Монголын бизнесийн салбарт цахиур хагалагч “NEXT CHAMPIONS”-ууд тодроод байна

2018-03-30, 11:29
2,170
Монголын бизнесийн салбарт цахиур хагалагч “NEXT CHAMPIONS”-ууд тодроод байна

Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулсан юм. 

Тус арга хэмжээний үеэр монголын ТОП-600 ААН-ээс санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, сайн засаглалын үлгэр дуурайллаараа бизнесийн салбарт өндөр амжилт үзүүлж буй Тэнүүн-Огоо ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Монбэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбат, Шилэн хийц ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гантулга, Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд нар “NEXT CHAMPIONS”-оор тодорсон юм.

Монголын бизнесийн салбарт төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болох шилдэг туршлага, ур чадварыг эзэмшсэн “NEXT CHAMPION” Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болдтой ярилцлаа.

 

ТҮМЭН ШУВУУТ ХХК –ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.БОЛД

Бизнесийн анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ? 
Түмэн Шувуут ХХК-ийг 2004 онд ХАА-н салбарт олон жил ажилласан туршлагатай Л.Эрхэмбаяр анх үүсгэн байгуулсан. ХАА-н салбарт ажиллаж байх хугацаандаа хуримтлуулсан туршлага, мэдлэг ур чадвартаа тулгуурлан Монгол Улсад анх удаа шувууны аж ахуйг иж бүрнээр нь үүсгэн байгуулсан түүхтэй юм. Тэр цагаас хойш манай компани 14 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 

Бэрхшээлийг давсан түүхээсээ хуваалцвал? 

Анх үүсгэн байгуулагдахад хөрөнгө оруулалт хангалтгүй, шувууны ах ахуй эрхлэх зориулалтын байр болон тоног төхөөрөмж нь бүгд хуучирсан байлаа. Энэ нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байсан юм. Харин 2006 оноос жил бүр нэг шувууны байртай болох зорилт тавин биелүүлж ажилласан. Мөн Жи Экс компанитай хамтран тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр энэхүү бэрхшээлийг давсан. Бид анх 20,000 тахиатайгаар аж ахуйгаа эхлүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт маань 10 дахин нэмэгдэж, 250,000 тахиатай том компани болон өргөжжээ. Мөн 2008-2009 оны санхүүгийн хямралаас эхтэй хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсан нь манай бизнест нөлөөлж байсан ч ухаалаг менежментийн үр дүнд даван туулж чадсан.

Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ? 
Хүнд хэрэгтэй зүйлийг нь өгвөл эргээд ашиг тус нь ирэх нь гарцаагүй. Тиймээс эрүүл чанартай өндгийг зах зээлд нийлүүлэх нь бидний бизнесийн зарчим юм. 

Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ? 
Шувууны аж ахуйн бизнес нь эрсдэл өндөртэй хэдий ч мал эмнэлэг, технологийн горимуудыг чанд мөрдөж ажилласны үр дүнд бид эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, өсөн дэвжих боломж бүрдсэн. 

Бид дэлхийн шилдэг компаниудтай хамтран ажиллаж, орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ирсэн. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг нэг дор бус бага багаар оновчтой хийж ирсэн нь манай бизнесийн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой өсөх суурь болсон. Мөн хамгийн чухал зүйл бол  хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадсан нь эрэлт хэрэгцээ нэмэгдэж,  борлуулалт тогтвортой өсөх боломжийг бүрдүүлсэн.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.