"Сүши"-ний нэг төрөл болох түүхий махан "Сашими"
"Сүши"-нд дурлагсад "Сашими"-ийг андахгүй мэддэг. Энэ бол сүшиний цэснээс хамгийн үнэтэй бас хамгийн амттай төрөл бөгөөд үүнийг загасны түүхий махаар хийдэг. Гэвч энэхүү амттай "Сашими" нь нэгэн залуугийн амь насанд хүрэх шахжээ.
Түүний гэдэс нь гэнэт маш ихээр өвдөж, арьс нь тэсвэрлэхийн аргагүй загатнаж байгаа талаар эмчид хандан үзүүлжээ.
Хамгийн аймшигтай нь түүний биед шинжилгээ хийхэд түүхий загастай "сашими"-ийг хэтрүүлэн идсэний улмаас залуугийн бүхий л биеэр шимэгч туузан хорхой тархсан байжээ.
Уг залуу нь Хятадын "Гуанжоу" мужын эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд түүнийг оношилж үзсэн "Гуанжоу" мужын эмчийн хэлснээр шимэгч хорхойгоор халдварласан түүхий загасны мах идэсний улмаас уг хятад залуу хүний тархи, булчин, биеийн эд эсүүдэд нөлөөлдөг шимэгч хорхойн халдварт (cysticercosis) хэмээх өвчин тусчээ хэмээжээ.
Харин судалгаагаар түүхий болон шүүрхий мах идэх нь олон төрлийн шимэгч хорхойн халдварыг үүсгэдэг болох нь тогтоогджээ.
Түүнчлэн шимэгч туузан хорхойн халдвар нь (diphyllobothrium) хэмээх цэнгэг усны загаснуудад их байдаг бөгөөд бидний иддэг даршилсан болон утсан загасанд ч байх магадлалтай гэнэ.
Уг шимэгч хорхойн халдварт өвчин нь хөгжил буурай орнуудад ариутгалын чанар муу байдгийн улмаас ихээр гарж байгаа бөгөөд хөгжингүй орнуудад ч ихээр гардаг аж.
Шимэгчийн халдварыг авсаны дараа бүтэн нэг сар ямар ч шинж тэмдэг илэрдэггүй
Шимэгч хорхойн авгалдай нь загасны ходоодны хананд наалдсан байдаг бөгөөд уг шимэгч агуулсан загасны махыг түүхий болон шүүрхийгээр идсэнээр хүний биед энэхүү шимэгч дамжин ордог байна.
Уг шимэгч нь хүний гэдсэнд ороод хэдхэн долоо хоногийн дотор 15 метр болтлоо урт болж өсдөг ажээ. Мөн энэ нь хүний биед олон сар, жилээр байх боломжтой байдаг байна. Ихэнх тохиолдолд бүтэн сар өнгөрсөн ч хүний биед тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд шимэгч нь яваандаа биеийн бүхий л хэсэгт өндөглөж цаашлан үрждэг байна.
Шимэгчийн халдвар авсны дараа хүний биед ядрах, өтгөн хатах, хэвлийн хөндий орчмоор хатгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг ч энэ нь тэр болгон хүчтэй өвддөггүй учир хожуу оношилогддог ажээ.
Хамгийн аюултай нь уг шимэгчийн авгалдай нь биеийн нэг хэсгээс нөгөө рүү шилжэх үед элэг, нүд, зүрх, тархи гэх мэт хүний амин чухал эрхтнүүдийг идэж гэмтээснээр хүний амь насанд ч хүрэх аюултай ажээ.
Уг шимэгчийн халдварын талаар судалгаа хийсэн Нанси Крэйг хэлэхдээ: "Японы үндэсний хоол болох сүши хүмүүсийн дунд ихээр алдартай болж олон газрууд ариутгалын чанар хангаагүй сүши зарж борлууллж байгаа нь шимэгчийн халдварт өвчин нэмэгдэх гол шалтгаан болж байна" гэжээ.
Загас болон өөр бусад амьтдын түүхий махаар хийсэн хоолнууд нь хүний биед муу нөлөөтэй байж болзошгүй тул тааруулан хэрэглэхийг эмч нар зөвлөдөг бөгөөд шимэгчийн халдвар нь хүний тархинд хүрвэл амь насанд ч хүрэх аюултайг сануулсан байна.