Энэ нь ч худал зүйл биш юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Японд нойргүйдэлд автсан хүмүүс харьцангуй их байдаг. Нэгэн судалгаагаар япончууд хоногт дунджаар зургаан цаг 35 минут унтдаг гэж гарчээ. Тийм ч болохоор тэдний ихэнх нь ажилдаа явахдаа юм уу, ажил дээрээ, цэцэрлэгт хүрээлэнд, номын дэлгүүрт, худалдааны төвд, бүр олон нийтийн газарт ч унтаж байдаг байна. Энэ нь ч сүүлдээ түгээмэл хэвшил болон япончуудын дунд “инемури” буюу “гүн нойрон дундаа” гэсэн нэр томьёог бий болгожээ.
Японы соёлыг судалдаг Кембрижийн их сургуулийн доктор Брижит Стижер бол “Инемури”-гийн тухай хамгийн сайн мэдэх хүн.
Тэрээр: “1980-аад оны сүүлчээр Японд анх очихдоо ийм сонин үзэгдэлтэй таарч билээ. Тухайн үед өнөөх "эдийн засгийн хөөсрөл” ид өрнөж, ер бусын бужигнаантай, өдөр тутмын амьдрал тайван бус үе байсан л даа. Хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийх, найз нөхөдтэйгөө болзох үед үргэлж нойрмог улстай таардаг байсан” хэмээн дурсжээ.
Эдийн засгийн эрчимтэй үеийн дараах тэр жилүүдэд ажилсаг япончууд бараг л унталгүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажиллан гэртэй харих замдаа нийтийн тээвэр дотор унтацгаадаг болсон байв. Даалгавраа хийсээр оройтож орондоо орсон сурагч, оюутнууд ч мөн адил маргааш нь хичээл дээрээ нойроо авч байв. Ингээд л уулзалт, хэлэлцээрийн үед, ажил, хичээл дээрээ юм уу олон нийтийн газар унтах нь түгээмэл болж эцэстээ бүр Японы соёл болсон байна.
Гэхдээ “инемура”-д бас өөрийн дүрэм бий. “Ер нь чи хэн бэ гэдгээс л бүх зүйл шалтгаална. Хэрэв та шинэ ажилтан бол унтах ёсгүй. Харин ч маш идэвхтэй, бүтээлч ажиллах ёстой. Харин 40-өөс дээш настай бол та ажил дээрээ унтаж болно. Үүнийг хэн ч хориглохгүй. Өөрөөр хэлбэл таны албан тушаал хэдий өндөр байна төдий чинээ унтаж болно гэсэн үг” хэмээн япон судлаач доктор Стижер хэлжээ.
Өөр нэг чухал зүйл бий. “Хүний тархи амарч байлаа ч гэсэн, хэрэгтэй цагт шаардлагатай чухал мэдээллийг хүлээн авах чадвартай байх ёстой. Та ямар нэг уулзалтын үед энэхүү чадварт шилжиж болохуйц байрлалаар унтах ёстойгоос биш ширээн дор ч юм уу, өөр хаа хамаагүй газар унтах ёсгүй. Та унтаж байхдаа яг л бүх зүйлийг анхааралтай сонсож байгаа мэт, зөвхөн толгойгоо эгц байрлалтайгаар унтах ёстой аж.
Бусад орнуудад ч мөн адил "инемура" соёлын төрөл садан гэж хэлж болохоор ажил дээр нойроо авах заншил байдаг байна. Испанид өдрийн хоолны дараа чимх нойр авдаг "сиеста" гэж, Италид 2-3 цагт багтаан хүмүүсийг унтаж амрахад зориулсан өдрийн амралт "рипоза" гэж байдаг байна.
Сүүлийн жилүүдэд ажил дээр унтахыг Google, Apple, Nike, BASF, Opel, The Huffington Post и Proctor & Gamble зэрэг манай гаригийн томоохон ажил олгогчид дэмждэг болсон байна. Тэд өдөр унтах хүсэлтэй ажилчдад зориулан унтлагын тусгай өрөө, бүхээг байрлуулдаг болсон гэнэ.