Женнер- Кардашиан (Jenner- Kardashian)- ы гэр бүлээс түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан төрөх гэж байна. Тус гэр бүлийн хамгийн бага дүү Кайли өөрийн гоо сайхны брэндээ эхлүүлээд хэдэн жил болж байгаа. Тэгвэл энэ хооронд Кайли инстаграм дээр нийт 110 сая дагагчтай мөн 900 сая ам.долларын хөрөнгөтэй болж чаджээ.
Харин “Forbes” сэтгүүл түүнийг удахгүй нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болно гэж үзжээ. Өмнө нь энэ тодотголыг “Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) эзэмшиж байсан юм.
Кайли анх нэг уруулын будгийг 29 ам.доллараар зарж байсан бол одоо зөвхөн уруулын будгаас гадна нүдний будаг, багс зэргийг үйлдвэрлэх болсон. Өөрийн “Kylie Cosmetics” гоо сайхны брэндээсээ тэрээр гурван жилийн дотор 800 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Мөн зар сурталчилгаа, бусад брэндтэй хамтран ажилласнаар энэ хөрөнгө нь 100 сая ам.доллараар нэмэгджээ. Харин түүний эгч, олон нийтийн сүлжээний од Ким Кардашиан (Kim Kardashian) 350 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Гэхдээ “Forbes” сэтгүүл Кайлийг өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон хөдөлмөрч эмэгтэйн тоонд багтаажээ. Кайлигийн компанид ердөө 12 хүн ажилладаг гэнэ. Тийм хэрнээ тэрбумтан болж чадсаныг нь олон хүн сайшаалтай хүлээж авдаг юм.
Түүнийг “Forbes” ийнхүү нэрлэсэн нь олон хүний дургүйг хүргэжээ. Учир нь аль хэдийнээ Америкийн баян, чинээлэг гэр бүлийн нэгд төрсөн түүний хувь заяа анхнаасаа гэгээлэг байсан. Бүх боломж түүний өмнө нээлттэй байсан. Тиймээс байгаа хөрөнгөө бага зэрэг ахиулахад түүнд тэгэж их хөдөлмөрлөх шаардлага байгаагүй гэж олон хүн үзэж байна.
Хэрвээ Кайлийг өөрийн хөдөлмөрөөрөө тэрбумтан болсон баячуудын тоонд оруулбал ядуу хоосон байдлаас өөрийнхөө вант улсыг бүтээсэн бусад эмэгтэйн хувьд шударга бус явдал болох нь гэж бодох нэгэн цөөнгүй.