Түр Засгийн газар эхлээд энэ бүх нөхцөлийг биелүүлэхийг зөвшөөрөв. Гэвч 1917 оны гуравдугаар сарын 8-нд генерал Михаил Алексеев хаанд "Та өөрийгөө баривчлагдсанд тооцож болно" гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа Романовын гэр бүлийг хүлээж авахыг зөвшөөрч байсан Лондонгоос татгалзсан мэдээ ирүүлэв. Ингээд гуравдугаар сарын 21-нд хуучин эзэн хаан Николай II болон түүний гэр бүл албан ёсоор хорионд орсон байна.
Жил гаруй хугацааны дараа 1918 оны долдугаар сарын 17-нд Оросын эзэнт гүрний сүүлчийн хааны гэр бүл Екатеринбургийн нэгэн давчуу подвалд буудуулж нас барцгаажээ. Дутагдах гачигдах зүйл нь өдрөөс өдөрт нэмэгдэж байсан Романовын гэр бүлийнхний амьдралд аймшигт төгсгөл ийнхүү иржээ. Оросын сүүлчийн хааны гэр бүлийн гишүүдийн зурагтай танилцацгаая. Эдгээр зураг нь тэднийг цаазлахаас өмнөх үед хамаарна.
1
1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа Түр Засгийн газрын шийдвэрээр Оросын сүүлчийн хааны гэр бүлийг ард түмний уур хилэнгээс хамгаалахын тулд Сибирийн Тобольск хот руу явуулжээ. Энэ үйл явдлаас хэдэн сарын өмнө Николай II хаан ширээнээсээ татгалзсан бөгөөд ингэснээр Романовын удмын гурван зуу гаруй жилийн хаанчлал төгсгөл болсон юм.
2
Романовынхан хан хүү Алексейн 13 насны төрсөн өдрийн өмнөхөн наймдугаар сард тэд Сибир рүү цөлөгдөж, зампаа тав хоног аялжээ. Гэр бүлийн долоон гишүүнийг 46 зарц, цэргийн хамгаалалт дагалдсан аж. Яг хүрэх газрынх нь өмнөхөн тэдний сууж явсан онгоц гэр бүлийг нь энэ зовлонд унагасан улс төрийн бодлого гарахад хурцаар нөлөөлсөн Распутиний төрөлх тосгоны хажуугаар хөвж өнгөрчээ.
3
Хааны гэр бүл Тобольскт наймдугаар сарын 19-нд ирээд Иртыш голын эрэг дээр боломжийн ая тухтай амьдарч байв. Тухайн бүс нутгийн даргын ордонд байрласан Романовынхан сайн хооллож ундалж, улс төрийн болон албаны хэрэг, арга хэмжээнд сатааралгүйгээр бие биедээ илүү их цаг гарган, урьдынхаасаа ч илүү дотно болцгоож, тэр ч байтугай хүүхдүүд нь эцэг эхдээ зориулан жүжиг тоглож өгдөг байжээ. Тэд хот руу зөвхөн шашны үйлд оролцох гэж л явдаг байсан бөгөөд энэ нь тэдэнд зөвшөөрөгдсөн эрх чөлөөгөө эдлэх цорын ганц үйлдэл байв.
4
1917 оны сүүлчээр большевикууд засгийн эрхэнд гарсны дараа хааны гэр бүлийн эрх ямба, эдлэх горимыг аажим аажмаар, гэхдээ маш хатуугаар өөрчилж эхэлжээ. Романовынхныг сүмд очихыг, тэр байтугай ордны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байна. Удалгүй гал тогоонд нь кофе, элсэн чихэр, цөцгийн тос, цөцгий байхаа больж, тэднийг хамгаалахаар тавьсан цэргүүд хана, хашаан дээр нь янз бүрийн бүдүүлэг, доромж үгсийг бичдэг болов.
5
Байдал улам дордсоор л байлаа. 1918 оны дөрөвдүгээр сард комиссар Яковлев гэгч нэгэн хүн хуучин хааныг Тобольскоос гаргах тушаалтай иржээ. Хатан хаан нөхрөө дагалдаж явна гэсэн ч нөхөр Яковлевын авчирсан тушаал үүний эсрэг байв. Мөн энэ үед цус нь бүлэгнэдэггүй өвчтэй хан хүү Алексей гэмтэж, хоёр хөл нь саажиж эхэлсэн тул хүүг Тобольскт үлдээгээд, тухайн дайны үед гэр бүл нь хоёр хуваагдах байх гэж бүгд боджээ.
6
Комиссар хурдан явуулахыг шаардаж байсан учраас Николай, түүний гэргий Александра, охидынх нь нэг Мария нар удалгүй Тобольскийг орхин явжээ. Тэд Екатеринбургээр дамжин Улаан армийн штаб байрлах Москва руу явахын тулд галт тэргэнд суусан ч комиссар Яковлевийг хааны гэр бүлийг аврах оролдлого хийсэн хэмээн баривчилж, харин Романовынхныг большевикуудад эзлэгдсэн нутаг дэвсгэрийн яг төв нь болох Екатеринбургт галт тэрэгнээс буулгажээ.
7
Екатеринбургт эцэг эх дээр нь Тобольскт үлдсэн хүүхдүүдийг нь авчирч, хамтад нь Ипатьевийн гэрт хорив. Хааны гэр бүлийг хоёр давхарт байрлуулаад, гадаад орчноос бүрэн тусгаарлахын тулд цонхыг нь хаан битүүлж, хаалганых нь дэргэд харуул тавьжээ. Романовынхныг өдөрт таван минут л салхинд гарахыг зөвшөөрдөг байжээ.
8
1918 оны долдугаар сарын эхээр Зөвлөлтийн Засгийн газар хааны гэр бүлийг цаазлахад бэлтгэж эхлэв. Харуулд зогсох энгийн цэргүүд Онцгой комиссын төлөөлөгчдөөр солигдсоны дараа Романовынханд сүүлчийн удаа бурханы үйлчлэлд оролцохыг зөвшөөрчээ. Тухайн үйлчлэлийг явуулсан тахилч сүүлд хэлэхдээ хааны гэр бүлийнхэн үйлчлэлийн үеэр ганц ч үг дуугараагүй гэжээ. Долдугаар сарын 16-нд буюу аллагын өдөр тэдний цогцсыг хурдан зайлуулахын тулд бензидин болон хүчил агуулсан торхнуудтай таван ачааны машин захиалсан байдаг.
9
Долдугаар сарын 17-ны өглөө эрт Романовынхныг цуглуулаад Цагаан арми давшиж эхэлсэн тухай мэдэгдсэн байна. Хааны гэр бүл өөрсдийг нь гэрэл гэгээ муутай подвалд оруулж байгаа нь тэдний аюулгүй байдлын төлөө гэж итгэжээ. Учир нь тэдний ойлгосноор байрлаж буй газар нь удалгүй аюултай болох байв. Цаазлуулах газар руугаа ойртон явж байхдаа Оросын сүүлчийн эзэн хаан хэсэг хугацааны дараа цогцсыг нь дээр нь ачих ачааны машинуудын дэргэдүүр өнгөрч байгаагаа, мөн эхнэр, хүүхдүүдийг нь ямар аймшигт хувь заяа хүлээж байгааг төсөөлөө ч үгүй юм.
10
Подвалд оруулсны дараа Николайд түүнийг цаазлах гэж байгааг мэдэгдэв. Сонссон зүйлдээ итгэж чадаагүй Николай "Юу?" хэмээн гайхан уулга алдсаны дараа чекист Яков Юровский хааныг шууд бууджээ. Тэнд байсан өөр 11 хүн бас гохоо дарснаар, тэр подвал Романовын гэр бүлийн цусаар будагджээ. Алексей эхний буудлагын дараа амьд үлдсэн ч Юровский хоёр дахиа буудаж түүнийг үгүй хийсэн юм. Дараагийн өдөр Оросын сүүлчийн хааны гэр бүлийн цогцсыг Екатеринбургээс 19 км-т байрлах Коптяки сууринд аваачин шатаажээ.