Цагаан сараар цээрлэх, баримтлах ёсон болон Зүг мөр гаргах зурлага

2018-02-15, 20:04
17,459

Хатуу өвөл харьж, урин цаг айсуй. Монгол үндэстний баяр болох "Цагаан сар" нэг л мэдэхэд болдог юм байжээ. Буурал жил улирч, буянт жил ирж буй энэ сайхан цагт та бүхэндээ цагаан сарын уламжлал, ёс заншил, мөр гаргах зүг зэргийг бэлтгэн хүргэж байна. Уншигч та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, хотол олноороо сайхан шинэлээрэй!

Цагаан сараар цээрлэх, баримтлах ёсон болон Зүг мөр гаргах зурлага

1 Тавгийн идээ засах ёсон

Цагаан сарын тавгийн идээ засахдаа ихэнхдээ гурав , тав , долоо, есөн үеэр засдаг. Залуу гэр бүлүүд таваар гурван үе, жаран наснаас наян нас хүртэл насалсан ахмад буурлууд таваар таван үе, наян наснаас зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш бол таваар есөн үе тавгийн их идээг засдаг уламжлалтай. 

Тавгийн идээ засах ёсон

2 Ууц тавих ёс

Ууц гэдэг нь хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлэх ба ёслолын махыг том цар тавагт тавихдаа амьддаа ямар байдгаар нь эрэмбэлж, урд хэсэгт нь өвчүү, хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд талд нь хоёр гуя, шаантыг нь урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээдэг. Их ёсны ууц гэдэг нь өмнө дурдсан дээр толгой, шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлнэ. Тэгэхдээ битүү толгой чихний уг болон эврийн угийг өрөм буюу шар тосоор чимэн толгойг хошуу, шийрийг шилбэ талаар нь ууцны харцага тал руу харуулан зүүн гарт нь толгой, баруун гарт нь шийрийг тавьдаг байна. Ингээд ууцны толгой талыг гэрийн хоймор зүг хандуулан тавих бөгөөд зочин хүнд мөн энэ талаар нь хандуулан өгнө. 

Ууц тавих ёс

3 Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг уламжлалтай. Битүүлэх гэдэг нь билгийн тооллоор сар бүрийн 30-д тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг битүүлэх хэмээн нэрийджээ. Эл өдөр хүнээс зээлсэн мөнгө , эд мал зэргээ буцаан өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг байна. Битүүний өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай ба энэ нь элбэг хангалуун байхын бэлгэдэл ажээ. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Ингээд цэвэр сайхан хувцсаа өмсөж галын бурхандаа дээж өргөсний дараа битүүлэг эхэлдэг. Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгадаг. Мөн битүүний орой бууз жигнэж банш чанадаг аж. 

Битүүлэх ёсон

4 Золгох ёсон

Цагаан сарын шинийн нэгний өглөө аав ээж, ах дүү, төрөл садангуудтайгаа золгодог бөгөөд өөрөөсөө ахмад хүмүүстэй золгохдоо ахмад хүнийхээ тохойг доороос нь хоёр гардан хүндлэн золгодог. Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс бий. Ахмад хүнтэй золгохдоо нас бага хүн нь хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Эхнэр нөхөр хүмүүс, болон жирэмсэн хүмүүс хоорондоо золгодоггүй. 

Золгох ёсон

5 Мөр гаргах ёс

Шинийн нэгний өглөө хүн бүр тухайн жилдээ олз омогтой байхыг билэгдэн мөрөө гаргадаг. Шинийн нэгний өглөө зүгээ гаргахдаа тэр жилийнхээ хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирэх учиртай.

Мөр гаргах ёс

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс:

  • Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
  • Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн ажээ.
  • Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир юу гэвээс гарзын үүд нээгдэж, олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
  • Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.
  • Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох ёстой.
  • Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийх, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
  • Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг байна.
  • Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.
  • Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()