1
Хийжүүлсэн ундаа ямар аюултай вэ?
Хийжүүлсэн ундаа биеийн кальцийг угааж багасгаад ясанд муугаар нөлөөлдөг гэдэг бол худал. Ундааны бүтцэд, ялангуяа бор өнгөнд нь агуулагддаг ортофосфорын хүчил нь кальцийн уусах явцад саад учруулах үйлчилгээтэй. Тиймээс тэрхүү үйлчилгээг нь даръя гэвэл хүн өдөрт 20-30 литр кола уух хэрэгтэй болно.
Гэхдээ хүүхэд сүү, тараг, гээд сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хийжүүлсэн ундаа уугаад байвал мэдээж маш муу. Кальци нөхөж чадаагүй байхад ундааны өнгө оруулагч, сахар нь биеэр тархдаг. Дүгнэж хэлвэл хийжүүлсэн ундааг тунг нь тааруулж хэрэглэх ёстой.
2
Өөрсдөө эмчилж болох уу?
Өөрсдөө дур мэдэн хүүхдээ эмчилдэг явдал эцэг эхчүүдэд түгээмэл. Энэ нь олон нийтийн дунд анхааруулдаг шиг тийм ч сүртэй, аюултай зүйл биш. Гэхдээ ямар өвчний, ямар шинж тэмдгийн үед эмчлэх вэ гэдгийг анхаарах, хамгийн гол нь тиймэрхүү тохиолдолд туршлагатай байх шаардлагатай.
Жишээлбэл хүүхэд тань ханиад хүрлээ гэхэд та эмчид үзүүлж, эм бичүүлж, хэрхэн асрах талаар зөвлөгөө авна. Ингээд л та туршлагатай болчихлоо.
3
Хүүхэд бохь залгичихлаа. Яах вэ?
Хүүхдийн залгисан бохь ходоод гэдсэнд нь наалдчихаад хэдэн жил болдог гэсэн яриа эцэг эхчүүдийг айлгадаг. Үнэндээ тийм биш. Бохь нь ходоод, нарийн бүдүүн гэдсээр дамжаад л өтгөнтэй хамт гарчихдаг. Хүүхэд, том хүнд ялгаагүй. Бие, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
4
Хүүхдийн нүд өвдлөө, цэцэрлэгт нь явуулах уу?
Хүүхдийн нүдний салст бүрхэвчний үрэвсэл нь бактерийн, вирусын, харшлын, цочролын гээд дөрвөн хүчин зүйлээс үүсдэг. Сүүлийн шалтгаан гэхэд л нүдэнд ямар нэг юм орсноос болдог. Эсвэл хүүхэд чинь гэрийн тэжээмэл амьтны үснээс ч юм уу харшилтай болсноос нүд нь өвдөж болно. Энэ хоёр шалтгаанаар нүд нь өвдсөн бол цэцэрлэгт нь тайван явуулж болно. Харин вирусын юм уу, бактерийн халдварын улмаас нүд нь өвдсөн бол цэцэрлэгт нь явуулалгүй эмчид хандаж юунаас болсныг нь тодруулж эмчлэх хэрэгтэй.
5
Чихэвч хүүхдэд хортой юу?
Хэт чанга дуу авиа хүүхдийн чихний өндөр үелзлийн сонсох чадварт муугаар нөлөөлдөг. Үүнээс зайлсхийхийн тулд дараах гурван зөвлөгөөг дагаарай.
- 14, 16, 20 насандаа эмчид очиж сонсголоо шалгуулах
- “60 дээр 60" гэсэн дүрэм мөрдөх. Дууны чанга сул 60 хувиас хэтрэхгүй байх, 60 минут сонсоод зургаан минут завсарлах гэсэн үг.
- Гадны дуу чимээнээс тусгаарладаг чихэвч нь хэт чанга дуугардаг. Ерийн чихэвч бол гэмтлийн эрсдэлийг бууруулдаг.
6
Хүүхэд хахсан үед яах хэрэгтэй вэ?
Бүгд л хамгийн түрүүнд нуруун дээр нь цохих байх. Гэвч энэ нь буруу. Амьсгалын замыг чөлөөлөх хамгийн үр дүнтэй арга бол ханиалгах. Хүн ханиалгаж л байвал амьсгалж чадна. Нуруун дээр цохиход хоолойнд нь торсон биетийн байрлалыг өөрчилж, улмаар амьсгалын замыг нь бүр түгжлүүлж ч мэднэ.
Хүүхэд хахсан үед тайван байлгаж, цэвэр агаарын урсгалыг нь чөлөөлж, гүнзгий амьсгаа авахуулаад ханиалгуулах хэрэгтэй. Үүнийг бас өөрт нь зааж өгөөрэй.
7
Хүүхдэд үүргэвч үүрүүлэх зөв үү?
Заримдаа үүргэвч үүрүүлэхээс аргагүй тохиолдол гардаг. Хамгийн гол нь жинг нь тохируулах хэрэгтэй. Үүргэвчийн жин хүүхдийн өөрийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Таны хүүхэд 22-25 кг жинтэй бол үүргэвч нь 2,2 - 2,5 кг байна гэсэн үг.
8
Жимс өгвөл хэдий хэмжээтэй өгөх вэ?
Жимс нь хүний бие организмд чухал хэрэгтэй бүтээгдэхүүн яах аргагүй мөн. Гэхдээ хүүхдэд хүссэн хэмжээгээр нь биш, хэрэгцээт хэмжээгээр нь өгөх нь зүйтэй. Мөн мах, загас, талх, амуу будаа зэргийн хэрэглээг нь жимсээр орлуулж болохгүй. Шим тэжээл авах хувь хэмжээ нь өөрчлөгдөөд ирэхээр хүүхдийн хоол идэх дуршилд муугаар нөлөөлнө.
9
Шүдний оог хүүхдэд фтортойг нь сонгох уу?
Хүүхэд аман доторхоо нулимж сураагүй байгаа үед шүдийг нь фторгүй оогоор юм уу, цэвэр усаар угааж байх хэрэгтэй. Фтор шүдийг сайн цвээрлэдэг нь үнэн ч ходоодонд орвол муу. Тэгэхээр хүүхэд шүдээ угаачихаад аман доторхоо бүрэн асгаж чаддаг болсных нь дараа фтортой оог хэрэглүүлэх нь зөв.
10
Хүүхэд тариулахаас айгаад байна. Яах хэрэгтэй вэ?
Тариулна гэж хүүхдийг өмнө нь бүү айлга. Инээмсэглэж, уйлахаар нь аргадаж бүрэн тайвшруулж байгаад яг тариулах үед нь аль болох анхаарлыг нь сарниулах хэрэгтэй. Тариулах өрөөнд тоглоом тавиад, тариулж байх үед нь түүнд бэлэглэж болно.
Ер нь эргэн тойрныхон нь айдастай байх юм бол хүүхэд илүү их айдаг, тэгэхээр хүүхдээ тариулж байхад аль болох тайван байж, инээмсэглэж байгаарай.