1
Ховор цуглуулгыг нь дахин бүрдүүлж өгчээ
Америкийн Калифорни мужид амьдардаг 34 настай Марк Орсилло (Mark Orsillo) хэмээх залуу бүхэл амьдралынхаа туршид дауны синдромтойгоо тэмцэж яваа юм. Түүний хүнд хэцүү амьдралыг бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгодог зүйл нь 1990-ээд оны шилдэг киноны цуглуулга байсан аж. Гэтэл нэг өдөр байшин нь шатаж, түүний нандин цуглуулга нь ч мөн адил үнс нурам болсон юм.
Марк ихэд гуниглаж энэ тухайгаа эгчдээ хэлтэл эгч нь фэйсбүүктээ бичиж, хүмүүсээс тусламж хүссэн аж. Гэтэл сайн санаат хүмүүс түүний цуглуулгыг дахин бүрдүүлж өгөөд зогсохгүй түүний гэр бүлд 10 мянган ам.долларын тусламж үзүүлсэн байна. Энэ мөнгөөр Марк Орсиллогийн гэр бүл шинэ байшин худалдан авсан юм.
2
Гэнэтийн бэлэг барьсан нь
Америкийн загвар зохион бүтээгч Катрин (Cathrine) хэмээх бүсгүй Маск (Max) гэх ер бусын дүүтэй. Маск 25-тай хэрнээ таван настай хүүхдийн оюун ухаантай. Нэгэн Зул сарын баяраар дүү нь 2000 онд худалдаанд гарч байсан тоглоомон машинтай болохыг хүссэн ч Катрин яаж ч хайгаад дүүгийнхээ хүслийг биелүүлж чадахгүй байдалд оржээ. Учир нь энэ тоглоомыг үйлдвэрлэхээ больсон аж.
Ийнхүү бүсгүй цахим сүлжээнд энэ тухайгаа бичин хүмүүсээс туслалцаа хүссэн юм. Түүний түүхийг интернэт хэрэглэгч олон мянган хүн уншиж, түүнд туслахаа илэрхийлсэн байна. Хүмүүс тус тоглоомыг үйлдвэрлэдэг байсан “Tonka” компанийнхантай холбогдож уг тоглоомыг дахин үйлдвэрлэхэд хүргэжээ. Эцэст нь Зул сарын баяраар Максын гэрт олон зуун баглаатай бэлэг ирсэн бөгөөд дотор нь түүний хүссэн цэнхэр машин байсан аж.
3
Зайрмаг зардаг өвгөнд тусалсан нь
Америкийн Чикаго хотын захын дүүрэгт нэгэн настай эр зайрмаг зардаг байна. Түүнээс өдөрт цөөн хэдэн хүн л зайрмаг худалдаж авдгийг анзаарсан Жоель (Joel) хэмээх залуу түүнээс нэг дор 20 ширхэг зайрмаг авч, дараа нь түүнд зориулан 3000 ам.доллар цуглуулах хандивын аян зохион байгуулсан байна.
Тэгтэл ердөө дөрөвхөн өдрийн дотор 350 мянган ам.доллар цугларч, Жоель өнөөх настай эрд мөнгөө өгөхөөр очжээ. Тэгтэл өвгөний бүх насных нь хань болсон гэргий нь хэвтэрт өвчтэй байдаг мөн нас барсан төрсөн ганц охиныхоо балчир хүүхдийг өсгөдгийг нь олж мэдсэн байна. Өвгөн Жоельд маш их талархаж тэр мөнгөнөөс зөвхөн 3000 долларыг нь аваад бусдыг нь мөнгө нэн шаардлагатай байгаа хүмүүст өгөхийг хүссэн ажээ.
4
Төрсөн өдөрт нь найзууд нь ирээгүй ч...
Бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Жералд Хамильтон (Gerald Hamilton) есөн насныхаа төрсөн өдрөөр гэртээ 30 хүн урьсан боловч хэн ч ирээгүй аж. Ингээд гунигласан хүүгээ өрөвдсөн ээж нь уригдсан 30 хүүхдийн эцэг эх рүү ярьж гэнэ. Гэтэл эцэг эхчүүд түүнд “Хүү чинь бусдаас өөр болохоор бид хүүхдээ найзлуулахгүй” гэж хэлсэн ажээ. Жералд хүү хэд хэдэн удаа тархины мэс засалд орж байсан бөгөөд үеийнхнээ бодвол хөгжлөөрөө хоцордог байсан юм.
Тэгтэл хүүгийн эмээ өөрийн фэйсбүүк дээр болсон явдлын талаар бичиж, ач хүүд нь төрсөн өдрийн баяр хүргэхийг хүмүүсээс хүсчээ. Тэгтэл цагдаагийн офицерууд хүүгийн гэрт ирж, төрсөн өдрийг нь хамт тэмдэглэж болох эсэхийг нь асуусан айна. Түүгээр ч тогтохгүй хүүг хотын цагдаагийн газар, гал командын төвд авчран төрсөн өдрийг нь нижгэр тэмдэглэсэн юм.
5
Амиа егүүтгэх гэж байсан залууг аварчээ
Америкийн Спрингфиелд хотод нэгэн залуу дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ. Цагдаагийн ажилтнууд тэр залууг 15 минутын турш ятгасан ч тэр үсрэхээр шийдсэн хэвээрээ байв.
Тэгтэл гудамжаар алхаж явсан олон арван хүн түүнд зориулж “Та бол чухал хүн”, “Бүх зүйл сайхан болно”, “Та бидэнд хамаатай” гэсэн бичигтэй самбар барин зогссон юм. Зургаан цагийн дараа залуу шатаар бууж ирсэн ажээ.
6
Хавханд савраа алдсан нохойд хиймэл хөл хийж өгчээ
Форест нэртэй нохой ойд явж байгаад баавгайн хавханд орчихжээ. Нохой бараг хоёр долоо хоногийн турш хавханд орсон чигтээ хэвтсэн шалтгаан нь түүнийг хэн ч эрж хайгаагүй, бас олоогүй байна. Түүнийг үхэхийн даваан дээр хүмүүс олж, эмнэлэгт нэн даруй хүргэжээ.
Форестийн урд, хойд хөл нь маш ноцтой гэмтэж тайрахаас өөр аргагүй болсон аж. Хөөрхий нохойг олсон хүмүүс фэйсбүүкт болсон явдлын талаар бичиж, хүмүүсээс тусламж хүсэхэд эмчилгээний зардал болон түүнд хиймэл хөл хийх хангалттай мөнгө хуримтлагдаж чадсан байна.
7
Найз бүсгүйдээ гэрлэх санал тавихыг хүссэн хэлгүй, дүлий залуу
Хэлгүй, дүлий нэгэн тайланд эр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихаар гудамжаар зөрөх танихгүй хүмүүсээс нэг хачирхалтай зүйл хүссэн аж. Тэрээр өөр өөр улс орноос ирсэн зургаан хүнийг дагуулан найз бүсгүй дээрээ очсон байна. Хүн бүр өөрийн эх хэлээр дээрээ “Надтай гэрлээч” гэж залуугийн найз бүсгүйд хэлсэн бөгөөд учрыг нь ойлгосон бүсгүйн сэтгэл хөдөлж, эхэр татан уйлсан юм. Энэ түүхийг хосуудын гэрч болсон зургаан хүн бүгд фэйсбүүк дээрээ постолж, дэлхий даяар энэ сэтгэл уярам үйл явдлын талаар олж мэджээ.
Бонус: Хүүхдээ хөхүүлж буй цэрэг бүсгүйчүүд
Тара Руби (Tara Ruby) хэмээх гэрэл зурагчин АНУ-ын нисэх хүчинд алба хаадаг байсан юм. Тухайн үед Техас мужийн цэргийн штабт нялх хүүхэдтэй ээжүүдэд зориулсан өрөө шинээр тохижуулж өгч байгааг тэр олж мэджээ. Чухам яагаад ийм өрөө хэрэгтэй гэдгийг эхлээд тэр огт ойлгоогүй гэнэ. Тэгтэл нисэх хүчинд нярай хүүхдээ гэртээ орхиод алба хаадаг ээжүүд олон байдгийг мэдээд үнэхээр сэтгэл нь хөдөлсөн аж. Тэгээд ээжүүдийн зургийг авч фэйсбүүк дээрээ тавьсан нь мянга мянган хүний хайрыг татаж, маш олон сэтгэгдэл хүлээн авчээ. Ийм зураг харсан хүний сэтгэл тэр дороо л уярах нь ойлгомжтой биш гэж үү?