Зурагчныхаа аминд хүрэх шахсан 10 гэрэл зураг

2018-11-22, 18:54
14,519

Нэг гэрэл зураг мянган үгийн үнэ цэнэтэй гэдэг. Гэтэл бас зурагчныхаа амь насаар үнэлэгдэх ч тохиолдол байдаг аж. Хожим хэдэн саяын үнэ хүрч, олон хэвлэл, номын нүүрийг чимэх давтагдашгүй мөч, ховор дүрсийг буулгахын тулд гэрэл зурагчид эрсдэлтэй нөхцөл байдалтай учирч, аюултай газар орныг зорихоос эмээдэггүй. Харин тэднээс зорилгоо биелүүлж чадалгүй харамсалтайгаар эрсдсэн нь бишгүй олон ч аймшигт явдлаас амь мултарч, түүнийгээ гэрэл зургаараа баталгаажуулан үлдээсэн нь ч бас мэр сэр байдаг ажээ. 

Зурагчныхаа аминд хүрэх шахсан 10 гэрэл зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арслангийн уурыг хүргэсэн нь

Байгалийн зурагчин Атиф Саид (Atif Saeed) Пакистаны Лахор дахь тусгай хамгаалалттай газар машинтайгаа явж байгаад нэгэн арсланг олж харжээ. Тэгээд тэрээр зургийг нь авахаар шийдсэн бөгөөд машинаа арсланд ойртуулан зогсоод 3 метр орчим зайнаас зургийн аппаратаа шажигнуулж эхэлсэн байна. Гэвч энэ нь арсланд таалагдсангүйгээр зогсохгүй түүн рүү шууд дайрчээ. 

Ингээд тэрээр зэрлэг арсланг өөр лүү нь үсрэхээс өмнө доорх сүрдмээр дүр төрхийг буулгаж амжжээ. Ямартай ч тэрээр хашир зан гарган машиныхаа хаалгыг онгорхой үлдээсэн байсан нь амийг нь аварсан байна. Ингээд тэрээр хожим нь өөрийгөө дахиж хэзээ ч ийм нөхцөл байдалд аваачихгүй гэж өөртөө ам тангараг өргөсөн гэдэг.

Арслангийн уурыг хүргэсэн нь

2 Танкны суманд өртөх шахсан нь

2012 онд Трэси Шелтон хэмээх сэтгүүлч эмэгтэй Сирийн иргэний дайныг сурвалжилж байх үедээ танкны суманд өртөн амиа алдах дөхсөн удаатай. Тухайн үед тэрээр босогчдын байгуулсан Сирийн чөлөөт армийнхныг дагалдаж засгийн газрыг дэмждэг Сирийн Араб армитай (SAA) хийх дайныг нь сурвалжилж байв. 

Нэг удаа сэтгүүлч Шелтоныг босогчдын "Ноор Ден Аль-Зенке" батальоны дайчидтай хамт явж, зураг авч байх үед нь Сирийн Араб армийн танк гэнэт тэдэн рүү гал нээжээ. Ингээд санамсаргүйгээр дайчдын суманд өртөхийн яг өмнөх мөч түүний дуранд үлдсэн нь энэ юм. 

Зураг дээрх дэлбэрэлтэд хамгийн ойрхон байгаа гурван босогч гурвуулаа амиа алдсан бол арай наана нь байгаа нэг нь хүндээр шархдан хоцорсон юм. Харин сэтгүүлч Шелтоны хувьд тортог тоосонд дарагдсаныг эс тооцвол ямар нэгэн гэмтэл бэртэлгүй үлдсэн аж. 

Танкны суманд өртөх шахсан нь

3 Камерын хөлнөөс болж амиа алдах дөхсөн нь

2017 оны есдүгээр сарын 4-ний шөнө Охаио мужид явж байсан фото сэтгүүлч Энди Гримм цагдаагийн дохиогоор замын хажууд машинаа зогсоосон байна. Гэвч цагдаад бичиг баримтаа үзүүлэнгээ хэдэн зураг дараад авъя гэж бодсон нь түүний аминд хүрэх шахжээ. 

Учир нь хэсгийн төлөөлөгч Жэйк Шоу сэтгүүлчийг машинаасаа камерын хөлөө барин бууж ирэхийг хараад байлдааны винтовтой гарч ирлээ гэж бодон түүн рүү хоёр удаа гэл нээсэн байна. Эхний сум Гриммийн цээжинд туссан бол хоёр дахь мөрийг нь шүргээд гарчээ. Азаар сэтгүүлч амьд үлдсэн байна. 

Гримм хожим нь тэрхүү цагдааг хүч хэрэглэсэн, хүний эрхэнд ноцтойгоор халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. Мөн Шоу түүн рүү буудахынхаа өмнө ямар ч анхааруулга өгөөгүй, ядаж түүнийг буугаа хая гэж тушаах ёстой байсан хэмээн сэтгүүлч гомдол гаргасан байна. Гэвч шүүхийн шийдвэрээр төлөөлөгч Шоуг буруугүй гэж үзсэн юм.

Камерын хөлнөөс болж амиа алдах дөхсөн нь

4 Хар мамбад хатгуулсан нь

Хар мамба нь дэлхий дээрх хамгийн хортой могойнуудын нэг бөгөөд ганц хазалт нь хүнийг хэдхэн цагийн дотор үхүүлэх чадалтай. Харин 2012 онд гэрэл зурагчин Марк Лайта тус могойд хазуулаад амьд үлдэж чадсан цөөхөн хүмүүсийн нэг болжээ. Сонирхолтой нь тэрээр могойд яг хазуулж байх мөчөө гэрэл зургийн хальсанд үлдээж чаджээ. 

Тухайн үед Лайта могойн талаарх судалгааны номын төсөл дээр ажиллаж байв. Ингээд тэр ажлынхаа шугамаар Төв Америкийн нэгэн могой үржүүлэгч дээр очин зураг авахаар болжээ. Тус үржүүлэгч ихэнх могойнхоо хорны булчирхайг нь авсан байсан ч доорх зураг дээрх хар мамба могойноос аваагүй үлдээсэн байсныг Лайта огт мэдсэнгүй.

Зургийг нь авах үед хар мамба могой Лайтад ойртсоор байжээ. Түүнийг харсан үржүүлэгч сандран ухасхийх үед могой цочсондоо харван үсэрч зурагчны хөлөнд шүдээ шигтгэсэн байна. Хэдийгээр Лайта цус ихээр алдсан ч бараг эмчилгээ хийлгэлгүй эдгэрчээ. Могой түүнийг хазахдаа хороо шахаж амжаагүй нь түүнийг амьд үлдэхэд тусалсан байх хэмээн зурагчин Лайта ярьжээ.

Хар мамбад хатгуулсан нь

5 Цэргүүдийн дайралтад өртсөн нь

2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр фото сэтгүүлч Жэймс Акена Уганда улсад засгийн газрын эсрэг бослогын үеэр сурвалжлага хийж байхдаа цэргүүдийн дайралтад өртсөн байна. Өөр нэгэн хүний хийсэн доорх бичлэг дээр сэтгүүлч рүү цэргүүд дайрч, саваагаар балбаж байгааг харж болно. 

Дараагаар нь Акенаг зодож байсан гурван цэргийн нэг нь уг бичлэгийг хийж байсан хүнийг анзаарангуутаа түүн рүү бууджээ. Буун дуу гарахтай зэрэгцэн бичлэг дуусах бөгөөд дүрсний хөдөлгөөн, байдлаас нь харвал бичлэг хийгч суманд оногдоогүй бололтой. Уг хэргийн дараа сэтгүүлч Акенаг албаныхан авч явжээ.

Харин Угандагийн арми сэтгүүлчийг зодсон гурван цэрэгт сахилгын арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч яг хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлджээ.

Цэргүүдийн дайралтад өртсөн нь

6 Бизонд хөөгдсөн нь

Байгалийн гэрэл зурагчин Уиллис Чун АНУ-ын Иеллоустоны үндэсний хүрээлэнд зураг авч байхдаа нэг тонн жинтэй аварга бизон үхрийн гэнэтийн дайралтаас амь мөлтөс зугтааж чаджээ. 

Гайхалтай нь Чун бизоны довтолгон ирж байхыг харсан ч зураг авалтаа зогсоолгүй суусаар байжээ. Бизон түүнд бараг тулж ирэх үед л Чун суурилуулсан камераа хаяад зугтаасан байна. 

Аз болж өнөөх бизон үлдээсэн аппаратыг нь сониучирхан хараад зогсчихжээ. Тэрээр аанай л зураг авах гэж байгаа аятай аппаратыг нь тойрон шиншилж, LCD дэлгэц рүү нь гайхшран харж байв. Харин энэ үед Чун өөр нэг аппаратаар түүний зургийг дараад зогсож байжээ.

Бизонд хөөгдсөн нь

7 Гориллад зодуулах шахсан нь

Гэрэл зурагчин Кристоф Курто мэргэжил нэгт хэсэг нөхдийн хамт Руанда улс дахь Галт уулын үндэсний паркад зураг авч байхдаа аварга гориллагийн нударганы амтыг үзэх дөхсөн байна. Тодруулбал тэднийг гориллагийн сүрэгт ойртон зураг авч байх үед нь сүргийн ахлагч, 250 кг жинтэй Акаревура нэртэй аварга бич Курто руу дайрсан байна.

Гэхдээ Курто дээр дурдагдсан Чунгийн нэгэн адил горилл ойртон ирж бүр яг өмнө нь зогсох хүртэл зургаа авсаар байжээ. Ийнхүү Акаревурогийн нударга зангидан далайж буй дүр зураг зурагчны гэрэл зургийн хальсанд үлдсэн байна. Хэдийгээр зурган дээрээ горилла цохилт өгөх гэж байгаа мэт гарсан боловч үнэн хэрэгтээ Куртог түлхэн холдуулж ард нь байсан өөр нэгэн эрэгчин гориллтой учраа ололцох гэж байсан ажээ.

Курто толгой дээрээ багавтар шалбархай авсныг эс тооцвол сүртэй гэмтэлгүй үлджээ. Гэхдээ л гориллагийн түлхэлт түүнд галт тэргэнд дайруулах мэт санагдсаныг тэрээр дурссан байдаг.

Гориллад зодуулах шахсан нь

8 Аварга хирсний дайралт

Жонатан Пледжер хэмээх зурагчин Өмнөд Африкийн Крюгерийн үндэсний паркт зураг авалтаар явж байхдаа цагаан хирсний дайралтад өртөж байсан удаатай. Гэхдээ энэ жагсаалт дээрх бусад зурагчдаас ялгаатай нь Пледжер ойрхон хирс явж байгааг анхандаа мэдээгүй байна. Хажууд нь байсан бутны сэрчигнэх чимээнээс л тэр аюулд өртсөнөө сая мэджээ. Аварга хирс бутнаас үсрэн гарч ирээд яг зурагчныг чиглэн довтолгосон байна.

Пледжер мөн л зугтаагаагүй бөгөөд оронд нь тэрээр хирс тулж ирэх хүртэл зургийг нь дарсаар байв. Харин хирс хөдөлгөөнгүй зогсоо түүнээс айсан уу, эсвэл бодлоо өөрчилсөн үү бүү мэд яагаад ч юм бут руугаа буцаад гүйчихжээ.

Аварга хирсний дайралт

9 Уурссан цэргүүдийн гарт амь үрэгдэх дөхсөн нь

Сомалийн иргэний дайны үед Мухаммед Шаффи хэмээх зураглаач босогчдын бүлгийнхний гарт амиа алдах дөхөж байжээ.

1993 оны долдугаар сарын нэгэн өглөө Америкийн армийн байлдааны онгоцнууд Сомалийн цэргийн эрх баригч Мухаммед Фарах Аидидын төв штаб руу довтолсон байна. Үүнээс 15 минутын дараа Аидидын цэргүүд Шаффигийн зураг авалтын багийнхан, сэтгүүлчидтэйгээ хамт байрлаж байсан буудалд ирж дайралтад өртсөн штаб дээр нь очиж сурвалжлага хийхийг гуйжээ.

Сэтгүүлчид тэнд очоод зураг авалтаа эхлүүлж байх үед цочролд орсон цэргүүд тэдэн рүү гэнэт дайрсан байна. Багийнхан бутран зугтацгааж, цэргүүд ч тэднийг нэхжээ. Харин Шаффи хүндээр зодуулж, шидсэн чулуунд өртсөн ч ойрхон явж байсан машин руу үсрэн орж амь гарч чаджээ. Харин багийнхнаас дууны найруулагч болон гурван зурагчин нь амиа алдсан байна.

Уурссан цэргүүдийн гарт амь үрэгдэх дөхсөн нь

10 Дайны гэмт хэргийг баримтжуулсан нь

Гэрэл зурагчин Рон Хавив 1992 оны Боснийн дайны үеэр Сербийн “Барнууд” бүлэглэлийн дайчдын зургийг авснаасаа болж золтой л амиа алдчихаагүй аж. Тэрээр нэгэн цэрэг буудан хороосон эмэгтэйнхээ цогцос руу өшиглөж буй байдлыг буулгасан зургаараа дэлхий даяар алдаршсан юм.

Тухайн үед Хавив тэдгээр цэргүүд нэгэн эрийг гэрээс нь чирэн гаргаж ирээд буудан хороохыг нууцаар ажиглаж, зургийг нь авч байжээ. Дараагаар нь тэд эхнэрийг нь, бас эгчийг нь гаргаж ирэн буудсан байна. Зурагчин Хавив тэдгээр мөчүүдийг бүгдийг нь буулгасан ч азгүй зүйл тохиолдож цэргүүд аппаратны шажигнах дуугаар түүнийг олоод харчихжээ. Хавивийг барьж авсны дараа цэргүүдийн ахлагч Зелько Разнатович түүнээс гэрэл зургийн хальсыг нь хураан авсан байна. Гэвч тэр Хавивийг аппаратныхаа хальсыг сольчихсон байсныг мэдээгүй ажээ. Хожим нь Хавив доорх зургийг угаалган тарааснаар Серби цэргүүдийн дайны гэмт хэргийг гэрчлэх томоохон нотлох баримт ийнхүү үлдэж хоцорсон түүхтэй.

Дайны гэмт хэргийг баримтжуулсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()