1
Олег Сегеда /Oleg Shegeda/
2018 оны нэгдүгээр сард Америкийн Миссури мужид, Светлана Сегеда гэх эмэгтэй, Олег Сегеда гэх залуугийн хамт буудуулсан байдалтай олджээ. Тус байрны оршин суугчдын дуудлагаар цагдаа нар очиход, Светлана хэд хэдэн сумны шархтайгаар амиа алдсан байсан бол Олег толгойдоо ганц сумны шарх авсан байжээ. Шархадсан Олег Сегедаг эмнэлэгт хүргэж улмаар эмч нар амь насыг нь аварсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан байранд тэд хамтдаа 20 жил амьдарсан бөгөөд Олег эхлээд Светланаг буудаад, дараа нь өөрийгөө буудсан болох нь тогтоогджээ.
Уг явдлаас хойш ердөө долоо хоногийн дараа Олег Светланаг буудан, амийг нь хороосон хэргээр ял сонсжээ. Ийнхүү толгой руугаа буудсан эр амьд гарч, хийсэн хэргийнхээ ялыг бүх насаараа үүрсэн байна.
2
Камерон Андервууд /Cameron Underwood/
Камерон Андэрвууд бол 2016 онд өөрийгөө буудаж, 2018 онд шинэ нүүр царай, дүр төрхтэйгөөр “эргэн ирсэн” 26 настай залуу юм. Учир нь тэр амиа хорлохоор толгой руугаа буудсанаас болж эрүү, шүд зэрэг нүүрнийх нь доод хэсэг тэр чигтээ ноцтой гэмтэж, эмнэлэгт сар гаруй гуурсаар хооллон ухаангүй хэвтжээ. Гэвч хамгийн гайхалтай нь эмч нар түүнд цоо шинэ дүр төрхийг дахин бэлэглэсэн бөгөөд шинээр эрүү, шүд гээд шаардлагатай бүхнийг суулгасан байна.
Ийнхүү түүний нүүр нь мэс заслаар харьцангуй хурдан сэргэсэн нь маш азтай хэрэг байлаа. Учир нь ихэнх өвчтөнүүд нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог. Харин хүлээлтийн явцад тэд эрэмдэг болсон нүүр царайнаасаа ичин, нийгмийн шүүмжлэл, хүмүүсийн хандлага зэргээс үүдэн сэтгэл санаагаар ихээхэн унадаг юм.
Харин азтай залуу Камерон өөрийн туулсан бүхнээ хүмүүст илэн далангүй ярьдаг бөгөөд тэрээр урьд нь байснаасаа тэс өөр хүн болсон гэдгээ ч мөн хэлдэг байна. Заримдаа амиа хорлох бүтэлгүй оролдлого нь хүмүүст амьдралыг илүү ихээр үнэлэх ухааныг өгдөг байна.
3
Даниел Вон Барген /Daniel Von Bargen/
Заримдаа алдар нэр, хөрөнгө чинээтэй хүмүүс амиа хорлох гэж оролддог нь олон хүнийг гайхашруулдаг. Даниел Вон Барген бол тэдний нэг юм. Тэрээр Холливудын телевизийн шоуны од, алдартай жүжигчин хэдий ч 2012 онд амиа хорлохоор толгой руугаа буудсан юм. Хамгийн хачирхалтай нь Вон Барген толгой руугаа буудсаны дараа өөрөө 911-т дуудлага өгсөн байна. Тэгээд ч зогсохгүй Барген түргэн тусламжийнхныг хүлээх зуураа оператортай ярих тэнхээтэй байжээ.
Барген операторай ярих үедээ өөрийгөө олон жилийн турш чихрийн шижин өвчнөөс болж шаналж, үүнээс үүдэн хэд хэдэн хуруугаа тайруулснаа хэлжээ. Тиймээс энэ бүхнээс салахыг хүсэн толгой руугаа буудсан тул тусламж хэрэгтэй байна гэж ярьсан аж. Харамсалтай нь тэр 2015 онд чихрийн шижин өвчний хүндрэлээс болж нас баржээ.
4
Дэвид Парнел / David Parnell /
Дэвид бол дээрх хүмүүсийн адил бууны сумнаас амьд үлдсэн залуу юм. Тэрээр эхнэр, долоон хүүхэдтэй бөгөөд дэлхий дахинд өөрийн амьд гарсан түүхийг ярьдаг.
Дэвид 23 жилийн турш мансууруулах бодисоос хараат байсан тул эхнэр нь түүнээс салахад хүрчээ. Энэ нь Дэвидийн хувьд дэлхийн сүйрэл мэт л санагдсан байна. Тиймээс буу авч, эрүүнийхээ доор наан, бууджээ. Дэвидийн төлөвлөснөөр бол эрүүний доороос буудсан сум, гавлын ясыг нь нэвтлэн гарч, тэр дороо үхэх ёстой байлаа. Гэтэл бодит байдал дээр сум түүний хоёр нүдний хооронд буюу, гавлын ясных нь дундуур нэвт гарсан байна.
Тухайн үед Дэвид мансууруулах бодис хэрэглэсэн байсан ч, ухаанаа алдаагүй байжээ. Энэ явдлын дараа түүний эхнэр Эми түргэн тусламж дуудаад, хоёр хэсэг болсон толгойг нь нийлүүлэн барихад Дэвид ярих чадалтай болж, хийсэн бүхэндээ харамсаж буйгаа хэлжээ.
Энэ бол Дэвидийн амиа хорлох анхны оролдлого байгаагүй ч, сүүлийнх нь болсон юм. Харин одоо Дэвид бусад хүмүүсийг өөр шиг нь алдаа бүү гаргаасай гэсэндээ мэдээллийн сайтууд, зурагт зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан, мансууруулах бодис, архины хор хөнөөл, аюулын талаар ярьж, эдгээрээс хол байхыг уриалдаг болжээ.
5
Кэти Стаблфилд / Katie Stubblefield /
Кэти найз залуудаа хаягдсанаас болж, дөнгөж 18 насандаа амиа хорлохоор завдаж нүүр рүүгээ бууджээ. Ингэснээр түүний хамар, уруул, нүд гээд нүүр нь тэр чигтээ тэсэрч, хүнд гэмтсэн байна. Хэдийгээр тэр амьд үлдэж чадсан боловч, аймшигтай дүр төрхтэй болон хоцорчээ.
Хэргийн дараа Кэти нүүр шилжүүлэн суулгах хүнд мэс засалд орсон байна. Гэсэн хэдий ч мэс заслын дараа шинэ дүр төрхөндөө дасаж, хэвийн амьдралдаа эргэн ороход ихээхэн цаг хугацаа болон хүчин чармайлт шаардсан нь мэдээж.
6
Виктор Сибсон /Victor Sibson/
Виктор Сибсоны түүх бол эдгээр амьд үлдсэн тохиолдлуудаас хамгийн эмгэнэлтэй нь юм. Тэрээр дөнгөж 21 настайдаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ толгойдоо буу тулган, гохыг нь даржээ. Тэр үед хажууд нь түүний найз охин байсан бөгөөд Сибсоныг зогсоохыг оролдсон байна. Гэвч Сибсон түүнийг үл харгалзан өөрийгөө буудахад сум түүний толгойг нэвтлэн гарч, найз охиных нь цээжинд тусжээ.
Цагдаагийнхан болон эмнэлгийн тусламж ирэхэд тэр хоёр шалан дээр үхлүүт байдалтай хэвтэж байжээ. Виктор толгойнхоо дээд хэсэгт сумны шарх авсан ч аврагдах боломжтой байсан бол, түүний найз охин дотоод эрхтнүүддээ хүнд гэмтэл авч, амьд үлдэх найдлагагүй болсон байж. Гэвч тэрээр сүүлчийн амьсгалаа дайчлан Виктор өөрийг нь санамсаргүй буудсаныг цагдаа нарт хэлсэн байна.
Эцэст нь Сибсон амьд гарч чадсан ч, найз охиноо үхэлд хүргэсэн хэргээр яллагджээ.
7
"Bed Bath & Beyond"
2011 онд "Bed Bath & Beyond" худалдааны төвийн гаднах машины зогсоол дээр нэгэн залуу амиа хорлохоор толгой руугаа буудсан хэрэг гарчээ. Цагдаа нар эхэндээ түүнийг өөр хүн буудсан гэж сэжиглэж байсан ч, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө буудсан болох нь тогтоогдсон байна. Залуу эмнэлэгт хүргэгдэн амьд гарч чадсан ч, яагаад олон нийтийн газар амиа хорлохоор шийдсэн нь тодорхойгүй юм.
8
Ланс Паулсон / Lance Paulson /
Ланс Паулсон гэх залуу өөрийн хуучны найз Стив Гагноныг мөнгөний асуудлаас болж бууджээ. Харин дараа нь өөрийнхөө амийг хорлохоор завдан, бууг өөр лүүгээ чиглүүлэн буудсан байна. Гэвч түүнд эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлснээр Ланс амьд үлдэж чадсан аж. Түүнийг хүн амины хэргээр 72 цагийн дотор баривчлах ёстой байсан ч, эдгэх хүртэл нь бүтэн сар хүлээсний эцэст өнгөрсөн онд баривчлан ял оноожээ.
9
Коди Марк Патрик / Cody Mark Patrick /
Америкийн иргэн Коди Марк Патрик 2008 онд Камбожид аялж явах үеэрээ өөрийгөө буудан хороох оролдлого хийжээ. Тухайн үедээ Коди мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж.
Коди Камбожид байрлаж байсан зочид буудалдаа 10 сум худалдан авч орсон бөгөөд долоог нь хий галлаж, найм дахь сумыг тархиндаа зоожээ. Азаар түүнийг Тайландын Бангкок дахь эмнэлэгт хүргэн, амь насыг нь аварсан байна.
Камбожид амиа хорлолтын тухай хууль байхгүй тул Коди ямар нэгэн ял аваагүй. Харин Нигер гэх мэт зарим улсад амиа хорлох оролдлогыг гэмт хэрэг гэж үздэг.
10
Эрик Крамер / Erik Kramer /
Эрик Крамер бол АНУ-ын хөлбөмбөгийн спортын алдартай тамирчин байсан бөгөөд амиа хорлохоор оролдсон ч бүтэлгүйтсэн хүмүүсийн нэг юм. Тэрээр хүүгийнхээ үхлээс болж амиа хорлоход хүрч, эцэст нь гэрээслэл бичин үлдээгээд, толгой руугаа бууджээ. Гэвч тэр үхээгүй, амьд үлдсэн байна. Тэрээр сүүлд нь Дэвид Парнел шиг сэтгэлийн дарамт, амиа хорлолт болон итгэл найдварын талаар хүмүүст лекц уншдаг болсон байна.