилбар нь дунд хуруугаа гаргахтай ижил утгатай байдаг.
Энэ хоёр хувилбарын гарал үүсэл тодорхойгүй байдаг бөгөөд зарим судлаачид анх 1415 оны Англи, Францын хоорондын “Азенкурийн Тулаан” (Battle of Agincourt)-ны үеэр үүссэн гэж үздэг. Тухайлбал, Английн харваачид маш мэргэн байсан бөгөөд түүнд нь дургүй Франц цэргүүд олзлогдсон Англи цэргүүдийн хоёр хурууг тайрдаг байжээ. Үүнд нь эгдүүцсэн Англи цэргүүд Франц цэргүүдийн өөдөөс хоёр хуруугаа гозолзуулж гутаахыг оролддог болсон аж.
Мөн чигчий болон долоовор хуруунуудаараа “V” хэлбэр үүсгэсэн тэмдгийг завхай эхнэртэй хүмүүс рүү харуулж доромжилдог байсан юм.
7
Эрхий хуруугаа дээш болон доош харуулах
Эрхий хуруугаа гозойлгох нь зөвшөөрч буйн илэрхийлэл бол эрхий хуруугаа уруу харуулах нь эс зөвшөөрч буйн дохио юм. Энэ хоёр дохио эртний Ромын гладиаторуудын тулаанаас үүсэлтэй.
Цуст тулааны төгсгөлд тулааны шүүгч ялагдсан, бэртсэн гладиаторыг хөнөөх үү, эсвэл өршөөх үү гэдгийг үзэгчдээс асуудаг байсан ба үзэгчид эрхий хуруугаа гозойлговол ялагдсан гладиаторыг хөнөөнө, харин эрхий хуруугаа доош харуулбал (өөрөөр хэлбэл энэ нь сэлмээ буулга гэдгийг илэрхийлдэг) ялагдагчийн амийг хэлтрүүлдэг байсан аж.
8
Зангидсан гар
Зангидсан гар нь үзэл бодол нэгтэй байгааг илтгэдэг. Энэ дохиог хавчигдаж гадуурхагдсан улс төрийн нам бүлгийнхний эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэхэд хэрэглэдэг байсан. Мөн эсэргүүцэл, ялалт, эрх мэдэл гэх мэт олон утгатай.
Уг дохио анх Испанийн фашист, коммунистуудын хоорондын иргэний дайны үед үүссэн байдаг. Алгаа дэлгэж ёслох нь фашистуудын тэмдэг байсан бол коммунистуудынх зангидсан гар байжээ. Удалгүй зангидсан гарыг бусад улсын коммунистууд, иргэний эрхийн төлөөх бүлгүүд колоничлолын эсрэг тэмдэг болсон байдаг.
9
Шакка тэмдэг (Shaka Sign)
Шакка тэмдгийг чигчий болон эрхий хуруунуудаа гозойлгож, бусад хуруунуудаа атгасан байдалтайгаар үүсгэдэг. Хавайд энэ дохиог “Шака, бра” гэж мэндлэхдээ хэрэглэдэг. Энэ нь сайн уу, баярлалаа, яг зөв, бүх зүйл зүгээр, баяртай гэх мэт бүх л утгыг илэрхийлдэг байна.
Гарал үүсэл тодорхойгүй хэдий ч хоёр домог байдаг бөгөөд тэр нь Хамана Калили (Hamana Kalili) гэх Хавай хүнтэй холбоотой байдаг. Тэр хоёр домогт Хамана Калили баруун гарын гурван хуруугаа алддаг. Нэг хувилбар дээр нь тэрбээр хүмүүстэй мэндлэхдээ санаандгүй байдлаар шакка дохиог үүсгэдэг бол нөгөө дээр нь хүүхдүүдийг галт тэрэг рүү үсрэхээс сэргийлж уг дохиог ашиглаж байгаа тухай гардаг. Мөн өөр нэг домогт уг дохиог гурван хуруугаа аварга загасанд идүүлсэн серфингээр хичээллэдэг тамирчин үүсгэсэн гэж өгүүлдэг. Харин дөрөв дэх домог дээр Хавайд анх ирсэн Испаничууд уг дохио зангааг хэрэглэсэн гэж гардаг.
10
Вулкан ёсолгоо (Vulcan Salute)
Вулкан ёсолгоо нь ядам болон дунд хуруунуудаараа “V” хэлбэр үүсгэж алгаа харуулдаг ёсолгоо юм. “Star Trek” киноны шүтэн бишрэгчид хоорондоо ингэж мэндлэх түгээмэл байдаг. Уг ёсолгоог Леонард Нимой (Leonard Nimoy) тус киноны 1967 онд гарсан цуврал дээр анх үзүүлсэн байдаг ба энэ нь “Удаан амьдарч, бадран хөгжих” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Нимой нь уг ёсолгооны санааг Еврей хэлний “Эзэн” гэх үгийн эхний үсгийн дүрслэлээс авсан гэдэг.