Онгоцон дотор өрнөдөг бидний мэддэггүй нууцууд

Холыг товчлогч хосгүй энэ төмөр хүлэгт бидний мэдэхгүй олон нууц бий. Онгоцны багийн гишүүд ямар учраас нэг төрлийн хоол идэх хориотой байдгийг,  олон цагийн нислэгийн үед тэд хаана унтдаг болох, нисгэгчид ямар нууц дохиогоор хоорондоо харилцдаг болон зорчигчид нэгдүгээр зэрэглэлийн суудалд ямар тохиолдолд дэвшин суух боломжтой зэрэг олон сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.  

Онгоцон дотор өрнөдөг бидний мэддэггүй нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цонхны доорх бяцхан нүх

Та нислэгийн үеэр цонхны доорх нэгэн хачирхалтай нүхийг олж анзаарсан байж магадгүй. Энэ бяцхан нүхийг "цооног" буюу "амьсгалдаг нүх" гэж нэрлэдэг. Нисэх онгоц илүү өндөрт хөөрөх тусам агаарын даралт буурдаг. Онгоцны даралтын систем гаднах агаарын даралтыг хэвийн түвшинд байлгаж, онгоцонд байгаа хүмүүсийг хангалттай хүчилтөрөгчөөр хангадаг юм. Энэ даралтын зөрүү нь онгоцны цонхонд маш их дарамт өгдөг боловч зорчигчдын аюулгүй байдлын үүднээс гурван давхар шилнээс бүрддэг. Голын шилэн дээрх нүх нь нимгэн дотоод шил, гаднах зузаан шилний хоорондох даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй юм. Хэрвээ энэ жижигхэн нүх байхгүй бол шилнүүдийн хоорон дахь агаарын даралтыг тэнцвэр алдагдаж цонх хагарах аюул нүүрлэнэ. 

Цонхны доорх бяцхан нүх

2 Ариун цэврийн өрөөг гаднаас нь нээж болох уу

Хэдийгээр нисэх онгоцны ариун цэврийн өрөөнүүд улам сайжирсаар байгаа ч хүмүүс тэнд цагийг удаан өнгрүүлэхийг хүсдэггүй л болов уу. Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниуд илүү олон зорчигч тээвэрлэдэг болохын тулд суудлынхаа тоог нэмж, ингэснээр ариун цэврийн өрөө нь улам бүр давчуу болсон. Тэгсэн ч та ариун цэврийн өрөөний хаалгыг гадна талаас нь нээх бүрэн боломжтой байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл дотроос нь түгжчихээд сууж байтал хэн нэгэн нээж магадгүй гэсэн үг. Онгоц бүрт өөрийн гэсэн түгжээ нээх механизм байдаг. "Airbus A380" онгоцонд жишээ нь хаалган дээрх "ариун цэврийн өрөө" гэсэн хаягийг сөхөж, тэнд байгаа бариулыг эргүүлэхэд цоож нээгддэг байна. Хэдийгээр энэ аргыг ашиглан найзаа дөнгөх мэтээр хөгжилдөж болох ч "Virgin America" зэрэг нислэгийн компанийнхан үүнээс зайлсхийхийг зөвлөдөг. Учир нь угаалгын өрөөнд орсон хүнд түргэн тусламж хэрэг болсон, эсвэл ямар нэг аваар гарсан үед л энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. 

Ариун цэврийн өрөөг гаднаас нь нээж болох уу

3 Нислэгийн үеэр халуун зүйл уух нь зохисгүй

Халуун кофе эсвэл цай уух нь удаан нислэгийн үед сэргэх төгс арга шиг санагдаж байж магадгүй ч төдийлөн хүсмээр зүйл биш. Нэгдүгээрт, шингэн зүйл уугаад байвал  ариун цэврийн өрөө байнга явах хэрэг гарна, хоёрт цай кофег тань найруулдаг халуун ус тийм ч цэвэр биш. АНУ-ын Эрүүл мэндийн яамны 2004 онд хийгдсэн судалгаагаар 300 гаруй онгоцноос авсан усны дээжний 15 хувь нь колиморфми бактертай байснаас үүдэн агаарын компаниудыг усны танкаа байнга цэвэрлэж байх журам гаргажээ. Гэсэн хэдий ч зарим онгоцны усны системийг жилд ганцхан удаа цэвэрлэж, шалгалтанд оруулдаг байна. 2012 онд дээрх байгууллагаас гаргасан мэдэгдэлд нийт агаарын тээврийн нисэх онгоцны 12 хувь нь колиморфми бактертай гэж дурдсан байжээ. Хэдийгээр энэ бактер нь ноцтой өвчлөл үүсгэдэггүй ч нисэх онгоцны ус хэр зэрэг найдвартай болохыг эндээс харж болно. Магадгүй илүү хөнөөлтэй бактер тэр усанд үржиж байж ч болох шүү дээ. Тийм учраас нислэгийн үеэр цэвэр ус, ундаа уусан нь дээр гэж танд зөвлөе.

Нислэгийн үеэр халуун зүйл уух нь зохисгүй

4 Онгоцонд үнсний сав байдаг нь өөр шалтгаантай

Та онгоцны хаалганы хажууд үнсний сав байдгийг анзаарсан байх. Гэхдээ ихэнх улс оронд нислэгийн үеэр тамхи татахыг хориглодог. Тэгвэл яагаад сүүлийн үеийн онгоцнууд хүртэл үнсний сав суурилуулсан байдаг юм бол? Энэ нь АНУ-ын Хэрэглэгчдийн төлөөх газрын санаачилсан журамтай холбоотой. Хэдийгээр тамхи татахыг хориглосон ч зарим хүн онгоцонд тамхи нууцаар авч ордог. Ямар ч том ялд унаж, өндөр торгууль төлөхөөс айлгүй тамхи татахыг урьтал болгодог хэнэггүй нөхөд байдаг шүү дээ. Тийм учраас бүрэн унтрааж амжаагүй тамхиныхаа ишийг цаас мэтийн шатамхай зүйлээр дүүрэн хогийн саванд хийвэл мэдээж аюултай. 1973 онд АНУ-д "Varig 820" онгоцны нислэгийн үеэр нэгэн зорчигч татсан тамхиныхаа ишийг хогийн сав руу хаяснаас болж гал авалцаж тус онгоцны бүх зорчигч амиа алдаж байсан юм. Энэ явдлаас болоод Хэрэглэгчдийн төлөөх газар бүх  нисэх онгоцонд үнсний сав суурилуулах журам гаргаж байжээ.

Онгоцонд үнсний сав байдаг нь өөр шалтгаантай

5 Нислэгийн багт зориулсан унтлагын өрөө хаана байдаг вэ

Урт хугацааны (10-аас дээш цаг) нислэгийн явцад онгоцны багийн гишүүд, ялангуяа нисгэгч нар солигдож байдаг. Зарим нислэг 18 цаг хүртэл үргэлжилдэг учраас нисэх онгоцны баг дор хаяж хоёр ээлжийн ажилтантай байдаг юм. Харин тэд амарч байгаа багийн гишүүд хаана байрлуулдаг вэ? Урт хугацааны нислэг үйлддэг онгоцнууд ажилтнуудад зориулсан тусгай жижиг унтлагын өрөөтэй байдаг бөгөөд нисгэгч, нислэгийн үйлчлэгчид янз бүрийн хуваарийн дагуу амардаг. Энэхүү унтлагын өрөө нь үндсэн зорчигчдын хэсгийн дээгүүр эсвэл доогуур байрладаг бөгөөд тэнд бага оврын шатаар, зарим тохиолдолд жижиг хоолойгоор дамжин хүрдэг ажээ. Өрөөний дотоод засал нь агаарын тээвэр, нисэх онгоцны буудлаас хамаарч өөр өөр байдаг боловч ерөнхийдөө нэг ортой, ямар нэг зүйл уншихад зориулсан гэрэл, хувийн хөшиг зэргийг заавал суурилуулдаг юм байна. 

Нислэгийн багт зориулсан унтлагын өрөө хаана байдаг вэ

6 Нислэгийн үеэр зорчигчийн тоо нэмэгдэх тохиолдол бий

Бие давхар эмэгтэйчүүдийг жирэмсний 36 дахь долоо хоног хүртэлх хугацаанд нисэхийг зөвшөөрдөг боловч зарим тохиолдолд төрөх хугацаа нь дөхсөн эмэгтэйчүүд эмчийн бичгээр онгоцоор зорчдог. Гэсэн хэдий ч тулгар эхчүүд онгоцонд нярайлах тохиолдол цөөнгүй гардаг нь нууц биш. Олон улсын нислэгийн үеэр хүүхэд төрөх үед иргэний харьяаллыг тодорхойлох нь түвэгтэй асуудал болдог байна. Ихэвчлэн тухайн хүүхэд эцэг эхийнхээ иргэншлийг дагадаг бол зарим улс өөрт харьяалагдах агаарын бүсэд нь төрсөн хүүхдэд өөрийн орны иргэншлийг авахыг зөвшөөрдөг юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийн харьяалалгүй байдлыг бууруулах тухай НҮБ-ын конвенцод 70 орон нэгдэн орсноор эдгээр улсад бүртгэлтэй агаарын хөлөг дээр төрсөн хүүхэд тухайн орны иргэншлийг авах эрхтэй болжээ. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд нислэгийн үеэр мэндэлсэн тухайн хүүхдийг том болоход нь сургалтын зардлыг даах эсвэл үнэгүй нисэх эрх олгох зэрэг шагнал өгдөг юм байна. 

Нислэгийн үеэр зорчигчийн тоо нэмэгдэх тохиолдол бий

7 Нислэгийн багийнхан ямар тохиолдолд цалингаа бүтэн авдаг вэ

Онгоцонд суусан хэн боловч аль болох түргэн хөөрөөсэй гэж хүсдэг байх. Харин нислэгийн багийнхан үүнийг хэн хүнээс ч илүү хүсдэг. Учир нь цагаасаа эрт нислэгээ үйлдэж дуусвал илүү цалин авахаас гадна нисэх онгоц нислэгийн шугам дээр гарсан цагт л нисгэгч, үйлчлэгч нар бүтэн цалингаа бодуулдаг юм байна. Нислэгийн зарим компаниуд тухайн онгоц агаарт хөөрсөн л  бол цалинг нь гүйцэд боддог бол ихэнх нь нислэг хойшилсон байлаа ч нислэгийн шугам дээр гарсан тохиолдолд ажлаа бүрэн хийж гэж тооцдог юм. Тиймээс нисэх онгоцны багийнхан хөөрөх бэлэн байдлыг аль болох шуурхай хангахаар зорьдог байна.  

Нислэгийн багийнхан ямар тохиолдолд цалингаа бүтэн авдаг вэ

8 Нисгэгчдэд өөрсдийн гэсэн нууц дохио бий

Нисгэгчид онцгой тохиолдолд хэрэглэх тусгай дохиотой. Энэ нь мэдээж хэрэг жирийн иргэдэд маш нууц мэдээлэл байдаг учраас тэдний хэрэглэдэг дохиог бид мэдэх аргагүй. Өдгөө нэгэнт олонд ил болсон, хэрэглэгдэхээ больсон дохионы талаар мэдээлэл хүргэе. Энэ дохиог ямар нэгэн ноцтой байдал үүссэн үед ихэвчлэн хэрэглэдэг  бөгөөд нисгэгчид онгоцны буудал руу нууц тоог холбоогоор төв рүүгээ дамжуулдаг байна. 7500 гэсэн дугаар илгээвэл онгоц хулгайлагдсан, 7600 бол холбоо эвдэрсэн, 7700 гэвэл яаралтай түргэн тусламж хэрэгтэй байна гэсэн үг. Харин ямар ч дохио илгээх боломжгүй байвал онгоц гурвалжин хэлбэр гаргаж нисдэг аж. Өмнө нь бол газарт байгаа онгоц далавчаа хөдөлгөж дохио илгээдэг байжээ. 1986 онд нэгэн нисгэгч санаандгүй далавчаараа түгшүүрийн дохио илгээснээр цагдаагийн тусгай анги онгоцонд гэнэт нэвтэрч байжээ.

Нисгэгчдэд өөрсдийн гэсэн нууц дохио бий

9 Нисгэгчид ижил хоол идэх хориотой

Нислэгийн үеэр нисгэгч нар ижил төрлийн хоол идэх хориотой байдаг. Үүний шалтгаан нь энгийн. Идсэн хоолноос, магадгүй харшилдаг бүтээгдэхүүн нь уг хоолны орцонд орсноос шалтгаалж нислэгийн явцад нисгэгч хордлогод орох аюул бий. Тийм учраас нисгэгчид зэрэг хордлогод орохоос сэргийлэн заавал өөр өөр хоол иддэг аж. China Eastern компанийн ахлах нисгэгч нэгдүгээр зэрэглэлийн хоол иддэг бол туслах нисгэгч бизнес зэрэглэлийн хоол иднэ. "Lufthansa"-гийн хувьд мөн багийн нисгэгч нар ижил хоол идэх ёсгүй гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Агаарын тээврийн компани бүр энэ дүрмийг баримталдаггүй (нисгэгчид энэ дүрмийг сайн дураар мөрддөг). Гэхдээ энэ арга байнга үр дүнгээ өгөөд байдаггүй. 1982 онд Лисбоноос Бостон чиглэлийн нислэгийн 10 багийн гишүүн бүгд хордлогод орж байжээ. Азаар нисэх онгоцны буудал хүрэхэд ганцхан цагийн зайт дутуу байсан учраас ямар нэг осол гараагүй байна. Багийнхан өөр өөр хоол идсэн ч бүгд хордлогод орсон байна.

Нисгэгчид  ижил хоол идэх хориотой

10 Нислэгийн үеэр хүн нас барвал яах вэ

Нэгдүгээр зэрэглэлийн суудал руу үнэгүй "дэвших" боломж зорчигчдын хувьд мэдээж хэрэг хомс. Харин  нислэгийн үеэр хэн нэгэн нас барсан тохиолдолд цогцсыг нь нэгдүгээр зэрэглэлийн суудал руу шилжүүлдэг юм байна. Нислэгийн үеэр хүн нас нөгчих тохиолдол маш ховор байдаг ч бурхан болоочийг нэгдүгээр зэрэглэл рүү шилжүүлнэ гэсэн дүрмийг олонх авиа компаниуд мөрддөг. Нэгдүгээр зэрэглэл зай томтойн дээр хүн цөөнтэй байдаг учраас цогцсыг тийш нь шилжүүлдэг юм байна. Өмнө нь бол зорчигч гэнэтийн байдлаар н нас барсан тохиолдолд сууж байсан суудал дээр нь хэвтүүлээд нүүрийг нь хучдаг байжээ. "Singapore Airlines"-ын онгоцнууд нас барагсдыг байрлуулах тусгай тасалгаатай байдаг ч хэзээ ч түүнийг ашиглаж байгаагүй гэнэ.

Нислэгийн үеэр хүн нас барвал яах вэ

Хэрвээ дээрх мэдээлэл таалагдсан бол танд дараах хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. 

~Онгоцонд хэзээ ч хийж болохгүй зүйлс~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()