Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг харамсалтай тоо баримт байдаг. "Самсунг Электроникс" компани болон "Самсунг" эрүүл мэндийн төв нь “БИ ЭЛГЭНД ХАЙРТАЙ” төслийг хэрэгжүүлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д нутагшуулах эрхэм үйлсэд гар бие оролцон долоо дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд Монгол болон Солонгос эмч нар хамтран 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр элэгний хорт хавдартай хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ-д анх удаа амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн түүнчлэн 2017-2018 оны турш БНСУ-аас эмч нар хоёр удаа хүрэлцэн ирж хэд хэдэн хагалгаанд оролцон монгол эмч нарт сургалт хийж, ХСҮТ-өөс 15 монгол эмч БНСУ дахь "Самсунг" эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтад хамрагджээ.
Элэгний хорт хавдрын өвчлөлөөс гадна зүрхний гажигтай хүүхдийн төрөлтөөр Монгол Улс дэлхийн дунджаас 2.6 дахин их байдаг. Иймд зүрхний гажигтай төрсөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх монгол эмч нарыг сургах зорилготой “Зүрхнээс зүрхэнд” төслийг "Самсунг Электроникс" компанийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын "Самсунг" эрүүл мэндийн төв манай улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
"Зүрхнээс зүрхэнд" төслийн хүрээнд "Самсунг" эрүүл мэндийн төвийн зүрхний мэс заслын эмч нар, ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран зүрхний гажигтай төрсөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, ЭХЭМҮТ-ийн зүрхний мэс заслын эмч болон мэргэжлийн эмч нарыг 6-12 сарын хугацаатай БНСУ дахь "Самсунг" эрүүл мэндийн төвд сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ жилийн хувьд “Зүрхнээс зүрхэнд” төслийн онцлог нь ЭХЭМҮТ-өөс гадна Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран насанд хүрсэн хүнд зүрхний bypass хагалгааг амжилттай хийжээ.
"Самсунг" эрүүл мэндийн төвийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслүүд нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа хагалгааг эх орондоо хэрэгжүүлэх тоог нэмэгдүүлэх, монгол эмч нарыг дэлхийн хэмжээнд мэргэшсэн эмч нар болоход нь дэмжлэг үзүүлэх, олон зуун өвчтөн эмчлүүлж улмаар Монголын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.