Хедэр Лиднсей (Heather Lindsey) 2015 онд бүжгийн клуб дээрээ хайртай залуу Дэвид Моше (Dave Mosher)-тойгоо танилцжээ. Анхны харцаар л тэд бие биедээ ухаангүй дурлацгаасан аж. Жилийн дараа Дэвид найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байтал Хедэр яг тэр өдөр өөрийгөө хөхний хорт хавдраар өвчилсөн тухай аймшигт мэдээ сонссон байна.
“Тэр минь намайг гэрлэх санал тавих гэж байсныг мэдээгүй. Гэхдээ хүнд хэцүү үед нь түүнийгээ орхиж явахгүй гэдгээ мэдрүүлэхийг хүссэн” хэмээн Дэвид ярьжээ.
Дэвид урьдаас төлөвлөсөн ёсоороо Хедэрт гэрлэх санал тавьсан бөгөөд бүсгүй ч зөвшөөрсөн байна. 2017 оны есдүгээр сард эмч нар хавдар тархинд нь хүрсэн гэж Хедэрт хэлжээ. Ийнхүү үүнээс хойш хоёрхон сарын дараа Хедэр хүчил төрөгчийн тусгай аппаратаар амьсгалж эхэлсэн гэнэ. Хүн бүр Хедэрт амьд явах хугацаа тун бага үлдсэнийг ойлгосон аж. Гэхдээ бүсгүй жинхэнэ дайчин, тэмцэгч нэгэн байсан юм.
“Хелэр маш их сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй бүсгүй байсан. Түүний оронд өөр хүн байсан бол аль хэдийнэ бууж өгөх байсан. Эмч нар түүнийг ийм удаан тэссэнд нь гайхаж, бас бахархаж байсан” гэж түүний төрөл төрөгсөд ярьсан байна.
Хосууд 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гэрлэхээр төлөвлөж байжээ. Гэхдээ Хедэрийн биеийн байдал дордож, маш хүнд болсон байлаа. Эмч нар түүнд гэрлэлтээ хойшлуулах, эсвэл цуцлахыг зөвлөж байсан ч бүсгүй үүнийг хүсээгүй юм.
Дэвид Хедэр хоёр арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эмнэлгийн өрөөнд хуримаа хийжээ. Хэдий Хедэрийн бие маш сул байсан ч тэрээр сүйт бүсгүйн даашинз өмссөн юм.
Бүсгүй ярих ч тэнхэлгүй байсан ч бусдад баяр баясгалан бэлэглэх хошигносон үг хэлжээ. Энэ нь түүний сүүлчийн үг байсан юм. Хуримын ёслол болсноос 18 цагийн дараа Хедэр хорвоог орхисон ажээ.
Хуримаа хийхээр төлөвлөж байсан сүмдээ, мөн хуримлахаар товлож байсан арванхоёрдугаар сарын 30-ныхаа өдөр Дэвид хайртай хүнтэйгээ салах ёс гүйцэтгэсэн юм.
“Миний насан туршийн хайр Хедэр минь, бид одоо хагацаж байгаа ч үүрд хамтдаа” шүү хэмээн тэрээр хайртай гэргийнхээ оршуулган дээр хэлсэн байна.