1
Чинжүүний үрийг цэвэрлэх дэмий
"Чинжүүний үр нь муу зүйл биш бөгөөд халапено чинжүүний хувьд үр нь тийм ч халуун ногоотой байдаггүй. Харин чинжүүний амтыг хадгалдаг" гэж тогооч Аеаша Карри хэлжээ. Үрийг нь тусад нь авч байгаад бага багаар нь нэмж, халуун ногоог нь өөрийн хүссэн хэмжээнд хүртэл хийж хэрэглээрэй.
2
Амталгааны ургамлыг хатаах нь тийм ч сайн арга биш
Огт хэрэглэхгүй байснаас дээр боловч ургамлыг үргэлж хатааж хоолондоо хэрэглэх нь шим тэжээлийг нь бүрэн гүйцэд авах боломжийг олгодоггүй талаар "The Seasoned Life: Food, Family, Faith, and the Joy of Eating Well" хоолны номын зохиолч, тогооч Аеаша Карри зөвлөжээ. Шинэхэн ургамлууд маш сайхан үнэртэй байдаг тул загас, цөцгийн тостой гайхалтай зохицдог. Харин хатаасан ургамлыг хоолны соус, удаан буцалгадаг шөл, мах амтлах зэрэгт ашиглахад тохиромжтой.
3
Шошыг дэвтээх хэрэгтэй
"Ямар нэг хоолны бүтээгдэхүүнийг удаан болгох тусам витамин, тэжээл нь алдагдаж байдаг. Шошоо давстай усанд дэвтээж хонуулснаар чанаж болгоход зарцуулах хугацааг багасгадаг" хэмээн Харвардын их сургуулийн профессор, доктор Гай Кросби хэлжээ. Шошоо дэвтээгээд чанахад болгох хугацааг 53 хувиар хэмнэдэг гэсэн мэдээллийг "Gastronomy and Food Science" олон улсын сэтгүүлд бичсэн байна.
4
Улаан лоолийг болгож идвэл илүү амин дэмтэй
Салад болон хавчуургатай талханд л улаан лооль хэрэглэдэг бол та амин дэмийг нь хангалттай хүртэж чадахгүй байна. Учир нь чанаж болгосон улаан лооль түүнээс хамаагүй илүү амин дэм агуулдаг. "Болгосон улаан лооль нь ликопинийг цусанд дөрөв дахин илүү хэмжээтэй нийлүүлдэг" гэж Кросби дурдсан юм. Чанах явцад антиоксидант болох ликопинь нь уургаас салж, биед шууд нөлөө үзүүлэх боломжтой болдог.
5
Сонгино, сармисыг хэрчсэний дараа хэсэг байлга
Та сонгино, сармисаа хэрчсэн даруйдаа шууд хайруулын тавгандаа хийж хуурдаг уу? Тэгвэл эдгээр ногоонд агуулагддаг хавдрын эсрэг бодис нь хэрчсэний дараа идэвхиждэг байна. Харин шууд өндөр температурт халааснаар уг хүчирхэг үйлчлэл нь зогсдог учраас хэдэн минутын турш байлгаад дараа нь хоолоо хийгээрэй хэмээн доктор Гай Кросби зөвлөсөн байна.
6
Пастаг дутуу болговол зүгээр
Паста, бүхэл үрийн гоймонгуудыг нялцайтал болгож идэх нь амин дэмийн бодисуудыг бодитой хэмжээгээр алдахад хүргэдэг. Тиймээс та бага зэрэг зажлууртай болгосны дараа хэрэглээрэй.
7
Цэцэгт байцааны ишийг хаях хэрэггүй
Хэрвээ та цэцэгт байцааныхаа ишийг хогийн саванд хаядаг бол их хэмжээний амин дэмийг бас хамт хаяж байна гэсэн үг. Үнэндээ иш нь илүү их уураг, эслэг, С витамин, кальци агуулдаг байна.
8
Луувангаас бусад хүнсний ногоог буцалгах дэмий
"Хүнсний ногоог усанд буцалгаж болгох нь амархан боловч бүх амин дэмийг нь гадагшлуулж байдаг. Харин оронд нь шарах шүүгээнд шарж хэрэглэснээр амт, чанарыг нь хэвээр нь үлдээх болно" гэж тогооч Карри хэлсэн юм. Ганцхан лууванг л чанаж болгоход тохиромжтой бөгөөд "Agricultural and Food Chemistry" сэтгүүлд лууванг чанахад нүдний хараа сайжруулдаг лютейнийг нэмэгдүүлж, бета каротинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
9
Цэцэгт байцааг шарах хэрэггүй
Цэцэгт байцааг хэдийгээр шарах боломжтой ч түүнд агуулагдах С витаминыг 24 хувиар, хлорофил болон уургийг тодорхой хэмжээгээр бууруулдаг болохыг Хятадын судлаачид олж илрүүлсэн байна. "Agricultural and Food Chemistry" сэтгүүлд бичсэнээр цэцэгт байцааг шарах үед хэт халуун температурын улмаас каротеноид гэх антиоксидант нь 67 хувиар буурдаг гэжээ. Харин жигнэж хэрэглэх нь цэцэгт байцааны амин дэмийг хадгалахад тусалдаг байна. Тиймээс эхлээд жигнээд дараа нь шарж болгосон хоолон дээрээ нэмж хэрэглээрэй.
10
Хан боргоцойны голыг хаяж болохгүй
"Хан боргоцойны голыг идмээргүй байвал та үрэвсэл намдаах бэлдмэл болгон хэрэглэж болно" хэмээн "shawsimpleswaps.com" цахим хуудасны нийтлэгч, эрүүл мэндийн зөвлөгч Элизабет Шав хэлж байна. Доод хэсгийг нь тасалж аваад усанд хийж орхиод дараа нь уухад тохиромжтой. Эсвэл жижиг жижиг хэсэг болгон хуваагаад шууд идэж ч болно.
11
Цитруст жимсний хальс ашигтай
Лимон, лайм, жүрж зэргийн хальсыг үрж хоолонд хэрэглэж болно. Эдгээр нь шүүслэг зөөлөн дотор хэсгээсээ илүү хэмжээний эслэг агуулдаг.
12
Сармисаа нухаж хэрэглэ
"Сармисаа нухаж юмуу бяцалж хэрэглэснээр илүү их амттай болох болно" гэж Карри хэлсэн байна. Гэхдээ сармис маш амархан түлэгддэг учраас бусад хүнсний ногоонуудтай хамт хийж, хуурч хэрэглэх хэрэгтэй. Бүхэл сармисны антиоксидантууд нь хэрчиж жижиглэхэд илүү идэвхиждэг байна.