XX зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургууд

Цаг хугацаа улиран өнгөрч, өдөр хоногууд ээлжлэх тоолон хүн төрөлхтөн өөрсдийн асар баялаг түүхийг бичиглэн үлдээсээр байна. Эрт үеэс техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үеийг хүртэл хүмүүс маш олон түүхэн үйл явдлын гэрч болж ирсэн. Тэдгээрийн заримыг нь онцлон хүргэж байна.

XX зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургууд

1 Интернэтийн тэргүүн хатагтай

1973 онд Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зургийг дижитал хэлбэрт шилжүүлэх туршилт хийж байхдаа арваннэгдүгээр сарын "Playboy" сэтгүүлийн нүүрэнд гарсан Ленна нэртэй загвар өмсөгчийн зургийг ашиглахаар шийджээ. Судлаачдын нэг Александр Савчук (Alexander Savchuck) зургийг сканердан 512*512 пикселийн хэмжээтэй дижитал хэлбэрт амжалттай шилжүүлсэн байна. Ингээд анх удаа интернэт орчинд байршуулсан зураг "Playboy"-ын загвар өмсөгч байсан юм. Хожим нь "Playboy" сэтгүүл уг зургийг "Интернэтийн тэргүүн хатагтай" гэж нэрлэсэн юм. Одоог хүртэл уг зургийг шинэ зураг боловсруулах алгоритм туршихад ашигладаг аж. 

Туршилтанд ашигласан зураг

Интернэтийн тэргүүн хатагтай

Эх зураг

2 Эрх чөлөөний харайлт

Зүүн Германы армийн байлдагч Конрад Шуман (Konrad Schumann) хэмээх эр 1961 онд Берлиний ханыг босгож байх үед хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байжээ. Тэрээр Баруун Германы талд цагдаагийн машин ирж зогсмогц тухайн үед намхан төмөр тор төдийхөн байсан хилийн зурвас дээгүүр харайн гарч цагдаагийн машин руу орж суусан байна. Цэрэг эр Зүүн Германаас баруун Герман руу зугтсан нь тэр юм. Энэ агшныг тухайн үед хана босгох ажлын зураг авч явсан гэрэл зурагчин Питер Лайбинг (Peter Leibing) буулгаж амжсан нь дэлхий дахинд алдаршсан төдийгүй хүйтэн дайныг илэрхийлсэн бүтээл болсон билээ. Байлдагч Конрад Шуман 1989 онд Берлиний ханыг нурсны дараа л "Эрх чөлөөг мэдэрч байна" гэж хэлсэн гэдэг. Гэсэн ч тэрээр үргэлжийн сэтгэл санааны дарамттай байсаар 1998 онд гэртээ амиа хорлон ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Эрх чөлөөний харайлт

3 Хатан хаан II Элизабет

2007 оны гуравдугаар сард Америкийн гэрэл зурагчин Энни Лейбовиц (Annie Leibovitz) Их Британийн хатан хаан II Элизабетийн (Queen Elizabeth II) хэд хэдэн хөрөг зургийг дурандаа буулгажээ. Дараах зураг дээр хатан Букингемийн ордны зочны өрөөндөө сууж байна. Энэ зураг өдгөө Британийн үндэсний галлерейд хадгалагддаг.

Хатан хаан II Элизабет

4 "Титаник"

"Нью-Йорк Таймс" сонин "Алдарт "Титаник"-ийн сүйрлийн тухай" гэсэн гарчигтай мэдээ нийтэлсэн нь мэдээж тухайн үедээ асар том шуугиан тарьж байжээ. Бусад сонин "Уайт Стар Лайн" компаниас мэдээлэл авч мөсөн уул мөргөсний дараах энэ аймшигт үйл явдлын тухай бичиж байв. 15 настай Нед Парфетт (Ned Parfett) хүү "Уайт Стар Лайн" компанийн оффисын дэргэдэх "Океаник-Хаус"-ын дэргэд сонин зарж буйг ийнхүү дуранд буулгажээ. 

"Титаник"

5 Норд-Ост

2002 оны аравдугаар сарын 23-нд Оросын террорист Мосвар Бараевын удирдсан зэвсэгт босогчдын бүлэг  Москва хотын соёл урлагийн төвийг барьцаалсан юм. Тухайн үед "Норд-Ост" хөгжмийн жүжгийг тавьж, маш олон хүн тэнд цуглаад байжээ. Тусгай албаныхан болон террористуудын хоорондох мөргөлдөөн гурван өдөр үргэлжилсэн бөгөөд аравдугаар сарын 26-нд барилгын агааржуулалтаар дамжуулан соёлын төв доторх бүх хүнийг хорт хийгээр утаж хордуулсан юм. Террорист үйлдлийн үр дүнд албан ёсны тоо баримтаар бол 130 хүн нас барсан түүний арав нь хүүхэд байсан ажээ. Барьцаалагдсан хүмүүсээс таван хүн дайралтаас өмнө буудуулж, үлдсэн хэсэг нь хорт хийн улмаас нас барсан байна. Тэр өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг энэ талаар мэдээлэхийг хориглосон боловч гэрэл зурагчин Жастин Сатклиффе театрт болсон үйл явдлын дараа амьд үлдсэн цорын ганц эмэгтэйг автобусанд унтаж явахад нь ​​зургийг нь авч чаджээ. Тус фото зураг нь Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн шилдэг шагналыг 2003 онд хүртсэн байдаг. 

Норд-Ост

6 Жесси Оуэнс (Jessie Owens)

Зуны олимпын XI наадам 1936 оны наймдугаар сарын 1-16-нд Германы Берлин хотноо болсон билээ. Харин Гитлер энэ Олимпын наадмыг сурталчилгааны зэвсэг болгон овжин ашигласан юм. Олимпын нээлтийг анх удаа телевизээр шууд дамжуулж, Лени Райфеншталь (Leni Riefenstahl) үүнийг “Олимп” киноныхоо материал болгон ашигласан байдаг. Гэвч нацистууд наадмын үр дүнг өөрийн талд гаргуулж чадаагүй юм. Дөрвөн алтан медаль хүртсэн Америкийн өнгөт арьст тамирчин Жесси Оуэнс (Jesse Owen) Гитлерийн арьс өнгөний талаарх дээрэнгүй онолыг хазайлгаж дөнгөсөн билээ.

Жесси Оуэнс (Jessie Owens)

7 Теннисчин бүсгүй

Хэрэв ганц зураг 1970-аад оны Англи оронд сэтгэлгээний тэсрэлт хийж чадах бол тэр нь Мартин Эллиотын (Martin Elliot) “Теннисчин бүсгүй” нэртэй гэрэл зураг байх нь лавтай. Зургийг 1976 оны есдүгээр сарын эхээр авчээ. Зургийн модель нь Эллиотын найз бүсгүй, 18 настай Фиона Батлер (Fionna Buttler) байсан юм. Энэ зургийг санамсаргүй байдлаар авсан гэдэг. Мартин Элиотт өмнө нь теннис тоглож байгаагүй найз бүсгүйгээ дүрэмт хувцас өмсгөж, теннисний талбай дээр зогсоожээ. Зураг авах үеэр модель бүсгүй дотуур хувцас өмсөөгүй гэдгээ харуулахын тулд хормойгоо сөхсөн байна. Өнөө үеийнхэн төдийлөн гайхахааргүй энэхүү зургийг тухайн үедээ “Athena” хэвлэл хатан хаан II  Елизабетийн мөнгөн ойд зориулсан хуанлид оруулснаар шуугиан тарьсан юм. Уг хуанли хоёр сая гаруй хувь борлуулагдсан байдаг. Энэхүү гэрэл зураг Мартин Элиоттод эд баялаг дуудаж, харин модель Фиона Батлер борлуулалтаас хувь хүртээгүй ч саятантай гэрлэсэн байдаг. Тэрээр энэ зурагнаасаа огтхон ч ичдэггүй, мөнгө аваагүйдээ харамсдаггүй хэмээн хожим мэдэгдсэн юм. 

Теннисчин бүсгүй

8 Жон Кеннидигийн аллага

Энэ зургийг Жон Кеннедийг (John Kennedy) алуулсны маргааш өдөр Коннектикут мужийн Стэмфорд хот хүрэх галт тэргэн дотор авчээ.

Жон Кеннидиг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) гэдэг этгээд хөнөөсөн байна. Гэвч түүнтэй хамт гурван мэргэн буудагч байсан гэдгийг мөрдөгчид тогтоосон бөгөөд тэдний цаана нөлөө бүхий алан хядагч нуугдсан нь ойлгомжтой. Ли Харви Освальд өөрийгөө ямар ч буруугүй гэж хэлж байсан ч арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Даллас хотын нэгэн шөнийн цэнгээний газрын эзэн шоронд байхад нь алуурчныг үгүй хийжээ. Хэн түүний үхлийг  захиалав гэдэг нь XX зууны аймшигтай оньсого болж үлдсэн юм. Америкчууд хайртай Ерөнхийлөгчөө 1963 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Арлингтоны Үндэсний оршуулгын газарт оршуулсан юм. 

Жон Кеннидигийн аллага

9 Альфред Крупп

“Newsweek" сонины даалгавраар фото сэтгүүлч Арнольд Ньюман (Arnold Newman) 90 настай, нэрт үйлдвэрлэгч Альфред Крупптой (Alfred Krupp) уулзжээ. Альфред Крупп нацистуудад зориулан зэвсэг үйлдвэрлэж, мөнгө олохдоо хүмүүсийг боолчлон ажиллуулдаг байсан гэмт хэрэгтэн гэдгээрээ алдартай байсан юм. Гэрэл зурагчин эрийг еврей гэдгийг сонсоод Крупп зураг авахуулахаас татгалзсан гэдэг. Гэтэл Арнольд Ньюман бууж өгсөнгүй, Круппийг эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийнх нь хийсэн ажлуудыг сонирхохыг санал болгожээ.

Тэгээд Арнольд Ньюманы авсан зургуудыг үзсэн Крупп шийдвэрээ өөрчилсөн аж. 1963 оны долдугаар сарын 6-нд үйлдвэрийн эзэн, гэрэл зурагчин хоёр цэргийн олзлогсод ажилладаг Эссений үйлдвэр дээр очсон байна. Крупп түүний авсан зургийг анх хараад уур хилэн нь бадарчээ. Тэгэхэд нь Ньюман “Би еврей хүн. Энэ бол миний багахан өшөө авалт” хэмээн хэлсэн гэдэг.

Альфред Крупп

10 Аз жаргал

Слава Ведерийн (Slava Vader) “Баяр хөөрийн тэсрэлт” нэртэй энэ зураг Пулитцерийн шагнал хүртсэн билээ. 1973 оны гуравдугаар сарын 17-нд Трэвисийн цэргийн бааз дээр авсан энэ зураг Вьетнамын дайн дууссаны бэлгэдэл болсон юм. Зураг дээр АНУ-ын дэд хурандаа Роберт Л.Стирм (Robert L. Stirm) Хойд Вьетнамд таван жил олзонд байсны эцэст гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгааг дүрслэн харуулжээ.

Түүний жолоодож явсан “F-105” сөнөөгч шумбагч онгоц 1967 оны гуравдугаар сарын 27-нд Ханой хотын ойролцоо сүйрч, Стирм 1973 оны гуравдугаар сарын 14 хүртэл олзонд байсан байна. Зургийн төв хэсэгт эцгээ тэврэхээр угтан гүйж байгаа 15 настай Лорри охин нь харагдана. Гэр бүлийн үлдсэн гишүүд түүний араас ирж явна. Хэдий зурган дээр баяр хөөр дүрслэгдсэн ч үнэндээ аз жаргалгүй гэр бүл байв.

АНУ-д очихоосоо гурван өдрийн өмнө Роберт Стирм харилцаагаа эцэслэсэн тухай дурдсан захидал эхнэрээсээ хүлээн авчээ. Энэхүү гэрэл зураг шагнал хүртсэний дараа гэр бүлийн бүх гишүүд хуулбарыг нь авсан байдаг. Гэвч “Үүнийг харах зориг хүрдэггүй” хэмээн Роберт Стирм зургаа гэртээ өлгөөгүй ажээ.

Аз жаргал

11 Нубагийн бөхчүүд

Өмнөд Суданы хилийн хязгаар нутаг дэвсгэрт орших Нубагийн уулсад аж төрдөг үндэстнийг "Нубачууд" буюу “Толгодын хүмүүс” хэмээн нэрлэдэг. 1947 онд гэрэл зурагчин Жорж Рожер (George Roger) эхнэрийн хамт “National Geographic” сэтгүүлийн ажлаарАфрикт аялж байхдаа мянган жилийн тэртээх өвөг дээдсийнхээ уламжлалаар амьдарч байгаа нубачуудын талаар олж мэдсэн байна. Улмаар Рожер Суданы Засгийн газраас зөвшөөрөл авч, тус омгийнхны амьдралыг баримтжуулжээ.

Ийнхүү 1949 онд гэрэл зурагчин хосууд “Толгодын хүмүүс”-ийн амьдрал, ёс заншлын тухай фото сурвалжлага хийсэн анхны хүмүүс болсон юм. Тэдний авсан гэрэл зургууд олон хэсгээс бүрдэх ч хамгийн алдартай нь спортын арга хэмжээ, омгийн ёслол, нубачуудын бүжгийг баримтжуулсан гэрэл зургууд  байлаа.

“National Geographic” сэтгүүлд 1952 онд нийтлэгдсэн нуба бөхчүүдийн зураг бусдаасаа хамгийн алдартай нь юм. Энэ зургийг ил захидал, сурах бичиг гээд олон зүйл дээр нийтэлжээ. Барууны ихэнх хүн олон арван жилийн турш энэхүү зургаар л Африкийг төсөөлж байлаа.

Нубагийн бөхчүүд

12 "Нoodie"-г зөвшөөр

Их Британи улс гудамжны видео камер хамгийн олныг суурилуулсан гэдгээрээ алдартай. Тиймээс нүүрээ нуух боломжтой юүдэнтэй хэлхгэр цамц бол залуухан хууль зөрчигчдийн “дүрэмт хувцас” болжээ. 2006-2007 онд энэ цамц бүр улстөрийн бэлгэ тэмдэг болж байв. 2006 онд юүдэнтэй цамц өмсөхийг хязгаарласан хориг гаргасны дараа Консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон (David Cameron) "Йан Дункан Смитийн нийгмийн шударга ёсны төв”-д лекц уншиж байхдаа дээрх асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр яриандаа тэврэлтийн талаар нэг ч үг дурдаагүй хэрнээ Ерөнхий сайдын сонгуулийн кампанит ажлаа “Нoodie-г тэвэр” хэмээн нэрлэсэн байдаг. 2007 онд Кэмерон "Манчестер" хотын хамгийн ядуу дүүргээр зочилсон юм. Зураг дээр 17 настай Райан Флоренц намын тэргүүнийг  “буудаж”  байна.

"Нoodie"-г зөвшөөр

13 Хулуу худалдан авч буй гал сөнөөгч

Америкийн замчдад зориулан гаргасан “American prospect” сэтгүүлийн нүүр хуудсан дээр сэтгэл сэрдхийлгэм хачин зураг хэвлэгджээ. Энэ нь шатаж байгаа фермд дуудлагаар ирсэн гал сөнөөгч жишим ч үгүй хулуу худалдан аваад зогсож буй дүр зураг байв. Гэрэл зургийг тэр хавиар машинтай явж байсан Жоэль Стернфельд (Joel Sternfield) гэгч эр авсан байжээ.

Гэхдээ гал түймэр сургуулилалтынх байсан бөгөөд гал сөнөөгч тухайн мөчид  завсарлага аваад байсан аж. Харин энэ явдал олны анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Зургийг эхлээд “Life” сэтгүүлд гаргасан ч дараа нь олон сонин, сэтгүүл, үзэсгэлэнд тавигджээ. Тайлбар дээр нь үнэн учрыг нь бичихийн оронд “Жоэль Стернфельд. Маклин хот, Виржиниа муж. 12-р сар 1978 он" гэж дурдсан байдаг аж.

Гэрэл зурагчин үүнийг хоёр талаас нь тайлбарласан байдаг. 2004 онд “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Гэрэл зураг хэзээд олны сэтгэлийг хөдөлгөх хүчтэй байсаар ирсэн. Эргэн тойронд болж буй зүйлийг жаазлах бүртээ чи асар их мэдээлэл өгч байдаг гэсэн үг. Би зэрэгцээ зогсоо хоёр хүн рүү камераа чиглүүлж байхдаа баруун талд нь газар хэвтэж байгаа орон гэргүй хүн эсвэл зүүн талд нь болж байгаа аллагын талаар харуулахгүй байж чадна. Зураг авах эцэс төгсгөлгүй олон арга бий. Гэрэл зурагчин бол хэзээд анхдагч байдаг” гэжээ.

Хулуу худалдан авч буй гал сөнөөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()