1
Биеийн галбир: Эхнэр, нөхөр хоёрын жингийн ялгаа чухал уу?
"Теннессийн" их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар, эмэгтэй нь эрэгтэйгээсээ туранхай, галбирлаг байх нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлдөг хэмээжээ. Гэхдээ эрэгтэй нь загвар өмсөгч эсвэл тамирчин мэт хүдэр чийрэг биетэй байх албагүй бөгөөд хамгийн гол нь эхнэрээсээ том биетэй байх хэрэгтэй.
Мэргэжилтнүүд аз жаргалтай гэр бүлийн харилцаанд олон зүйл нөлөөлдөг гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг чухал хүчин зүйл нь жин юм.
2
Хошин байдал: Зөвхөн та хоёр л инээх ёстой
Тухайн эрэгтэй хэчнээн царайлаг байсан ч, эмэгтэйчүүд хөгжилтэй байдлыг илүүд үздэг. Эрдэмтэн Кристофер Уилбур (Christopher Wilbur) болон Лорн Кэмпбелл (Lorne Campbell) нарын судалгаанаас харахад танилцах зар дээр эмэгтэйчүүд ирээдүйн найз залуугаа царайлаг байхаас илүү хөгжилтэй байгаасай гэж хүсдэг гэнэ.
Гэхдээ хошигнолыг хүн бүр өөрөөр хүлээж авах бөгөөд дурлалт хосууд нэг зүйл сонсон инээж, бие биенээ бүрэн мэдэрдэг байх нь чухал.
3
Сэтгэл хөдлөл: Тэр өөрийн сэтгэл хөдлөлийг нуудаггүй
Ихэнх эмэгтэйчүүд хажуудаа зоригтой, хүчирхэг эрэгтэйг байлгахыг хүсдэг. Гэтэл бодит байдал дээр гэрлэлтэд сэтгэл хөдлөл маш чухал аж.
Сэтгэл судлаач Жон Готтман (John Gottman) 12 жилийн турш 130 хосыг судалж үзсэн байна. Үүний үр дүнд тэрээр: Эхнэрийнхээ үгийг сонсож түүнд хариу үзүүлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг эрчүүд гэр бүлийн харилцаагаа илүү удаан оршин тогтнох боломжтой болгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин огт сэтгэл хөдлөл илэрхийлдэггүй гэр бүлийнхэн амархан салах магадлалтай байдаг гэнэ.
4
Дэмжлэг: Уйтгар гунигтай байх үеэс илүү аз жаргалтай байхад дэмжих
Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, профессор Шелли Гейбл (Shelley Gable)-ийн судалгаагаар эрчүүд эхнэрээ азгүй явдлын дараа бус харин амжилт байгуулсан үед дэмжих нь илүү сайн нөлөөтэй гэж үзжээ.
Тиймээс эхнэрийнхээ амжилтад хамт баярлаж чаддаг эрчүүдийн гэр бүл илүү бат бөх байдаг аж. Энэ үед эмэгтэй харилцаандаа сэтгэл ханамжтай байх болно.
5
Ажил: Тэр таныг ажил хийхийг дэмжих бөгөөд өсөн дэвжихийг тань харахыг хүснэ
Одоог хүртэл эрчүүд эмэгтэй хүнийг эхнэр, гэрийн эзэгтэй байх ёстой гэж боддог. 2005 оны судалгаанаас харахад эмэгтэй хүн ажил хийхээ болиход, эрчүүд нөхцөл байдлын 2/3-т нь шийдвэр гаргадаг гэнэ.
Гэхдээ халамжит сайн хань, ээж болохын хажуугаар ажил мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжихийг хүсэж буй эмэгтэйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс гэр бүлийн харилцаанд хүйсийн эрх тэгш байдал чухал. Нөхрийнхөө дэмжлэгийг хүртэж ажиллаж байгаа эмэгтэй илүү аз жаргалтай байдаг бөгөөд үүнийг дагаад гэр бүл салалт багасах аж.
6
Мөнгө: Мөнгөтэй болохыг эрмэлздэггүй
Ихэнх эмэгтэйчүүд хажуудаа орлоготой эрчүүдийг байлгахыг хүсдэг. Гэхдээ эмэгтэй нь өөрөө орлого сайтай байж болно шүү дээ. Бригама Янгын их сургуулийн судлаачид 1.7 мянган хосыг судалсан бөгөөд судалгааны үр дүнд мөнгийг нэгдүгээрт тавьдаггүй хосуудын гэрлэлт илүү бат бөх байсан гэнэ.
Их хэмжээний орлого олохыг эрмэлзэж байдаг хосууд асуудлыг зөвөөр шийдвэрлэж чаддаггүй бөгөөд нэг нэгэндээ буулт хийдэггүй болох нь батлагджээ.
Мөнгө гэр бүлийн харилцаанд чухал биш гэж үзвэл бас л худал болно. Тиймээс хамгийн гол нь мөнгийг гэр бүлийн үнэт зүйлээс илүү дээр тавихгүй байх хэрэгтэй.
7
Ухаалаг байдал: Ухаалаг эрчүүд араар тавьдаггүй
Бүсгүй та ухаалаг эр, романтик, ганган эр хоёрын алийг нь насан туршийн ханиараа сонгох вэ? Финляндын эрдэмтдийн судалснаар, ухаалаг эрчүүд эхнэрийнхээ араар тавьдаггүй бөгөөд илүү их орлого олдог хэмээн батласан байна. Тиймээс ухаалаг эрчүүдийг сонгох нь зөв алхам байх болно.
Финляндын эрдэмтэд 18-45 насны 200 мянган финлянд эрэгтэйн дунд судалгаа явуулсан бөгөөд олон шалгуурууд дундаас ухаалаг байх нь гэрлэлтэд сайнаар нөлөөлдөг болох нь батлагдсан байна.
8
Хамтран амьдрах: Тухайн эрэгтэй хэдэн настайдаа хамтран амьдрах санал тавьж байна гэдэг нь чухал
Хойд Каролинагийн Их сургуулийн нийгэм судлаач Ариэль Куперберг (Ariel Kuperberg)-ийн хийсэн судалгаагаар, гэрлэхээсээ өмнө хамтран амьдрах нь ирээдүйд салах нөхцлийг бүрдүүлдэггүй гэжээ. Харин хэтэрхий залуугаасаа хамт амьдарч эхэлсэн хосууд салах нь элбэг байдаг аж.
Хэрвээ 18 настай залуу танд хамт амьдрах санал тавьж байвал энэ тийм ч зөв санаа биш бөгөөд хамтран амьдрал тань салалтаар дуусах магадлал өндөр. Харин 5 жилийн дараа хамт амьдрах санал тавьбал та хоёрын харилцаа удаан үргэлжилж, аз жаргалтай гэр бүлийг бий болгоно.
9
Хүүхэд нас: Бага насныхаа дурсамжийн талаар ярих дуртай
Кембрижийн их сургуулийн судалгаанаас харахад, хүүхэд насандаа аз жаргалтай байсан хүмүүс насанд хүрсэн хойноо ч аз жаргалтай байдаг гэнэ. Энэ нь гэрлэлт дээр ч харагддаг аж. Аз жаргалтай хүмүүс насан туршийн ханиа сонгохдоо нэлээд өндөр шалгуур тавьдаг учир гэр бүл салалт цөөхөн тохиолдоно.
Харин та хоёрын харилцаанд эрэгтэй тань хүүхэд насны дурсамжаа хуваалцах дуртай байвал таны гэрлэлт аз жаргалтай байх аж.