1
Нэршил
Эхлээд бүгдээрээ яг аль төрлийг нь уух гэж байгаагаа тодорхой болгоё. Шампанск (champagne), оргилуун дарс (sparkling wine) гэдэг нэршлүүд хүмүүсийн дунд адилхан утгаар хэрэглэдэг боловч үүнийг дарс үйлдвэрлэгчид сонсохоороо савх буруу барихыг харсан Солонгосчууд шиг л уурсдаг. Учир нь зөвхөн Францын Шампан мужид л үйлдвэрлэдэг, Засгийн газрын хамгаалалтын дор байдаг бүтээгдэхүүний төрлийг “Шампанск” гэдэг аж.
Шампанскийг "Пино Нуар", "Шардонней", "Пино Меюнир" сортын усан үзмээр хийдэг. Шампанск бол AOC-ийн статус шаардлагагүй цорын ганц бүтээгдэхүүн юм. Учир нь шампанск гэдэг нэр нь л өөрөө Францад үйлдвэрлэсэн гэдгийг нь баталдаг. Харин Шампан мужид үйлдвэрлээгүй Франц оргилуун дарсыг “crémant” хэмээн нэрийддэг. Маш олон оргилуун дарс дээрээ шампанск гэсэн хуурамч бичигтэй байдаг юм.
2
Түүх
Оргилуун дарсны эх орон бол Парисаас зүүн хойд зүгт 60 км орших хөдөө аж ахуйн эдэлбэр нутаг байжээ. XVIII зуун хүртэл нуугдмал, хийжүүлэлт төдий дарс байжээ. 1695-1698 оны хооронд жинхэнэ шампан дарс үүссэн гэдэг бөгөөд 1695 онд үйлдвэрлэлтийн боловсруулах арга технологид анхаарч журам, хууль хүртэл гаргаж байсныг 1718 оны эхээр Францын түүхийн бичиг баримтад тэмдэглэн үлдээжээ.
Харин Англичууд өөрсдийгөө анхны шампанскийг үйлдвэрлэсэн гэж одоог хэр нь үздэг бөгөөд 1695-1698 оноос хорин жилийн өмнө буюу 1667 онд Английн зохиолч Жорж Этераж “The man of Made” гэдэг оргилуун дарсыг магтан дуулсан дууг зохиож байсныг баталгаа болгодог.
Өөр нотолгоо гэвэл Францчууд 1685 онд гэхэд хөөсөрсөн дарсаа модон бөглөөнцрөөр таглаж олсоор боож бэхэлдэг байсан бол үүнээс 130 жилийн өмнө Англичууд мөн ингэж боож бэхэлдэг байжээ. Хэдийгээр ийм олон баримт олдсон ч дэлхий нийт оргилуун дарсыг Францад үүссэн гэлцдэг.
3
Хүний биед сайн
Британийн нэгэн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсыг судалсны дүнд эл ёслолын ундаа нь бусад согтууруулах ундаанаас өөр төдийгүй зүрх, судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Оргилуун дарсны найрлагад орсон бодисууд судасны ханыг тэлж өргөсгүүлдэг байна. Энэ нь хүний зүрх, тархины ажиллагааг сайжруулж эрчүүдийн чалхыг хүртэл сайжруулдаг гэнэ. Гэхдээ энэ онцгой чанар нь оргилуун дарс дахь спиртэд бус, хөөсөнд ч биш найрлагад нь агуулагддаг "полифенол" хэмээх бодист байдаг аж. Полифенол нь судсыг өргөсгөснөөр хатуурсан булчингуудыг суллаж, эд эсэн дэх азотын эслийн боловсруулалтыг хурдасгадаг байна.
4
Чимэглэл
Хэрвээ та ямар нэг томоохон арга хэмжээнүүдэд оролцож үзсэн бол энд тэндгүй оргилуун дарс байгааг анзаарсан байх. Хуримын баяр, Шинэ жилийн оройн хоолонд, албан ёсоор хүлээн авалт хийдэг, эсвэл нийгмийн хүлээн авалт гээд оргилуун дарс нь бүх төрлийн тэмдэглэлт үйл ажиллагаанд тохиромжтой байдаг бөгөөд баярын үйл явдлыг онцгой сэтгэл татам болгодог.
5
Оргилуун дарсыг уух соёл
Ихэнхдээ дарсыг гэрийн эзэн хундгалдаг боловч бүсгүйчүүд бид ч бас сураад авахад илүүдэхгүй. Нэг гараараа шилнийхээ хүзүүг барьж, 45 градус налуулж байгаад хундагалаарай. Уухаасаа өмнө хундагандаа хамраа дүрэхээс бүү ай. Амтлах мэдрэмжийн ихэнх хувь нь үнэрлэхтэй холбоотой байдаг. Жаахан амсаж найрлагуудынх нь төгс зохицлыг мэдэрснийхээ дараа хундагаа үл ялиг эргүүлж холиод, дахин уугаарай. Энэ зарчим нь жирийн дарсныхтай адилхан. Гэхдээ ёс жаягийн тухай хэт их бодох хэрэггүй. Учир нь шампанск бол баярт зориулагдсан эд. Тиймээс өөрийнхөөрөө уугаад, сайхан хөгжилдөхөд л болно.