Деми Ловато өөрийн хорт зуршлынхаа талаар олон нийт болон фэнүүддээ нээлттэй ярьдаг байсан юм. Тэрээр 17 настайдаа анх удаа кокайн хэрэглэж үзсэн гэдэг. Харин түүнээс жилийн дараа хар тамхи, архинд донтож бие нь муудаж байсан аж. Тухайн үед хэт их турж, бугуйгаа зүсэх зэргээр өөрийгөө шийтгэж байсан бөгөөд эмчилгээнд явснаар зургаан жилийн турш кокайнаас хол байж чадсан юм.
Дуучин бүсгүй маань өөрөө өөртэйгөө олон жилийн турш тэмцэж буй тухайгаа уран бүтээлдээ ч тусгадаг билээ. Гэтэл өнгөрөгч ням гаригт Дэми Калифорнид хийсэн тоглолтынхоо үеэр дууны үгээ хэд хэдэн удаа мартаж байсан гэнэ.
Дэми Лос-Анжелес хот дахь гэртээ даваа гаригийн орой үдэшлэг зохиож, найзуудаа урьсан бөгөөд энэ үеэр тэр архи их ууж, мансууруулах бодис хэрэглэж байсан гэнэ. Ямар нэгэн асуудал гарахаас сэргийлж найзууд нь хар тамхины үйлчлэлийг бууруулах наркан гэх хүчтэй эм авч явсан гэнэ. Ийнхүү Дэми мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, бие нь муудах үед найзууд нь түүнд наркан тарьж, түргэн тусламж дууджээ.
Наркан ч нөлөөгөө өгч, хэсэг хугацаанд эмчилгээ хийсний дараа Дэмигийн бие сайжирч, ухаан орсон гэж түүний авга эгч мэдээлсэн байна. Энэ долоо хоногт Атлантик хотод болох түүний тоглолтыг цуцалжээ.
Олны танил алдартнууд Дэмид санаа зовж, түүнийг хурдан тэнхрэхийг хүссэн сэтгэгдэл олноор нь үлдээжээ.
Шүүх, цагдаагийн байгууллагынхан Дэмиг геройн хэрэглэсэн хэмээн мэдээлсэн юм. Гэхдээ дуучны найз нөхөд нь түүнийг чухам юу хэрэглэснийг тодорхой хэлэхийг хүсээгүй гэнэ. Мөн Дэми ухаан орсон ч эмч болон цагдаа нарт ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээ хэлэхээс татгалзжээ.