Баялгийн хараал хүрсэн Сомали улсын бодит дүр төрх

2018-08-29, 11:22
7,552

Төмөр, зэс, нефть, уран гээд байгалийн баялаг, дээр нь газар зүйн байрлал бол аль ч улс орны хөгжлийн, ард түмний сайн сайхан амьдралын гол боломж. Харамсалтай нь Сомалийн хувьд энэ бүхэн нь жинхэнэ там болон хувирч, эдийн засаг нь сүйрч, улс орон нь засаглалгүй болж, иргэд нь өлсөж, хүчирхийлэл, үхэл хагацал нүүрлэн тогтворгүй байдал бий болгоход хүргэсэн юм.

Баялгийн хараал хүрсэн Сомали улсын бодит дүр төрх

Сомали бол зүүн хойд Африкийн Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс юм. 637.6 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 10 орчим сая хүн амтай. Сомалийн Төв банкны мэдээлснээр тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2012 онд дөнгөж 226 доллар болж хүн амын 43 хувь нь өдөрт нэг доллар хүрэхтэй үгүйтэй мөнгөөр амь зууж байна. Ийм хүмүүсийн 24 хувь нь хот суурин газарт, 54 хувь нь хөдөө амьдарч буй юм. Тус улсын энэ нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн барууны орнуудын оролдлого нь сомаличуудыг зэвсэгт дайчидтайгаа л тэврэлдэхэд хүргэж байна. Дотоодын зөрчил үймээнээ зогсоохыг Засгийн газар нь оролдохоо бүр больж, харин ч тэр хэвээр нь байлгаж барууны орнуудаас мөнгө салгахыг эрмэлзэж байна. 

 

1 "Сомалийн нөхцөл байдлыг хэвийн болгохыг оролдох нь гахай угаахтай л адил"

“Сомалийн нөхцөл байдлыг хэвийн болгохыг оролдох нь гахай угаахтай л адил. Гахайг хэчнээн угаасан ч тэр улам л балиар болдог шүү дээ” гэж хөрш Угандагийн хурандаа "Foreign Policy" хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ. Тэр бас Сомалийг Афганистанд болсон үйл явдалтай харьцуулан “Эвслийнхэн Афганыг орхихтой зэрэг л “Талибаны дайчид бүхнийг гартаа оруулсан. Сомалид өнөөдөр яг тийм л байна” гэжээ. 
Өнөөдөр үнэндээ Сомалид нэгдсэн нэг улс гэж байхгүй. Сиад Баррегийн дэглэмийн дараа улс орон сүйрч өөр өөрийн удирдагчтай бие даасан тэгсэн хэрнээ хэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Яг л  Пунтленд, Сомалиленд, Азания болон бусад шиг хагас улс болон хуваагдсан. Улмаар улс орон иргэний дайны ангалд татагдан орох нь тэр. Омог хоорондын зөрчил нь улам дэвэрч бүр аймшигт цэргийн мөргөлдөөн болж өдөр бүрий хэдэн арван хүний аминд хүрч байна. Хүний эрхийн "Transparency International" байгууллага Сомалийг манай гариг дээр сүүлийн 11 жилд хамгийн их авлигажсан улс боллоо хэмээн саяхан мэдээллээ. 

"Сомалийн нөхцөл байдлыг хэвийн болгохыг оролдох нь гахай угаахтай л адил"

2 Арми ч үгүй, флот ч үгүй

Улс орон тарж бутарсан нь тус улс олон омог үндэстэнтэй, нөгөө талаар өнгөрсөн үеийн колонийн системтэй холбоотой. Тэр цагт Итали, Англи, Францын колони байсан Сомалийн омгууд өдгөө байнга л засгийн эрхийн төлөө тэмцэлдэх болжээ. Нүүдэлчид нь ч ус, бэлчээр, малын төлөө байнга шөргөөцөлдөнө. Дотоодын энэ самуун, зөрчилдөөн нь өөрсдөд нь бүү хэл хөрш Этиоп, Эритреи улсуудад ч байнга гай болно. 
1960 онд Сомали тусгаар тогтнохдоо Италийн Сомали, Британийн Сомалиленд  хоёрыг хэлбэрийн хувьд нэгтгэсэн юм байна. Эхний 10 жилд энэ улс тогтвортой, цэцэглэн хөгжиж байж. Британичууд сомаличуудыг Байдабо дахь өөрсдийнхөө төвд сурган дасгалжуулж байлаа. Тэр үед Сомали яг л Этиоп шиг Зөвлөлт холбоот улсын ашиг сонирхлын хүрээнд байлаа. Москвагийн дэмжлэгээр энд цэргийн академи бий болж “Африкийн арслангууд” нэртэй нэгдсэн арми ч бий боллоо.
Африкийн ах дүү бүгд найрамдах улсад эдийн засгийн болон техникийн тусламж ирсээр байв. Зөвлөлтийн тэнгисийн цэрэг эндхийн Берберед өөрийн баазаа байгууллаа. Сомалийн газар нутгийн давуу байдлын төлөөх сонирхол өссөөр байлаа. Гэтэл Сомали хөрш Кени, Этиоп, Жибути зэрэг орнууддаа дарамт үзүүлж эхлэв. 

Арми ч үгүй, флот ч үгүй

3 Босогчдын дайнд нэрвэгдсэн Сомали

1977 онд Сомали Африкийн эрэг дэх Зөвлөлтийн хоёр дахь гол холбоотон Этиоп руу  довтоллоо. Тэр нь ердөө л сомаличууд дийлэнх суудаг Огаден мужийг нь өөртөө нэгтгэх гэсэн сонирхол байсан юм. Москвагийн хувьд сөргөлдөгч хоёр талын алийг нь дэмжихээ сонгох хэрэгтэй боллоо. Этиопийн Засгийн газар илүү найдвартай, тогтвортой байлаа. Ингээд Зөвлөлтийн зэвсэг, Кубын сайн дурынхнаар дэмжүүлсэн Этиопийн арми Сомалийн цэргийг бут цохих нь тэр. 
Энэ дайн 1980-аад оны эдийн засаг, улс төрийн хямралыг дагуулж Сомали босогчдын дайнд нэрвэгдэж эхэллээ. Зөвлөлтийн чигтэй Ерөнхийлөгч Мохаммед Сиад Баррег түлхэн унагаж улс орон эмх замбараагүй болов. Зөвхөн Йемен рүү гэхэд л 50 мянга гаруй хүн дүрвэн гарчээ. 
Цэргийн дэглэм унаж 10 жил өнгөрөөд байхад иргэний дайн, гадаадын оролцооны дүнд Сомалийн цэргийнхэнд мөнгө ч, тэр бүү хэл радио холбоо, тоног төхөөрөмж ч байхгүй болов. Цэргүүд нь хаанаас хэн ч хянаж болох өөрийн гар утсаараа холбоо барьж, тэр ч байтугай хувцас хэрэглэл ч үгүй болсон олонх нь энгийн хувцас, богино өмд, углааш гуталтай  л явж байна. 

Босогчдын дайнд нэрвэгдсэн Сомали

4 Үндэсний армигүй ч...

Олон улс орон Сомалид байнгын арми байгуулахад нь туслах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч тус улс өнөөдөр үндэсний армигүй л байна. Турк, Катар улс цэргийн академиа тэнд байгуулсан. Арабын нэгдсэн Эмират улс сомаличуудыг сургах бэлтгэлийн бааз нээсэн ч энэ оны дөрөвдүгээр сард хаагдсан юм. Египет, Судан улс сомали цэргүүдийн бэлтгэлийг хангах сургалт хэдийнэ зохион байгуулаад эхэлсэн. Мөн Их Британичууд нийслэл Могадишогоос өмнө зүгт байх Байдабо дахь өөрийн цэргийн бааздаа Сомалийн цэргүүдийг сургаж байгаа бол америкчууд Бейлдоглын агаарын цэргийн бааздаа цэргүүдийн бэлтгэлийг хангаж байгаа юм. Америкчууд тус улсад хүнс, түлш нийлүүлж байсан ч Сомалид авлига хэт цэцэглэснээс болж өнгөрсөн арванхоёрдугаар сард энэ хангамжаа зогсооход хүрчээ. 
“Барууны орнууд дэлхийн хамгийн хэцүү гурван арми болох Ирак, Афган, Сомалийн армийн дайчдыг дасгалжуулж сургадаг” гэж Норвегийн их сургуулийн эрдэмтэн Стиг Йарле Хансены хэлснийг "Foreign Policy" иш татжээ. Сомалийн зэвсэгт хүчинд алба хааж байгаад  халагдсан 48 настай эр "Сомаличууд маш муу зэвсэглэсэн, бас зохион байгуулалт муутай" гэж дурсан ярьжээ. 

Үндэсний армигүй ч...

5 Одоо тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

Сомалийн аюулгүй байдалд нөлөөлж буй хамгийн гол дайснуудынх нь нэг нь “Аш-Шабаб” зэвсэгт бүлэглэл юм. Алан хядагчид Засгийн газар, ард иргэдтэй байнга зөрчилдөж тэднийг нэг нэгнээс нь салгахыг эрмэлзэж байна. “Аш-Шабабын зэвсэгт дайчид хэдийнэ бэхжээд, тэр ч байтугай Засгийн газарт хүртэл гар хөлөө шургуулаад амжжээ. Энэ нь улс орны аюулгүй байдалд аюул занал учруулж байна” гэж Дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн байсан Абдулазиз Али Ибрагим хэлснийг "France Press" дамжуулсан байна. Түүнийхээр бол орон нутгийн яамдын ажилтнууд, тэр бүү хэл олон улсын нийгэмлэгийн төлөөлөгчид ч улс төрийн өрсөлдөгчдөө айлгахын тулд “Аш-Шабаб”-ын дайчдыг хөлсөлдөг гэнэ. 

2017 оны нэгдүгээр сард "Аш-Шабаб"-ын зэвсэгт дайчид парламентын гишүүд байрлаж байсан "Могадишогийн Dayah" зочид буудалд халдаж 28 хүний аминд хүрч, 50 хүнийг шархдуулсан хэрэг гарч байв. 
“Африкийн холбооны энхийг сахиулах хүчин 2007 оноос тэнд ажиллаж байгаа ч “Аш-Шабаб”-ыг устгаж чадаагүй, харин ч зэвсэгт хүчний цэргүүд нь өдий олон жил чадваргүй хэвээр үлдсэн. Тэр бүү хэл алан хядагчдынг дэмждэггүй боловсролтой сомаличууд ч энэ эмх замбараагүй байдал эцсийн эцэст холбооны Засгийн газар, түүнийг идэвхтэй дэмжиж байгаа барууны орнуудын эцсийн зорилго байсан юм биш биз хэмээн сэжиглэхэд хүрч байна хэмээн FR  бичжээ. 
Үр дүнд нь Сомалийн олон иргэн зэвсэгт дайчдын эгнээнд элсэж байна. Тэр бүү хэл нэг гэр бүлийн зарим гишүүн Сомалийн зэвсэгт хүчинд алба хааж байхад, нөгөө нь алан хядагчдын эгнээнд явж байх жишээтэй. Зэвсэгт дайчид шинээр эгнээндээ нэгтгэсэн дайчиддаа ихийг амладаг аж. Үнэнчээр алба хаавал гар утас өгнө гэх ч юм уу. Амласнаа хэрэгжүүлэхгүй бол "Шбаб"-ын дайчид засгийн газрын зэвсэгт хүчинд шилжүүлэх жишээтэй. 

Одоо тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

6 НҮБ энхийг сахиулагчдаа юуны учир татсан бэ?

Сомалид иргэний дайн дэгдсэн цагаас л НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "ЮНОСОМ" нэртэй энхийг сахиулах ажиллагаа явуулж эхэлсэн. Дараа нь ЮНОСОМ II нэртэй болсон уг ажиллагааг Америкийн цэргүүд хамгаалж байсан бөгөөд Сомалийн эрэгт 20 орны цэрэг оролцсон тэнгисийн явган цэргийн “Итгэл найдварын сэргэлт” ажиллагаа эхлүүлсэн юм. Харамсалтай нь тэд эхнээсээ л алдаа гаргаж эхэлжээ. 
Юун түрүүн энхийг сахиулагчид нутгийнхны болзол, улс орны онцлогийг харгалзалгүйгээр хүч хэрэглэж эхэлснээр сомаличууд тэднийг энхийг сахиулагчид гэхээсээ түрэмгийлэгчид гэж харжээ. Энэ нь ч тус улсын иргэдийг зэвсэгт бүлэглэлийн эгнээнд олноороо элсэхэд түлхсэн байна. Өнөөх 20 орны цэргүүд нь мэдээж ихэнхдээ ядуу орны дайчид байжээ. 
Эцэст нь юу болов гэхээр НҮБ-ын энхийг сахиулагчид Сомалийг орхиход хүрчээ. Ингээд л Исламын холбооны зэвсэгт дайчид нийслэл Могадишод, улсынхаа төв болон өмнөд нутагт  хяналт тогтоож эхэлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч дахин энхийг сахиулагчдаа илгээсэнгүй. 2000-аад оны сүүлчээр барууныхны ихээр дэмждэг Уганда, Брундийн цэргүүдээс бүрдсэн Африкийн холбооны энхийг сахиулах хүчин л тэнд ажиллаж байлаа. 

НҮБ энхийг сахиулагчдаа юуны учир татсан бэ?

7 Надтай унтвал хүнс өгнө

Насанд хүрээгүй хүүхэд, охид эмэгтэйчүүдийг ёс бусаар хүчирхийлэх, энгийн ард иргэдийг хороох, тусламжийн бараа түгээхэд авлига авах, дээрэм тонуул гээд бүх зүйлд нутгийн иргэд энхийг сахиулагчдыг буруутгаж байна. Энгийн ард иргэдийг хамгаалах ёстой хүмүүс ийм гэмт хэргүүд өдөөж байгаад ард иргэд дургүйцлээ илэрхийлсээр байжээ. 
Сүүлийн жилүүдэд энхийг сахиулагчдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг хэдэн зуугаараа бүртгэгдэх болжээ. Харамсалтай нь иргэд тэр болгон цагдаад хандаад байдаггүй болохоор нарийн тоо гаргахад хэцүү гэнэ. Энхийг сахиулагчид охид бүсгүйчүүдтэй унтаад оронд нь бэлэн мөнгө, үнэртэй ус, үнэт эдлэл, хүнс, гар утас өгдөг аж. Зарим тохиолдолд зэвсгээр сүрдүүлэн бэлгийн харилцаанд ордог байжээ. 
Барууны орнууд үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан тэднийг санхүүжүүлсээр. AMISOM-ыг санхүүжүүлэхэд АНУ 900 гаруй сая доллар гаргаж байгаа бол НҮБ хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх гэж 720 сая доллар өгч буй юм. Европын холбоо AMISOM-д сар бүр 23 сая доллар өгдөг бол энхийг сахиулагчдыг сургахад зориулж жилдээ 35 сая доллар хуваарилж байна. Германы Засгийн газар тухайн улсад дэвшил гарахгүй байгаа хэдий ч дахин тусална гэдгээ энэ оны хоёрдугаар сард илэрхийлсэн.

Надтай унтвал хүнс өгнө

8 Сомалийн далайн дээрэмчид

Эдийн засгийн хүнд байдал, хэт төвлөрсөн засаглал, өлсгөлөн, ядуурал зэрэг нь Сомалийн эрэг хавийн иргэдийг дээрэмчин болоход хүргэжээ байна. Сомалийн ихэнх дээрэмчид нэгэн цагт эрэг орчим амьдарч загас барин амь зууж байсан жирийн загасчид гэнэ. Харин Сомалийн тэнгисийн хүчин нутаг дэвсгэрийнхээ загасчлалын бүсийг хамгаалдаг байсан бол өдгөө гадаадын хөлөг онгоцнуудыг өөрсдийнхөө дээрэмчдээс хамгаалах болжээ.
Дарангуйлагч Мохаммед Баррегийн засаглал унасны дараа 1991 оноос урьдын тайван амьдрал өөрчлөгдөж эхэлсэн гэдэг. Улс орон дайсагнагч хэсгүүдэд хуваагдан иргэний дайн дэгдэж, уламжлалт эдийн засаг сүйрч хүмүүс ямар нэгэн аргаар амь зуух хэрэгтэй болов. Ингээд л сомаличууд эрэг орчмоор дайран өнгөрч байгаа хөлөг онгоцнуудыг дээрэмдэх болсон байна. Сомалийн далайн дээрэмчдийг гурван хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт далайн аяллын талаарх мэдлэг туршлагадаа найдсан загасчид, хоёрдугаарт цэрэг, зэвсэгт дайчин байсан хүмүүс, гуравт нь хөлөг онгоцны нарийн тоног төхөөрөмжтэй харьцаж чадах техникийн мэргэжилтнүүд гэж болно. 

Дээрэм тонуул бас ч гэж улс орны амьдралд нөлөөлөн эрэг орчмын хотууд эрчимтэй хөгжиж эхэлсэн гэж болно.

Сомалийн далайн дээрэмчид

2008 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сомалийн далайн дээрэмчидтэй тэмцэхдээ тэнгисийн болон цэргийн нисэх хүчнээ ашиглахыг зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ хөлөг онгоц эзэмшигчдийг тэнгисийн хувийн хамгаалагчид, цэрэг дайчдыг хөлсөлж болно гэж хэлжээ. 
Олон улсын нийгэмлэг болохоор Сомалийн ёс төдий нэг жижиг улс болох Путлендийн Засгийн газарт л дээрэмчдийг боомтуудаасаа хөөх, эрэг орчмыг тэнгисийн цагдаагаар хамгаалуулна гэж итгэж байна. Үүний өмнө энэ үүргийг Сомалиленд гүйцэтгэж байжээ. 
Эрэг орчмын хотуудыг хөгжүүлэхээр Засгийн газраас тодорхой хөрөнгө хуваарилдаг ч энэ нь эдгээр ёс төдий улсуудад юу ч үлддэггүй аж. Эрэг орчмыг хэдэн арван хөлөг, нисэх онгоц хянаж байна. Нэг талаас цэргийн ажиллагаа, тэнгисийн хувийн дайчид, дипломат хүчээр дээрэмчдийн хүчийг сааруулан дарсаар байгаа юм. Гэхдээ л байнга ингэж хянахад ямар хүч хөрөнгө хэрэгтэй билээ. Тэгэхээр дээрэмчид Сомалийн усан хилээс гарч байгаа гадаадын  хөлгүүдэд халдахгүй гэх баталгаа алга. 

9 Сомаличууд өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй

“Сомаличууд энэ дайнд ялагдлаа. Барууны орнууд тэдний ямар ч хүсэлтийг биелүүлэхийн төлөө хичээсээр байгаа ч Сомалид ямар ч дэвшил харагдахгүй, харин ч дээгүүрээ эрх баригчид нь тусламж дэмжлэгийг нь инээд алдан авч, өөрсдөө хөрөнгөжиж, бүр “Аш-Шабаб” зэвсэгт бүлэглэлийг дэмжин сууцгаана.

Сомалийн удирдагчид чухамдаа юуг ч шийдвэрлэх гэж яарахгүй, тусламжийн мөнгө урсан орж ирсээр байхыг л хүсэж байна” хэмээн Сомалийн дайчдыг сургаж байгаа цэргийн мэргэжилтэн  хэлж байна. 
Тус улсын Засгийн газар улс орныхоо нөхцөл байдлыг сайжруулъя гэхээсээ зөрчил мөргөлдөөн үргэлжилж байгаасай л гэж хүсэж байна. Үүний зэрэгцээ Сомалийн эрх баригчид барууны орнуудын бодож олсон улс орныхоо холбооны бүтэц, өөрсдийн бүрэн эрхээ алдахаас л айж байна. Могадишод амьдарч байгаа аюулгүй байдлын шинжээч Хуссейн Шейх Али “Эндхийн хүмүүс өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй” гэж хэлсэн нь нэгийг хэлээд л байна.

Сомаличууд өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()