1
Их Британийн Зүүн Энэтхэгийн компани
1600-гаад онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Британийн Зүүн Энэтхэг” хувьцаат компани нь орчин үеийн үндэстэн дамнасан корпорацуудын суурийг тавьжээ. Баян язгууртан, худалдаачид тус компанид хөрөнгө оруулж, хожим ашгаас нь хүртдэг байв. Энэтхэг улсын худалдааг монопольчлох эрхийг Английн эзэн хаан тус компанид өгсөн байжээ.
Эхэндээ зөвхөн Энэтхэгийн худалдаанд анхаарч байсан ч хожим “Британийн Зүүн Энэтхэг компани” Энэтхэгийн газар нутгийн ихээхэн хэсгийг өөрийн хяналтанд оруулж, нөлөөллийн бүсээ тэлсэн байна. Тухайлбал, худалдаанаас гадна татвар, боловсрол, элчин өртөө, шуудан харилцаа, төмөр зам, шүүхийн шийдвэрт ч голлон нөлөөлөх болсон ажээ.
Энэ үед хэдий Энэтхэг улс колони байсан ч яг үнэндээ дээрх компанийн удирдах зөвлөлийн гишүүдийн атганд орсон байлаа. “Британийн Зүүн Энэтхэг компани” маш хүчирхэг болсны дараа Английн эрх баригчид удирдлагыг гартаа авч, тус компанийн удирдлагууд 1858 онд Английн парламент руу шилжсэн юм.
2
Гудзоны булангийн компани
Хойд Америкт хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж буй уг худалдааны компани нь анх 1670 онд Лондон хотод байгуулагдсан юм. Энэ компани нэгэн үед Хойд Америкийн худалдааны эргэлтийн 15 хувийг дангаараа эзэмшдэг байв. Тухайн үед Хойд мөсөн далайн Гудзоны эрэг болон түүнээс урсах гол мөрнүүдийн дагуух бүх газраар худалдаа хийх зөвшөөрөлтэй байсан аж. Улмаар энэ давуу эрхээ ашиглан тус компани Засгийн газрын үйл ажиллагааг давхар гүйцэтгэх болсон юм.
Колоничлох газар нутгий тоо Америк тивд нэмэгдэх үед “Гудзоны булангийн компани” худалдааны бүсээ хэд хэдээр хувааж, өөрийн гэсэн худалдаа, татварын дүрмийг бий болгож байв.
3
Эдийн засгийн хараат, тогтворгүй Засгийн газартай улс орнууд
XX зуунд Латин Америкийн улс орнуудын хувь заяа зөвхөн гадил жимснээс хамааралтай байсан гэвэл та итгэх үү. Латин Америкийн ихэнх орнуудад улс төрийн хатуу дэглэм тогтсон учир нь гадилын худалдаатай ихээхэн холбоотой байсан юм. Өөрийн өмнөд хөршөөсөө гадил жимс, ашигт малтмал зэргийг татах гэсэн Америкийн хүнс, хөдөө аж ахуйн компаниудын ашиг сонирхол энд яригдана.
“United Fruit Company” буюу одоогийн “Chiquita” компани нь Латин Америкийн орнуудын дэд бүтцэд хөрөнгө оруулж, зам тавьж худалдааны эргэлтийг сайжруулж, оронд нь газар нутгийг нь авдаг байв. Хэдий нутгийн ард иргэд үүнийг эсэргүүцэж байсан ч тэдгээр компани улс орных нь дээд албан тушаалтнуудад авлигал өгч хүссэн зорилгодоо хүрсэн ажээ. Зарим тохиолдолд тэднийг эсэргүүцсэн улс төрчдийн амыг хамхихын тулд АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас тусгай арга хэмжээ авч байсан удаатай. Тухайлбал, Гватемала улсын удирдагчийг коммунист хэмээн ухуулга явуулж, өөрийн компанид талтай нэгнийг засгийн эрхэнд тавьж байсан юм.
4
Хоёр "толгой"-той Лондон хот
Лондон хот хоёр удирдлагатайг та мэдэх үү? “Mетрополитан Лондон”, “Лондон хот” хоёр өөр захирагчтай. Бид танд тодорхой тайлбарлая.
Манай эриний нэгдүгээр зуунд Ромын колоничлолын үед Лондон хот анх байгуулагдсан. Хотод суурьших хүн амын тоо нэмэгдэж, улам өргөжин тэлсээр эцэст нь хоёр хуваагджээ. Нэг тал нь тэр чигтээ үүх түүхээ авч үлдсэн эртний хот бөгөөд хотын захирагчийн сонгуулийг ардчилсан засаглалын хэлбэрээр явуулдаг. Харин нөгөө хотын захирагчийг бизнесийн байгууллагууд болон иргэд сонгодог юм. Бизнесийн байгууллагууд олон ажилтантай давуу талаа ашиглан сонгууль өгдөг. 2009 онд захирагчийн сонгуульд бизнесийн байгууллагууд 24.000, иргэд 9000 санал өгсөн байв. Энэ тогтолцоо нь одоо хэр нь маргаантай бөгөөд огт зохицуулагдаагүй хэвээр байгаа юм.
5
Мьянмарын цэргийн эрх дарх
Мьянмар улсад цэргийнхэн ард иргэдийг захирах онцгой хэрнээ байж боломгүй эрх мэдэлтэй байдаг. Энэ байдал нь улс доторх үл үзэгдэгч цэргийн засаглалыг бий болгодог аж. Цэргийн хүч энэ давуу эрхээ ашиглан аж үйлдвэрийн салбарт ч нөлөөллөө тэлэх болжээ.
Хэдий 2011 онд цэргийн засаглал нурсан ч одоо хэр нь Засгийн газарт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэвээр аж. Тухайлбал, парламентын суудлын дөрөвний нэгийг тэд эзэмшиж, батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдлын салбарын дээд албан тушаалтнуудыг томилох зэргийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийдэг байна. Ийнхүү тус улсын зэвсэгт хүчин, аюулгүйн зөвлөлийн гишүүд эх орныхоо хамгийн нөлөө бүхий хүмүүс болж хувирчээ.
Цэрэг цагдаагийнхан нь бусад улс орны зэвсэгт хүчинтэй адил үйл ажиллагаа явуулдаггүй. Мьянмарын зэвсэгт хүчин “Мьянмарын эдийн засгийн корпорац”, “Мьянмарын эдийн засаг хязгаарлагдмал хувьцаат компани”- ийг тус тус эзэмшдэг байна. Эдгээр компани нь тамхи, газрын тос, шатахуун, боомт, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Харин Мьянмарт бизнес эрхлэх сонирхолтой гадаадын компаниуд тус улсын зэвсэгт хүчинтэй эхлээд хамтарч ажиллах гэрээ байгуулдаг.
6
Нидерландын Зүүн Энэтхэг компани
“Нидерландын Зүүн Энэтхэг компани” нь Хөрөнгийн биржид хамгийн анх хувьцаа гаргасан үндэстэн дамнасан корпорац юм. Түүнчлэн хамгийн анхны хязгаарлагдмал хувьцаат компани гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээжээ.
Анх 1602 онд байгуулагдсан энэ компани XVII-XVIII зуунд худалдааны нөлөөллөөрөө монопольчилж газар нутаг колоничилдог байсан юм. Тухайн үед шинэ колони орнуудад салбараа нээн, худалдаа хийж, бараа бүтээгдэхүүнүүдийг нь Европ тив даяар зөөвөрлөдөг байсан аж. Мөн үүний хажуугаар шинээр салбараа нээсэн газар нутагтаа өөрийн шүүх засаглал тогтоож, тэр ч байтугай өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтийг бий болгож, хүмүүсийг шоронд суулгаж, бүр дайн хүртэл өдөөж явсан түүхтэй. Хожим 1799 онд Нидерландын Засгийн газар тус компанийн үйл ажиллагааг гартаа авчээ.
7
Конгын чөлөөт улс
Африкийн Конгын чөлөөт улс 1885 онд Бельгийн Леопольд II хааны удирдлагад байсан юм. Тухайн үед Бельгийн хаан Конгод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрийдлээр тус улсыг гартаа оруулсан аж. Конгын ашигт малтмал, зааны яс, каучукийг олборлож, дэлхийн зах зээлд гаргадаг байсан бөгөөд нутгийн ард иргэдэд олсон ашгаасаа огт хувь хүртээдэггүй байв.
Бельгийн хаан өөр бусад орны Засгийн газрын гишүүдийн оролцоогүйгээр Конго улсын байгалийн нөөцийг ийнхүү ашиглаж байсан нь 1908 онд олонд ил болсноор эдийн засгийн энэ эрх чөлөө нь үгүй болжээ.
8
"Уолт Дисней"-н ертөнц
“Дисней Лэнд Уорлд”-д анх зочилсон хүмүүст яг л өөр ертөнцөд очсон мэт санагддаг гэнэ. Тоглоомын төвийн хэсэг бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй. Гэхдээ “Дисней компани” өөрийн гэсэн дүүрэгтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Флорида мужийн “The Reedy Creek Improvement District” хэмээх дүүрэг нь тэр чигтээ тус компанийн эрх мэдэлд байдаг аж. Дүүргийн дотоод засал, дэд бүтэц, тохижилт, зам тээвэр, аюулгүйн алба, эмнэлэг, газрын зөвшөөрөл бүгд тус компанийн шууд захиргаан дор байдаг. Энэ байдал нь улмаар “Динсей компани” Флорида мужийн дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцоход хүргэжээ.
9
Саудын Араб
Дэлхий дээр хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай цөөн хэдэн улсын тоонд Саудын Араб багтдаг бөгөөд Абд аль Азиз (Abd-al-Aziz) хааны 1932 онд байгуулсан Аль Сауд хэмээх язгууртнуудын захиргаан дор байдаг юм. Хаан хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын хуулийг Аль Саудтай хамтран баталж, улсынхаа бүхий л сайд дарга нар, өндөр дээд албан тушаалтнуудыг сонгодог юм.
Дэлхийн газрын тосны 25 хувийг дангаараа хангадаг Саудын Араб улсын газрын тосны “Saudi Aramco” компанийг Аль Сауд дангаараа эзэмшдэг. Тэгэхээр орж ирсэн ашиг нь шууд хааны гэр бүлд очдог гэсэн үг. Ийнхүү орчин үеийн корпорац улс болжээ.
10
Техас муж
Бүхэл бүтэн муж, улсыг дангаараа удирдаж буй дээрхтэй адил компани Техаст байхгүй ч энд мөн л корпорацийн засаглал оршдог.
Америкийн бусад мужийг бодвол Техас мужийн амбан захирагч нь эрх мэдэл багатай. Иймд энд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд амбан захирагчийн сонгуульд нөлөөлдөг аж. Тэд сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлж, сонгогчдын саналыг худалдан авч, хүссэн хүнээ сонгодог бөгөөд үр дүнд нь мужийн татвараас зайлсхийдэг байна.