1
Цагаан сормуус
Толгойд цагаан үс байх нь хэвийн үзэгдэл болов ч сормуус цагаан байх нь тун ховор үзэгдэл билээ. Тэгээд ч залуу хүнд бараг тохиолддоггүй. Энэ нь арьс, эрхтний өнгө өөрчлөгдөх пигментийн нэг төрлийн өвчин бөгөөд удамшлын гаралтай биш юм.
2
Юнер Танын хам шинж
Анагаах, ухааны сургуулийн багш Юнер Тан нь Туркийн нэгэн сонин гэр бүлтэй таарчээ. Тэдний нэг хүү, дөрвөн охин аль хэдийн насанд хүрсэн атлаа дөрвөн хөл дээрээ явдаг байв.
Тан хэд хэдэн судалгаа хийж энэ ер бусын хүмүүст генийн маш ховор гажиг байна гэж тогтоожээ. Энэ нь тэнцвэрээ олох, зохицуулалт хийх чадварын дутагдал, оюун ухааны хомсдолтой холбоотой аж. Юнер Тан уг хам шинжийг "Хувьсал эргэж байгаа нь энэ" гэж үзэж буйтай олон эрдэмтэн санал нийлдэггүй. Хамгийн сонирхолтой нь энэ хам шинжийн тохиолдлууд бүгд Туркт илэрч байгаа юм.
3
Ваарденбургийн хам шинж
Ваарденбургийн хам шинжийн хамгийн онцлог зүйл нь үсний зарим хэсэг бууралтах юм. Мөн нүдний өнгө янз бүрийн өнгөтэй байх нь бий. Энэ өвчин удам дамждаг хромосомын 2q35 сегмент дэх эсийн мутацаас болдог байна. Мутац нь өнгөний эсэд нөлөөлж үс, арьс, нүдний өнгийг өөрчилдгөөс гадна сонсгол муутгадаг. Энэ нь бараг эмчлэгддэггүй согог юм.
4
Сэгсгэр үсний хам шинж
Өглөө бүр үс чинь сэгсийчихээд босож байгааг энэ хам шинжтэй холбож ойлгож болохгүй. Харин самнаад байхад яг л сэгсгэр хэвэндээ эргэж ороод байдаг бол чухам энэ хам шинж гэсэн үг. Энэ өвчин хүүхдийг гурван настай байхаас нь илэрч үс нь хуурайшин, өнгө нь цайвар мөнгөлөг болж тал тал тийшээ сэгсийж ургаж эхэлдэг. Гэхдээ үсний өтгөн шингэн үүнд нөлөөлөхгүй. Ер нь Альберт Эйнштейний үстэй зүйрлэх нь ч бий. Энэ өвчин мөн л генийн мутацтай холбоотой. Мутацаас болоогүй тохиолдол байдаг ч шалтгаан нь тодорхойгүй юм.
5
Өвчин мэдрэхгүй болох
“Доктор Хаус” цуврал кинон дээр гардаг сонирхолтой зүйл үнэхээр байдаг юм шүү. Энэ бол төрөхөөсөө эхлээд л биеийн аль нэг хэсгийнхээ өвдөлтийг мэдрэхгүй болдог гажиг юм. Ийм хүмүүс час халуун цай уугаад хэлээ түлэгдэж байгааг ч мэдэрдэггүй.
Гэхдээ тухайн хүн өөрөө л өвдөж байгаагаа мэдэхгүй, мэдрэхгүй байгаагаас биш биен дээр нь шарх, хөхрөлт үүсэж, яс хугарна л даа. Энэ нь аажимдаа эрүүл мэндэд ч нөлөөлнө. Үүнээс гадна ийм эмгэгтэй хүмүүс аносмию буюу үнэрлэх мэдрэмжгүй болдог.
Дэлхий дээр уг хам шинжийн 20 тохиолдол л илэрсэн. Ийм өвчтэй эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа өвчин мэдэрдэг болсон явдал бий. Энэ нь гэнэт өвчнөө мэдэрдэг болсон хоёр дахь тохиолдол юм.
6
Тетрахромат
Та бидний хувьд гудамжинд хэвтэж байгаа чулуу бол зүгээр л нэг саарал, сонирхол татаад байх юу ч үгүй зүйл. Харин тетрахроматын эмгэгтэй хүнд тийм биш. Тэдэнд тус чулуу ягаан, хөх, ногоон, улаан гэх мэт маш олон өнгөөр гэрэлтэж харагддаг. Ийм хам шинжтэй хүмүүс та бидний олж харж чадахгүй байгаа өнгийг ялган хардаг. Ердийн хүмүүс өнгийг гурван шүүлтүүрээр ялгаруулж хардаг бол тэдний хувьд дөрвөөр ялгаж, өнгийг илүү хурц мэдэрдэг аж. Бидний хувьд нэг сая өнгийг ялгаж харж чадах бол Тетрахроматчууд есөн саяыг ялгаж чаддаг юм.
7
Дөрвөн цагийн нойр
Хүн дөрвөн цаг унтахад хангалттай нойроо авч чадах уу? Зарим хүний хувьд боломжийн мэт боловч нэг хэсэгт нь DEC2 генийн мутацтай холбоотой эмгэг тохиолдсон байдаг. Дэлхий дээрх хүмүүсийн нэг хувь нь ийм эмгэгтэй байдаг. Энэ нь нойргүйдэхтэй адил боловч өвчин юм. Дөрвөн цаг л унтахад хангалттай, сэргэлэн босож болно гэж бодож болох боловч яг ч тийм биш.
Зүгээр нойргүйдэх, дөрвөн цагийн нойр хоёр бол огт өөр ойлголт. Нойргүйдсэн хүн бол унтаж чадахгүй, унтах юмсан гэж тарчилдаг бол дөрвөн цагийн нойрны эмгэгтэй хүн ингэж шаналдаггүй.
8
Видеманы хам шинж
Дэлхий дээр ердөө 35 тохиолдол илэрсэн маш ховор өвчин. Энэ нь хүн цагаасаа эрт хөгширч нүүр, арьс нь байх ёстойгоосоо хөгшин харагддаг өвчин юм. Энэ эмгэг туссан Лизза Веласкес гэхэд л 15 минут тутамд идээд байгаа хэрнээ жингээ алдсаар л байдаг. Лизза өдөр бүр 5000-8000 ккал хэрэглэдэг ч түүний бие дэх өөх тос бараг байхгүй болж ердөө 29 кг жинтэй болжээ. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийнхөө тухай гурван ном бичиж, баримтат кинонд оролцжээ.
9
“Геведосе” буюу эмэгтэй хүүхэд эрэгтэй болж хувирах
Эрдэмтэн Жулианна Императо-Макгинли 1970-аад онд Домниканы бүгд найрамдах улсад явж байгаа эмэгтэй хүүхэд эрэгтэй болж хувирдаг тухай нутгийнхны яриаг сонсжээ. Үнэхээр энэ нь үнэн байж. Төрөхдөө яг л охин байсан хэрнээ бэлгийн бойжилтынхоо үед хүйс нь өөрчлөгдөн эрэгтэй эрхтэн бий болдог байна. Тэр хүртлээ яг л эмэгтэй хүүхэд шиг өсдөг гэнэ.
Эхийн хэвлийд байхад нь дигидротестостерон их ялгарснаар эр бэлэг эрхтэн үүсдэг бол охидод дигидротестостерон ялгардаггүй учраас эм бэлэг эрхтэн бий болдог байна.
Жулианна Императо-Макгинли нь "Доминиканы тосгонд эр бэлэг эрхтэн үүсгэдэг фермент дутагдалтай юм байна" гэж үзжээ. Үүнээс болоод үр хөврөл буруу төлөвшиж хүүхэд гадна төрхөөрөө эмэгтэй юм шиг төрж байгаа ч угтаа генийн хувьд эрэгтэй хүүхэд байдаг гэжээ. Аажимдаа бэлгийн бойжилтын үед тестостерон даавар ялгаран эр бэлэг эрхтэн төлжиж гүйцдэг гэнэ. Зарим хөвгүүд мэс засал хийлгэн охин хэвээрээ үлдэх ч тохиолдол байдаг гэнэ.
10
Полители буюу илүү хөх
Дэлхийн нийт хүн амын 18 хүний нэг нь ийм эмгэгтэй ба илүү нэг юм уу, хоёр хөхтэй байдаг. Бүр 6 юм уу, найман хөхтэй байх нь ч бий. Азаар тэр нь бидний ердийн хөхнөөс өөр зүгээр л мэнгэ, толбо шиг байдаг нь аз юм.
Үр хөврөл бүрэлдэж байхаас эхлэлтэй энэ эмгэг төрөхөөс өмнө алга болдог зүйл хэдий ч ийм олон хөхтэй төрөх явдал байсаар байна. Энэ эмгэг маш ховор эмгэгүүдийн нэг. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн улсдаа 200 мянган хүнд ийм эмгэг байна гэж тоолжээ. Жүжигчин Марк Уолберг, Билл Пэкстон, Тильда Суинтон дуучин Лили Аллен нар чинь илүү хөхтэй юм шүү дээ.