Хүйтэн дайн эхлэх болсон 10 шалтгаан

1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Дэлхийн II дайныг өдөөсөн Германы нацист Адольф Гитлер амиа хорложээ. Энэ явдлаас 6 өдрийн дараа Герман эсрэг талын цэргүүдэд бууж өгч, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дараа дэлхий ертөнц тэр чигтээ өөрчлөгджээ. Тухайлбал, Франц улс хүчирхэг байдлаа алдаж, Их Британи хүртэл Дэлхийн II дайнаас болж “дампуурсан” билээ. Ингээд дэлхийн хүчний тэнцвэр АНУ болон ЗХУ руу шилжиж, улмаар хоёр их гүрний нөлөөн дор дэлхий хоёр туйлд хуваагдсанаар, үзэл суртлын дайн буюу Хүйтэн дайн дэгджээ. Тэгвэл тус дайныг дэгдээх болсон шалтгаан болон тэр үед болсон 10 онцлох үйл явдлыг хүргэе.

Хүйтэн дайн эхлэх болсон 10 шалтгаан

1 Франклин Рузвельтийн үхэл

1945 оны дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт толгойн өвчний улмаас ухаан нь балартан, удалгүй тэр дороо нас баржээ. Улмаар дайнд ялагдал хүлээн, цөхрөнгөө барж, ямар ч боломжоос зууран авахад бэлэн байсан Германы дарангуйлагч Адольф Гитлерт энэхүү мэдээ хүрэхэд тэрээр ихэд баяр хөөр болсон байна. Учир нь тэр АНУ-ын Ерөнхийлөгчийн үхэл нь дайны чиг Европ тийш эргэж байгаагийн тэмдэг хэмээн өөртөө итгүүлжээ. Гэсэн ч Рузвельтийн дараа Харри Трумэн Ерөнхийлөгч болсноор, Америкийн бодлого нь Германыг буулгахад чиглэсээр байлаа.

Рузвельт хэдийгээр Америкийн түүхэн дэх гарамгай удирдагчдын нэгд тооцогддог ч, Зөвлөлтийн удирдагч Сталин хэрхэн тэдний өрсөлдөгч болон гарч ирэхийг урьдчилан харж чадаагүй юм. Харин Харри Трумэн түүнээс илүү гярхай байж, ЗХУ ялангуяа Сталинд ихээхэн сэрэмжтэй ханддаг байжээ.

Франклин Рузвельтийн үхэл

2 Санаанд оромгүй ажиллагаа (Operation Unthinkable)

Сталин Дэлхийн II дайны үед Америк болон Их Британи өөрөөс нь урваж, ЗХУ нацист Германтай дангаараа тэмцэх болох вий гэдгээс ихээхэн айж байжээ. Гэвч үүнээс илүү сүнсээ зайлтал айж байсан зүйл нь түүний холбоотнууд нацистуудтай нэгдэж, Оросын эсрэг босох вий гэх айдас байсан юм. Сталиний энэ айдас ор үндэсгүй зүйл биш байлаа. Учир нь Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилл ЗХУ-ын эсрэг үзэл санааг анх гаргасан юм.

1945 онд Дэлхийн II дайн албан ёсоор дууссаны дөнгөж маргааш нь, Черчилл Сталины Улаан армийг бут цохих нөөц бололцоо өөрийнх нь армид хэр байгааг судалж эхэлжээ. Черчилл үүнийгээ "Санаанд оромгүй ажиллагаа" (Operation Unthinkable) хэмээн нэрлэсэн байна.

Санаанд оромгүй ажиллагаа (Operation Unthinkable)

Харамсалтай нь энэхүү ажиллагааны аль ч хэсэг нь амжилттай хэрэгжих боломжгүй байсан бөгөөд Британийн арми, Зөвлөлтийн улаан армийн хүч чадалтай өрсөлдөх чадамжгүй байсан юм. Мөн Британи  хэдий Америкийг өөрийн холбоотон болгосон ч, Зөвлөлтийн байлдааны зэвсэг болон хүн хүч нь илүү байжээ. Тиймээс "Operation Unthinkable" хэрэгжилгүй, зогссон байна. Гэсэн хэдий ч Сталин туршуулуудаараа дамжуулан, өөрийнх нь холбоотон Их Британи ийнхүү нууц ажиллагаа явуулах гэж байсныг олж мэдсэнээр Британитай хагаралдах нэгэн шалтгаан бий болжээ.

3 Нацистуудын хувь заяаг хэрхэн шийдэх талаар санал зөрөлдөөнүүд

1943 оны арван нэгдүгээр сард Уинстон Черчилл, Франклин Рузвельт, Иосиф Сталин нар анх удаа нүүр тулан уулзсан билээ. (Тегераны бага хурал) Тэдний уулзсан энэ цаг үед дайн дуусаагүй байсан тул асар их цус урсгасан хэвээр байв. Гэсэн хэдий ч дайн хэрхэн төгсөх нь ерөнхийдөө ойлгомжтой болж, Холбоотнууд ялах нь гарцаагүй болжээ. Тиймээс дээрх удирдагчид Тегераны бага хурлаар зөвхөн дайны тухай биш, дайны дараа энх тайвныг хэрхэн цогцлоох тухай болон хамгийн гол нь нацистуудыг ялаад хэрхэх тухай хэлэлцэх нь чухал байлаа.

Уг хурлаар Сталин Германы армийн 100,000 офицерыг буудах шийдлийг санал болгожээ. Харин Рузвельт түүнийг тоглож байна гэж бодсон бол Черчилл ихэд уурлан, хилэгнэжээ. Маргааны эцэст гурван удирдагч гурвуулаа нацистуудын гэм бурууг хууль, шүүхийн хүрээнд шийдэх ёстой гэдэг дээр санал нийлсэн байна. Гэсэн ч яг яаж шийдэх тал дээр тэд туйлын өөр саналтай байлаа. Жишээ нь, Сталин шүүх хуралд хөндлөнгөөс оролцож, үр дүнд нь нөлөөлөхийг хүссэн бол, Черчилл, Рузвельт нар шүүх хурлыг ил тод, шударга явуулахыг хүсжээ. Ингээд эцэст нь зарим нацистууд суллагдаж, зарим нь зугтсан нь (Гитлерийн хамгийн ойр дотны итгэгчдийн нэг болох Нацистын зэвсэгт хүчний сайд байсан Альберт Спеер) Сталины хүссэн үр дүн биш байсан юм. Тиймээс их гүрнүүдийн дунд мөн л үл ойлголцол үүсчээ.

Нацистуудын хувь заяаг хэрхэн шийдэх талаар санал зөрөлдөөнүүд

4 Япон улсын ялагдал

Япон 1937 оноос хойш Хятад улстай байлдаж, 1941 оноос хойш Америк болон Их Британи улстай дайтсан билээ. Харин Япон болон Зөвлөлт Холбоо улс бие биедээ дайн зарлаагүй  юм. Учир нь тухайн үед Зөвлөлт нацист Германтай үхэх сэхэхээ үзэн тулалдаж, харин Япон дорно дахины газар нутаг, далай тэнгист анхаарлаа хандуулж байсан тул аль аль нь бие биедээ анхаарах сөхөө байсангүй. Харин 1945 онд Зөвлөлт Германыг ялснаар Европ дахь дайн дууссан тул, Сталин дорно зүг, тэр дундаа Японд анхаарлаа хандуулж эхэлжээ. Ингээд задран унаж буй Японы эзэнт гүрнээс газар нутгийг нь булаан авна гэж шийдсэн байна.

1945 оны наймдугаар сарын 9-нд Америкчууд Японы Нагасакид цөмийн бөмбөг хаясан билээ. Тэр өдөр мөн Зөвлөлтийн Улаан арми Манжуурт япончуудын эсрэг хүчтэй цохилт өгөв. Зарим түүхчид Улаан армийн хүчтэй цохилт нь Америкийн цөмийн бөмбөгнөөс илүү нөлөө үзүүлж, Япончуудыг ердөө 6 хоногт буулган авахад гол түлхэц болсон хэмээн үздэг.

Сталин Японтой хийсэн богино хугацааны дайныхаа үеэр, Японы арлуудыг хүчээр Зөвлөлтийн бүс болгохоор шийдсэн байна. Ингээд 1945 оны наймдугаар сарын 16-ны өдөр Сталин Трумэн руу Хоккайдо арлыг авахыг хүссэн захидал илгээгээд, түүний өчүүхэн хүсэлт нь ямар нэг эсэргүүцэлтэй тулгарахгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Дээр дурдсанчлан Трумэн Зөвлөлтөөс ихэд болгоомжилдог байсан тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ нь мөн л хоёр талд хагарал үүсэх бас нэгэн шалтгаан болов.

Япон улсын ялагдал

5 Солонгосын хуваагдал

Дээр дурдсанчлан ЗХУ-ын Улаан арми 1945 онд Япон руу довтлоод, цааш 1910 оноос хойш Японд эзлэгдээд байсан Солонгос руу довтолсон юм. Солонгосыг тэр чигт нь Зөвлөлтийн мэдэлд оруулахгүйн тулд, АНУ амжиж ЗХУ-ын эсрэг тулалджээ. Ингээд Америк болон ЗХУ Солонгосыг 38-р өргөргөөр нь хувааж авахаар тохирсон байна.

Улмаар Зөвлөлт Холбоот Улс ихээхэн хэмжээний аж үйлдвэр, ашигт малтмалын баялгийн нөөц бүхий улсын хойд хэсгийг захирахаар болж, харин Америкчууд ихэвчлэн хөдөө аж ахуй зонхилсон өмнөд хэсгийг удирдах болсон аж.

Ингээд хоёр улс хоёул өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн харгис дэглэмийг Солонгост тогтоож, энэ нь өнөө хүртэл үргэлжилж буй Өмнөд болон Хойд Солонгосын ширүүхэн тэмцлийн эхлэлийг тавьсан юм.

Солонгосын хуваагдал

6 Үзэл суртлын дайн

Адольф Гитлер өөрийнх нь эсрэг нэгдсэн Капиталист барууны (Америк, Их Британи) болон Коммунист зүүний (ЗХУ) холбоог нуран унах таатай агшныг хүлээж байв. Гэвч түүний амьд ахуй цагт тэдний холбоо тарж, дайсагналцаагүй билээ. Гэсэн ч Гитлер хэзээ нэг цагт ийм зүйл болно гэдгийг мэдэж байжээ.

ХХ зууны эхэнд Коммунизм нь хэдийгээр эргэлзээтэй онол байсан ч, Капитализмд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан юм. Сталиний Коммунист хувьсгалын дараа Уинстон Черчилл "Большевизмийг" газар авахаас нь өмнө нухчин дарахыг хүссэнээр хүйтэн дайн дэгдсэн билээ.

Үзэл суртлын дайн

7 Берлинийг хуваасан нь

1945 оны тавдугаар сарын 2-нд Германчууд Зөвлөлтийн Улаан армид бууж өгснөөр Оросуудын нэрлэдгээр “Аугаа эх орны дайн” тэдний ялалтаар дууссан юм.  Ингэснээр дайнд ялсан хүчирхэг гүрнүүд болох ЗХУ, АНУ, Их Британи, Франц улсууд Германыг дөрөв хуваан, тус тусын газартаа хяналтаа тогтоосон билээ. Удалгүй Берлиний баруун хэсэгт тогтсон ардчилсан дэглэм нэлээд газар авсан нь Сталинг хилэгнүүлжээ. Улмаар Зүүн Берлинийг баруунаас тусгаарласан хана босгож, тэдний хооронд ямар ч холбоо тогтоолгохгүй байхыг эрмэлзжээ. Ингээд Берлиний хана босож, Герман улс баруун, зүүн хэсэгт хуваагдсан юм.

Берлинийг хуваасан нь

8 Америкийн тусгаарлах бодлогын төгсгөл

Дэлхийн I дайнд оролцон эдийн засгийн ихээхэн хохирол амсаж, 100,000 гаруй хүнээ алдсан АНУ түүнээс хойш дайнаас ангид байх, тусгаарлах бодлого баримтлахаар шийдсэн юм. Ингэснээр өөрийн улсыг жижигхэн армитай байлгаж, бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх төвийг сахисан байр суурьтай болжээ. Гэсэн ч энэ бодлого удаан хэрэгжсэнгүй.

Учир нь Америк Дэлхийн I дайнаас илүү том дайн болох Хүйтэн дайнд татагдан орсон юм. Ингээд асар том цэрэг арми, зэр зэвсгийн сантай дэлхийн томоохон хүчин болон гарч иржээ. Улмаар дэлхийгээс тусгаарлагдах биш, харин дэлхийг хянахыг, удирдахыг оролдож эхэлсэн байна.

Америкийн тусгаарлах бодлогын төгсгөл

9 Зүүн Европын хувь заяа

Дэлхийн II дайны үед буюу 1939 онд Их Британи улс Польшийг Германы хяналтаас гаргаж, өөртөө засах эрхийг нь олгохын тулд Германтай дайн эхлүүлжээ. Энэ үед ЗХУ-ын Улаан Арми Гитлертэй нийлэн Польш руу довтолсон тул Британи ЗХУ-тай ч мөн дайн зарлахад хүрчээ.

Тухайн үед АНУ ч эрх чөлөөний төлөө дайтахад бэлэн хэмээн зарлаж байсан тул Польшийн эрх чөлөөг булаан авсан ЗХУ-тай тэмцэх ёстой болсон юм. Нэн ялангуяа 1945 оны тавдугаар сард барууны дайн дуусаж байхад, Зөвлөлтийн Улаан арми Польш болон Зүүн Европын ихэнх хэсгийг эзэлсэн хэвээр байсан нь бүр ч том шалтгаан болжээ.

Их Британи болон Америкийн зүгээс Сталиныг удирдаж буй хэсэгтээ чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардсан юм. Харин Сталин үүнийг зөвшөөрсөн боловч сонгуулийн үр дүнг үл тоомсорлон, өөрөө захирсан хэвээр байжээ. Тиймээс Сталины бусад улсын эрхийг зөрчиж буй энэ үйлдэл эрх чөлөөний төлөө тэмцдэг АНУ болон Их Британид таалагдаагүй нь мэдээж.

Зүүн Европын хувь заяа

10 Цөмийн зэвсэг

1945 онд Хирошима хотын дээрээс хаясан атомын бөмбөг 15,000 тонн "TNT" хүчтэйгээр дэлбэрч, 6 мянга гаруй хүний амь насыг тэр даруйдаа авч оджээ. Атомын бөмбөгийг хаясан АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт болон Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилл нар, тэдний шинэ атомын бөмбөгийн хүчин чадал Сталинд хангалттай сүрдүүлэг болсон гэж найдаж байв. Гэсэн ч 1945 онд болсон Ялтын бага хурлаар Сталин энэ тухай мэдээд огтхон ч цочирдсон шинжгүй байжээ. Учир нь Сталины тагнуулууд Америкийн шинэ дэвшилтэд бөмбөгийн тухай аль хэдийн хангалттай мэдээлэл дамжуулсан байсан бөгөөд Зөвлөлтийн эрдэмтэд өөрсдөө цөмийн зэвсэг үйлдвэрлэж, гаргахад бэлэн болоод байлаа.

Ингээд 1945 онд цөмийн зэвсгийн эрин үе эхэлж АНУ, ЗХУ аль аль нь цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлсээр байв. Үүний үр дүнд ердөө ганц бөмбөг хаяад л бүхэл бүтэн хотыг сөнөөх боломжтой болсон юм. Хоёр том гүрэн тив хоорондын баллистик пуужингууд болон дэлхий дээрх бүх амьдралыг устгах чадвартай цөмийн цэнэгт хошууг үйлдвэрлэсээр байв. Гэсэн хэдий ч хоёр тал хоёулаа хэрэв Хүйтэн дайн халуун болж хувирах аваас (цөмийн зэвсэг хэрэглэвэл) дэлхийн бүх соёл иргэншлийн төгсгөл ирнэ гэдгийг мэдэж байв. Тийм ч учраас шууд байлдалгүй, цөмийн зэвсэгтэй хөөцөлдөн, бие биенээ сүрдүүлж, хяналт тавих замаар дайн өрнөжээ.

Хүйтэн дайны төлөө аль ч талыг буруутгах аргагүй. Учир нь дайснаа даран дэлхийн тавцанд гарч ирсэн хоёр том гүрэн хэтэрхий өөр, эрс тэс үзэл баримтлалтай байсан тул үзэл суртлын дайн дэгдэх нь зайлшгүй зүйл байсан юм.

Цөмийн зэвсэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()