1
Хулгайчийн эсрэг цүнх
Энэ нь өнгөрсөн ХХ зууны дунд үеэр гарсан хамгийн утгагүй нээлтүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог байна. Гол санаа нь хэн нэгний цүнхийг хулгайч булаалаа гэхэд цүнхний ёроол хэсэг тэр дороо онгойж доторх бүх зүйл нь асгарна. Хулгайчид юу ч үлдэхгүй. Гэвч дараа нь цүнхний эзэн бүх эд зүйлсээ цуглуулах гэж төвөг учрана гэдгийг зохион бүтээгч нь тооцоогүй байна.
2
Бие хамгаалах бөгж
XIX зууны төгсгөлөөр гудамжны танхайчуудаас хамгаалах зориулалттай, өөртөө нуугдмал хурц хутга бүхий бөгж ихэд дэлгэрсэн байлаа. Зөвхөн төв гудамжиндаа гэрэлтэй Их Британид иргэд үдэш орой болсон хойно гэртээ харихдаа аюулаас хамгаалах гэж үүнийг их зүүцгээдэг байжээ.
3
Баавгайн анчны хувцас
Оросын Сибирийн анчид баавгайн дайралтаас хамгаалах зориулалттай энэ хувцасыг бүтээжээ. Араатантай халз тулгарсан үед маш ач тустай, баавгайн хазалт, алгадалтаас бүрэн хамгаалж чадахаар байж. Гэвч бусад талаараа ямар ч ашиггүй зүйл байлаа. Ийм хувцас өмсчихсөн хүн яагаад ч хурдан хөдөлж чадахгүйгээс гадна баавгай ийм хачин биетийг хараад хэзээ ч дайрахгүй. Тэгээд ч ер нь зүгээр явж байгаад баавгайтай тулгарч халз тулалдаад байна гэхээр үнэмшилгүй. Олныг зугаацуулах гэж л хашаанд халз тулалдахгүй бол.....
4
Хаббардын цахилгаан хэмжүүр
Олон улсын "Шинжлэх ухаанч хөдөлгөөн"-ий үндэслэгч Рон Хаббард амьтай бүхнийг хайрлан хүндэтгэдэг нэгэн байж. Тэгээд тэр ургамал ч гэсэн өвдөлтийг мэдэрдэг тул тэднийг өвтгөж болохгүй гэдгийг батлахыг оролджээ. Түүндээ зориулж тэрээр ургамлын өвдөлтийг хэмжиж дохио өгдөг багаж зохион бүтээжээ. Тэрхүү багажийг ажиллагаанд оруулах үед тодорхой импульс зааж байсан бөгөөд түүнийг нь Хаббард өвдөлт зааж байгаа нь энэ хэмээн тодорхойлсон байна.
5
Салхи шуургыг урьдчилан мэдээлэгч
Энэ бол цаг уурчдын тоног төхөөрөмжийн анхдагчид хамаарах багаж. XIX зуунд Жорж Мериуэдер хэмээх философич цаг агаарын үзэгдлийг урьдчилан таамаглах гэж бүтээсэн байна. Доктор өөрөө цаг агаарыг их мэдрэмтгий хүн байж. Хүчтэй салхи, ширүүн борооны өмнө даралт нь өөрчлөгдөж хямардаг хүн байжээ. Тэгээд тэр “Салхи шуургыг урьдчилан мэдээлэгч” гэдэг багаж бүтээсэн байна.
Төмөр дугуйг тойруулан багавар шилэн лонх байрлуулж амсраар нь халимын сахлаар оосорлон түүндээ алх дүүжилжээ. Аянга, хүчтэй салхины өмнө халимын сахал чичирснээр алхнууд хонхыг цохин аюулыг мэдээлэх зарчмаар ажилладаг байна.
6
Цууны сав
XIX зуунд баян хатагтай нар гэнэтхэн ухаан алдаж унах тохиолдол нэлээн их гардаг байжээ. Энэ нь тэдний сэтгэл санааны хямралаас болсон гэвэл үгүй, харин огт өөр хоёр шалтгаантай байсан аж. Нэгдүгээрт эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй харагдах гэж хэт бариу бэлхүүсэвч өмсдөг, тэр нь амьсгалыг байнга давчдуулдаг байсан гэнэ. Хоёрдугаарт, тэр үед барилгад ялангуяа тусгаарлах материалд хар тугалга, гүнцэл их ашигладаг байсан байна. Ийм болохоор гэртээ байнга өнждөг байсан бүсгүйчүүд муужирч унах нь аргагүй байж.
Тэгээд л хатагтай нар аммон, цуу шингээсэн хөвөн бүхий ийм сав дэргэдээ байнга байлгадаг байжээ. Тэдгээр нь ухаан алдсан хүнийг түргэн сэхээрүүлэх үйлчилгээтэй аж.
7
Төмөр угаагч
Хусууртай төстэй зэс, төмрөөр хийсэн энэхүү эдийг эртний Ромд саван, бие угаагчийн оронд хэрэглэдэг байжээ. Тэр үед одооных шиг угаалгын бодисууд байгаагүй тул иймэрхүү зүйлсээр л аргалдаг байж. Энэхүү төмөр "хусуур"-ыг ихэвчлэн боолууд эздийгээ усанд оруулахдаа ашигладаг байв.
8
Нулимсны гүц
“Нулимс цуглуулагч” гэдэг яг л үнэртэй усны шил шиг энэ сав хоёр мянганы тэртээ ихэд дэлгэрч байжээ. Уйлахдаа нүднийхээ доор тосож нулимсаа цуглуулах байдлаар эдгээр савнуудыг ашигладаг байж: Ихэнх тохиолдолд оршуулгын үеэр талийгаачийн хойноос гашуудахдаа нулимсаа энэ саванд цуглуулан шарилд нь хамт хийдэг байсан гэнэ.
9
Механик шувуутай хайрцаг
XIX зууны төгсгөлөөр Парист нутгийн дархан Блез Бонтем дотроо төмөр шувуу бүхий хөгжимт хайрцаг урлажээ. Энэ нь тун удалгүй язгууртнуудын дунд ихэд түгэж алдаршсан байна. Төмөр шувуутай тор, хайрцаг бараг 100 жил олны хэрэгцээнд байсаар дэлхийн хоёрдугаар дайны эхээр л хүмүүсийн сонирхлыг татахаа больсон байна.
Хайрцаг янз бүрийн “хоолойгоор“ дуулдаг байсан гэнэ. Зураг дээрх бол дунд зэргийн үнэтэй ерийн нэг хайрцаг.