1
Нүдээ аниад шүршүүрт зогс
Ой санамж хадгалж хариу өгдөг тархины хэсэгт сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд нүдээ аниад, биеэ сул тавин, анхаарлаа төвлөрүүлж тайван зогсоорой. Мэдрэх эрхтнүүдийн нэг нь ингэж сэргэхэд таны тархи бусад сэрэл мэдрэмжүүдээр дамжуулан асуудлыг шийдэх чадварыг хөгжүүлдгээс гадна анхаарал төвлөрөлт сайжирч, мэдрэлийн шинэ эсүүд төлөвшихөд нөлөөлнө.
2
Найзуудтайгаа хөгжилтэй тоглоом тогло
Төрөл бүрийн хөгжилтэй тоглоом сэтгэл хөдлөл, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Нэг талаасаа тархи зохиомлоор бүтээсэн нөхцөл байдал гэж хүлээж авдаг ч нөгөө талаараа тархинд болж байгаа бүхий л үйлдэлд хурдан хариу өгч, шийдэл гаргах дасгал болдгоороо ашигтай. Ийм адреналины нөлөөгөөр анхаарал сайжирч, ой санамж идэвхжиж, аливаа асуудлын шийдлийг хурдан олох чадвар хөгждөг.
Ойр дотнынхонтойгоо ийм тоглоом тоглох юм бол бүр таатай мэдрэмж төрнө. Инээд хөөр, хошин шог нь яг л бясалгал шиг тархины дасгал болж, аливааг оновчтой, тодорхой сэтгэхэд тусалдаг. Үүнээс гадна инээд хөөр нь ой санамжид муугаар нөлөөлдөг кортизолын түвшинг бууруулдаг учир та бухимдахгүй л байвал тархины санах ой муудахгүй гэсэн үг юм.
3
Үнэртэн ашигла
Нойр муудах, аймшигтай зүүд зүүдлэх нь тархи, мэдрэлийн системд таагүй нөлөө үзүүлдэг. Энэ нь өрөө тасалгааны муухай үнэр, хүчил төрөгчийн дутагдал зэргээс болдог талтай. Ялангуяа тамхины утаа, хурц, онцгүй үнэрээс болж нойр хулжиж болдог. Өдрийн цагаар таримал цэцэг унтлагын өрөөнд байж болох ч шөнө хортой болдог тал бий.
Тэгэхээр сайн унтаж тайван нойрсоход тань гаа, ванилын үнэр тус болно. Харин жасмин нойр муутгаж мэднэ. Нимбэгний үнэр таныг эрч хүчтэй босоход туслах бол усан үзмийн үнэр жаахан тавгүйтүүлдэг.
4
Хоолонд орсон орцыг таах
Тархиныхаа ажиллагааг шалгах нэг таавар таагаад үзээрэй. Нүдээ аниад олон найрлагатай хоол, амттаныг үнэрээр нь таах гээд оролд доо. Урьд өмнө идэж байгаагүй хоолыг сонгоод тааж чадвал маш сонирхолтой. Таны үнэрлэх мэдрэмж сайн байна гэсэн үг. Мөн идэж буй хоолондоо чухам юу юу байгаа, юугаар хачирласан байгааг анзаарахаас гадна хамт хоол идэж байгаа хүмүүсийнхээ хандлагыг ажиглаарай.
5
Өөрийгөө жингүйдэж байгаагаар төсөөл
Өөрийгөө агаарын хонгил, усан дотор хөвж жингүйдэж байгаагаар төсөөлөх нь тархинд таатай нөлөө үзүүлж тархины үйл ажиллагааны чадавх, мэдээлэл хүлээн авах, боловсруулах, хийсвэр сэтгэлгээг сайжруулдаг.
Хиймэл жингүйдлийн агаарын хонгил нь мэдрэмжийг илүү их өдөөдөг бол давстай устай ваннанд хэвтэх нь жинхэнэ бясалгал болж чаддаг. Ялангуяа унтахынхаа өмнө хийвэл илүү үр дүнтэй.
6
Өөртөө таатай дасгал олж хий
Бие бялдрын идэвхтэй хөдөлгөөн нь тархины сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж, санах ойг бэхжүүлдэг хэсэгт шинэ шинэ эс бий болж өсөхөд нөлөөлдөг байна. Гүйх юм уу, спорт алхаа нь мэдээлэл тогтоох, анхаарал төвлөрөх, хариу өгөх тархины хэсэгт сайнаар нөлөөлдөг. Эрүүл агаарт гүйх юм бол тархины эсүүд хүчил төрөгчөөр тэжээгддэг. Бас бүжиглэх нь тархины ажиллагааны урьдчилан харах, тунгаах, зохицох чадварыг хөгжүүлдэг.
7
Моцартыг сонс
Францын чих, хамар хоолойн судлаач Альфред Томатис, дараа нь Америкийн эрдэмтэн Фрэнсис Раушер нар “Моцартын нөлөөлөл” гэгчийг судлан энэ хөгжмийн зохиолчийн бүтээл нь тархины идэвхжил, ой санамж, орон зайн мэдрэмжийг дээшлүүлдэг гэж үзсэн байна.
Гэхдээ үүнийг эсэргүүцэгчид нь Моцартын хөгжим нь оюутнуудын тархины үйл ажиллагаанд л илүүтэй нөлөөлдөг гэжээ. Ер нь энгийн хүмүүст ч гэсэн хөгжим таатай мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Дараа нь харх дээр туршилт хийж үзэхэд Моцартын хөгжим сонссон хулганууд өөр хөгжим сонссон юм уу, ерөөсөө хөгжим сонсоогүй хулгануудаас огт өөр байсан гэсэн үр дүн гарчээ.
8
Кофеноос бүү татгалз
Кофе нь түр зуурын санах ойд нөлөөлж, танин мэдэх чадвар, ажлын чадамжийг дээшлүүлдэг. Тэгэхээр өглөөдөө ганц аяга кофе уухаас бүү татгалзаарай. Кофе байнга уух нь анхаарал төвлөрөл, сонор сэрэмжийг дээшлүүлэн элдэв өвчний эрсдэлийг бууруулдаг байна.
9
Өнгөний эмчилгээг ашигла
Өнгө тийм ч ач холбогдолгүй зүйл биш, харин ч сэтгэл санаа, тархины ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Ногоон өнгө гэхэд л тархины идэвхтэй ажиллагааг дээшлүүлдэг бол ягаан өнгө нь мэдрэлийн тогтолцоог дэмжиж, шар өнгө нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, хөх өнгө анхаарлыг сайжруулан, хэвийн биш, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлдэг. Өнгөний нөлөөлөлд энгийн зүйл ч ашиглаж болно. Аяга, хүзүүний ороолт, жааз, үзэг юуг ч сонгож болно.