Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт туршилтууд

Бид аливаа зүйлсийг хийхэд бидний бие болоод тархи ямар хүчин чадлаар, яаж ажилладгийг ойлгох нь хүн төрөлхтний бүрэн чадамжийг нээх түлхүүр юм. Тиймээс судлаачид сэтгэлзүйн туршилтыг боловсруулахдаа хүлээн зөвшөөрөгдөх хил хязгаарыг давах зайлшгүй хэрэгцээтэй тулгардаг. Түүнчлэн зарим үед санаанд оромгүй, аймшигт зүйлс ч хийх хэрэгтэй болдог бөгөөд судалгааны үр дүн бусад хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үнэ цэнээр олдох нь ч бий. Хамгийн наад зах нь доорх сэтгэлзүйн туршилтуудаас болж оролцогчид нь сэтгэлээр унаж, бухимдан заримдаа сэтгэлзүйн шоконд орж бүр амиа хорлосон тохиолдлууд ч байдаг байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт туршилтууд

1 Мангасын туршилт

1939 онд Вендэл Жонсон (Wendell Johnson) болон оюутан Мэри Тюдор (Mary Tudor) нар хүүхэд ярих үедээ "ээрэх" нь олдмол уу, төрөлхийн үү гэдгийг судлах ажлаа эхлүүлж байжээ. Харин Жонсон энэхүү судалгааныхаа туршилтыг явуулахын тулд 22 хүүхдийг субъект болгон ашигласан бөгөөд сонгогдсон хүүхдүүдийн ихэнх нь өнчин эсвэл санхүүгийн боломжгүй айлын хүүхдүүд байжээ.

Туршилтанд оролцогч 22 хүүхдийн 10 нь ээрүү байсан бол 12 нь ямар ч хэл ярианы бэрхшээлгүй байсан юм. Хэл яриа нь хэвийн 12 хүүхдийг хоёр бүлэгт хуваан нэг бүлгийн хүүхдүүдэд хэл яриа нь хэвийн гэж итгүүлсэн бол нөгөө бүлэгт нь хэл ярианы бэрхшээлтэй хэмээн хэлж итгүүлжээ.

Сүүлчийн бүлгийн хүүхдүүд Жонсоны хүлээж байсанчлан "ээрүү" болоогүй бөгөөд үр дүнд нь удаан үргэлжлэх хүнд хэцүү айдастай үеийг даван туулжээ. Харин Тюдор өнчин хүүхдүүдийг асрах газарт нь буцаан өгч өөрийн хийсэн алдаагаа засахыг оролдсон боловч хожимдсон байв. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн нэг нь түүнд захидал бичиж, мангас хэмээн нэрлэжээ. Захидалд "Би чиний царайг маш сайн санаж байна. Өмнө нь бидэнд хэчнээн эелдэг хандаж байлаа. Ээж шиг минь л санагдаж байсан. Гэтэл та миний амьдралыг үгүй хийсэн" гэсэн байв.

Мангасын туршилт

2 Калифорний их сургуулийн шизофрений туршилт

1983 онд Калифорний их сургуулийн эрдэмтэд шизофрен өвчин давтагдаж байгааг олж анзаарсны үндсэн дээр судалгаа явуулжээ. Ингээд тус өвчнөөр өвдсөн олон тооны өвчтөнг судалгаандаа хамруулсан бөгөөд өвчнийг анагаах үйлчилгээтэй эмийг багасгах төдийд өвчин дахин сэдэрч байгааг тогтоосон байна. Гэвч энэхүү судалгаа тус жагсаалтад орсон шалтгаан нь судалгааныхаа үеэр эрдэмтэд эмийг нь хассанаас болж өвчтөнүүдийн өвчин ахин сэдэрч байгааг баталсан ч гэлээ тэдэнд туслахын тулд юу ч хийгээгүй аж.

Жишээ нь Антонио Ламбадрид (Antonio Lamadrid) нь тэрхүү судалгааны ажлын субъектээр олон жил судлуулсан нэгэн бөгөөд судлаачид түүний өвчин нь зүгээр болсны дараа эмийг нь багасгаж эхэлжээ. Ингэснээр тэрээр ахин өвдөж үүнээс болж Калифорний их сургуулийн барилгын дээврээс үсэрч амиа хорлосон юм.

Харин Антонио Ламбадридын үхэл сэтгэлзүйн өвчний судалгааны талаар олон асуулт дагуулан үлдсэн юм. Шүүх хурлаар Ламбадридын үхэлд их сургууль хариуцлага хүлээхгүй гэсэн шийдвэр гаргасан боловчсубъектийн туршилтыг зохицуулах талаар зөвшөөрлийн үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Калифорний их сургуулийн шизофрений туршилт

3 Бяцхан Алберт

1910 оны сүүлээр сэтгэл зүйч Жон Уатсон (John B. Watson) хүний сэтгэл зүйн хариу үйлдэл Павловын нохдынхтой ижил эсэх талаар судалгаа явуулжээ. Түүний судалгааны субъектуудын нэг нь Алберт нэртэй 9 сартай бяцхан хүү байсан бөгөөд хүүгийн хариу үйлдлийг ажиглах зорилгоор түүнд цагаан хулгана, туулай, сармагчин зэрэг амьтдыг харуулаад зогсохгүй шатаж буй сонин гэх зэрэг зүйлсийг үзүүлсэн байна. Эхлээд Альберт эдгээр объектуудын алинаас нь ч айдаггүй байсан юм.  

Харин хожим Альбертын өмнө цагаан хулгана тавьсны дараагаар судлаачид  төмөр хоолойг алхаар цохиж, чанга дуу чимээ гаргахад Альберт уйлж эхэлжээ. Дараа нь хэд хэдэн удаа энэхүү үйлдлээ давтсаны дараа бяцхан Альберт хулганыг харангуутаа шууд уйлдаг болов. Хүү зөвхөн цагаан хулгана бус түүнтэй ижил төстэй үсэрхэг, цагаан зүйлийг ч хараад уйлж байснаас болж Уатсон туршилтаа олон удаа давтах хэрэгтэй болжээ. Уатсон туршилтаа хийж дуусаад бяцхан Альбертыг тайвшруулах оролдлого хийдэггүй байсан юм. Харамсалтай нь Альберт хүү зургаан настайдаа нас барсан бөгөөд хүүгээ туршилтад оруулсны хөлсөнд 1$ авсан ээж нь юу хийснээ ухаарсан эсэхийг хэлж үл мэднэ.

Бяцхан Алберт

4 Дэлгүүрт төөрсөн нь

Сэтгэл судлалын профессор Лофтус нь санах ойн тал дээр хэд хэдэн туршилт явуулсан ба ялангуяа дурсамжийг хуурамч сэдвүүдээр өөрчилж болох эсэх тал дээр судалгаа хийжээ. Энэ нь хүчирхийлэл гэх мэт зовлонт дурсамжаа эргэн санахад нөлөөлөх байх гэж үзсэн хүмүүсийн хувьд айдас дагуулсан туршилт байсан юм.

Судалгаанд оролцогчид өөрсдийгөө хүүхэд насныхаа дурсамжийн талаарх судалгаанд оролцож байгаа гэж бодож байжээ. Харин оролцогчдод өгсөн гарын авлага дээр 3 үнэн дурсамж, хамаатан саднуудынх нь тусламжтайгаар зохиосон нэг худал дурсамжийг оруулж, оролцогчдоос тухайн дурсамжийн талаар санахгүй байна гэж хэлэх хүртлээ дэлгэрүүлэн ярихыг хүсжээ. Дараа дараагийн хэдэн долоо хоногт оролцогчидтой хийсэн ярилцлагад зохиомол болсон явдал буюу дэлгүүрт төөрч байсан гэж итгүүлэхийг оролдон, субъектууд төөрснөө сайн санаж байна гэж хэлэх хүртэл ярилцсаар байжээ. Энэхүү судалгаагаар хүнд худал дурсамжийг үнэн гэж итгүүлэхэд бодит болсноос илүү жинхэнэ мэт төөрөгдөл үүсгэх боломжтой гэдгийг баталжээ.

Дэлгүүрт төөрсөн нь

5 Гэрчийн нөлөө

Сэтгэл судлаач Биб Латан (Bibb Latane), Жон Дарли (John Darley) нар 1964 онд болсон Кити Геновесын аллагын дараа анх "гэрчийн нөлөө" гэх нэр томьёог гаргаж иржээ. Хохирогч Кити гэрийнхээ гадаа хутгалуулж нас барсан бөгөөд хэрэг болох үед үйл явдлыг харж байсан хөрш айлын 38 хүн ямар ч арга хэмжээ аваагүй байна (Гэрчүүдийн зарим нь цагдаа нартай муудалцаж, сөргөөцөлдсөн ч тохиолдол гарчээ). Үүнээс шалтгаалж судлаач Латан, Дарли хоёр гэрчүүдийг нэг талаас хариуцлагаас зугтсан эсвэл гэрчийн нөлөө буюу эргэн тойрон дахь хүмүүс хэрэгт оролцохгүй л бол асуудлаас хол байна гэсэн ойлголттой байгааг таамаглажээ.

Ингээд судлаач Латан, Дарли нар энэхүү таамгаа батлахын тулд оюутнуудыг холоос ажиглан нэгэн жүжигчнийг өмнө нь очиж татаж унаган жүжиглүүлж судалгаа явуулжээ. Судалгаагаар үйл явдал өрнөж байх үед ганцаараа байсан оюутнууд тусламж дуудах магадлал 85%, харин гэрчийн тоо нэмэгдэх тусам тусламж дуудах магадлал 62%-иас 31% болж буурсан байна. Учир нь олон хүн байх тусам хүмүүс өөр хэн нэгэнд найдан шийдмэг бус болдог ажээ. Харамсалтай нь үүнийг өөрчлөх эрдэм шинжилгээний ямар ч арга байхгүй бөгөөд аз болж зарим хүмүүс үзэл бодлынхоо ачаар ямар ч үед бусдад гар сунган тусалдаг байна. Хюго Алфредо Тэйл–Яакс (Hugo Alfredo Tale-Yax)–г аваад үзье. 2010 оны эхээр нэгэн эмэгтэй рүү хутга барьсан залуу дайрч байхыг харсан Яакс эмэгтэйг аврахаар очжээ. Тус үйл явдлын улмаас тэрээр хэд хэдэн удаа хутгалуулсан юм. Гэвч тэрээр аварсан эмэгтэй шигээ азтай байгаагүй бөгөөд гудамжинд үхлээ хүлээн цаг гаруй хэвтэж байхад нь дэргэдүүр нь хэд хэдэн хүн явж өнгөрсөн ч түүнд туслаагүй юм. Зарим нь дэргэд нь зогсоод түүнийг харж, бүр үхлийнх нь бичлэгийг хийсэн байна. Эцэст нь нэг хүн түргэн тусламж дуудсан ч ирж амжихаас өмнө Яакс амьсгал хураасан байна.

Гэрчийн нөлөө

6 Жэйн Эллиот (Jane Elliot)–ын арьс өнгөөр ялгаварлах үзлийн туршилт

Энэ жагсаалтад байгаа туршилтууд дундаас мэргэжлийн бус хүний хийсэн ганц туршилт нь Жэйн Эллиотын арьс өнгөөр ялгаварлах үзлийн судалгаа байсан бөгөөд асар их маргаан, зөрчлийг дагуулсан билээ. Багш Жэйн Эллиот нь удирдагч Мартин Лютер Кинг (Martin Luther King)-ийн аллагын дараагаар арьс өнгөөр ялгаварлах үзлийн тал дээр судалгаа хийхээр шийдэж өөрийн гуравдугаар ангийн сурагчдыг нүдний өнгөөр нь хуваан хуурмаг хичээл заажээ. Энэ туршилтаас бор нүдтэй хүүхдүүд цэнхэр нүдтэй хүүхдүүдээс илүү чадварлаг гэсэн дүгнэлт гарсан юм.

Цэнхэр нүдтэй хүүхдүүд залхуу, овсгоогүй, өөртөө итгэх итгэл багатайгаас шалтгаалж алдаа гаргаж эхэлсэн бөгөөд эсрэгээрээ бор нүдтэй хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл маш сайн байв. Эллиот туршилтаа олон удаа давтан хийсэн бөгөөд арьс өнгөөр ялгаварлах үзэлгүй, бусдыг гадаад төрхөөр нь дүгнэдэггүй сурагчид сургуульд ноёрхож эхэлсэн гэдгийг олон нийтэд зарлажээ. Гэвч тэрээр энэхүү туршилт нь цагаан арьст хүүхдүүдэд хэрцгий хандсан хэмээн шүүмжлүүлж ихээхэн асуудалд орсон юм.

Жэйн Эллиот (Jane Elliot)–ын арьс өнгөөр ялгаварлах үзлийн туршилт

7 "MK ULTRA" төсөл

АНУ-н тагнуулын төв газар хэд хэдэн сэтгэлзүйн туршилтыг санхүүжүүлж байсан бөгөөд тэдний нэг нь "MK ULTRA" төсөл юм. 1953 онд хийсэн энэхүү туршилт нь биологийн болон химийн зарим материалууд хүний байгаа байдалд хэрхэн өөрчлөлт өгөхийг судлах зорилготой байв. Гэсэн хэдий ч удалгүй судалгаа улам өргөжин тэлж, судлаачид олон мянган америк иргэдэд хууль бус эмийг туршсан байна. Хамгийн аймшигтай нь судлаачид гипноз буюу ховсын нөлөөг ашиглан хүнээр хүссэнээ хийлгэх боломж байгаа эсэхийг судалж эхэлсэн юм. Тэд үүнийг хэрхэн туршиж үзсэнийг гайхаж байна уу?

Туршилтын субъектууд ихэвчлэн хоригдол, биеэ үнэлэгчид байсан бөгөөд хамгийн аймшигтай нь тэдгээр хүмүүс эдгэршгүй өвчтэй болон үдсэн байдаг. Хөтөлбөрт оролцсоны улмаас дор хаяж хоёр хүн амь насаа алдсан бөгөөд түүнээс ч олон хүн үр дагаврыг нь амссан юм. Тус хууль бус, харгислал бүхий төслийн бодит хамрах хүрээг хэзээ ч мэдэх аргагүй бөгөөд 1977 онд олон мянган баримт бичиг устгагдсан юм. Хэд хэдэн хэрэг маргааныг үл харгалзан "MK ULTRA" төслийн ажилд хэн ч хариуцлага хүлээлгээгүй гэдэг. Энэхүү төсөл одоо ч далд хэлбэрээр явагддаг байх гэсэн таамгууд олон бий.

"MK ULTRA" төсөл

8 Стэнфордын шоронгийн туршилт

Стэнфордын шоронгийн туршилт нэг талаас гайхамшиг хэмээн нэрлэгдэж байсан ч нөгөө талаас хамгийн аюултай гэх шүүмжлэлд ч өртөж байсан юм. 

1971 онд профессор Филип Зимбардо (Philip Zimbardo) нь хуурамчаар шорон байгуулан оюутнуудыг шоронгийн харгалзагч, хоригдлын дүрд тоглуулах замаар Америкийн шоронгуудын харгислал болон засан хүмүүжүүлэх газрын амьдрах орчин нь хоригдлууд болон харгалзагчдын хувийн зан араншинд хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохоор судалж эхэлсэн юм. Ингээд 24 оролцогчийг санамсаргүйгээр сонгон хоригдол, харгалзагчийн дүрд тоглуулжээ. Хоригдолд тоглох оюутнуудыг ямар ч анхааруулгагүйгээр баривчлан, хурууны хээг нь авч, нүдийг нь боогоод шоронд хүргэж, нүцгэлэн, шоронгийн хоригдлын хувцас өмсгөн, энгэр дээр нь дугаар нааж өгчээ. Харин харгалзагчид цэргийн загвартай дүрэмт хувцас өмсөж, хар нүдний шил зүүн, шүгэл, модон бороохой авч яван, хоригдлуудыг хянахын тулд хэрэгцээтэй болгоныг хийх тушаал авчээ. Харин ганцхан цагийн дотор гэхэд л хоригдол, харгалзагчид бие биенийхээ эсрэг болж эхэлсэн юм. Харгалзагчид хоригдлуудыг шийтгэж, шоронгийн өрөөнүүдэд халдан, хоригдлуудыг шөнийн турш унтуулаагүй аж. Хоёр дахь өдөр нь хоригдлууд бослого гаргаж, өөрсдийнхөө өрөөнд ороороо хамгаалалт барьсан байв. Харин харгалзагчид тэдэнд хүч хэрэглэж, гал унтраагчаар шүршин, нүцгэлж, орнуудыг өрөөнөөс гаргажээ.

Эхний бослогын дараа хоригдлууд илүү хүлцэнгүй болж эсрэгээрээ хамгаалагчдын түрэмгийлэл нэмэгдсэн байна. Туршилт хоёр долоо хоног үргэлжлэх ёстой байсан боловч эхэлснээсээ 5 хоногийн дараа гэхэд судалгаанд оролцож буй хүмүүсийн зан байдал эрс өөрчлөгдөж, биеийн гэмтэл бэртэл, удаан хугацааны харгислалаас үүдсэн сэтгэл санааны хохирлоос болон судалгааг зогсоожээ.

Стэнфордын шоронгийн туршилт

9 Дээрэмчдийн агуйн туршилт

1954 онд сэтгэл зүйч Музафер Шериф (Muzafer Sherif) тэс өөр үзэл бодол бүхий хоёр бүлэг хүмүүсийг нийтийн аюул заналын эсрэг "хамтдаа" тэмцэж болох талаар судалгаа явуулжээ. Түүний эхний туршилт амжилтгүй болсон бөгөөд тэрээр туршилтаа ахин явуулж хоёр бүлэг хөвгүүдийг бэлтгэж нэгэн тэмцээн зохиож өрсөлдүүлсэн байна. Гэтэл нэг бүлгийнхэн булхайцаж эхэлснээс зөрчил хурцдаж, хөвгүүд илүү түрэмгий болж, бусдынхаа майхан руу дайрч, нэгнийхээ өмч хөрөнгийг хулгайлж, өрсөлдөгчөө сүрдүүлж эхлэв. Харин энэ үед судлаач ойд гал тавин өөрөө юу ч хийлгүй хөвгүүдийн яахыг ажиглахаар шийдсэн байна. Гэтэл гайхмаар үр дүн гарч хөвгүүд өрсөлдөөнөө умартан ойд дэгдсэн галыг унтраахаар нэгдэж ажиллажээ. Гэвч туршилт хийж буй шалтгаанаар 22 хүүг ойн түймэрт хамгаалалтгүй оруулсан нь хожим ихээхэн маргаан дагуулсан юм.

Дээрэмчдийн агуйн туршилт

10 Милграмын туршилт

1960–аад оны эхэнд Стэнли Милграм (Stanley Milgram)–н явуулсан туршилт нь хамгийн алдартай сэтгэлзүйн туршилтад зүй ёсоор тооцогддог билээ. Тухайн үед хуучин нацистуудын хэргийг авч хэлэлцсэн Нюрембэрг (Nuremberg Trials)-ийн шүүхийн үеэр хэрэгтнүүд зөвхөн тушаал биелүүлсэн хэмээн мэдүүлж байсныг үзсэнийхээ дараа тэрээр эрх мэдэлд захирагдах болон хувь хүний зөв, буруу бодлын хил хязгаарын талаарх судалгаа явуулахаар шийджээ.

Хүн бусдын өгсөн тушаалыг биелүүлэн хаа хүрч, юу хийж чадахыг харах түүнд сонирхолтой байсан гэдэг. Бусдыг гэмтээж бэртээх байсан ч тушаалыг биелүүлсээр байх уу? 

Туршилтад оролцогч субъект-ууд туршилтад оролцох хамтрагчтайгаа танилцаад хэн нь багш, хэн нь сурагч болохыг сонгов. Багш нар сурагчдад хэд хэдэн асуултыг унших даалгавар өгөв. Энэ үед сурагч болон багш болж буй туршуулагчид өөр өөр өрөөнд байх агаад багш цахилгаан сандал дээр сууж сурагчдын хариулсан буруу хариулт бүрт 15-450 вольтын тогонд цохиулж байжээ.

Туршилтад оролцсон бүх хүмүүс 300 вольт хүртэл тогонд цохиулж байсан ба тэдний гуравны хоёр нь 450 вольт буюу маш аюултай түвшин хүртлээ явсан юм. Эцэст нь Милграмын дүгнэлтээр тушаалыг дагаж буй хүнийг өөрийнх нь ухамсар, зөв буруугийн талаар үзэл бодол зогсоох ёстой гэж үзсэн байна. Хэрэв багшийг тогонд цохиулж байгааг мэдсээр байж "би энэ асуултад хариулахаас татгалзаж байна" гэж хэлж чадахгүй байгаа бол тухайн хүн, хүн бус робот мэт тушаал биелүүлэгч машинтай адил гэжээ.

Милграмын туршилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()