Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш нийгэм асар хурдацтай хөгжих болсон. Жишээ нь, АНУ-д 1973 оноос эхлэн бүтээмж 73,7 хувиар өсөж, хүмүүс ч ажилдаа илүү их цаг зарцуулж, бүхнээс хоцрохгүй байхыг хичээдэг болжээ.
Гэхдээ энэ нь хувь хүний цаг хугацаа болон орон зайг өмнөх шиг мэдрэхээ больсон гэдгийг илтгэж байгаа юм. Бүхнийг амжуулах гэж хичээснээр бид ажиллах ямар ч тэнхэлгүй болох эсвэл сэтгэл гутралд орох аюулд өртөөд байна. Аль ч тохиолдолд хурдацтай амьдралын хэв маяг нь бие махбодийг хямрааж, стресстүүлдэг байна.
Хурдтай ажиллах шаардлагатай салбаруудад хөдөлмөр эрхэлдэг хүмүүст эрүүл мэндийн ноцтой асуудлууд тулгардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн өөрсдөө ч тэрхүү хэмнэлээ зогсоож чаддаггүй гэнэ. Учир нь юу ч хийхгүй байхыг эргэн тойрны хүмүүс нь цагаа дэмий үрэх, залхуурах, хангалттай амбицгүй байх, ер нь л цагийг ашиггүй өнгөрөөж байгаа мэтээр хүлээж авдагтай холбоотой аж.
Энэ хандлагын уршгаар хүн зүгээр л нийгмийн төлөө ажилладаг хэрэгсэл болон хувирдаг. Гэтэл эсрэгээрээ өдөр тутмын ажил хэрэг, санаа зовних зүйлсээс сатаарах нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд тустай гэдгийг эрдэмтэд баталжээ.
Тиймээс юу ч хийхгүй байх нь бүтээмжгүй байхтай адил гэж эндүүрэх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ өөрийгөө ажлаасаа "унтраах" нь бүтээлч байдалд нэн чухал шаардлагатай болохыг сэтгэл зүйчид онцолдог. Шинэ санаа олохын тулд тархинд амралт шаардлагатай байдаг тул өдөр тутмын нэгэн хэвийн байдлаасаа салах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд тодотгож байна.
Ямартаа ч юу ч хийхгүй байх болон ямар нэг зүйл хийх гэсэн хоёр байдал нь ижилхэн чухал бөгөөд үүнийг амьдралдаа тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй юм.