1
Калифорни дахь Форт-Росс
1812 онд Калифорни мужийн хойд эрэгт Форт-Росс хэмээх суурин байгуулагдаж байв. Энэхүү сууринг босгох газрыг Оросууд нутгийн Индианчуудтай ердөө хоёр сүх, гурван хос өмд, хүзүүний зүүлт зэргээр наймаалцан авсан гэдэг.
Тус сууринд эхэндээ нутгийн уугуул 90, Орос улсын 25 иргэн оршин суудаг байснаа хожим 260 гаруй хүн амьдрах болсон юм. Харин Оросууд колонлогч болохынхоо хувиар энэ газарт ан амьтан агнаж, газар тариалан эрхэлж, хэдэн арван тээрэм зэргийг байгуулан суурьшиж байв. Түүнчлэн Оросууд дан ганц хөдөө аж ахуй эрхлээд зогсохгүй Форт-Россын нутгийн иргэдийг өөрийн шашинд итгүүлэн, сэнхрүүлэх зэрэг үйлийг ч хийдэг байжээ.
Оросуудын хувьд ашигтай байрлал, хөрсний шим сайтай зэрэг олон давуу талтай Форт-Россын нутагт амьдрахад маш таатай байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар 1941 онд эргүүлэн нутгийн фермер Жон Саттерт худалдсан байна.
2
Хавай дахь гурван цайз
Хамгийн анх 1804 онд Оросын Крузенштерг, Лисянский нараар удирдуулсан хөлөг онгоц Хавайн аралд очиж байв. Диваажин мэт сайхан газар харсан хөлгийн ахмадууд Хавай бол суурин газар байгуулахад хамгийн тохиромжтой газар гэж үзсэн байна. Ингээд 1815 онд Георг Антон Шеффер тэргүүтэй шинэ экспедиц Хавайд очиж арлын удирдагчтай тохиролцсоноор арал бүхэлдээ Оросуудын ивээлд орсон юм. Ингээд тэдний хамгийн эхэнд өөрчилсөн зүйл бол нутгийн Ханапепе голын нэрийг Дон болгон өөрчилсөн явдал байв.
Хоёр жилийн дараа гэхэд Кауаи (Kauai) арал дээр дахин өөр шинэ экспедиц бууж тэндээ гурван ч том цайз барин, тэр үеийн эзэн хаан, түүний гэргий, аугаа жанжин Барклай-де-Толлийн нэрээр нэрлэсэн байдаг. Гэтэл Оросуудын колоничлол удсангүй. Учир нь Оросын талын цэргүүд Хавайн уугуул иргэдтэй зэвсэгт мөргөлдөөнтэй учирч эхэлсэн юм. Үүний зэрэгцээ Оросын эзэн хаан Александр I энэхүү эзэмшил газрыг хэтэрхий ашиггүй гэж үзээд орхин явах тушаал гаргасан байдаг. Ингээд 1817 онд Оросын колоничлогчид тугаа буулган цайзыг орхижээ.
3
Африкийн эрэг дээрх колони
1888 онд 150 Казак хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хөлөг онгоц гэгээнтэн Ашиновын удирдлага доор Францын эзэмшлийн нутаг болох Сомалид очсон байна. Нэг жилийн дотор тэд нутгийн гүн рүү нэвтрэн орж Францын эзэмшилд байдаг ч хаягдан, орхигдоод байсан Сагалло боомтыг эзлэн авсан юм. Ингэж эзлэх явцдаа ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй Ашинов тэрхүү боомтоо "Шинэ Москва" хэмээн нэрлэсэн гэдэг. Улмаар тухайн газар нутгийн ойр орчмын 100 миль газрыг Оросын эзэмшил нутаг хэмээн зарласан юм.
Ингээд хэсэг хугацааны дараа тус нутаг дахь Францын эрх баригчид Оросоос ирсэн урилгагүй зочидтой маргаан үүсгэж эхэлсэн юм. Энхийн замаар хэлэлцээрт хүрэх гээд чадаагүй учир Францын эрх баригчид Оросын хаант засагт өргөх бичиг барьснаар тухайн асуудал эзэн хааны сонорт хүрсэн байна. Ингээд Александр III зарлиг гаргаж Казахууд болон түүний удирдагч Ашинов нарыг хүч хэрэглэн хөөн гаргах зарлиг гаргаснаар Казахууд Африкийн эргийг орхисон юм.
4
Газар дундын тэнгис дэх арал
Орос, Туркийн дайны дундуур оросын цэргүүд Газар дундын тэнгис дэх Грекийн мэдэлд байсан Киклад (Cyclades) арлыг эзэлжээ. Ингээд Оросууд тэрхүү арлаа Бейрут хот хэмээн нэрлэн бүтэн нэг жил эзэмшилдээ байлгасан юм.
Ингээд 24 жилийн дараа Оросын цэргүүд дахин Ионийн хэд хэдэн арлыг эзэлж, дараа нь Грекийн Парга хотод орсон юм. Тэдгээр газар нутгууд бүгд Оросын мэдэлд байсан ч колоничлол нь нэг жилээс хэтрээгүй юм.
5
Германы Йевер хот
Германы тансаг зэрэглэлийн Йевер хот 20 гаруй жил Оросын эзэнт гүрний мэдэлд байжээ. Их хатан Екатерина 1793 онд өөрийн дээд өвгөөс энэхүү газар нутгийг өвлөн авсан бөгөөд хууль ёсоор Оросын газар нутаг хэмээн тооцогдож байв. Гэтэл 1807 онд Францын Наполеоны цэргүүд хотыг эзлэн авах оролдлого хийж эхэлсэн юм. Хэд хэдэн оролдлогын дараа Оросууд тус газар нутгийг эргүүлэн авсан бөгөөд 1918 онд Александр I тус хотыг немцийн герцог Ольденбургийн эзэмшилд эргүүлэн өгтөл 100 гаруй жил колонидоо байлгажээ.