1
Эрүүл жиндээ хүр
Жингээ хаяна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэвч одоо л эхлэхгүй бол цаашид бүр ч хэцүү болох болно. Эрүүл жинтэй байна гэдэг эрүүл мэндийн хувьд олон талын ач холбогдолтой. Мөн өөртөө итгэх итгэл, өөдрөг байдлыг нэмэгдүүлдэг гээд сайн талууд их бий.
2
Спортын багт ор
Сагсан бөмбөг, теннис, хөлбөмбөг, туялзуур сэлэм гээд багийн тоглолттой олон төрлийн спортоос сонгон хичээллэж, найз нөхдөөрөө баг болж тоглоорой. Та спортлог хүн биш байсан ч оролдоод үзэх л хэрэгтэй. Сонирхогчид бүгд л анхлан суралцагчид байдаг бөгөөд ялахын төлөө бус хөгжилтэй байхын төлөө тэнд байдгийг нь санаарай.
3
Усанд шумба
Дэлхийн гадаргын 70% нь ус байтал бид хуурай газар дээр л ихэнх цагаа өнгөрүүлдэг. Түүнчлэн хүчил төрөгчөөр амьсгалдаг маань үнэн ч гэлээ заавал саран дээр очих, Ангараг руу аялах талаар мөрөөдөх шаардлагагүй. Харин далайн усанд шумбаж, хэзээ ч харж байгаагүй зүйлсээ харж, мэдэрч байгаагүй мэдрэмжээ мэдрээрэй.
4
Өөр ажил хийж үз
Өдөр бүр хийдэг ажлаасаа огт өөр ажил хийж үзвэл ямар байх бол гэж бодож байсан уу? Гэхдээ энэ бол өдий насандаа өөрийн тогтсон карьераа соль гэсэн үг огт биш юм. Харин та найзыгаа орлож, хэдэн өдөр ажлыг нь хийж үзэж болно. Ямар ч аргаар байсан өөр ажил хийж үзвэл магадгүй таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, одоогийнхоосоо эсвэл бүр бодож байснаасаа ч өндөр амжилтад хүрэх зам тань нээгдэж болох юм.
5
Шинэ хэл сур
Хэл сурах авьяас жаахан хүүхдүүдэд л байдаг гэж боддог юм биш биз? Тэгвэл ахиад бодоод үз. Мэдээж залуудаа хэл сурвал хурдан бас хялбар сурах нь үнэн. Гэхдээ нас ахилаа гээд чадахгүй гэсэн үг биш. Харин ч шинэ хэл сурах явцдаа шинэ найз нөхөдтэй болж, гадаадаар аялж, өөр ёс уламжлалыг сурна гэдэг гайхалтай зүйл.
6
Уучлалт гуйх урлагт суралц
Хэн ч уучлаарай гэж хэлж чадна. Гэхдээ хоёр хүний аль алиных нь сэтгэлийн шархыг эдгээнэ гэдэг хэцүү. Үүнд суралцах хамгийн сайн арга бол мэдээж өөртөө дүгнэлт хийх явдал. Хэн нэгнийг гомдоосон бол бардам зангаа хойш тавиад шуудхан уучлалт гуйж бай. Уучлал эрэх боломж бүрийг бүү алгасаарай. Эцэст нь өөрийг тань гомдоосон нэгнийг өршөөж, уучлан, өнгөрснийг өнгөрсөнд үлдээх нь танд л хэрэгтэй.
7
Настай хүмүүстэй ярилц
Хайртай хүмүүсийн тань зарим нь амьдралын тойргийн нөгөө үзүүрт явааг бүү мартаарай. Одоо л тэдэнтэйгээ ярилцаж, амьдралынх нь түүхийг яриулах цаг. Насан туршдаа мартдаггүй, нандин дурсамжуудыг нь яриулж, гар утсан дээрээ бичиж аваарай. Ингэвэл та ч бас мартахааргүй боллоо.
8
Хүүхдээ болзоонд авч яв
Магадгүй та өдөр бүр хүүхдээ харж байгаа байх. Гэхдээ та түүний дотоод сэтгэлийг “харж” чадаж байгаа болов уу? Тиймдээ ч хайртай хүмүүстэйгээ утга учиртай холбоо үүсгэнэ гэдэг дараагийн түвшний харилцаа болов уу. Тиймээс утсаа оролдохоо болиод ямар нэг өдөр товлож хүүхдээ болзоонд авч яваарай. Тэдний хувьд амьдралынх нь хамгийн сайхан дурсамжууд тэнд үйлдвэрлэгдэнэ.
9
"Broadway" театрт шоу үз
“The Great White Way” бол урлагийн бэлэг тэмдэг юм. Америкийн урлагийн том одод тэрхүү театрт тоглох нь олон. Мөн Бродвэй театрт шоу үзэх нь зөвхөн урлагийг дэмжээд зогсохгүй насан туршийн гайхалтай дурсамж болох болно. Харин та Монгол улсдаа ч гэсэн Бродвэй театр шиг биш ч дутахааргүй үзүүлбэрүүдийг "Дуурь бүжгийн эрдмийн театр"-т үзэх боломжтой.
10
Хөргөгчинд үлдсэн зүйлсийг ашиглаад амттай хоол хийж сур
Дэлгүүрээс хүссэн хүнсний зүйлсээ цуглуулаад хийвэл хэн ч байсан сайхан хоол төвөггүй хийчихнэ. Харин зөвхөн тухайн үед хөргөгчинд байгаа зүйлсийг ашиглаж амттай хоол хийж чаддаг байна гэдэг мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, авьяас гээд олон талын чадвар шаардана. Үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглаад хийж болох хамгийн сайн хоол бол шөл шүү.
11
Хайрын захиа бич
Хөөрхөн эможинууд ашиглаж бичсэн мессэж, цахим шуудангаас илүү гараар бичсэн захидал ямар үнэ цэнэтэйг та төсөөлөх ч гүй биз? Хэчнээн зуун жил болсон ч тэр үеийнхээ сэтгэл хөдлөл, аз жаргал, мэдрэмжийг тэр чигт нь хадгалах хүчтэй эд бол захидал юм. Хайртай хүнтэйгээ хамт байдаг байсан ч ялгаагүй түүндээ яг одоо хайрын захидал бичээрэй.
12
Алдаа гарга
Алд. Томоор алд. Өөрийн сонголтоор, сайн дураараа алдаа гаргадаг хүн гэж үгүй. Гэвч алдаа бол амьдралын нэг хэсэг. Тиймээс сонголт хийх цаг ирэхэд алдаагаа нуун далдалж, юу ч болоогүй мэт царайлахыг бус алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцахыг сонгоорой. Өчигдрийн "та" өнөөдрийн таныг бүтээнэ.
13
Адреналинаа ялгаруул
Олон хүний үхэхээсээ өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалтад шүхрээр үсрэх, чөлөөт үсрэлт хийх зэрэг экстрем спорт байдагт гайхах зүйлгүй. Учир нь эдгээр нь хүнд амьд байгааг нь хүчтэй мэдрүүлж, адреналин ялгаруулдаг үйлдлүүд юм. Онгоцноос үсэрч чадахгүй гэж бодож байвал галзуу хулгана эсвэл бассейн дахь өндөр тавцангаас ус руу үсэрч үзсэн ч болох юм.
14
Хөгжим тоглож сур
Хөгжим тоглоно гэдэг тусгай авьяастай хүмүүсийн хийх зүйл гэж олон хүмүүс боддог. Гэхдээ хүсвэл хүн юуг ч сурдаг шүү дээ. Заавал алдартай хөгжимчин болох албагүй. Зүгээр л өөрийгөө хөгжүүлэхийн тулд, сэтгэлээ сэргээхийн тулд, сайхан зүйлсийг хийж үзэхийн тулд хөгжим тоглож сураарай.
15
Ганцаараа байж сур
Ганцаараа байсан ч аз жаргалтай байж сурна гэдэг амар биш. Гэсэн ч ганцаараа байна гэдэг нь ганцаардана гэсэн үг биш. Ганцаараа байхдаа ч сонирхолтой, өөдрөг байж сурахын тулд дадлага хийх хэрэгтэй. Чимээгүй газар очоод дуртай хөгжмөө сонс, сайхан зүйлс бод, юмсыг мөрөөдөж түүнийгээ биелснээр төсөөл эсвэл ном унш. Сайхан биш гэж үү?