Мэдээж хэрэг тэр их эрдэнэсийг олохыг хүссэн хүмүүс хаа сайгүй эрэл хийдэг. Харамсалтай нь, эрдэнэсийн эрэлд гарсан хүмүүс ихэнхдээ дуураймал эрдэнэс ашиглан олныг мэхлэх явдал цөөнгүй гарсаар байна. Хэдий тийм боловч зах хязгааргүй далайн гүнээс орчин үеийн техник технологийн тусламжтайгаар жинхэнэ эрдэнэсийг олж илрүүлсээр байгаа юм. Ингээд та бүхэнд далайн гүнээс олдсон хамгийн үнэтэй 25 олдворыг танилцуулж байна.
25
“Apollo 11” пуужин- 10 сая ам.доллар
1969 онд хүн төрөлхтнийг саранд хүргэж чадсан пуужин бол “Apollo 11” юм. Энэ модуль нь Смитсоны сансар судлалын хүрээлэнгийн өмч байсан ч дэлхийн тойрог замаас далай руу унасны дараа хүрээлэнгийнхэн тус пуужинг мартсан гэхэд болно.
Харин “Amazon”-ы ерөнхий захирал Жефф Безос 2013 онд далайгаас тус пуужинг гаргаж авсан юм. Хэдийгээр пуужинг ашиглах боломжгүй ч шинжлэх ухааны түүхэнд оруулсан хувь нэмрийг нь тооцож үзвэл үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй байх.
24
"City of Cairo" хөлөг онгоц- 30 сая ам.доллар
1915 онд үйлдвэрлэгдсэн “City of Cairo” уурын онгоц нь Дэлхийн II дайны үед цэргийн арын албанд дайчлагджээ. Харамсалтай нь 1942 оны үед тусгай ачаа зөөж явсан “City of Cairo”-г Германы шумбагч сөнөөснөөр зорчигчдын хамт живсэн юм. Харин 2011 онд нэгэн хувийн компани тус уурын онгоцыг далайн ёроолоос зөөж гаргасан байна. Хайгуулын багийнхан “City of Cairo”-г нэгжиж үзсэний дараа дайны үед хэрэглэхээр төлөвлөж байсан 30 сая ам.долларын үнэ хүрэх мөнгөн гулдмайнууд олжээ.
23
Бэлитунг хөлөг онгоц- 90 сая ам.доллар
Европчуудаас өмнө Хятадууд Ойрхи Дорнод болон Африктай худалдаа хийдэг байсныг энэ олдвор гэрчилнэ. 830 онд Африк Хятадын хооронд аялсан "Бэлитунг" (Belitung) хөлөг онгоц далайн шуурганд өртөн живжээ. 1998 онд тус хөлөг онгоцыг далайгаас гаргаж авах үед дотор нь Хятадын Тан гүрний үеийн хэрэглэлүүд байсан төдийгүй бүгд сайн хадгалагдаж үлдсэн байжээ.
22
Эсмеральда хөлөг онгоц- 100 сая ам.доллар
XVI зууны үед Европын хүчирхэг гүрнүүд болох Англи, Испани, Португал, Франц зэрэг орнууд далайд ноёрхлоо тогтоохын тулд хоорондоо өрсөлдөж байсан билээ. 1502 онд Испанийн гүн Васка Да Гама (Vasca Da Gama) Энэтхэг хүрэх шинэ зам олохоор өөрийн хөлөг онгоц Эсмеральда (Esmeralda)-гаар холын замд гарсан ч далайн шуурганд өртөн живсэн юм. “Эсмеральда”-г үүрд алдагдсан гэж тооцож байсан ч эрдэнэсийн ангуучид тус хөлгийг 2016 онд Оманы ойролцоогоос олсон юм. “Эсмеральда”-гийн үлдэгдэл дундаас асар их алт, мөнгөн зооснууд олдсон бөгөөд одоо хүртэл хөлгийг судалсаар байгаа юм.
21
Хар сахалтын их буу- 100 сая ам.доллар
Магадгүй "Хар сахалт" нь бүх цаг үеийн хамгийн алдартай далайн дээрэмчин байх. Мөн түүний хөлөг онгоц “Хатан хаан Мэригийн хонзон” (The Queen Anne’s Revenge) нь ахмад шигээ алдартай. Хар сахалт 1718 онд Хойд Каролина мужид Английн цэргүүдтэй тулалдаж байгаад хөлөг онгоцтойгоо живсэн юм. 1996 онд түүний хөлөг онгоцыг хайгуулчид олсон бөгөөд үлдэгдэл дундаас нь бүрэн бүтэн их бууг гаргаж авчээ. Хар сахалтын дээрэм хийхдээ ашигладаг их буу нь хагас тонны жинтэй бөгөөд эзнийхээ нэр алдрын ачаар овоо үнэ хүрсэн байна.
20
“Сentral America” хөлөг онгоц- 150 сая доллар
Тус хөлөг онгоцыг "Алтан хөлөг онгоц" гэж бас нэрлэдэг. Төв Америкаас Нью-Йорк хооронд баячуудыг зөөдгөөрөө алдартай байжээ. 1857 онд тус хөлөг онгоц Каролина мужийн эрэг орчмын далайн шуурганд өртөж 425 зорчигчийн хамт живжээ. Олон хүний амийг авч одсоноос гадна Калифорниос олборлосон арван тонн алтыг тээвэрлэж явсан нь шуугиан тарьсан юм. Удаан хайсны эцэст 1988 онд тус хөлөг онгоцыг гаргаж авсан бөгөөд дотор нь байсан алтны талаарх маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна.
19
1715 онд эрдэнэс тээвэрлэж явсан хөлөг онгоц- 175 сая ам.доллар
Испани XVIII зууны үед Европын хамгийн нөлөө бүхий орнуудын нэг байсан юм. Учир нь тэдэнд дэлхий дээрх хамгийн хүчирхэг усан флот байсан билээ. Гэсэн хэдий ч 1715 оны сүйрлийг тэд одоо хүртэл санаж явдаг. 1715 оны долдугаар сарын 31-нд Испанийн сан хөмрөгийг дүүргэх зорилготой их хэмжээний эрдэнэс ачиж явсан хөлөг онгоц Шинэ ертөнцөөс (Америк тивээс) асар том усан онгоц далайд гарсан юм. Гэвч Кубаас гарснаас хойш долоо хоногийн дараа усан онгоц шуурганд өртөж далайн ёроолд живжээ.
Удаан хайсны эцэст 1960-аад оны үед тус хөлөг онгоцыг олсон юм. Тэр цагаас хойш 175 сая ам.долларын үнэ хүрэх алтан зооснуудыг хөлөг онгоцны үлдэгдэл дундаас гаргаад байгаа бөгөөд түүнээс ч их баялаг байгаа гэж хайгуулчид үздэг юм байна.
18
Антикитер арлын эрдэнэс- 180 сая ам.доллар
1900 онд загасчид Грекийн эрэг орчмоос хүрэл зэвсгийн үеийн хөлөг онгоцыг олж илрүүлжээ. Тэдэнд мэдээж хэрэг шумбах хэрэгсэл байгаагаагүй ч хэд хэдэн хүрэл баримал гаргаж ирснийхээ дараа Засгийн газраас тусламж хүсчээ. Дараагийн хэдэн жилийн дотор мэргэжлийн хайгуулчид олон тооны хүрэл, гантиг хөшөө, алт мөнгөн эдлэлүүд гаргаж авчээ. Тэдгээрийг Грекийн түүхийн музейд хандивласан ба одоог хүртэл тэндээ хадгалагдаж байдаг юм.
17
“Republic” уурын онгоц- 180 сая ам.доллар
Иргэний дайны дараа АНУ-д сэргээн босголтын ажлууд эхэлсэн. Мэдээж хэрэг ялагдсан тал болох Өмнөдийнхөнд бараг мөнгө үлдээгүй юм. Харин тухайн үед Өмнөдийн талд хүргэхээр 400 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн зоос тээвэрлэж явсан “Republic” уурын онгоц Нью-Орлеан хотыг зорьж яваад далайн шуурганд өртөж сүйрчээ. 2003 онд хайгуулчид тус уурын онгоцыг далайн гүнээс гаргаж авсан бөгөөд одоогоор 180 сая.доллартай тэнцэх мөнгөн зоосны гуравны хоёрыг нь шагналд авчээ.
16
"Титаник"-ийн эрдэнэс- 200 сая ам.доллар
1985 онд Роберт Баллард хамгийн алдартай, сүйрсэн хөлөг онгоцыг олж түүхэнд нэрээ бичсэн билээ. Тэрбээр хөлөг онгоцны үлдэгдэл дундаас асар олон олдвор олсон бөгөөд хэдэн зуугаар нь дуудлага худалдаанд оруулсан юм. Та бидний мэдэх "Титаник" хөлөг онгоцноос сэдэвлэж хийсэн кино гарсны дараа түүний олдворуудын үнэ огцом өссөн гэдэг. Одоогийн байдлаар дуудлага худалдаанд 200 сая ам.долларын үнэ хүрэх зүйлсийг оруулаад байгаа юм.
15
“Gairsoppa” хөлөг онгоц- 210 сая ам.доллар
XX зууны эхэн үед үйлдвэрлэcэн, худалдааны хөлөг онгоцнуудын нэгэн адил “Gairsoppa” нь Дэлхийн II дайны үеийн цэргийн хэрэгцээнд дайчлагдаж байжээ. 1941 оны хоёрдугаар сард тус хөлөг онгоц Англи руу аялж яваад дайсны бөмбөгдөлтөд өртөж живсэн аж.
Удаан хайсны эцэст 2011 онд "Gairsoppa”-г хайгуулын “Одиссей” багийнхан олсон юм. Тус хөлөг онгоцноос АНУ-аас Английн Засгийн газарт тусламж болгох зорилгоор илгээсэн 210 сая ам.долларын үнэ хүрэх мөнгөн гулдмайнууд гарч ирсэн байна.
14
“Васа” хөлөг онгоц- 300 сая ам.доллар
XVII зуунд Швед улс дэлхийд худалдаа арилжаагаараа тэргүүлж байсан бөгөөд “Васа” тэнгисийн бусад хөлгүүдээс хамгийн хүчтэйд тооцогддог байв. 1628 онд тус хөлөг 30 хүний бүрэлдэхүүнтэй Стокгольм хотын боомтоос хөдөлсөн ч дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Харин 1950-иад онд нэгэн хайгуулын баг тус хөлгийг бүрэн бүтнээр нь олжээ. Одоо энэхүү хөлөг Шведийн музейд бий.
13
“Уида” хөлөг онгоц- 400 сая ам.доллар
Хамгийн анх Англид “Уида” хөлгийг хүн тээвэрлэх зориулалттай байгуулсан боловч хожим далайн дээрэмчний олз болсон гэдэг. Тус хөлгийг Бэллами (Bellamy) хэмээх далайн дээрэмчин Америкийн баруун эрэгт байрлах хөлгүүд рүү дайрч, боолуудыг хулгайлахдаа ашигладаг байсан юм. Хожим 1717 онд Беллами хөлөгтэйгөө далайн шуурганд өртөж нас барсан ажээ. Харин 1984 онд Бэрри Клиффорд хэмээх нэгэн эр хөлгийг олсон гэж олонд зарласан байна. Тэрээр хөлгөөс алт, мөнгөн зоос, үнэт зүйлс олсон гэнэ.
12
Аточа- 450 сая ам.доллар
Далайн ёроолоос олдсон хамгийн ховор эрдэнэсийг тахианы аж ахуй эрхэлдэг нэгэн залуу олсон нь гайхалтай. Мел Фишэр хэмээх залуу усанд шумбаж байгаад "Nuestra Señora de Atocha” хэмээх хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ. Энэ нь 1622 онд Флорида мужийн эрэг орчимд далайн шуурганд цохигдон живсэн Испанийн хөлөг онгоц байсан аж. Судлаачдын хэлж буйгаар энэ нь 450 сая доллараар үнэлэгддэг.
11
"Хар хун" төсөл- 500 сая ам.доллар
Португалийн Санта Мария хотын эрэгт 1804 онд живсэн “Nuestra Señora de las Mercedes” хөлөг онгоцны үлдэгдлийг олохоор тэнгисийн эрэл хайгуул хийдэг "Одиссей" компани “Хар хун” төсөл хэрэгжүүлжээ. Ийнхүү 2007 онд тус живсэн хөлгийн үлдэгдэл, түүнчлэн хагас тэрбум ам.долларын үнэ хүрэх хэмжээний их алт, мөнгөн зоос олсон байна.
Тус компани хөлгийг олсноо олон нийтээс нууцалж байсан ч Испанийн Засгийн газар тэднийг дэлхий нийтийг луйвардаж байна хэмээн үзэж шүүхэд дуудсан юм. Эцэст нь Испанийн Засгийн газар ялсан байна.
10
Далайн гүнээс олдсон Сфинкс- 600 сая ам.доллар
1992 онд Францын археологич Франк Годдио (Franck Goddio) живсэн Хераклеон хотын эрэлд гарчээ. Хайгуулын үеэр тэрээр аугаа Сфинксийн хөшөөг олсон юм. Энэ Сфинкс нь Хераклеон хотын ул мөр гэдэгт тэрээр бүрэн дүүрэн итгэлтэй байдаг аж. Мөн өнөөдрийн байдлаар энэ олдвор 600 сая ам.долларын үнэ хүрнэ гэж судлаачид тооцоолсон байна. Одоо энэхүү Сфинкс Египетийн Каир хотын музейд байдаг юм.
9
Салкомбе - 800 сая ам.доллар
1990 онд анх Английн Салкомбе хотын өмнөд эргээс VII зууны үед Мароккогоос алт эрдэнэс тээвэрлэж яваад осолдсон хийн хөлөг онгоцны үлдэгдэл олджээ. Ямар даалгавартай, ямар нэртэй хөлөг байсан нь тодорхойгүй ч хааны гэр бүлд зориулсан бэлэг тээвэрлэж явсан байх магадлалтай гэж судлаачид үздэг юм.
2004 онд мөн тус газраас Хүрэл зэвсгийн үеийн буюу манай эриний өмнөх XIII зууны үеийн хөлгийн үлдэгдэл мөн олжээ.
8
Антикитерийн механизм- 900 сая ам.доллар
Грекийн эргээс 1901 онд Антикитерийн механизмыг олж байжээ. Анх олсон хүмүүс нь үүний хамт байсан зоос, мөнгийг хараад баярлаж байсан болохоос үүнд ач холбогдол өгөөгүй гэнэ. Гэтэл тэр хаягдал мэт төмөр нь илүү үнэ цэнэтэй болох нь тогтоогджээ. Энэ нь оддын хөдөлгөөнийг урьдчилж мэдээлдэг төхөөрөмжийн нэг хэсэг байсан юм. Зөвхөн энэ зүйлийг үзэхээр музейд ирдэг хүний тоо маш их гэнэ.
7
“HMS Victory” хөлөг онгоц- 1 тэрбум ам.доллар
Трафальгарын тулаанд нэрээ мөнхөлсөн Английн “HMS Victory” хөлөг онгоц 1744 онд Ла-Маншийн хоолойд далайн шуурганд цохиулан живсэн юм. Живснээс нь хойш энэ хөлөг онгоцыг мэдэх хүн ховор болсон байлаа. Хожим 2016 онд тэнгисийн эрэл хайгуул хийдэг "Одиссей" баг онгоцыг олж, олон нийтэд хаана байгаа газрынх нь талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Учир нь хөлөг онгоцноос маш их алт, зоос олдсон бөгөөд өнөөдөр эдгээр эрдэнэс нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх болжээ.
6
“Далайн цэцэг” хөлөг онгоц- 2 тэрбум ам.доллар
Португалийн хамгийн хүчирхэг гэгддэг “Далайн цэцэг” хөлөг онгоц 1511 онд Энэтхэгийн далайд алт эрдэнэс тээвэрлэж яваад шуурганд цохиулж живсэн ажээ. Харин 1992 онд нэгэн эр далайд шумбаж яваад хөлгийг олсон гэдэг ч “Далайн цэцэг” нэрт хөлөг онгоц мөн эсэхэд олон судлаач эргэлздэг юм. Өдийг хүртэл энэ хөлөг онгоцны эрэл хайгуулын ажил явуулах тал дээр Португали, Испани, Индонез, Малайз улс зөрчилддөг юм.
5
“RMS Republic” хөлөг онгоц- 5 тэрбум ам.доллар
"Титаник" хөлөг онгоцыг үйлдвэрлэсэн Английн “White Star Line” компани 1903 онд “RMS Republic” зорчигч тээврийн хөлөг онгоц бүтээжээ. Хөлөг онгоцоор үргэлж баян тансаг хүмүүс зорчдог байсан бөгөөд 1909 онд манан дундах хөлөг онгоцтой мөргөлдөж, живсэн гэдэг.
Зорчигчдоос нийт 1500 хүнийг аварсан юм байна. Харин тэд маш үнэ цэнэтэй зүйлсийг авч явсан нь тодорхой бөгөөд Орос руу хэдэн сая долларын үнэтэй алт ачиж явжээ.
4
Хераклеоны эрдэнэс- 5-10 тэрбум ам.доллар
Хераклеон гэх нэрийг грекчүүд Египетийн Тонис боомт хотод өгчээ. Энэ хот газар хөдлөлтийн нөлөөгөөр сүйрч далайн ёроолд живсэн гэж түүхэнд бичигдсэн байна. Чухам энэ л хотын түүхээс Атлантис хотын домог бий болсон гэж үздэг юм. Тэгвэл Хераклеон хотын балгасыг 2000 онд олжээ.
Хотын балгас дунд эртний хөшөө дурсгал олдсон бөгөөд энэ бүх олдвор нь тус хотын ердөө тавхан хувь нь гэгддэг юм. Хераклеоны эрдэнэс 5-10 тэрбум ам.доллараар үнэлэгддэгийг судлаачид хэлдэг.
3
Сан Хозе - 17 тэрбум ам.доллар
1708 онд Испанийн усан цэргийн Сан Хозе онгоц Колумбын Картагена хотын ойролцоо живжээ. Тус хөлөг онгоц Испанийн хаан ширээний төлөөх дайны үеэр үнэт эрдэнэс тээвэрлэж явсан бөгөөд хаана осолдож живсэн нь тодорхойгүй, ул мөргүй алга болсон гэгддэг байна.
Харин 2015 онд нэгэн хайгуулын баг Колумбын баруун эргээс тус онгоцыг олжээ. Тэд яг хаанаас олсон гэдгээ нууцалж байсан юм. Гэсэн ч тус хөлөг онгоцны эрдэнэс нийт дөрвөөс 17 тэрбум ам.доллар хүрнэ гэж судлаачид дүгнэжээ.
2
Пуникийн дайны олдвор- үнэлж баршгүй
Манай эриний өмнөх 241 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ромын эзэнт гүрэн Карфагены эзэнт гүрний хооронд дайн болж, Пуникийн дайн хэмээн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Тухайн цаг үед болсон хамгийн томоохон тулаан одоогийн Италийн ойролцоох Эгад арлын хажууханд далай дээр болжээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн том тэнгисийн тулаанд тооцогддог юм.
2013 онд Эгад арлын ойролцоо судалгааны томоохон баг хайгуул хийж байхдаа дээрх дайны үеэр сөнөсөн, хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ. Мөн далайн ёроолоос алт, зоос гэх мэт олон үнэт эдлэл олсон байна. Судлаачид эдгээрийг үнэлж баршгүй хэмээн үзэж буй бөгөөд дэлхийн түүхийг өөрчилсөн хамгийн том үйл явдлын ул мөр гэж дүгнэсэн юм.
1
Кесариягийн эрдэнэс – үнэлж баршгүй
2016 онд хэсэг шумбагчид Израилийн Кесария хотын эрэг орчим далайн гүнээс сөнөсөн хөлөг онгоцны үлдэгдэл, мөн 2000 алтан зоос олжээ. Тэд олсон зооснуудаа Израилийн эртний эдлэлийн газарт аваачиж өгсний дараа Засгийн газраас нь тусгай хайгуулын баг гаргахад хуучин хөшөө болон есөн кг алтан зоос нэмж олсон гэнэ. Харин судлаачид энэхүү олдвор нь бараг 1600 жилийн өмнө живсэн ачааны хөлөг онгоцны үлдэгдэл болохыг тогтоожээ.
Касериягийн эрдэнэсийг Израилиас олдсон Ромын эзэнт гүрний үеийн хамгийн аугаа олдвор гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Далайн ёроолд хэчнээн их үнэт зүйлс живснийг бид мэдэхгүй ч Касериягийн эрдэнэс хэмжээлшгүй их үнэ хүрэх нь ойлгомжтой.