Манай дэлхийд дээр амьдарч байсан хачирхалтай хүмүүсийн түүх

2018-07-20, 12:41
11,048

Таны амьдралдаа харж, сонсож байсан хамгийн хачин жигтэй хүмүүсийг бид энэ удаа онцлох гэж байна. Харахад магадгүй нүд хальтирам ч тэдний зарим нь үнэхээр гайхалтай түүхийг бүтээжээ. Уран зөгнөлт кино, үлгэрийн баатруудын дүрд жинхэнээсээ тоглосон  мэт дараах хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдрал таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна. 

Манай дэлхийд дээр амьдарч байсан хачирхалтай хүмүүсийн түүх

1 “Ой модноос гарч ирсэн хүн” Петрус Гонсалвус

“Араатан ба гоо үзэсгэлэн” зохиолыг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ энэ зохиолыг бодит хүнээс сэдэвлэсэн гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. 1537 онд Испанийн Тенериф арал дээр нэгэн ер бусын хүүхэд мэндэлжээ. Тэр хүүхэд бүх биеэрээ үстэй байсан гэнэ.

Эцэг эх нь түүнийг чөтгөрийн хараал, эсвэл өвчин туссан гэж боджээ. Тэр үед хэн ч “Hypertrichosis” хэмээх өвчний талаар мэддэггүй байсан нь ойлгомжтой. Петрус (Petrus Gonsalvus) хүүг 10 настай байхад нь эцэг эх нь түүнийг Франц далайн дээрэмчдэд заржээ. Харин дээрэмчид түүнийг “Ой модноос гарч ирсэн хүн” гэж нэрлээд Францын хаан II Хенрид тушаажээ.

“Ой модноос гарч ирсэн хүн” Петрус Гонсалвус

Гэхдээ хаан биеэрээ дүүрэн үстэй хүүг хурц ухаантай болохыг нь анзаарчээ. Петрус франц хэлийг тун богино хугацаанд сурчээ. Тиймээс хаан түүнийг өндөр мэдлэгтэй нэгэн болгохыг хүсэж төрөл бүрийн хичээл заахыг албатууддаа тушаажээ. Харин II Хенри  хаан нас барсны дараа түүний эхнэр Петруст анхаарал тавих болсон гэнэ. Зарим хүн хатан Петрусын хуримыг зохион байгуулсан гэж ярилцдаг. Учир нь хатны бараа бологч  Катерин гэгч эмэгтэй түүний эхнэр болжээ.

Хосууд хэдий хоёр өөр ертөнц, гэр бүлээс гаралтай байсан ч бие биедээ үнэхээр хайртай байсан гэнэ. Тэд зургаан хүүхэдтэй болсон бөгөөд дөрөв нь аав шигээ бүх биеэрээ үстэй мэндэлжээ. Түүнийг усны дусал шиг дуурайсан охид бол Магдалена болон Антониетт (Magdalena, Antoniette) нар юм.

Гэхдээ хатан болон Петрусын эхнэр нас барсны дараа тэдний гэр бүл язгууртны амьдралаа орхиход хүрсэн юм. Тиймээс Петрус хүүхдүүдтэйгээ Итали улс руу нүүж тэндээ амьдарч байгаад 81 насандаа нас баржээ. Петрусын түүх “Араатан ба гоо үзэсгэлэн” зохиолын санааг бий болгосон гэнэ. Мөн түүнээс болж эрдэмтэд энэ төрлийн өвчнийг судлах болжээ.

2 Гурван хөлтэй хөлбөмбөгчин Францеско Лентини

Францеско Лентини (Francesco Lentini) Италид 1889 онд төржээ. Тэрээр ихэр төрөх байтал учир битүүлэг явдлаас болж ихрийнх нь нэг хөл түүний сээр нуруутай холбогджээ. Ийнхүү Францеско гурван хөлтэй мэндэлсэн байна.

Францеско нийт 11 ах дүүстэй бөгөөд тэд бүгд эрүүл саруул, хэвийн биетэй. Ээж аав нь түүнийг өсгөхөөс татгалзаж авга эгчид нь өргүүлжээ. Гэхдээ авга эгч нь түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт өгсөн байна.

Францеско өөрийгөө маш аз жаргалгүй нэгнээр мэдэрдэг байсан гэнэ. Гэхдээ сонсголгүй, ярих боломжгүй гэх мэт өөрөөс нь хүнд өвчтэй хүүхдүүдийг хараад түүний гурван хөл асуудал биш гэдгийг ухаарсан аж.

Гурван хөлтэй хөлбөмбөгчин Францеско Лентини

Тиймээс хүү өөрийнхөө биеийг хайрлаж, дахин давтагдашгүй нэгэн болохоо ойлгожээ. Мөн дугуй унаж, хөл бөмбөг тоглож сурсан байна. Хүү найман настай байхдаа Америк руу явж, циркийн үзүүлбэрчин болсон юм.

Гурван хөлтэй хүний үзүүлбэр маш их нэрд гарч байсан учир Францеско олсон мөнгөө өвдсөн, зовсон ядуу хүмүүст хандивладаг байсан гэж өөрийн намтартаа бичжээ.

Хэрхэн өөрийгөө ялан дийлж, амжилттай циркийн үзүүлбэрчин болсон тухайгаа тэр өөрийн номондоо бичсэн байдаг. “Би энгийн хос гутал авдаг, нөгөө өрөөсөн гутлыг хөлөө алдсан хүнээс худалдаж авдаг” гэж тэр бичсэн байна. 

Мөн Францеско хэрхэн ийм биетэй болсноо ойлгохыг оролдож, эмэгтэй хүн жирэмсэн байхдаа юу хийж, бас хэрэглэж болохгүй талаар зөвлөгөө өгдөг байв.

Францеско 30 насандаа Америкийн иргэн болж Тереза Муррей (Theresa Murrey) гэх бүсгүйтэй гэрлэсэн юм. Хосууд эрүүл саруул дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд Францеско 77 насандаа хорвоог орхижээ. Тэрээр бүх л амьдралынхаа туршид үзүүлбэр үзүүлсэн аж. 

3 Кристиан Хеинрих Хэйнекэн маш ухаантай хүүхэд байв

Гоц авьяастай Кртистиан (Christian Heinrich Heineken) хүү 1721 онд Германы Любек хотод төржээ. Түүний аав Пол  зураач, уран барималч байсан бол ээж Катерина нь зураач, алхимич байжээ. Хүү бүр 10 сартайдаа хэлд орсон гэнэ. 

Кристиан маш сайн ой санамжтай байсан гэнэ. Хүмүүсийн хэлж байснаар хүү нэг настайдаа Библийн дэд хэсэг болох "Шинэ гэрээ"-г латин хэлээр цээжээр хэлдэг байжээ. Мөн гурван настайдаа Дани улсын түүхийн хичээлийн талаар илтгэл уншиж байсан гэдэг. Түүний илтгэл үнэхээр сайн боловсруулсан, тун сонирхолтой байсан гэнэ. Лекцийг нь сонссон хүмүүс хүүг биширчээ.

Харамсалтай нь хүү дөрөвхөн жил л амьдарсан байна. Учир нь тэрээр гэдэсний хүнд өвчтэй байсан гэнэ. 

Кристиан Хеинрих Хэйнекэн маш ухаантай хүүхэд байв

4 Үлэмж биетэй Мартин болон Анна Бэйтес нар

Бараг хоёр метр өндөртэй эмэгтэй хүн хань ижлээ олоход хэцүү л байх. Тэр тусмаа царайлаг хүнийг бүр олохгүй. Гэхдээ Анна (Anna)- д ийм хүндрэл учирсангүй. Анна охин 1846 онд Канад улсад төржээ.

Түүний эцэг эг, ах дүү нь бүгд бусдын адил хэвийн өндөртэй хүмүүс байсан ч Анна охин 15 настайдаа 182 см өндөр, 99 кг жинтэй байв. Түүний хөл гар нь үнэхээр том хэмжээтэй гэнэ. Хэдий үлэмж биетэй байсан ч тэр үнэхээр сайхан сэтгэлтэй охин байжээ.

Үлэмж биетэй Мартин болон Анна Бэйтес нар

Анна 25 настайдаа циркийн үзүүлбэрчин Мартин (Martin Bates)-д дурлажээ. Мартин ч түүний нэгэн адил хэвийн өндөртэй жирийн аав ээжээс төрсөн аварга биет байв. Мартин багадаа энгийн хүүхэд байсан гэнэ. Гэхдээ зургаан настайгаасаа огцом том болжээ. 14 настайдаа  л тэр 182 см байсан аж.

Анх тэр хоёр танилцахад Анна Мартинаас ес дүү мөртлөө бага зэргийн өндөр буюу 213 см байжээ. Тэд удалгүй гэрлэсэн бөгөөд хосууд үнэхээр авьяастай, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан болохоор эргэн тойрныхон нь тэдний үлэмж биетэйг үл хайхран сайхан харьцдаг байв.

Хосууд 1872 онд анхны охиноо төрүүлжээ. Охин долоон кг жинтэй төрсөн бөгөөд мэндэлсэн даруйдаа амьсгал хураасан гэнэ. Ийнхүү дахин долоон жилийн дараа 9 кг жинтэй хүү төрүүлэхэд 11 цагийн дараа мөн л эндсэн байна.

Түүнээс хойш есөн жилийн дараа Анна зүрхний шигдээсээр нас барсан бол Мартин дахин хүнтэй суусан аж. Энэ удаа тэрээр энгийн бүсгүйтэй гэрлэсэн байна.

5 24 зан төлөвтэй эр

Виллиам (William Stanley Milligan) маш ховор төрлийн сэтгэцийн өвчтэй нэгэн байв. Түүний бие дотор 24 өөр хүн байсан гэдэг. Тэдгээрээс Виллиам зөвхөн өөрийн зан ааш, үйлдлийг л хянаж чаддаг байсан гэнэ.

Виллиамын дотор хүмүүс дунд бусад 23 хүнийг зан чанарыг удирдаж, дарамталж чаддаг маш хүчтэй нэгэн байсан гэнэ. Тэр хүчтэй зан чанартай хүн нь аливаа зүйлийг сүйтгэж, бусниулж, бусад хүмүүсийг өвтгөхөөс ч сийхгүй нэгэн байжээ.

24 зан төлөвтэй эр

Түүний биед эмэгтэй, эрэгтэй, том хүн, хүүхэд гэх мэт янз бүрийн зан чанар, зуршилтай, өөр өөр хэл мэддэг хүмүүс байсан гэдэг. Тэр хүмүүс бүгд сайхан ааштай байгаагүй аж. Зарим нь гэмт хэрэг хийсэн тул Виллиам шүүхэд хүртэл дуудагдаж байжээ.

Шүүгч түүний байр байдлыг сонсоод Виллиамыг шорон биш сэтгэцийн эмнэлэг рүү явуулжээ. Тэрээр эмнэлэгт 10 жилийг өнгөрүүлж эцэст нь хувийн сэтгэл зүйчтэй болж эмнэлгээс гарчээ. Эрх чөлөөтэй болсныхоо дараа тэрээр жижиг кино компани байгуулсан ч төд удалгүй дампуурчээ.

Түүний дараа Виллиам хүмүүсээс зайгаа барьж, хаа нэг тийшээ зугтсан байна. Түүнийг 59 настайдаа хөгшчүүлийн асрамжийн газар нас барсан гэж ярьцгаадаг юм.

6 “Тэмээн охин” Элла Харпер

Элла (Ella Harper) үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн охин байсан юм. Гэхдээ хүмүүс түүн рүү хараад хөөрхөн царайг нь биш хачин жигтэй бие галбирыг нь л анзаардаг байв. Тэрээр арагшаа нугаларсан хөлтэй төржээ. Явах ямар ч боломжгүй байсан учраас эмч нар түүнд хагалгаа хийж хөлийг нь урагш эргүүлж өгчээ. Ийнхүү охин дөрвөн хөллөж явах болсон юм.

Охин 12 настайдаа циркийн урлагт хөл тавьж хүмүүс түүнийг “Тэмээн охин” гэж нэрлэх болов. Циркийн сурталчилгааны зурагт хуудсанд нь түүнийг “Тэмээ шиг явдаг үзэсгэлэнтэй охин” гэж бичдэг байв. Элла циркт ажилд орсноор долоо хоногт 200 ам.доллар олдог болсон нь одоогийн ханшаар бараг 5000 ам.доллар юм.

Элла 16 насандаа сургуульд сурахаар циркээс гарсан гэнэ. Хожим 35 насандаа Элла хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн ч охин нь нэг нас хүрэхээсээ өмнө учир битүүлгээр нас барсан байна. Дараа нь 48 насандаа нөхөртэйгөө хамт нярай хүүхэд үрчилж авсан ч мөн л гурван сартайдаа ойлгомжгүйгээр энджээ. Үүнээс гурван жилийн дараа Элла нас барсан юм. Түүнийг хүүхдүүдийнх нь хажууд оршуулсан гэдэг. 

“Тэмээн охин” Элла Харпер

7 “Аниргүй ихрүүд”

Төв Америкийн Барбадос улсад 1963 онд Жюн болон Женнифер Гиббонс (June, Jennifer Gibbons) нэртэй ихэр охид мэндэлжээ. Тэднийг хожим “аниргүй ихрүүд” гэж дуудах болсон шалтгаан нь охид хоорондоо маш аяархан ярьдаг байсан бөгөөд бусад хүмүүстэй огт харьцдаггүй байсан гэнэ. 

Охидыг эцэг эх нь анх хэлгүй гэж боддог байсан юм. Харин Уэльс рүү нүүсний дараа охидыг ярьж чаддагийг мэдсэн байна. Охид хоорондоо зөвхөн өөрсдийн мэддэг хэлээрээ ярьдаг аж. Эцэг эх нь жирийн бус байгааг нь анзаарч охидыг салгахыг оролдож, хоёр өөр сургуульд явуулж үзжээ. Гэхдээ энэ нь асуудлыг улам л дордуулж байв. Сургуулиа тараад гэртээ ирмэгцээ охид бие биенээсээ салахгүй, улам л өөрсдийгөө бусдаас тусгаарлах болжээ.

Байнга өрөөндөө бүгж, охид шүлэг, зохиол бичдэг байсан бөгөөд ихэнх нь аймшгийн түүх байсан нь хачирхалтай. Мөн цаг ямагт тэмдэглэлийн дэвтрээ хөтөлдөг байсан гэнэ. Аймшигт зохиол бичихээс залхсан үедээ хэрэг тарьдаг болсон байна. Тэд хэд хэдэн удаа санаатайгаар гал тавьж, бусад хүн рүү зэвсэглэж дайрдаг байв.

“Аниргүй ихрүүд”

Жюн Гиббсоны бичсэн зохиол.

Шүүгч тэднийг сэтгэцийн эмнэлэгт хорьж, эмчлэх шаардлагатай гэж үзсэн юм. Охидыг тусад нь өөр өрөөнд оруулсан ч тэд яг адилхан үйлдэл хийдэг байв. Нэг удаа хоёр өөр өрөөнд байсан хэрнээ хоёулаа таазнаас зүүгдэж байсан гэнэ.

Марйоре Виллиамс (Marjorie Williams) гэх нэгэн сэтгүүлч охидыг энгийн эмнэлэг рүү шилжүүлэх гэж 11 жил тэмцжээ. Энэ нь ч биеллээ олсон байна. Шилжихээсээ өмнө Женнифер “Марйоре,  Марйоре би үхэхээс өөр аргагүй боллоо” гэхэд нь учрыг асуухад “Бид тэгж шийдсэн болохоор” гэж хэлсэн байна. Удалгүй Женнифер үнэхээр нас баржээ.

Нэг нь үхэж байж нөгөө нь эрх чөлөөтэй амьдарч чадах болсон гэж сэтгүүлч таамагладаг юм. Учир нь тэд хэчнээн бие биенээсээ салж чаддаггүй, нэг нь нөгөөдөө хайртай байсан ч тэдний тэмдэглэлийн дэвтрийг уншвал бие биенээ хэчнээн үзэн яддаг байсныг нь ойлгож болох гэнэ. Охид үнэхээр хачин жигтэй харилцаатай байжээ.

“Миний эгч яг л нарны гэрлийг үгүй хийсэн хар сүүдэр шиг. Тэр намайг тарчлаах цор ганц хүн. Бид бие биенийхээ хөнөөлт дайснууд юм” гэж Женнифер бичжээ. “Бид биенээ алахаас ч буцахгүй үхлийн энергийг мэдэрдэг. Би өөрийнхөө сүүдрээс ангижирч чадах уу, үгүй юү гэж өөрөөсөө асууна. Би өөрийн сүүдэргүйгээр, өөрийн гэсэн амьдралтай болж чадах уу, эсвэл үхэх үү? Өөрийн сүүдэргүйгээр зовлон гунигт баригдсан алуурчин болох уу?” гэж тэр цааш нь бичжээ.

Эгчийнхээ үхлийн дараа Жюн бусад хүмүүстэй харьцаж эхэлж, бүр хандивын дэлгүүрт хүртэл ажилладаг болжээ.

8 Өхөөрдөм циркчин Шлитци

Шлитци 1901 онд Америкт төржээ. Тэрээр гурван настай хүүхдийн оюун ухаантай төдийгүй 122 см-ээс дээш өсөөгүй гэнэ. Түүний хаана төрсөн, жинхэнэ нэр, эцэг эхийн талаар ямар нэгэн мэдээлэл байдаггүй. Тэрээр “microcephaly” өвчний улмаас жижиг гавалтай, аливаа зүйлийг бүрэн ухамсарлах чадваргүй нэгэн болжээ. Бүтэн өгүүлбэр хэлэх чадваргүй байсан ч тэрээр хэд хэдэн циркт ажиллажээ. Сүүлд 1932 онд “Freaks” кинонд дүр бүтээснээр хүмүүст танил болсон байна. Харин 1935 онд түүнийг “Tom Mix Circus” циркийн сармагчинтай үзүүлбэр үзүүлэгч Жорж Суртээс (George Surtees) хэмээх хүн үрчилж авчээ.

Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл Шлитци олон газарт үзүүлбэр сонирхуулж байсан юм. 1960-аад онд түүний өргөж авсан аав нас барсан тул асран хамгаалах хүнгүй түүнийг эмнэлгийн мэдэлд шилжүүлжээ. Дуулж, бүжиглэх дуртай байсан тэрээр эмнэлэгт хэвтсэндээ уйдаж ганцаардах болсон ч бас нэгэн циркийн үзүүлбэрчин түүнийг эмнэлгээс авч гарсан аж. Ийнхүү 1971 онд 70 насандаа Шлитци нас барсан байна. 

Өхөөрдөм циркчин Шлитци

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()