Дэлхийн дээрх алдартай барилга байгууламжууд яагаад хазайдаг вэ?

2018-10-01, 15:00
6,202

Барилгын архитектур гэдэг тухайн цаг үеийнхээ илрэл болдог. Тэгэхээр барилга болгон өөрийн гэсэн онцгой шинж, бүтэц, хэлбэртэй байна гэсэн үг. Жишээлбэл, Италийн Пиза хот хазгай цамхгаараа алдартай. Сонирхолтой нь, энэ нь дэлхийд цорын ганц хазгай цамхаг биш аж. Дэлхийн эргэн тойронд Пизагаас ч хазгай хийгээд илүү гайхалтай түүх бүхий цамхгууд бишгүй байдаг юм. 

Дэлхийн дээрх алдартай барилга байгууламжууд яагаад хазайдаг вэ?

1 Жамийн цамхаг (Jam Minaret) - Гор хот, Иран

1194 онд баригдсан 65 метр өндөртэй Жам цамхаг нь тэнхлэгээсээ 3.47 хэмээр буюу Пизагийн цамхгаас арай бага хазайлттай байдаг. Гэхдээ Пизагийнхаас 9 метрээр өндөр, мөн нэгэн зууны урьд баригдсан ажээ.

Цамхгийг тухайн үед Иранаас Бенгал хүртэлх нутагт оршин сууж байсан Гуридчүүд барьжээ. Гуридийн эзэнт улсын нийслэлийг “Номин уул” буюу Фирозко (Firozkoh) гэдэг байж. Хот яг хаана байрлаж байсан нь түүхийн уртад мартагдсан ч ихэнх хүмүүс уг цамхгийн орчимд байсан гэж үздэг юм.

Энэ цамхгийн суурь тааруу, чийг ихээр нэвчсэнээс болж байгууламж хазайжээ. Цамхаг уулын аманд, хэсэгхэн тэгш газар дээр баригдсан бөгөөд хоёр голын бэлчир хажууханд нь байдаг. Бөглүү газар тул цамхгийг хүмүүс тийм ч сайн мэддэггүй аж. Очиж үзье гэвэл чулуурхаг замаар 12 цагийн турш явах шаардлага гарна. Дээр үед энэ замаар дээрэмчид дүүрэн байдаг байсан бол одоо Талибанчууд мэдэлдээ авчээ.

Жамийн цамхаг (Jam Minaret) - Гор хот, Иран

2 Аль-Нури сүмийн хазгай цамхаг (Al-Nuri Minaret) - Мосул хот, Ирак

Аль-Нуригийн сүм 1172 онд өнөөгийн Мосул, Алеппо орчмыг захирч байсан Нур аль-Дин Махмуд Зангийн (Nur al-Din Mahmoud Zangi) тушаалаар баригджээ. Махмуд Занги нь Загалмайтнуудын эсрэг аян дайн өрнүүлж, тэдний мэдэлд байсан Дамаск хотыг булаан эзэлж байснаараа алдартай.

Сүмийг нь нураасан ч сүүлд нь дахин барьсан аж. Гэхдээ эхний сүмээс Аль-Хадба (Al-Hadba) буюу “Бөгтөр” хэмээх 45 метр өндөр цамхаг нь үлдэж хоцорчээ. “Бөгтөр” хэзээнээс, яагаад хазайж эхэлсэн шалтгаан тодорхойгүй ч XIV-р зууны үед илэрхий хазгай болчихсон байсан нь үнэн юм. Ардын аман яриагаар бол зөнч Мухаммед орой дээгүүр нь нисэж, диваажин руу одоход цамхаг хазайсан гэдэг. Харин цамхгийн ханын шаваас тааруухан байсан, эсвэл хүчтэй салхи, хурц нарны илчинд нэг талын тоосго нь элэгдэж муудсан гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарууд бий.

Иран Ирак хоорондын дайны үед Мосулыг бөмбөгдсөн нь хотын газар доорх суваг хоолойнуудыг ихээр сүйтгэж, алдагдсан ус цамхгийн суурийг гэмтээн хазайлтыг нь улам нэмжээ.

2012 онд ЮНЕСКО-оос “Бөгтөр” нурж унах аюулд орсныг анхааруулсан юм. Гэвч үүнийг засах арга хэмжээ удтал үргэлжилсэнгүй, 2017 онд Исламын улс бүлэглэл Иракийн армийн давшилтыг зогсоохын тулд цамхгийг дэлбэлж орхисон юм.

Аль-Нури сүмийн хазгай цамхаг (Al-Nuri Minaret) - Мосул хот, Ирак

3 Зурхузений хазгай цамхаг (Suurhusen) - Герман

Тэнхлэгээсээ 5.19 хэм хазайсан Зурхузений цамхаг Гиннесийн номонд дэлхийн хамгийн их хазайлттай байгууламж болгон бичигджээ. Харьцуулбал Пизагийн цамхаг 3.99 хэмийн хазайлттай байдаг аж.

Зурхузений уг цамхаг нь дундад зууны үед баригдсан сүмийн нэг хэсэг юм. Байрласан газар нь ихээхэн намагтай байсан учир барилгачдад доор нь царс мод дэвсэж сүмийн суурийг тавих шаардлага гарчээ. Барилга удаан хугацааны турш тогтвортой байсан боловч XVIII-р зууны үед тус газрын намаг ширгэж, суурь мод нь хатсанаар цамхаг хазайж эхэлжээ.

Хожим 1970-аад онд сүмийн барилга тун эгзэгтэй байдалд орж, хүмүүс юу юугүй нурах нь гэж бодоцгоов. Засгийн газраас сүмийг нураах шийдвэр гарсан ч нутгийнхан эсэргүүцсэнээр байгууламж иймэрхүү байдалтай өнөөдрийг хүрчээ. Сүм болон цамхгийг олны сүсэглэлийн зорилгоор ашиглахаа больж, зөвхөн жуулчдад үзүүлэх болсон юм. Ирсэн хүмүүс сүм рүү орох, тэр байтугай ойрхон очих хориотой байдаг аж.

Зурхузений хазгай цамхаг (Suurhusen) - Герман

4 Сарагосагийн хазгай цамхаг (Zaragoza) - Испани

80 метр өндөр Сарагосагийн хазгай цамхаг нь 1504 онд баригдсан даруйдаа хазайж эхлэжээ. Барилгын ажлыг хэт яаруу хийснээс чанар муу болсон байх талтай. Тийм боловч уг цамхаг Пизагаас дутахааргүй алдартай.

Өдөр ирэх тусам цамхаг улам хазайсаар байсан бөгөөд 1878 онд Сарагоса хотын зөвлөл цамхгийн оройноос хасан хөнгөлж тэгшлэх арга хэмжээ авсан ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ингээд иргэдийн аюулгүй байдлын үүднээс хотын зөвлөл 1892 онд цамхгийг нураажээ.

Сарагосагийн хазгай цамхаг (Zaragoza) - Испани

5 Бад Франкенхаузений хазгай цамхаг (Bad Frankenhausen) - Герман

Бад Франкенхаузений сүмийн 56 метр өндөр, шовх оройт энэхүү цамхаг нь 1640 оноос эхлэн хазайсан аж. Тус нутгийн газрын гадаргын хэлбэр цамхгийн хазайлтад нөлөөлсөн байна.

Ойролцоогоор 250 сая жилийн өмнө Бад Франкенхаузен нь тэр чигтээ далай доор байжээ. Дахиад хэдэн сая жилийн дараа далайн ус татарч, тус бүс нутгийн хөрсөн доор давсан хучлага үлдээжээ. 95 сая жилийн өмнө Киффхаузерийн толгод үүссэнээр, газар доорх усны судлууд бий болж давсан хучлага уусан алга болсон байна. Ингэснээр Бад Франкенхаузен орчмын газар доор хагарал үүсэж, гадаргын хэлбэр байнга өөрчлөгдөх болсон нь хожим баригдсан сүмийн цамхагт нөлөөлсөн юм.

Барилга нурж унах аюулд орсон тул Бад Франкенхаузен хотын зөвлөл анхааралдаа авч, цамхгийг тэгшлэх төсөл шалгаруулж эхлээд байгаа аж.

Бад Франкенхаузений хазгай цамхаг (Bad Frankenhausen) - Герман

6 Телук Интаний хазгай цамхаг (Teluk Intan) - Малайз

Телук Интаний хазгай цамхаг 1885 онд баригджээ. Эхэндээ Телук Интан хотын иргэдийн ундны усыг нөөцлөх зориулалттай байсан бөгөөд сүүлд нь дахин өндөрлөж, нүүрэн тал дээр нь том цаг байрлуулсан байна. Тус байгууламж хятад хэв маягаар баригдсан нь тэр үеийн хотын оршин суугчид ихэнхдээ хятадууд байсан, мөн ерөнхий инженер нь хятад хүн байсантай холбоотой юм.

Мод, тоосгоор барьсан их биеийн тэсвэр тийм их усыг агуулахад хангалтгүй байснаас гадна суурийн хөрс хэт зөөлөн байсан нь цамхаг зүүн тийшээ хазайхад нөлөөлөв.

Телук Интаний хазгай цамхаг (Teluk Intan)  - Малайз

7 Дюэ Торри (Due Torri) - Болонья хот, Итали

Азинелли (Asinelli) болон Гаризенда (Garisenda) нэртэй хоёр хазгай цамхгийг италичууд Дюэ Торри (Хоёр цамхаг) гэж нэрлэдэг. Хоёулаа Пизагийн цамхгаас илүү хазайлттай.

Цамхагуудыг XII-р зуунд барьж, захиалга өгч, зардлыг нь гаргасан гэр бүлийнхний нэрээр цамхгийг нэрлэжээ. Тухайн үед Болоньягийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байсан юм. Пап ламыг дагадаг Гвельфүүд (Guelph) болон Ариун Ромын эзэнт гүрнийг дэмждэг Жибеллин (Ghibelline) нар хоорондоо сөргөлдөж, хот үндсэндээ хоёр хуваагдсан аж. Ингээд чинээлэг иргэд эзэмшил нутгаа хамгаалахын тулд дор бүртээ цайз барьж, цамхаг босгож эхэлжээ. Гэвч тэдгээрийн дундаас хазгай Азинелли, Гаризенда цамхгууд л онцгойрч үлдсэн байна.

Дюэ Торри (Due Torri) - Болонья хот, Итали

8 Ху Жу суварга (Huzhu) - Шанхай хот, Хятад

1079 онд Жоу Венда хэмээх цэргийн захирагч өөрт нь Сүн улсын хаан Гао Цзуны бэлэглэсэн Буддын дүртэй таван баримлыг залахын тулд энэхүү Ху Жу суваргыг бариулжээ. 1788 онд нэгэн баярын үеэр хийсэн галын наадмаас болж суваргад гал гарснаар байгууламж хазайж эхэлжээ. Мөн XIX-р зуунд суваргын доор алт булсан гэсэн цуу ярианд итгэсэн тосгоны иргэд ёроолд нь нүх ухсанаар цамхаг улам хазайх болов.

Гэмтэл ихээр учирсан, нэлээн хазайсан ч гэсэн Ху Жу суварга нурж унах аюулд огт орж байсангүй. Тиймээс ч “1000 жил унаагүй цамхаг” нэрийг авчээ. 

Ху Жу суварга (Huzhu) - Шанхай хот, Хятад

9 Олдехове цамхаг (Oldehove) - Леуварден хот, Нидерланд

Олдехове цамхгийг 1529 онд барьж эхэлсэн ч 1533 онд цамхаг хазайж эхэлсэн тул барилгын ажлыг зогсоож, дутуу чигээр нь үлдээн өнөөдрийг хүргэжээ. Барилгачид барилгын ханыг нуруулж хазгайг нь засахыг оролдсон ч бүтээгүй байна.

Олдеховег 120 метр өндөр байхаар төлөвлөсөн ч ердөө 48 метр дээр барилгын ажил зогссон байна. Үүнээс хойш цамхгийг дэлгүүр болон ажиглалтын цэгийн зорилгоор ашиглаж иржээ. Өнөөдөр Олдехове жуулчдын очиж үзэх гол цэг болсон байна.

Олдехове цамхаг (Oldehove) - Леуварден хот, Нидерланд

10 Торуны хазгай цамхаг (Torun) - Польш

Торуны хазгай цамхгийг XIV-р зуунд хотын хана хэрмийн нэг хэсэг болгон босгожээ. Цамхаг гурван ханатай, дээш нь сум, зэвсэг зөөхөд амар байлгахын тулд нэг талыг нь зориуд ханагүй үлдээжээ. Дундад зууны үеэс цамхаг хазайж эхэлсэн байна. Үнэндээ суурийн хөрс элс ихтэй байсан тул хазайлт өгчээ.

Харин ард иргэдийн дунд цамхаг хазайсантай холбоотой элдэв домог ам дамжин яригдах болжээ. Жишээлбэл, Польшийн нэрт эрдэмтэн Коперник бурхныг эсэргүүцсэн тул тэнгэр хилэгнэж цамхгийг хазайлгасан. Эсвэл журамт баатар эр нэгэн бүсгүйд дурласнаас болж эртний ёсыг зөрчин, хааны ордноос түүнд шийтгэл болгож хазгай цамхаг өөрийн биеэр нь бариулах тушаал өгсөн гэдэг.

Тус цамхгийг XVIII-р зуунд хотын хэрэмнээс салгаж, дөрөв дэх ханыг нэмж барин эмэгтэйчүүдийн гяндан болгожээ. Дараа нь бууны үйлдвэр, сүүлдээ орон сууц болжээ. Өнөөдөр энэ цамхагт уушийн газар болон тус хотын соёлын институц байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Торуны хазгай цамхаг (Torun) -  Польш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()