1
Хүний хөгжлийн шинэ шат
Түүхийг эргэн нэг сөхье. XX зуун хүртэл өсвөр насны хүүхэд гэсэн ойлголт байдаггүй байж. 17 хүртлээ хүүхдэд тооцогдож байгаад 18 нас хүрээд том бэлэг хүртдэг. Тэр бэлэг нь гэр бүл, хариуцлага, санхүүгийн хараат бус байдал юм. 1904 оноос эхлэн сэтгэл зүйч Станли Холл (G. Stanley Hall) өөрийн эрдэм шинжилгээний бүтээлдээ “Өсвөр нас” гэх ойлголтыг гаргаж ирсэн байна. Тэрээр энэ ойлголтыг тайлбарласан анхны хүн байжээ. Түүний судалгааны ажлын дараа л өсвөр насны хүүхдүүдийг хүмүүс өөр өнцгөөс харах болсон. Тэднийг залхуу, хойрго, тэрслүү зантай мэтээр харахаа больж насанд хүрэх гэж тэмцэж яваа нэгнээр ойлгох болсон юм.
Онолын хувьд хүмүүсийн сэтгэл санааны байдал дээр судалгаа хийх юм бол 20-30 бүр 35 хүртэлх насныхан өөрсөдтэйгөө тэмцэж байдаг аж. Тиймээс тэднийг “залуу хүмүүс” гэж тооцдог. Хэрвээ XX зуунд өсвөр насныхныг насанд хүрэгчдэд тооцдоггүй байсан бол өнөөдөр залуу хүмүүсийг ч насанд хүрсэнд тооцохгүй нь. Зарим судлаач өсвөр үе 24 нас хүртэл үргэлжлэх ёстой гэж үздэг байна. Гэхдээ ингэж дүгнэхэд хараахан эрт байна.
2
Хүн амын дундаж наслалт өсөж байна
XX зуунд хүн амын дундаж наслалт 40-50 байсан. Мэдээж хэрвээ хүн 45 наслахаа мэдсэн бол амьдралынхаа 35 жилийг өөрийгөө хайхад зарцуулж, цагийг дэмий үрэхгүй байсан. Ийм тохиолдолд хүн бүх юмыг амжуулахыг хүснэ.
Өнөөдөр дэлхийн хүн амын дундаж наслалт 80 болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Тэгэхээр хүн өөрийн амьдралынхаа 20-30 жилийг олон зүйлийг туршиж үзэхэд зориулахад алдах юм байхгүй, тийм үү? Хэдийгээр хүн болгон 80 наслахгүй ч амьдрал баялаг, хэдийд ч юу ч тохиолдож болно. Олон сайхан боломж үргэлж нээлттэй байна. “Би 80 наслахгүй байх магадлал өндөр юм чинь амжиж хурдан гэрлэж авъя” гэдэг бол сонголт биш.
3
Дэлхий хувьсан өөрчлөгдсөөр...
Үүнд хэд хэдэн зүйлийг дурдахад:
- XX зуунтай харьцуулахад өнөөдрийн ертөнцөд энх тайван цаг цогцолсон. Амьдралд яарах цаг ард үлдсэн.
- Айл гэрүүд харьцангуй цөөн хүүхэдтэй болсон байна. Цаг хугацаа, мөнгө санхүүд санаа зоволгүйгээр амьдрах болсон өнөөдрийн нийгэмд хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх гэж яарахаа больсон юм. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад хийсэн судалгаагаар 20-30 насны хүмүүсийн гуравны нэг нь эцэг эхтэйгээ амьдарч байгаа нь тогтоогджээ.
- Дэлхий хувьссанаар нийгэм ч мөн адил илүү ярвигтай болж байгаа. Ойлгож, байр сууриа олох нь цаг их шаарддаг.
- Ямар улсад амьдардгаас эс шалтгаалан даяаршлын нөлөөгөөр хүмүүс өөрийгөө эрх чөлөөтэйд тооцож, тэр хэрээрээ хүсэл сонирхол, мөрөөдөл нь гүйцэгдэхгүй болжээ.
- Хүмүүс шашин шүтлэг, ёс суртахуунд баригдах нь ховор болсон учир залуучууд гэрлэх гэж яарахаа больсон. Гэрлэлтээ батлуулж, амьдрал зохиохоос өмнө хүмүүс хамт амьдарч нөгөө хүнээ таних нь түгээмэл үзэгдэл ажээ. Түүгээр ч үл барам бэлгэвч, жирэмснээс хамгаалах эм дэлгэрч үр хөндөлт хийлгэх нь ч хэвийн үзэгдэл болсон. Үүний үр дүнд хүмүүс оройтож хүүхэдтэй болох нь элбэг болжээ.
4
Залуу хүмүүс адал явдалд дурлах нь багасчээ
- Өмнөх үетэй харьцуулахад нийгэмд гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй бөгөөд энэ нь хүүхэд залуучууд ихэнх цагаа ухаалаг утаснаасаа уяатай өнгөрөөдөг болсонтой холбоотой юм. Залуучуудын хувьд гэмт хэрэг хийх сонирхол нь буурсан байна.
- Шинэ үеийнхэн бэлгийн харилцаанд орох гэж яарахаа больсон гэсэн судалгаа гарсан байна. Англи улсад 26 настай найман хүний нэг нь онгон хэвээрээ байдаг гэсэн үзүүлэлт ч мөн гарсан. Цаашид ч мөн адил энэ хандлага үргэлжлэх магадлалтай гэж эрдэмтэн, судлаачид үзжээ.
- 2001 онтой харьцуулахад машин барих сонирхолгүй залуусын эзлэх хувь 77-66 болтлоо багассан үзүүлэлттэй байна. (Гэхдээ уг судалгааг Америк, Канад, Европ гэх мэт өрнөдийн орнуудад л явуулсан юм.)
- Итгэмээргүй хэдий ч 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо мөн л буурсан.
5
Хариуцлага хүлээх чадвар
Хариуцлага хүлээх чадвартай байж хүн эрт амьдрал зохионо. Одоогийн залуус өөрсдийгөө цор ганц нэгэн мэтээр мэдэрч, цаг нь болоогүй хэмээн хариуцлагатай нүүр тулахаас айн зугтдаг болсон.
6
Эдгээрийн үр дагавар
Эдгээр хүчин зүйлс нь залуусын олон төрлийг бий болгож байна.
- Хүүхэд шиг залуус. Компьютерийн тоглоом тоглох, "Симпсоны гэр бүл" цуврал шоу үзэх гэх мэт хүүхэд шиг сонирхолтой залуус нийгэмд зонхилох болсон. Тэд шог зураг ашиглан цөмийн энергийн талаар маш сайн илтгэл ч тавьж чадна. Эмнэлэгт олон цагаар ээлжинд гарч ажилласныхаа дараа клубээр хэсүүчилж ч мэднэ.
- Өөрийгөө хайх эрэлд гараад, олж чадаагүй нэгэн. Тэд маш олон салбарт өөрсдийгөө сорьж, олон ажил хийж, тогтвор суурьшилгүй амьдардаг хүмүүс юм.
- Ажилгүй, боловсролгүй, өөрийгөө хөгжүүлэх зорилгогүй хүмүүс. Энэ төрлийн залуус нийгмээс өөрийгөө тусгаарладаг, өөртөө итгэлгүй, амьдралын идэвхгүй байж өөрийнхөө боломж бололцоог нээж чадалгүй байсаар өнгөрдөг.
7
Бид юу хийх ёстой вэ?
"TEDx"-д илтгэл тавьсан сэтгэл зүйч Мэг Жей 20-40 хүртэлх насны залууст хандан дараах зөвлөгөөг өгч байна.
- Өөр дээрээ ажиллаж, шинэ зүйлийг суралцаж, нийгэмд өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн болго.
- Хүмүүстэй тогтоох харилцаагаа бүү хязгаарла. Орчин үед танилын харилцаа, хүрээлэл маш чухал.
- 30 нас хүрэхэд найз нөхөд чинь бүгд амьдралтай, ажилтай болж, харин танд хоцорсон мэт мэдрэмж төрвөл өөрийгөө бүү хүчил, мөн бүү яар. Насан туршдаа амьдрах хайртыгаа, хань ижлээ зөв сонгох нь чухал. Амьдралынхаа ханиа сонгохдоо ямар ч хамаагүй олдсон ажилд орж байгаа шиг хандах нь маш буруу гэжээ.