Би Япон оронд дөрвөн жилийн турш алгасахгүй ирж байна. Хамгийн сүүлийн удаа ирэхдээ л Японыг жинхэнэ утгаар нь үнэлж, ойлгож чадсан юм шиг санагддаг. Япон орны талаар эссе, сэтгүүл, түүхэн ном гээд холбогдолтой бүхий л зүйлийг худалдан авч уншдаг болсон. Японд ирэхдээ эрэгтэй хүний банзал болон хэдэн боодол чүдэнз, мөн гэрэл зургийн цомог хийх үүднээс камер мөн авчирсан.\
1
Нислэг
Берлингээс Япон руу шууд нислэг байгаагүй тул заавал дамжин суух хэрэгтэй болсон бөгөөд би "Эйрбус А350" онгоцтой нислэгийг сонгосон юм. Харин буцахдаа "Бойнг 787 Дримлайнер"-аар ирнэ.
2
Токио
Токиогийн хамгийн чухал тээврийн хэрэгсэл бол "Кейсей" хэмээх цахилгаан унаа юм. Энэхүү галт тэрэг байшин барилга, будааны талбайгаар дайрч, газар доорх замаар явсаар томоохон хот болох Токиод ирдэг. Зам зуур цагаан масктай маш олон хүн ар араасаа орж ирж галт тэргэнд суудаг юм билээ. Харин найман цагийн нислэгийн дараах ядарсан харцаар би тэднийг ширтэж байв.
Токиогийн гудамжаар зугаалах үед хөшөө баримал ховорхон таарна. Харин хэд хэдэн сүм бий. Энэ нь япончуудын сэтгэл зүйтэй холбоотой. Хөшөө баримал гэхээсээ илүү байнгын тогтвортой байдал тэдэнд чухал. Хэдийгээр 20 жил тутам сүмийг нурааж, дахин босгодог ч энэ нь тэдний хувьд 100 жилийн өмнөх сүм хэвээрээ л байх болно. Япончууд бүхий л амьдралынхаа туршид чухал гэсэн зүйлээ өөрчлөхгүй байхыг хичээдэг бөгөөд хамгийн сүүлд Исэ сүмийг 1993 онд дахин засварлах ажилд 200 мянган хүн оролцсон байна.
Дэлхий дээр хоёрхон төрлийн соёл бий. Нэг нь барилга барих, нөгөөх нь барихгүй байх гэж нэг нөхөр бичсэн байдаг. Барилга, цамхаг ихтэй хотуудыг ажиглахад хотын төв гэдэг нь мэдэгддэг бол Токиод энэ төрлийн барилга байхгүй бөгөөд далайн эрэг дээр нуугдсан хот мэт санагдана. Шөнийн цагаар гэрэлтүүлэг хүртэл байдаггүй гээд бод доо.
Гадаадын иргэдийг япончуудаас ялгахад маш амархан. Тэдний алхаа тэс өөр харагддаг. Бид илүү аажуу тайван, бас нуруу цэх алхдаг. Харин япон хүмүүс оцон шувуудын дунд буй зэрлэг муурыг санагдуулна.
Хөл барьсан гутал, хатуу захтай цамц, бариу дотуур хувцас, биед эвгүй дүрэмт хувцас өмсөх нь япончуудын хувьд энгийн үзэгдэл. Харин харьцангуй чөлөөтэй хувцас өмссөн байвал илүү хурдан хөдөлж дутуугаа нөхөхийг эрмэлздэг. Шууданчид сонин овоолж хураасан тэргээ түрж гүйдэг бөгөөд тэргэн дээр нь муужгайгаа дагуулан явж буй муурын зурагтай лого бий.
Токио бол шатны хот. Байнга газар хөдлөлт болж, байшин барилга их нурдаг учир гадна талдаа шат хийх болсон аж. Гэхдээ хүчтэй газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд шат нурах талаар тэд тооцоолоогүй бололтой.
Цэнгээний газар байхад газар чичирхийлж хөдөлсөн тохиолдолд үйлчлүүлэгчид шар айргаа асгахгүйн тулд ширээнээс өргөдөг. Бараг дөжирчихсөн гэмээо. Ер нь л газар хөдлөлт Японд хэвийн үзэгдэл бөгөөд хааяа яг л галт тэргэнд яваа мэт мэдрэмж төрөх болно.
Токиод цэцэрлэгт хүрээлэн байдаггүй нь хачирхалтай. Гэхдээ энэ нь газрын үнэ өндөр, хувийн хэрэгцээг дээд зэргээр хамгаалсан хууль дүрэмтэй нь холбоотой биз ээ. Цэцэрлэгт хүрээлэн барихын тулд байшин нураана гэдэг утгагүй зүйл.Гэхдээ Токио хот цэцэрлэгт хүрээлэнгүй ч хангалттай хөгжиж байна.
Япончуудын нойр хэзээ ч ханадаггүй. Миний ажигласнаар Токиогийн иргэдийн тал хувь нь үргэлж нойрмог байдалтай амьдардаг мэт харагдана. Жишээлбэл, тээврийн жолооч дэлгүүр орж будааны пирожки худалдаж аваад хоолоо идэж байх зуураа ханаа налаад унтах тохиолдол бий. Метронд бол бараг л бүх зорчигч унтдаг. Хэн нэгэн тэдний цаг хугацаанаас хумсалж байгаа мэтээр тогтмол унтаж явдаг.
Токиогийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь жижигхэн хүнс барааны дэлгүүр болох "Конбини" юм. 1800 иргэн тутамд нэг "Конбини" дэлгүүр хэмээн тооцож нээсэн байдаг учир хотын хаа сайгүй бий. Энгийн нэг өрөө байрны хэмжээтэй жижигхэн энэхүү дэлгүүрт цагаан будаа, бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, жигнэмэг байдаг. Буланд нь манго сэтгүүлтэй бяцхан ширээ бий. Энэхүү дэлгүүр жилийн дөрвөн улирал, амралтгүйгээр 24 цагийн турш ажилладаг.
"Конбини"-гийн эзэд ихэнхдээ нас тогтсон гэр бүлийн хүмүүс байдаг бөгөөд тэд өөрийн хуримтлалаараа дэлгүүр нээн ийнхүү ашиг олохын тулд ажилладаг байна. Мэдээж олон тооны "Конбини" байдаг учир хоорондын өрсөлдөөн ихтэй. Тиймээс учир зарим тохиолдолд ашиг олохгүй байх үе гардаг. Япончууд өдөр бүр "Конбини" орж будааны пирожки, шар айраг болон энергийн ундаа худалдан авдаг юм.
Токио маш тайван чимээгүй хот бөгөөд төв гэж байдаггүй учир заримдаа нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй урт зам үргэлжилнэ. Токиогийн нам дор газарт байрладаг дүүргүүд алдартай бөгөөд тэнд өөрийн гэсэн сонирхолтой амьдрал өрнөж байдаг.
Эрт дээр үед Японы баян тансаг хүмүүс, самурай, шогун нар өндөрлөг газар амьдардаг байсан бол энгийн ард нам дор газар, сурибашид аж төрдөг байжээ. Орчин үед ч гэсэн энэ систем хадгалагдан үлдсэн ч өндөрлөг газруудад тэнгэр баганадсан барилга, оффис, худалдааны төвүүд баригдсан.
Сурибаши гэдэг нь хувийн байшингуудаас бүрдсэн жижиг дүүрэг юм. Газар нь олон жижиг хэсэгт хуваагдсан учир нэг том барилга барих боломжгүй байдаг. Оршин суугчид нэг нэгэндээ саад болохгүйгээр өөр өөрийн гэсэн дүрмээр эрх чөлөөтэй амьдардаг. Зугаалахад хамгийн сонирхолтой дүүрэг бол сурибаши юм.
Япончууд хүйсийн харьцааны тал дээр одоо хүртэл учраа олоогүй улс мэт санагдана. Ажил хийдэг эмэгтэйчүүдийн тоо буурч, улстөрч эмэгтэйчүүд бараг л нүдний гэм болж, харин амжилттай яваа цөөн тооны бүсгүйчүүд нь "Бид эрчүүддээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй" хэмээн уулзалтын үеэр хэлдэг.
Япон эмэгтэйчүүдийн тал хувь нь дээд боловсрол эзэмшсэн гэнэ.
Японд матчи-коба хэмээх жижиг дунд үйлдвэрлэл маш ихээр хөгжсөн байдаг. Тэд аль нэг томоохон үйлдвэрийн барааг дахин боловсруулах, өөрчлөх, шинэчлэх дамжлагыг нь гүйцэтгэдэг энэ нь Японы эдийн засгийн үндсэн суурь болдог. Худалдаа эрхлэгчдийн 99 хувь нь матчи-коба эрхэлдэг байна. Аль нэгэн матчи-коба дээр хоолны шинэ тогоо үйлдвэрлэдэг бол өөр нэгэн матчи-кобад НАСА-гийн ямар нэгэн хэрэглэл хийх тохиолдол бий.
Ихэнхдээ матчи-коба нь орон сууцны байрны нэг давхарт байрладаг бөгөөд хотын гудамжинд хаа сайгүй элбэг байдаг. Үүний ачаар хот илүү хөдөлгөөнтэй, амьд мэт санагдана.
Матчи-коба нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тусалж байгаа аж. Жишээлбэл, зурагтын нэвтрүүлгээр матчи-кобагийн талаар ярьж байтал нэг нь “Бид нурдаггүй хана бүтээсэн” гэж хэлэхэд өөр нэгэн нь “Бид хана нураадаг гайхалтай төхөөрөмж бүтээсэн” хэмээн хариулдаг байна.
Японд тулгарч буй асуудлуудын нэг нь өндөр настнуудын үйлдсэн гэмт хэрэг юм. Настай хүмүүс залуу насандаа хийж амжаагүй зүйлсээ гүйцээхийн тулд, эсвэл уйдсандаа ч юм уу, ямарваа нэгэн гэмт хэрэг үйлддэг байна. Харин Японы Засгийн газар тэдэнд зориулж тусгай хорих анги барихын тулд олон тэрбум иен зарцуулдаг байна.
Японы өндөр настнууд өөрсдийгөө гадаад орчноос тусгаарлаж, хаалттай хаалганы цаана амьдардаг. Өндөр настны баяр тэмдэглэх өдөр цагдаагийн ажилтнууд 111 настай Согена Катогийн цогцсыг гэрээс нь олсон бөгөөд бараг л занданшсан байсан гэнэ. Түүний хамаатнуудын хэлж байгаагаар Согена сүүлийн 30 жил ганцаараа амьдарч, зочид огт хүлээж авч байгаагүй гэжээ. Энэ талаар нэг кино хийсэн байдаг бөгөөд эцэст нь бүх япон хүн гэрээсээ гарахаа больж, харин хоол хүнсийг нь робот хүргэж өгч буй тухай өгүүлдэг.
3
Ономичи
Ономичи бол Хирошима болон Осакагийн хооронд байрлах жижигхэн хот юм. Голын эрэг дагуу хэдэн арван км үргэлжлэн байрлах бөгөөд нэг довоос нөгөө дов хүртэл явахад ердөө л 10 минут шаардагдана. Хотоор нь цахилгаан галт тэрэгний шугам бий. Цахилгаан галт тэргээр цөөн тооны жуулчин Ономичиг зорьж ирдэг байна. Харин нутгийн иргэдэд зориулсан дугуйны замтай.
Ономичи бол тамирчид, унадаг дугуйчдын хот юм. Тэд төмөр замын буудлаас эхлэн биеийн тамирын хувцсаа сольж өмсдөг. Ономочид унадаг дугуйчдад зориулсан тусгай буудал байдаг бөгөөд дугуйгаа өрөөндөө байрлуулах боломжтой.
Ономичид бид энгийн зочид буудалд буудалласан. Үүнээс өмнө ирэхдээ орсон өөр нэгэн буудал цаасан ханатай, маш хүйтэн байсан учир энэ удаа азаа үзэх оролдлого хийсэнгүй. Харин энэхүү буудал санасныг бодоход тохилог байсан бөгөөд өглөө далайн сайхан агаарыг цонхоороо амьсгалах боломжтой байв. Хатуу шалан дээр унтсанаас болж нуруу бага зэрэг улайсан ч өглөө цонхоор нарны туяа тусаж биднийг Японд байгааг санагдуулсан юм. Энэ газар ганцхан өдөр болсондоо бид харамссан шүү.
Ономочиг би загасны ресторанд өнгөрүүлсэн гэр бүлийн оройн зоог мэтээр санах болно. Тогооч нар үйлчлүүлэгчиддээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд эхэн үедээ санаа зовмоор байсан ч хэсэг хугацааны дараа энэ байдалд дассан. Би тосгоны хотуудаар бараг зугаалж байгаагүй ч Ономочигоор аялах таатай байлаа.
Ономочи хамгийн их мууртай хот бөгөөд хаа сайгүй муурын хөшөө дурсгал, баримал, тамга байхаас гадна амьд мууртай ч зөндөө таарна.
4
Наошима
Наошима арал руу очих замыг холбодог хот бол Ономочи юм. Япончуудын соёл иргэншлийг сонирхож буй хүмүүсийн хувьд Наошима нь хамгийн тохиромжтой газар. Тэнд гурван ч музей бий.
Наошима хүрэхийн тулд тал өдрийн турш явна. Хэдийгээр ойрхон оршдог ч хэд хэдэн цахилгаан галт тэрэг дамжиж, дараа нь завиар очих хэрэгтэй болдог.
Наошимагийн хамгийн алдартай үзвэр нь Бенессе музей бөгөөд энэхүү музейг Японы архитектор Тадао Андо барьжээ. Харин музей байгуулах санаачилгыг Соичиро Фукутаке анх гаргасан байна. Эцгийгээ нас барсны дараа Соичиро төрөлх нутагтаа ирж, өөрийн амьдралыг өөрчлөхөөр шийдсэн аж. Уйтгартай Наошимаг тэрээр хөгжүүлж, жуулчдын анхаарлыг татах зорилго тавьсан бөгөөд өөрийн байгууллагын нэрийг “Бенессе” буюу “Сайхан сэтгэлт зүйл” гэсэн утгатай нэрээр сольжээ. Харамсалтай нь музей дотор зураг авч болдоггүй. Архитектор Андогийн барьсан барилга маш өвөрмөц мэдрэмж төрүүлсэн бол тэнд тавьсан алдарт зураач Клод Монегийн бүтээл үнэхээр гайхамшигтай байсан.
Наошимаг зорихыг хүсвэл та тэнд хэд хоног өнгөрүүлсэн нь зүгээр. Хажуугийн бусад арлын адилаар Наошима нь конус хэлбэртэй. Ихэнх барилга нь өндөр учир музейн үзвэрийн талбайгаас үзэсгэлэнт байгаль бүхэлдээ харагдана. Музейгээс гадна тэнд арт-зочид буудал байдаг бөгөөд уран зургийн ертөнцөд "амьдрах" боломжтой.
Бидний буудалласан буудалд зохион байгуулагчаас өөр хүн байгаагүй юм. Харин би өрөөндөө цонхоор тэнгэр ширтэн, онгоцны далавчин дээр анивчиж буй гэрлийг ажиглаж хэвтсэн.
Музей болон арт бүтээлүүдээс гадна Наошимад цөөн тооны тосгон, “Митцубиси” хэмээх үйлдвэр бий. Оройн 20.00 цагт арал чив чимээгүй болж, хувцас угаалгын жижиг газрууд, "Конбини", “Фэмили март”-ын гэрэл л харагдах ч тэд бүгд оройн 22.00 цагт хаалгаа барьдаг.
Хэд хоногийг Наошими аралд өнгөрүүлэхдээ арлаар аялж, цахилгаан унадаг дугуй унаж, дов руу явган алхаж болно. Мөн орчин үеийн хэв маягтай сүмээр зочлоход сонирхолтой юм билээ.
5
Осака
Осака бол Токиогоос тэс өөр маш том хот юм. Цэвэрхэн, зохион байгуулалттай Токиогийн дэргэд Осака Хонконгтой төстэй "зэрлэг" хот мэт санагдсан. Тиймээс ч Осакад маш олон жуулчин ирдэг байх. Тэд хотын гудамжаар зугаалж, шоппинг хийхийг илүүд үздэг. Би “Apple store” руу нэвтрэх утасгүй чихэвч худалдаж авсан юм.
Осакад маш олон зүйл хоорондоо холилдсон учир сонирхолтой зүйл юу байсныг ч санахгүй байна. Дээхнэ үеийн хальстай камерын дэлгүүрт орсон ч надад тийм ч таатай санагдаагүй. Хоёр хоногийн турш окономияки гэх зүйл хайж байсан боловч бид үүнийг “хоол” гэсэн утгатай гэдгийг огтхон ч мэдээгүй юм. Харин үүнийг хайх тоолонд бидэнд хачирхалтай хоол өгч байв.
6
Нара
Осакагаас гараад бид Нара руу явсан. Нара, Осака, Киото хот газрын зураг дээр гурвалжин хэлбэр үүсгэж харагдах бөгөөд хоорондоо 80 км-ийн зайтай. Зэрлэгдүү хөршийнхөө хажууд хэрхэн цэвэр үлдэж чадсан бол гэдэг нь гайхалтай.
Нара руу япончууд өөрсдөө ч гэсэн аяллаар явах дуртай байдаг. Тэндхийн газар нутаг дээр олон төрлийн омгууд нэгдэж, нэгэн хот үүссэн. Одоог хүртэл Нараг түүх агуулсан газар гэдэг бөгөөд түүнийг хамгаалж, сахих хэрэгтэй гэж үздэг.
Бид Нарад шөнийн цагаар ирсэн учир зочид буудлын хаалган дээр “Хүндэт Сергей болон Анна. Бид хаасан ч та 1234 гэсэн товчлуурыг дарж, хойд хаалгаар орох боломжтой” гэсэн бичиг өлгөсөн байсан. Дотор нь ороход рёкан болон сансрын хөлөг дотор байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү.
Нарад хийх зүйл огтхон ч байхгүй. Дурсгалт газар гэх юм бол бугатай цэцэрлэгт хүрээлэн л бий бөгөөд тэдгээр амьтдыг зориулалтын жигнэмгээр хооллож болно. Буганууд хүмүүсийн цамцнаас зулгааж жигнэмэг нэхнэ гээч. Киото явах унаа биднийг хүлээж байсан учир яаран бид тэндээс хөдөлсөн.
7
Киото
Киото бол япончуудын дуртай хот юм. Хаана ч явсан би өөрийн амьдардаг Петербург хоттойгоо ижил зүйл хайж байсан бөгөөд Киото Петербург мэт санагдаж байлаа.
Би одоо Киотод байрлах бүхий л сонирхолтой дэлгүүр, кафе зэргийг бүгдийг мэднэ. Эргэж ирээд та нар үнэхээр намайг санахгүй байна уу гэж хэлмээр санагддаг.
Уламжлалт хоолны тал дээр хамгийн сонирхолтой газар нь гэр бүлийн ресторан, изакайя байсан юм. Хоолнууд нь энгийн хэрнээ үнэ хямдтай. Бас эзэд нь бүх анхаарлаа зочдод хандуулахыг хичээдэг. Жишээлбэл, “Бид танд хамгийн амттай загаснаасаа өгөхөд бэлэн байна” гэж хэлэх жишээтэй. Мэдээж хэрэг талархсанаа илэрхийлэхгүй бол алдас болно шүү дээ.
Киотод очихоороо жуулчид уламжлалт саун болох сэнтод ордог. Японы хамгийн халуун саун 46-47 градус байдаг гэсэн.
Япончуудын хувьд саун гэдэг бол британичуудын хувьд баартай ижилхэн. Тэнд баян, ядуугийн ялгаа арилж, хүн төрөлхтөн нэг нэгэндээ уусаж, хоорондоо таатай яриа өрнүүлэх боломжтой. Хамгийн ойр байрлах сэнтог хайх боломжтой гар утасны аппликейшн байдаг юм билээ. Мөн "сикиншиппу" буюу "skinship" гэсэн үг байдаг нь “арьсан ах дүүс” гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Киотод богинохон хугацаа өнгөрүүлсэн нь харамсалтай.
8
Хирошима
Осакад буцаж ирэхэд бороо их орж байсан учир хурдны замаар огт төлөвлөөгүйгээр Хирошима орсон юм. Замынхаа талдаа явж байтал үүл арилж, нар мандсан.
Кафены гадаа бид сиба-анугийн талаар ярилцлаа. Энэ нохой бусад амьтад болон хүүхдүүдтэй эв зүйгээ хялбар ололцдог гэдэг үнэн үү гэхэд тэнд байсан хүү "Тэгэлгүй яах вэ" гэсэн. Харин дараа найзуудаасаа сонсоход асрамжийн газарт сиба маш олон байдаг гэсэн. Хачикогийн түүхээс хойш ийнхүү тэднийг их хэмжээгээр авах болсон аж.
Энэхүү аймшигт түүхтэй газар ирэх нь сонирхолтой, бас аймшигтай санагдаж байлаа. Бид Т хэлбэрийн гүүрэн дээгүүр аялсан юм. Олон арван жилийн өмнө энэхүү гүүрийг Америкийн тэсрэх бөмбөг дэлбэлэх бай болгож байв. Өөр оронд байсан бол газар нутаг дээр хөшөө дурсгал босгох байсан биз. Харин япончууд цөөн тооны музей л барьсан харагдана.
Нөгөө талаас нь харвал аймшигт түүхээс өөр зүйл Хирошимад үлдээгүй бололтой. Энгийн уйтгартай хот аж. Хоолны фестиваль болдог нь Хирошимаг бага зэрэг чимдэг байж мэдэх юм.
9
Дахиад Токио
Дээд талыг нь огтлоод авчихсан юм шиг энэ байшинд би дуртай. Зам руу харж буй барилгуудыг өндөр барихыг нь хориглодог учир заримдаа гутал хэлбэртэй намхан барилга барьдаг.
Токиогийн барилгууд тийм ч хуучин биш. Гэхдээ шинэ барилга цөөхөн барьдаг. Япончууд үргэлж л нэг газраас нөгөө газар руу нүүдэг. Хэрвээ нүүх боломжгүй бол тухайн газраа амьдарсаар байдаг. Харин соёлтой дүүргүүдэд нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд зориулсан олон өрөөтэй байр баригддаг. Ийнхүү олон өрөөтэй болгодог шалтгаанаа тэд эмэгтэйчүүд хэрэглээ өндөртэй гэж тайлбарладаг байна.
Японд түрээсийн байр бараг үгүй бөгөөд хүмүүс жижигхэн ч гэсэн өөрийн байрандаа амьдрах дуртай.
Япончууд хүчирхэг, чинээлэг нэгний далбаан дор амьдрахаас залхсан учир зарим нь "Конбини"-д ажилд орж, хугацаа нь дууссан бараа ч болов олж авахыг хичээдэг. Харин зарим эрчүүд нь сексээс болон олон нийтийн амьдралаас залхсан учир ээжтэйгээ хамт амьдарч, суугаагаараа шээж, эмэгтэй дотуур хувцас өмсдөг байна.
Японд эмэгтэй хүн шиг хувцасласан эрчүүд, панкууд, 10 жилийн сурагчдын хувцастай охид гээд өвөрмөц хүмүүс олон бий. Энэхүү гудамжны хэв маягийн үүслийг Важиро Кону болон Шоичи Аоко нар анх гаргасан гэнэ.
Важиро Кону дайны үед Кинза дүүрэгт амьдарч байсан бөгөөд энэхүү дүүрэгт залуус Европын загварын чиг хандлагад уусаж буйг ажиглажээ. Япон охид өөрсдийгөө мога буюу (modern girl), мобо буюу (modern boys) хэмээн нэрлэдэг аж. Үүнээс хойш 80 жилийн дараа 1996 онд Шоичи Аоко Хараюки орчим хачирхалтай хувцасласан залуусын зургийг авах болжээ. Дэлхийн II дайны дараа Хараюкид Америкийн цэргүүд амьдарч байсан бөгөөд тэднийг явсны дараа хот загварын чиг хандлагын тал дээр эрх чөлөөтэй хэвээр үлдсэн юм. Аоко нутгийн загварлаг залуусын зургийг дарж өөрийн “Фрут” хэмээх сэтгүүлдээ нийтэлдэг байжээ. Энэхүү сэтгүүл нь өсвөр настнуудын дунд алдартай болж, тэд Аокогийн гэрэл зургийн дуранд өртөхийн тулд албаар өвөрмөц хувцаслах болсон гэнэ. Үүний ачаар Японы загвар зохион бүтээгчид болох Йоши Ямомото болон Рей Кавакубо нар сонин содон хувцас урлах эрч хүчтэй болсон аж.
Японы хүн амын дийлэнх хувь жил ирэх тутам хөгширч, баян, ганцаардмал болж байгаа гэнэ. "10 жилийн дараа гэхэд гэрлэлт эрс багасаж, ганц бие 18.5 сая хүн бий болно. Тэдний 13 сая орчим нь 45-аас дээш насныхан байна. Зөвхөн Токиод л гэхэд ганц бие болон өндөр настан хоёр сая иргэн амьдрах болно" гэсэн судалгаа гарчээ..
Хэдийгээр би аль хэдийнэ гэртээ ирчихсэн байгаа ч Японы талаарх мэдрэмж одоог хүртэл байсаар л байна. Японы үнэр, чимээ, метро гэх мэт. Өөрөө өөртөө "Аригато кудасай-мастаа" буюу өнгөрсөн бүхэнд баярлалаа гэж би шивнэдэг.