Гайхалтай сайн харилцааны чадвартай хүмүүс амжилтанд хүрэх нь олон байдаг. Тэдгээр хүмүүс харилцаандаа суурь мэдлэг, чадвараас илүү тухайн харилцагч болон орчин нөхцлөө хэрхэн мэдрэх тал дээр илүү ач холбогдол өгдөг байна.
1
Итгэл хүлээлгэх
Ихэнхи хүмүүс итгэдэггүй хүнтэйгээ нээлттэй ярилцаж чаддагүй. Иймд бусадтай харилцахдаа тэдний итгэлийг олж авах нь удирдагч хүмүүсд зайлшгүй тулгардаг зүйл юм. Хүмүүс хэн нэгэнд итгэл хүлээлгэх л юм бол тэр хүндээ өөрийн цаг завыг зориулж тэр хүний төлөө эрсдэл гаргахаасаа эргэлздэггүй. Гэвч хүмүүсийн итгэлийг олох нь тийм ч амархан зүйл биш иймд хэрвээ та хэн нэгний итгэлийг хүлээсэн хүн болохыг хүсэж байгаа бол үргэлж зөв үлгэр дуурайлалтай байж, зөвийг ярьж, биеэ зөв авч явах хэрэгтэй.
2
Санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлэх
Ойлгомжгүй байдлаас илүү ойлгомжтой тодорхой байх нь харилцаанд хамгийн чухал. Иймд өөрийн яриагаа энгийн товч тодорхой байлгахад анхаарч цагаа дэмий үрэхгүй байх хэрэгтэй. Бидний мэдэх алдартай хүмүүс өөрсдийн яриагаа хэрхэн товч тодорхой байлгах талаар суралцдаг байна. Тэд богино үгээр өөрсдийн хэлэх гэсэн гол санааг бусдад хүргэснээр эргэлзээ үүсгэлгүй цаг хугацаагаа хэмнэж чаддаг байна. Ингэхийн тулд өөрийн ярианаасаа хэрэггүй зүйлсийг авч гол санаагаа тодорхой ойлгуулах хэрэгтэй.
3
Хүлээн авагчаас дамжуулагч болох
Сайн харилцагч нь зөвхөн мэдээллийг сайн сонсож хүлээн аваад зогсохгүй санаа бодлыг дамжуулж харилцагчийн сэтгэгдлийг ойлгодог байх хэрэгтэй. Ингэхийн тулд харилцаандаа илүү санаачлагатай байж нөгөө хүнийхээ хүсэл зорилгыг ойлгох нь зүйтэй.
4
Нээлттэй байх
Мэдээж хэрэг хүмүүс бусадтай харилцахдаа хаалттай байдлаас илүү нээлттэй байдлыг илүүд үздэг. Ингэхийн тулд нэг хүний ярианаас илүү бүгдийг хамарсан харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Мөн бусадтай харилцахдаа өөрөө ч нээлттэй байж, хувийн амьдралынхаа зарим жишээнээс иш татах.
5
Ярилгүйгээр бусдыг сонсох
Агуу удирдагчид ярианыхаа аль хэсэгт зогсолт авж аль хэсэгт нь өөрийнхөө санааг илэрхийлэх ёстой гэдгийг мэддэг. Нэг хүний лекцээс илүү харилцан ярьж буй хүнээ хүндэлж, тэднийг сонсох нь чадварлаг харилцагч болохын үндэс суурь гэж ойлгож болох юм. Иймд удирдагчид бусдын санаа бодлыг сонсохыг илүү хичээдэг байна. Учир нь бусдын санаа бодлыг сонсох нь шинийг сурах, бусдыг танин мэдэх зэрэг олон ач холбогдолтой.
6
Өөрийгөө бүгдийн эхэнд тавихаас илүү бусдын оронд өөрийгөө тавьдаг байх
Харилцаанд өөрөөрөө бахархаж, өөрийгөө бүгдээс эхэнд тавих нь тийм ч оновчтой арга барил биш юм. Учир нь тэр хүний юу мэдэрч, юу бодож байгааг мэдэхгүйгээр бусадтай сайн харилцаатай байна гэдэг нь боломжгүй. Иймд аливаа хүнтэй харилцан ярилцахдаа тэр хүний өнцгөөс бодож сэтгэхийг хичээх хэрэгтэй. Энэ нь харилцаанд гарж болох аливаа сөрөг нөхцөл байдлыг эерэгээр эргүүлхэд туслах юм.
7
Цаад санааг ойлгох
Таны санаанд хамгийн түрүүнд орж ирж буй агуу удирдагчаар жишээ болгон авч үзвэл тэдгээр хүмүүс тухайн хүний хэлсэн ярьсан зүйлсийн цаад санааг ойлгохдоо маш сайн байдаг. Учир нь тэд хий хоосон зүйлс ярихаас илүү бусдын хийж буй үйлдэл, хэлж буй үгсийг ажигладаг. Ингэснээр түүний хариу хэлж ярих зүйлс нь илүү эмх цэгцтэй болж өгдөг байна.
8
Хэлж ярьж буй зүйлсдээ үргэлж хянуур хандах
Ярих зүйлийнхээ гол санааг ойлгомжтой гаргаж өгөх нь харилцаанд ямар ч үед чухал байдаг. Ихэнх амжилттай яваа хүмүүс ярианы сэдэвтэй хамааралгүй зүйлс ярьж буй хүмүүсийг сонсох дургүй байдаг. Иймд та яриандаа хянуур хандаж өөрийн санаагаа тодорхой хүргэх хэрэгтэй. Сайн харилцагчид яриандаа юуг хэрхэн яаж хүргэх вэ гэдэгт маш их ач холбогдол өгдөг учир нь тэд тухайн хүнд ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдэгт их санаа зовдог байна.
9
Бүлэг хүмүүстэй ярихдаа ч ганц хүнтэй ярьж буй мэт хандах
Удирдагч хүмүүс үргэлж хүмүүстэй биечлэн ганц, ганцаар нь ярилцдаггүй. Агуу удирдагч, сайн харилцагч хүмүүс хурлын өрөөний 10 хүнээс эхлээд хурлын танхим дахь 10.000 хүнтэй ч яриа хийж чаддаг. Тэд ийнхүү ярихдаа хүн нэг бүрт нөлөөлж чаддаг. Иймд олон хүнтэй харилцахдаа ч тэдэнтэй харилцан ойлголцож хүмүүсийг орхигдуулахгүй жишээ, сэдэв сонгон ярьж чаддаг байх.
10
Ямар ч үед өөрийн хүргэх санаагаа өөрчилхөд бэлэн байх
Бусадтай харилцан ярилцхад гардаг нэг асуудал бол таны яриа бусдын анхааралд хүрэхгүй байх явдал. Энэ үед та урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та харилцаандаа дээрх арга барилыг хэрэглэсэн ч сайн үр дүнд хүрэхгүй байвал ярианыхаа сэдвийг өөрчилөх, сонирхолтой асуулт гаргаж ирэх, бага зэрэг хошигнох, түүх, сонин хачин зүйлсийг яриандаа оруулах зэргээр аль болох бусдын анхаарлыг сарниулахгүй байхад анхаарах нь танд туслах болно. Нэг сэдвийн хүрээнд нэгэн хэвийн яриагаа үргэлжлүүлэхээс илүү бусдыг хөгжөөж, бусдын сонирхлыг татах нь зарим үед илүү үр дүнтэй байдаг.
Нэмж хэлхэд бусадтай харилцахдаа өөрийн ярианы эхлэл болон төгсгөлд илүү анхаарах нь таны яриаг илүү эмх цэгцтэй болгох юм. Хамгийн гол зүйл бол зөвхөн өөрийн зүгээс бусдад үзэл бодлоо тулгах бус тэдний хүсэл сонирхлыг сонсох нь чухал байдаг. Эдгээр аргууд нь та бүхний харилцаанд тулгардаг олон асуудлуудыг шийдэхэд туслана гэдэгт найдаж байна.