Клой өдгөө 20 настай, нэг хүүхэдтэй ганц бие ээж юм. Тэрээр Лондонд моделиор ажилладаг байжээ. 2017 оны зургадугаар сард 30 настай Лукас Херба (Lukasz Herba) гэгч эр түүнд Италийн Милан хотод тун боломжийн ажил санал болгосон аж. Гэвч бүсгүйн гэмт хэрэгтнүүдийн урхинд орсноо мэдээгүй юм. Тэрээр Лукас Хербаг даган Миланд очсон аж. Зургийн студид түүнийг аваачсан бөгөөд зураг авалтын үеэр шприц барьсан залуу орж ирээд түүнийг үл мэдэх зүйлээр тарьсан гэнэ. Дараа нь түүнийг моринд тарьдаг тайвшруулах эмээр хордуулж өөр нэгэн байшинд аваачсан байна.
“Би сэрээд хар тамхинд хордсоноо мэдсэн. Хэсэг хугацааны дараа толгой сэргэж эргэн тойрноо хартал машины ар талд байгаагаа ойлгосон” гэж Клой ярьжээ.
“Тэд намайг хааш нь авч явж байгааг би мэдэхгүй байсан. Толгойд есөн бусын бодол орж ирсэн. Намайг хүчиндэх гэж байна уу, эсвэл алах гэж байгаа юм болов уу?"
“Би амьд үлдэхийн тулд тэдний уурыг хүргэж болохгүй гэж бодсон. Хүү дээрээ амьд очихын тулд би тэр залуустай унтахад ч бэлэн байсан. Лукас Хербаг намайг үнсэхэд нь би айж зугтаагүй. Уурыг нь хүргэхээс айсан. Би түүнд “Магадгүй дараа нь” гэж хэлсэн. Учир нь түүний хүссэн зүйлийг өгвөл намайг шууд л алах байсан” гэж Клой хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Тэр надтай унтчихаад, дараа нь барын хоол болгоно гэж хэлсэн” хэмээн бүсгүй амьдралынхаа хамгийн хэцүү цаг мөчүүдийн талаар өгүүлсэн байна. Ийм хүнд байдалд эмэгтэй зургаан хоног байжээ.
Гэхдээ хэсэг хугацааны дараа Лукас Херба бүсгүйд сэтгэлтэй болж, түүнийг өрөвдөөд Милан дахь Их Британийн Элчин сайдын яамны гадаа чемоданд хийгээд орхижээ.
Клой амьд гарсныхаа дараа шууд цагдаад хандахаас айсан гэнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа мэдүүлэг өгөхөөр зориг шулууджээ.
Мөрдлөгийн үеэр түүнийг хулгайлсан залуус “Black Death” нэртэй хүн худалдаалах бүлэглэлийн гишүүн байсан нь тогтоогджээ. Удалгүй гэмт хэрэгтэн Лукас Хербаг олж баривчилсан байна. “Клойг зарах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ тэр миний сэтгэлийг эзэмдсэн. Хүүтэй гэдгийг нь сонсоод өрөвдөх сэтгэл төрж, түүнийг сулласан” гэж тэр байцаалтын үеэр хэргээ хүлээжээ.
Хэд хоногийн дараа Лукас Херба өгсөн мэдүүлгээ өөрчилж “Клой өөрийн алдартай болох төлөвлөгөөндөө намайг татан оролцуулсан” гэж хэлжээ. Гэсэн ч цагдаа нар түүнийг галзуу, солиотой залуу гэж үзсэн байна.
Түүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэхэд нотлох баримт хангалтгүй гэж үзээд өнгөрсөн сард Миланы дээд шүүхээс 16 жилийн ял оноосон юм.
Харин Лукас Хербагийн дүү нь түүний хамсаатан болох нь тогтоогджээ. Энэ баасан гаригт дүүгийнх нь шүүх хурал болох юм.
Клой өөрт тохиолдсон явдлын талаар бичсэн номоо энэ оны долдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байна.