Алтан ордны улсын тухай Европын түүхч ингэж бичжээ

Одоогийн Оросын Холбооны Улсын газар нутаг дээр оршин байсан хамгийн том эзэнт гүрэн бол Зүчийн улс буюу Алтан ордны улс юм. Хоёр зуун жилийн турш төв Азийн цээжинд ноёрхсон (1266-1481, эх сурвалжууд өөр өөр тэмдэглэсэн байх нь бий) энэхүү эзэнт улс одоогийн Украин, Казак, Узбек, Туркмен улсуудын газар нутгийг дамнан байрладаг гэхээр хэр том байсан нь тодорхой болно. Их эзэн Чингисийн хүү Зүчийн байгуулсан улсад Оросын түүхч Ярослав Бутаков хэрхэн ханддаг болохыг энэхүү нийтлэлд өгүүлэв.

Алтан ордны улсын тухай Европын түүхч ингэж бичжээ

1 Тухайн цаг үед «Алтан ордны улс» гэж нэрлэдэггүй байсан

Уншигч та мэдээж яагаад гэж асуух нь дамжиггүй. Орчин цагийн оросын түүхчдийн үзэж байгаагаар «Алтан ордны улс» гэх нэршлийг бүүр сүүлд тус улс мөхсөний дараа буюу 16-р зууны үед Москвагийн вангууд зохиосон гэдэг. Тэдний үзэж байгаагаар эртний Орос улс алба гувчуур залгуулдаг байсан улсаа зүгээр Орд буюу Их Орд гэж нэрлэдэг байв.

Тухайн цаг үед «Алтан ордны улс» гэж нэрлэдэггүй байсан

2 Эртний Орос улс Алтан ордны улсын бүрэлдэхүүнд байгаагүй

Алтан ордны улсын нутаг дэвсгэрт эртний Оросын нутаг ордоггүй байв. Оросын вангууд албат харьяат байхаа амлан, алба гувчуур төлдөг байлаа. Байлдан дагууллын эхэн үед баскак буюу хааны татварын түшмэл алба гувчуур цуглуулдаг байсан бөгөөд 13-р зууны дунд үе гэхэд оросын вангууд өөрсдөө татвар цуглуулах болжээ. Олон вангууд дотроос ганц, хоёрыг нь тодотгон Их ван цолоор шагнадаг байжээ.

Зүүн-хойд оросын хамгийн эртний вант улс нь Владимирын вант улс байв. Тверь, Рязань, Нижний Новгород зэрэг хотууд Алтан ордны улсын нөлөөгөөр Их вант улс болжээ. Владимир хотын Их ван бүх Оросын алба гувчуурыг хариуцдаг нэр төртэй алба залгуулдаг байсан нь бусад вант улсын ноёдтой хагаралдахад хүргэжээ. Цаашид Москвагийн вангуудын мэдэлд Владимирын вант улс шилжиж, албан тушаалын төлөөх тэмцэл их улсын дотор өрнөх болов. Энэ үед Тверь, Рязаний вангууд өөрсдийн нутгийн алба гувчуурыг бие даан залгуулж, Алтан ордны улсын их хаанд шууд хүчин зүтгэж эхэлжээ.

Эртний Орос улс Алтан ордны улсын бүрэлдэхүүнд байгаагүй

3 Олон үндэстний Алтан ордны улс

Алтан ордны улсын голлох үндэстнийг «татар-монголчууд» гэж 19-р зууны герман түүхчид бичсэн нь бодит түүхээс гажсан зүйл юм. «Татар-монгол» гэх үндэстэн ер байгаагүй. Татар-монголын байлдан дагуулалтын үндэс суурь нь монгол үндэстний их цэрэг байлдан дагууллын замдаа олон тооны түрэг ардыг дагуулан явж, мөд удалгүй түргүүд Алтан ордны улсын голлох хүч болсон гэдэг. Их эзэн Чингис хаанаас эхлээд Монгол нэртэй хаан хаан сэнтийд заларч байсан эсэх эргэлзээтэй.

Бидний мэдэх түрэг түмэн дөнгөж тухайн үед л бүрэлдэн бий болсон юм. 13-р зууны эхэн үед түрэг түмний нэг хэсэг өөрсдийгөө татар гэж нэрлэж байсан байх магадлалтай. Волга мөрний татарууд XV зуун дунд үед Алтан ордны улсын харьяанаас гармагц бий болсон. Харин узбек түмний хувьд, тэд 1313-1341 онд хаан сэнтийд заларч байсан Узбек хааны нэрээр одоо болтол нэрлэгддэг ажээ.

Нүүдэлчин түрэг аймгуудаас гадна Волга мөрний болгарчууд гэх мэт суурин амьдралтай цөөн биш овог аймгууд ч Алтан ордны улсын харьяат байсан. Дон мөрний эрэг, доод Волга мөрөн, талын Крымд хазар түмний үр удам, Хазарын хаант улсын үлдэгдэл алан, гот, булгар, оросын хасгуудын өвөг нүүдэлчид зэрэг ард түмэн амьдардаг байв. Алтан ордны хойд зах хязгаар нутагт мордва, марий, удмурт, коми-пермяк зэрэг түмэн алба залгуулдаг байжээ.

Олон үндэстний Алтан ордны улс

4 Чингис хаан эзэнт гүрнийг хувааснаар Алтан ордны улс үүссэн

Алтан ордны улсын тусгаар тогтнол, үүсэн бий болох нөхцөл нь их эзэн Чингис хаан мөнх бусыг үзэхийн өмнө дөрвөн хүүдээ эзэнт гүрнийг хуваан өгсөн явдал болно. Ууган хүү Зүчид Алтан ордны улсыг өгч, Орос, баруун Европын байлдан дагууллыг Чингис хааны ач хүү Бат хаан үргэлжлүүлэв. Алтан ордны улс 1266 онд салан тусгаарлахаас өмнө Оросын вангууд Волга мөрний Сарай хот, бүүр цаашлаад их гүрний нийслэл Хархорум хотыг зорин цол хэргэм хүртдэг ёстой байжээ.

Чингис хаан эзэнт гүрнийг хувааснаар Алтан ордны улс үүссэн

5 Алтан ордны улсад бүх шашинд адил ханддаг байв

Их байлдан дагууллын үед түрэг, монголчууд өөрсдийн бөө мөргөлийн шашныг шүтэж, бусад шашин шүтлэгт адил тэнцүү хүлцэнгүй ханддаг байжээ. Алтан ордны улсын хааны өргөөнд «Несториан» урсгал буюу христийн шашны еврей урсгал ихээхэн нөлөөтэй байсан гэдэг. Узбек хааны засаглалын үед хаад, ноёд исламын шашинг шүтэж эхэлсэн ч Алтан ордны улс бүхэлдээ шашны эрх чөлөөтэй хэвээр үлдэв. XVI зууныг хүртэл Сарай хотын үнэн алдартны сүмийн епископ, хамба лам хааны гэр бүлийн гишүүнийг адислах оролдлого хийж байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Алтан ордны улсад бүх шашинд адил ханддаг байв

6 Суурин соёл иргэншил

Олон мянган хот суурин, тосгодыг байлдан дагуулсан тул Алтан ордны улсад суурин иргэншлийн нөлөө асар хурдан тархжээ. Алтан ордны улсын нийслэл Сарай хот нүүдэллэхээ больж, доод Волга мөрний эрэгт суурьшсан байна. XIV зууны төгсгөлд доголон Төмөрийн байлдан дагууллын үеэр Сарай хот газрын хөрснөөс арчигдсан тул яг хаана байрлаж байсныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй. Шинээр барьсан Сарай хот ч он удаан жил оршин тогтсонгүй ээ.

Харийн элч төлөөлөгч, хааны элчид зориулан зам харгуйг сайтар засаж янзалдаг, сэлгээ морьтой өртөөнүүд зам даган байрладаг байв. Харийн худалдаачдад ээлтэй байсан тул худалдаа наймаа өргөжин дэлгэрчээ.

Суурин соёл иргэншил

7 Хязгаартай эрхт хаант засаг

Алтан ордны хаант улсын эзэн түрэг түмний заншил ёсоор ихэс, дээдсийн заавар зөвлөгөөг дагадаг байв. Хаан ширээгээ бататгах, хязгааргүй эрх мэдэлд хүрэх гэсэн хаадын оролдлого талаар нэг болж 14-р зуунд хоорондын дайсагналын жилүүд иржээ. Тэр үед хаад, ноёд цэргийн жанждын гарын тоглоом болон хувирсан гэдэг. Куликовын талд ялагдсан цэргийн жанжин Мамайг Алтан ордны улсын хаан гэж андуурах нь түүхчдийн дунд ч бий. 1381 онд Тохтамыш хаан хаан ширээнд заларснаар Алтан ордны улсад хаант засаг дахин сэргэжээ.

Хязгаартай эрхт хаант засаг

8 Алтан ордны улс нуран унав

14-р зууны өвөр хоорондын дайсагнал Алтан ордны улсын хүчийг тарамдуулж, байлдан дагуулсан хязгаар нутгуудад эрх мэдлээ алдаж эхлэв. 14-р зуунд Сибир, Узбек, Казан, Крым, Казакийн хант улс, Ногайн орд улсууд Алтан ордны улсаас харьяат байхаа больжээ. Москвагийн вант улс Алтан ордны улсад алба гувчуур төлсөөр байсан ба 1480 онд Крымийн хант улс, Алтан ордны улс хоорондын дайнд Алтан ордны улсын хаан тэнгэрт хальж, Москва тусгаар тогтносон гэдэг.

Алтан ордны улс нуран унав

9 Алтан ордны улс, Халимаг улс хоорондоо холбоогүй

Халимаг түмэн Чингис хааны байлдан дагууллаар Каспийн тэнгисийн тал нутагт суурьшсан гэж үздэг нь төөрөгдөл бий. Төв Азийн цээжнээс тэд 14-р зууны сүүл, 17-р зууны эхэн үед нүүж ирсэн билээ.

Алтан ордны улс, Халимаг улс хоорондоо холбоогүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()